Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 11

 

  Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс:159/2018/0012/З

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Бурмаа би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэн М.Баатарчулууны нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газрын Газрын даамал нарт холбогдох “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 59 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, хууль ёсны зөрчигдсөн эрхээ сэргээлгэж Алтанбулаг сумаас хуулийн дагуу газар өмчлөхөөр сумын газрын даамалд даалгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэн М.Баатарчулуун, хариуцагч  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Ариунжаргал, Сэлэнгэ аймгийн  Алтанбулаг сумын газрын даамал Н.Отгонцогт нар эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэн М.Баатарчулуун , хариуцагч  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Ариунжаргал, Сэлэнгэ аймгийн  Алтанбулаг сумын газрын даамал Н.Отгонцогт нар  2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

           Захиргааны хэрэг үүсгэгдэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байх хугацаанд нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдаж, иргэн М.Баатарчулууны өргөдлийг хүлээн авч газрын асуудлыг бүрэн шийдвэрлэж газрыг нь олгох болсон учир талууд харилцан тохирч эвлэрлийн гэрээг байгуулав.                  

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тушаасан улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 /далан мянга хоёр зуун/  төгрөгийн 50 хувь болох 35.100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг хариуцагч тал болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан олгох, үлдэх 50 хувь болох 35.100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч авахаас татгалзав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нь дээрх эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасны дагуу хэргийн оролцогч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж гарын үсэг зуран уг хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч, хариуцагч нар нь  нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд талууд эвлэрлийн гэрээнд зааснаар үүргээ биелүүлэх үүрэгтэй ба уг шүүгчийн захирамжийг сайн дураар буюу 14 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелэгдэнэ гэдгийг дурдах нь зүйтэй.

         

            Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэн М.Баатарчулууны нэхэмжлэлтэй “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 59 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, хууль ёсны зөрчигдсөн эрхээ сэргээлгэж Алтанбулаг сумаас хуулийн дагуу газар өмчлөхөөр сумын газрын даамалд даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын Газрын даамал нарт холбогдуулж үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж 50 хувь болох 35.100 / гучин таван мянга нэг зуун / төгрөгийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар дээрх асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                              Ж.БУРМАА