Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 913

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                    

                                                                                                                                                                                                                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 Р.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Ууганцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Г-,  

шүүгдэгч Р.Б-ын өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 415 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Г-ийн гаргасан давж заалдах гомдлоор Р.Б-т холбогдох 201726011204 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Р.Б, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн хх дүгээр хороо, хх дугаар гудамжны хх тоотод оршин суух бүртгэлтэй,

Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 534 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

 

Р.Б- нь 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 4 дүгээр гудамжны 3 тоот хашаанд байрлах нийтийн байранд хохирогч С.Б-ыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж цээжин тус газарт нь хутгалж алсан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Р.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Р.Б-ыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар Р.Б-ыг 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Р.Б-ын эдлэх 15 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Р.Б-ын урьдчилан цагдан хоригдсон 115 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 508, 510 дугаар зүйлүүдэд зааснаар Р.Б-аас 2,524,300 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 72-51 тоот хаягт оршин суух хххх  регистрийн дугаартай Н.Г-т олгож, уг хохирлыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Р.Б-т үүрэг болгож, хохирогч буяны ажиллагаатай холбоотой 353,700 төгрөгийн зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, Р.Б-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардал байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 18,5x4,3 см ажлын хэсэгтэй, 12,3 см урт бариултай, нийт 30,8 см урттай хутга 1 ширхэг, цэнхэр өнгийн судалтай, зүүн энгэр хэсэгтээ цус мэт бохирлогдсон, ир үзүүртэй зүйлээр зүсэгдэж урагдсан ханцуйгүй футболк 1 ширхэгийг устгах, Нокиа маркийн гар утас 1 ширхэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Г-т буцаан олгохыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 415 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Миний дүү С.Б- нь 2017 оны 6 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө өөрийн амьдарч байсан түрээсийн байрандаа шүүгдэгч Р.Б- гэгч этгээдэд ямар ч өөрийгөө хамгаалах чадваргүй байхдаа хутгалуулж амь насаа алдсан билээ. Дүүгийнхээ амь насыг бусдын гарт алдсан миний сэтгэлд нөхөж барашгүй их гарз, хохирлыг бий болгосон. Энэ гэмт хэрэг гарснаас хойш шүүгдэгч болоод ар гэрийнхний зүгээс ямар ч хохирол барагдуулаагүй болон ирж уулзаж уучлалт гуйгаагүй. Хэдийгээр би дүүгээ дахиж босож ирэхгүй гэж бодож аль болох л өөрийгөө тайтгаруулж шүүгдэгч Р.Б-т зөөлөн хандсан боловч гэмших сэтгэл огтхон ч төрөөгүй болохыг шүүх хуралдааны явцад харсан. Миний хувьд анхан шатны шүүхээс Р.Б-т оногдуулсан 15 жилийн хорих ял хөнгөдсөн гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. Учир нь шүүхийн шийтгэх тогтоолд Р.Б-ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэхээр хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж үзсэн байсан. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг оногдуулах хорих ялын хэмжээ нь хуульд зааснаар 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ял оногдуулахаар заасан байхад шүүх түүнд хэт хөнгөн ял шийтгэл оногдуулсан. Гэтэл хүндрүүлэх нөхцөл байдал нь миний дүүг биеэ хамгаалах чадваргүй байхад нь амь насанд нь хүрсэн байдал нь хүндрүүлэх нөхцөл байдал, хохирлоо төлөөгүй байгаа нь хүндрүүлэх нөхцөл байдалд орно. Түүнчлэн ял шийтгэлийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний бие маш их гомдолтой байгаа тул бүх насаар нь хорих ялаар шийтгэж миний сэтгэлийн зовлонг мэдрээсэй гэсэн үүднээс хүссэн хүсэлтийг үл тоож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би өнөөдөр дүүгийнхээ амь насаар далимдуулж энэ хүнээс мөнгө авахыг хүсээгүй ба зөвхөн бодитой хохирол 2,878,000 төгрөгийг л нэхэмжилсэн байхад шүүх хохирлыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар үүрэг хүлээлгэсэн явдалд гомдолтой байна. Би өнөөдөр 20 сая төгрөг бус 2 сая гаруй төгрөгийг 3 жилд хувааж авна гэхэд итгэмээргүй үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 415 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Р.Б-ыг бүх насаар нь хорих ялаар шийтгэж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Р.Б-ын өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар ял шийтгэл оногдуулсан нь тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгч тухайн үед эрхэлсэн тодорхой ажилгүй, эд хөрөнгө байхгүй. Ар гэртэй нь холбогдоход хохирол төлөх боломжгүй гэсэн...” гэв.

Прокурор Д.Ууганцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн бодит байдалд нийцсэн. Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хууль ёсны үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Р.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан байх ба шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

 

Р.Б- нь 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 4 дүгээр гудамжны 3 тоот хашаанд байрлах нийтийн байранд хохирогч С.Б-ыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж цээжин тус газарт нь хутгалж, түүний биед “...цээжний баруун дунд хэсгээр өвчүүний баруун хажуугийн шугамаар 5-6 хавирганы завсрын түвшингээр цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг хальс зүрхний баруун ховдлын урд болон ард хана, үнхэлцэгийн арын ханын дээд хэсэг, уушигны тараагуур судсыг бүрэн бус тасалж гэмтээсэн, баруун доороос зүүн дээш чиглэлтэй 8,5 см урттай хатгагдаж зүсгэгдсэн шарх...” гэмтэл учруулж амь насыг нь хохироосон болох нь:

хохирогч Н.Г-ийн “...Талийгаач Сайнхүүгийн Б- нь ...янз бүрийн л ажил хийдэг байсан, мөн хөдөө Дорноговь аймагт очиж жоншин дээр ажилладаг байсан ба тэр үедээ гараа хөлдөөгөөд тайруулж 69 хувь хөгжлийн бэрхшээлтэй гэж группд орсон. ...Үхлийн шалтгааныг нь олж өгнө үү...” /1-р хх-ийн 39-40 тал/,

гэрч Л.Мөнхбатын “...Өглөө 7 цаг өнгөрч байхад Баяраагийнд очоод байрных нь эхний хаалгыг татахад онгорхой, дараагийнх нь цоожтой байхаар нь буцаж гараад цонхон дээр нь очиход цонх нь тал онгорхой байхаар нь түлхэж онгойлгоод хартал Эрка яг цонхны доор, талийгаачийн цаад талд нь унтаж байсан. ...Би Баяраа руу хартал Баяраагийн өмссөн байсан цэнхэр, цагаан өнгийн өргөн мөртэй майкны цээжин хэсэгт нь жоохон урагдсан цусны толбо харагдахаар нь Баяраагийн дэргэд явж очоод хацрыг нь гараараа дарж үзэхэд хацар нь хүйт оргихоор нь дахиад нөгөө гараараа дарж үзээд нас барсан байх шиг болохоор нь Эркад Баяраа өнгөрчихсөн байна шүү дээ тэнэгээ гэж хэлчихээд тэр чигээрээ цагдаа дуудахаар гадагш гарч ...102 дугаарын утас руу залгаж хэлсэн. Тэгээд цаашаа автобусны буудал руу очоод дахиж нэг залуугийн утсаар цагдаа руу яриад, жаахан байж байгаад эхнэр Даваахүү рүү яриад цагдаа дуудаад өгөөч, би автобусны буудал дээр байж байя. Баяраа өнгөрчихжээ гэж хэлсэн юм...” /1-р хх-ийн 41-45 тал/,

гэрч Л.Шовданы “...Амь хохирогч Б- нь зүүн гарын сарвуу байхгүй мухар бөгөөд түүгээрээ группд байдаг...” /1-р хх-ийн 47 тал/,

гэрч Б.Рэгзмаагийн “...2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө 00 цаг 48 минутад миний өөрийн 94091904 гэсэн дугаар руу 86182005 гэсэн дугаараас Батбаяр залгаад би хүн зодчихлоо гэх утгатай юм ярихаар нь би урдаас нь чи согтуу л байна шүү дээ, чи дандаа ингэж худлаа ярьдаг биз дээ гэж хэлсэн чинь утсаа салгасан...” /1-р хх-ийн 61 тал/,

шинжээч эмч О.Болороогийн “...Дээрх гэмтлийг авсан даруйд маш богино хугацаанд нас барна, мөн өвдөлт мэдрэгдэнэ. Дээрх гэмтлийг авсан даруйдаа маш богино хугацаанд буюу хэдхэн секундэд хөдөлгөөн хийх боломжтой. Талийгаачийн цогцост хийсэн анхны үзлэгээр нас бараад 8-10 цаг болсон гэж тодорхойлсон бөгөөд задлан шинжилгээний явцад нас барсан хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Цогцосны цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны чиглэл нь доороос дээш, баруунаас зүүн тийш чиглэлтэй байсан болно. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр согтолтын хүнд зэрэг тогтоогдсон ба хувь хүний биеийн онцлог, архи даах чадвартай холбоотой бөгөөд биеэ хамгаалах чадвар нь хүнд зэргийн согтолтын үед нилээд буурсан байна...” /1-р хх-ийн 190-192 тал/,

шүүгдэгч Р.Б-ын “...Намайг гэрт нь явж ороход тэр залуу эхнэртэйгээ нилээн халамцуу байсан. ...Би мах хэрчиж дуусаад байж байсан чинь гялс хийчихээч дээ, сүртэй юм гээд байхаар нь би хийж л байна шүү дээ, сүртэй юм гэж хэлсэн. ...урдаас хэрүүл хийгээд пизда энэ тэр гээд өдөөд байхаар нь мах хэрчиж байсан хутгаараа баруун гараараа цээж хавьцаа нь нэг хатгачихаад эргэж харалгүй тэр чигээрээ хаалгаар нь гараад гүйсэн юм. ...Би тэдний өрөөний гол хэсэгт байсан хэмжээгээрээ 20-30 см урттай иштэйгээ нийлээд 30 см орчим урттай хутгаар мах хэрчиж байсан. Тэр үед гэрийн эзэн газар гудсан дээр хэвтэж байхаар нь хатгачихаад гараад явчихсан юм. ...Гэрийн эзэн нь миний өмнөөс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй, мөн надтай ноцолдоогүй. ...Би тэдний гэрт орохдоо эрүүл байсан, авч орсон архиа л уусан. ...Тэр үед гэрийн эзнээс гадна эхнэр нь нэлээн согтуу байсан. Намайг хутгалаад гараад зугтахыг мэдсэн үгүйг нь сайн мэдэхгүй байна. ...Би мах татаж байгаад өндийж ирээд цээж рүү нь хатгачихсан юм. Би тухайн үед гүн хатгачихлаа гэж бодоогүй, орох нь орчихлоо гэж бодсон. Тэгээд сандраад эргэж хараагүй гэрээс нь гараад явсан юм. Намайг талийгаачийн гэрт анх орох үед улбар шар өнгийн товчлууртай нокиа маркийн гар утсыг талийгаач эхнэртэйгээ ярьж байгаад, энэ утсыг барьцаанд тавиад архи авъя гэж хэлээд надад өөрсдөө өгсөн, миний халаасанд байсан...” /1-р хх-ийн 224-226, 230-232 тал/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1274 дүгээр “...Цогцосны гадна үзлэгээр. ...Баруун гарын 1 дүгээр хуруу алганы шивнүүрийн үзүүрээр, бусад хэсэг бугуйн үений алсын хэсгээр тайрагдсан... ДҮГНЭЛТ: Талийгаачийн биед цээжний баруун дунд хэсгээр өвчүүний баруун хажуугийн шугамаар 5-6 хавирганы завсрын түвшингээр цээжний хөндий нэвтэрч үнхэлцэг хальс зүрхний баруун ховдлын урд болон ард хана, үнхэлцэгийн арын ханын дээд хэсэг, уушигны тараагуур судсыг бүрэн бус тасалж гэмтээсэн, баруун доороос зүүн дээш чиглэлтэй 8,5 см урттай хатгагдаж зүсгэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хуучин өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь дээрх шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж цус алдалтанд орж нас баржээ. Талийгаачийн цогцост хийсэн 2017 оны 6 дугаар сарын 26-ны 20 цагийн анхны үзлэгээр нас бараад 8-10 цаг болсон байжээ...” /1-р хх-ийн 80-84 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 6432 дугаар “...С.Б-ын гэх шингэн цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна...” /1-р хх-ийн 85 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 6414 дүгээр “...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн иштэй хутган дээр цус илэрсэн. Уг цус нь В/III/ бүлгийн харьяалалтай, ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна. Хар өнгийн иштэй хутган дээр илэрсэн цус нь С.Б-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” /1-р хх-ийн 89-90 тал/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 6514 дүгээр “...Шинжилгээнд ирүүлсэн цагаан цэнхэр өнгийн хөндлөн судалтай майк дээр цус илэрсэн. Майкнаас илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо С.Б-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” /1-р хх-ийн 97-98 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 3714 дүгээр “...Хөндлөн цагаан болон хөх судалтай майканд гарсан 36 мм хэмжээтэй гэмтэл нь хурц ир мөртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт байна...” /1-р хх-ийн 122-123 тал/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,

 

 “...Р.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг учрал болсон гэх газрыг өөрийн биеэр заав. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн урд талбайгаас төв зам руу хөдөлж ертөнцийн зүгээр урд зүгт эргэж, 27 дугаар хорооны нутаг дэвсгэр дүүргийн буудлын зүгт явах замаар явах ба уг зам төв засмалтай нийлэх уулзвараас ертөнцийн зүгээр хойд зүгт эргэж 200 метр явж Баянголын 4 дүгээр гудамж гэсэн цэнхэр хавтгай гудамжаар ертөнцийн зүгээр баруун тийш эргэж орох ба уг гудамжны 3 тоотод байх цэнхэр өнгийн гүйдэг төмөр хаалгатай хашаандаа 3 давхар бүхий ягаан өнгийн нийтийн байрыг заах ба гадна хаалгаар дотогш орж ил шатны ертөнцийн зүгээр хойд талд байх бор өнгийн бүргэд хаалгыг зааж, уг хаалгаар дотогш орж 12 тоот гэсэн хаягтай бор өнгийн бүргэд хаалгатай өрөөг заасан. Уг өрөөнд талийгаачийн гэр байсан ба 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө амь хохирогч Б-ыг хутгалчихаад гарч явсан...” /1-р хх-ийн 30-33 тал/ гэх мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл,

хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 3-16 тал/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 17-20 тал/,

“...Сайнхүүгийн Б-. Онош:Батлагдсан- S68: Бугуй сарвуу гэмтэн тайрагдах. Жагсаалтад дурдагдсан заалт: 10-63: Нэг гар аль нэг түвшинд мухар 50-69 хугацаагүй...” гэх Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /2-р хх-ийн 3 тал/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Р.Б-ын 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 4 дүгээр гудамжны 3 тоот хашаанд байрлах нийтийн байранд орших гэртээ байсан хохирогч С.Б-ын нэг гарын сарвуугүй, хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж С.Б-ыг гэрийнхээ шалан дээр хэвтэж байхад нь түүний цээжин тус газарт нь 1 удаа хутгалж “...цээжний баруун дунд хэсгээр өвчүүний баруун хажуугийн шугамаар 5-6 хавирганы завсрын түвшингээр цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг хальс зүрхний баруун ховдлын урд болон ард хана, үнхэлцэгийн арын ханын дээд хэсэг, уушигны тараагуур судсыг бүрэн бус тасалж гэмтээсэн, баруун доороос зүүн дээш чиглэлтэй 8,5 см урттай хатгагдаж зүсгэгдсэн шарх...” гэмтэл учруулж, С.Б-ын амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “...Хүнийг: биеэ хамгаалж чадахгүй ...болохыг мэдсээр байж алсан...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Г-ийн давж заалдах гомдлыг хянаад уг гомдлын:

анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж Р.Б-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний гэм буруу, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлд тохирсон хуульд заасан ял шийтгэлийг, тухайн зүйл хэсэгт заасан ялын хэмжээний дотор Р.Б-т оногдуулсан байх тул “...Р.Б-ыг насаар нь хорих ялаар шийтгэж өгнө үү...” гэх хэсгийг,

“...хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж...” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал нь Р.Б-ын үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “...Хүнийг: биеэ хамгаалж чадахгүй ...болохыг мэдсээр байж алсан...” гэмт хэргийн хүндрүүлэх шинж болсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй...” гэж зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох хууль зүйн үндэслэлгүй байх тул “...миний дүүг биеэ хамгаалах чадваргүй байхад нь амь насанд нь хүрсэнг хүндрүүлэх нөхцөл байдалд оруулсангүй...” гэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шийтгэх тогтоолоор хохирлыг ямар хугацаагаар, ямар хэмжээгээр барагдуулахыг заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол ...хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана...” гэсэнд нийцжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Г- “...Би өнөөдөр дүүгийнхээ амь насаар далимдуулж энэ хүнээс мөнгө авахыг хүсээгүй ба зөвхөн бодитой хохирол 2,878,000 төгрөгийг л нэхэмжилсэн байхад шүүх хохирлыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар үүрэг хүлээлгэсэн явдалд гомдолтой. Би 20 сая төгрөг бус 2 сая гаруй төгрөгийг 3 жил хувааж авна гэхэд итгэмээргүй үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна...” гэж шийтгэх тогтоолын хохирлыг төлүүлэх хугацаанд давж заалдах гомдол гаргасан байх ба хохирогчийн гомдлын энэ хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн “...хохирлыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Р.Б-т үүрэг болгосон...” хугацааг багасгахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Мөн анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн Р.Б-ын гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, зүйлчлэх болсон үндэслэл болсон тус хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэсэн заалтыг журамлаагүй байх тул энэ талаар зөвтгөсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 415 дугаар шийтгэх тогтоолын:

           

            тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар Р.Б-ыг 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар Р.Б-ыг 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,

           

            тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...уг хохирлыг 3 жилийн хугацаанд...” гэснийг “...уг хохирлыг 1 /нэг/ жилийн хугацаанд...” гэж тус тус өөрчилж,

 

            тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Г-ийн давж заалдах гомдлын “хохирлыг төлж барагдуулах хугацаатай” холбогдуулан гаргасан хэсгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ