Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 158/2021/0005/З |
Дугаар | 221/МА2021/0636 |
Огноо | 2021-11-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2021/0636
2021 оны 11 сарын 25 өдөр | Дугаар 221/МА2021/0636 | Улаанбаатар хот |
З.Д-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч З.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-Ө нарыг оролцуулан, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, З.Д-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Аж, ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.3, 19.3.5, 19.16, 19.19-д тус тус заасныг баримтлан Булган аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан гаргасан “Эм эмнэлгийн хэрэгсэл худалдах тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах ажлыг хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, үүний улмаас учирсан 3,000,000 /гурван сая/ төгрөгийг гаргуулах, аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/515 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч З.Д давж заалдах гомдолдоо: “Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлын гомдол гаргах хугацааг сэргээсэн шийдвэрийг хүлээн аваад дахин гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх миний гаргасан нэхэмжлэлийг хангахгүй орхихдоо “эрх бүхий байгууллага албан тушаалтанд гаргасан хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тохиолдолд энэ хугацааг өнгөрмөгц захиргааны байгууллагын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргах боломжтой байжээ” гэжээ. Шийдвэрлэсэн эсэхийг лавлаж асуухаар “цаг үеийн нөхцөлөөс болоод комиссын хурал хийхгүй байна, танай зөвшөөрлийг сунгахаар судалж байгаа” гэхээр болох юм байна гэж итгэн хүлээж байсан тул шүүхэд хандаагүй болно.
“Ш.Ж.Ф” эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 05 дугаар сарын 08-ны өдөр аймгийн Эрүүл мэндийн газарт явуулахад материал дутуу гэсэн тул би өөрийн танил хүн болох н.Б эмчээр дамжуулж өгсөн. Гэтэл миний материалыг 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан гээд байгаа нь миний эм барих зөвшөөрлийг сунгах хүсэлттэй андуураад байх шиг байна. Би эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалан өөрөө очиж чадахгүй байсан тул ийм сонголт хийсэн. Одоо хугацаа хоцроож өгсөн гэх асуудал ярьж байгаа нь хүлээн аваад асуудлыг удаа дараа хэлэлцэнэ гэх материал байгаа тул ач холбогдолгүй, уг асуудлыг шийдвэрлэхгүй удахдаа танай байгууллага үйл ажиллагаа явуулж болохгүй шүү гэж мэдэгдээгүй, “Мэргэжлийн хяналтын газраар дүгнэлт гаргуулаад эрхийг чинь сунгаж өгнө” гэсэн болохоор би Ковид-19 цар тахлын үед сумын иргэддээ хямд эмээр үйлчлэх зорилгоор ажиллаж байсан.
Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр сумын Засаг дарга дээр орж эмийн сангийн асуудлаар санал хүсэлт тавихад “танай эмийн санг ажиллуулахгүй хаалгана” гэснээс маргаж миний биед халдан улмаар аймгийн Эрүүл мэндийн газар руу шууд утасдаж “энэ хүний аптекийг хаа манайх ажиллуулахгүй” гэснээр тэр шөнөдөө Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн н.Б гэдэг хүн ирж манайд шалгалт хийгээд явсан. Энэ байдлаас болоод би тухайн үед маш бухимдалтай байсан тул ажиллах боломжгүй юм байна, сумаас дандаа хааж боодог гэснийг н.Б аптекаа ажиллуулахаа больё гэсэн гэх байдлаар танилцуулж, улмаар зөвшөөрлийг маань цуцлуулсан байсан. Энэ зөвшөөрөл цуцалсан шийдвэрийн хувь өнөөг хүртэл надад ирээгүй байгаа. Манай эмийн санг хаахын тулд шалгалт хийхдээ байгаа юмыг байхгүй, хөтлөгдөх боломжгүй зүйлийг хийсэнгүй гэж тэмдэглэн шөнийн цагаар шалгаад тэр дүнг хэлэлцэхдээ намайг байлцуулалгүй шийдсэнд гомдолтой байна.
Эрүүл мэндийн газраас асуухаар удаа дараа “зөвшөөрлийг сунгаж өгнө” гэдэг байснаас биш “танай зөвшөөрлийг сунгах боломжгүй байна ажиллаж болохгүй шүү” гэж мэдэгдээгүйгээс би зөвшөөрөлгүй эм зарсан гэж 3,000,000 төгрөгөөр торгуульсан.
Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.21-д “Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь зөвшөөрлийг хүчингүй болгохоос өмнө энэ хуулийн 19, 20.3. 20.4-6,... гэх мэт нөхцөл байдлыг арилгах талаар урьдчилан мэдэгдэж аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан түдгэлзүүлнэ” гэж заасан байхад энэ ажиллагаа ер хийгдээгүй шууд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож байгаа нь мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан тусгай зөвшөөрөл хүчингүй болгох үндэслэлд нийцээгүй байна.
Эрүүл мэндийн тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан заалтыг хэрэгжүүлээгүй нь Эрүүл мэндийн газрын даргын үйлдэл, эс үйлдэхүй мөн гэж үзэж давж заалгах гомдол гаргаж байна.
Шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох “комиссын хуралдааны тэмдэглэлүүдээс харахад нэхэмжлэгчийн хүсэлтэд шаардлагатай баримт бичиг хангалтгүй, материал дутуу ирүүлсэн зэрэг зөрчлүүд байсан нь тогтоогдож байна. Мөн дутуу ирүүлсэн материалыг гүйцээхээр ажиллагаа хийсэн нь хугацаа алдаж шийдвэрлэвэл зохих хугацаанд шийдвэр гаргах боломжгүйд хүргэжээ” гэсэн. Хэрвээ хуульд заасан хугацаандаа ямар нэг байдлаар шийдвэрлэх боломжгүй байсан бол “надад асуудлыг эцэслэн шийдтэл та аптекаа ажиллуулж болохгүй шүү” гэж хэлж түдгэлзүүлдэг хуулийн зохицуулалтаа хэрэглэж, болохгүй байгаа зүйлийн хугацааг сунгахад нөлөөлөөд байгаа шалтгааныг арилгуулахаар хугацаа тогтоож өгөх зэрэг арга хэмжээ аваагүйгээс миний хөдөлмөрлөх эрх ноцтой зөрчигдөж, сумын иргэд чанартай эмийг хямдаар /тус суманд 3 аптек ажилладгийн хамгийн хямд үнэтэй нь манайх байсан/ авч хэрэглэх боломж хаагдсанд гомдолтой байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна. Хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч З.Д “Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг хугацаанд шийдвэрлүүлж өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, үүний улмаас учирсан 3,000,000 /гурван сая/, олох байсан орлого 15,801,324 /арван таван сая найман зуун нэг мянга гурван зуун хорин дөрвөн/ төгрөгийн хохирол гаргуулах, аймгийн Засаг даргын А/515 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлжээ.
1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс Булган аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Аймгийн Засаг даргын А/515 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.
Маргаан бүхий Б/515 дугаар захирамжаар Баян-Агт сумын “А.Х” эмийн сангийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 5 жилийн хугацаатай сунгаж, Дашинчилэн сумын “Ш.Ж.Ф” ХХК-ийн эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хүчингүй болсонд тооцсон байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэж ойлгох бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулж, хэргийн оролцогчийг татан оролцуулах үүрэгтэй, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар нэг нэхэмжлэлд хэд хэдэн хариуцагч байж болох ба тэдгээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даан оролцох эрхтэй байхаар хуульчилсан.
Шүүх хэдийгээр нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх боловч нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулснаар хэргийг нэг мөр шийдвэрлэх үүрэгтэй.
Түүнчлэн А/515 дугаар захирамжаар “А.Х” болон “Ш.Ж.Ф” ХХК-ийн эмийн сангуудын мэргэжлийн үйл ажиллагаа эрх тусгай зөвшөөрлийг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэснээс үзвэл “А.Х” эмийн сан, нэхэмжлэгч З.Д-ийн, эсхүл “Ш.Ж.Ф” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд дүгнэлт өгсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх ёстой.
Анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдох хариуцагчийг буюу аймгийн Засаг даргыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулаагүй, аймгийн Засаг даргын гаргасан шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал үүссэн эсэхийг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлаагүй, актыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгох шаардлагатай талаар дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх энэхүү алдааг зөвтгөж, энэ шаардлагын тухайд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй.
2. Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Ш.Ж.Ф” ХХК-д эм, эмнэлгийн хэрэгслийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл олгосон, тус компаниас Булган аймгийн Эрүүл мэндийн газарт 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “... тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусах тул эм, эмнэлгийн хэрэгслийн худалдаа чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгуулах” хүсэлтийг гаргаж, холбогдох баримтыг хавсаргасан, хариуцагч Булган аймгийн Эрүүл мэндийн газар нь уг хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүй бөгөөд талууд энэхүү үйл баримттай маргаагүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг.
Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон захиргааны байгууллагын аливаа үйл ажиллагааны улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд нэн түрүүнд дүгнэлт хийх ёстой.
Нэхэмжлэгчийн “тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт”-ийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй, үүний улмаас учирсан гэх хохирлыг гаргуулахаар, мөн аймгийн Засаг даргаас “Ш.Ж.Ф” ХХК-ийн эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хүчингүй болсонд тооцсонтой холбогдуулж “Ш.Ж.Ф” ХХК-ийн Ерөнхий захирал З.Д нэхэмжлэл гаргасан.
Анхан шатны шүүх дээр дурдсан үйл ажиллагааны улмаас хуулийн этгээд “Ш.Ж.Ф” ХХК-ийн эсхүл иргэн З.Д-ийн чухам алиных нь хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн, эсхүл хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн, З.Д нь иргэний хувьд уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг харгалзан үзэж, дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3, 121.3.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН