Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 9

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Э.Б,

Шүүгдэгч Н.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Тт холбогдох 2024000170006 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: улсын иргэн, 1төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,  регистрийн дугаартай, Бовогтой Н.Т нь 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутагт байрлах Д гэх айлын гадаа иргэн Б.Бг “Машины хойно зогсож байхад дайрах гэлээ” гэсэн шалтгааны улмаас түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Т 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутагт байрлах Д гэх айлын гадаа хохирогч Б.Б “дайрах гэлээ” гэсэн шалтгааны улмаас түүний нүүрэн тус газарт нь гараараа цохисон болох нь:

Хохирогч Б.Б: “...2020 оны 03 дугаар сарын 01-нд Ажаа гэдэг хүн өвс ачаад өгөөч гэж гуйхаар нь Мягаа болон А нарын хамт Оргих багийн дарга Д хашааны гадна талд өвс ачихаар очсон. А гэдэг хүүхдийг тэвшин дээрээ гараад хүн ойртвол холдоорой гэж хэлээрэй гээд толиндоо хараад ухраад машинаа хашаанд нэлээд дөхүүлээд зогссон. Тэгтэл миний машины хаалгыг зүс таних залуу онгойлгоод “чи хүн дайрах гээд байна” гэхээр нь би “Машины тэвшин дээр хүн суугаад холд гээд байна бас толиндоо хараад ухарсан” гэхэд миний зүүн талын уруулын орчимд гараараа нэг удаа цохиход миний уруул орчимд халуу оргиод амаар дүүрэн цус болсон. Би машинаасаа буугаад доошоо тонгойтол уруулаас хэсэг цус гоожсон. Тэгээд би эмнэлэг дээр очиж уруулын гадна талд 2 оёдол, доод уруулын дотор талд 2 оёдол нийт миний урууланд 4 оёдол тавьсан...” гэх мэдүүлэг /хх 7-8/,

насанд хүрээгүй гэрч Б.А: “...2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр манай аав Б.Б надтай Д гэдэг айлын гадаа ирсэн. Тухайн үед Д гэдэг айлын хашаанд өвс ачсан ачааны том машин байсан. Тухайн машинд дөхөж машинаас өвс ачихаар аав ухрах гээд намайг машины тэвшин дээр гар “Хүн ойртвол холд гэж хэлээрэй” гээд аав машинаараа ухарсан. Би машины тэвшин дээр суугаад машины хойно байсан “хүмүүсийг холдоорой” гээд хэлж байтал. Нэг танихгүй залуу машины хойно зогсоод байсан. Аав машинаараа ухраад хашаанд нэлээд тулгаад машинаа зогсоосон. Тэгтэл нөгөө танихгүй залуу холдоогүй машин хашаа хоёрын дундаас гарч ирэхдээ хувцсаараа тэвшний түгжээний боолтонд тээглэсэн байсан. Тэгээд хашаа, машин хоёрын дундаас гарч ирээд аавын сууж байгаа машины хаалгыг онгойлгоод “Чи муу ямар овоо хүн хашаанд шахдаг юм бэ?” гээд гараараа нэг удаа аавын нүүрэн тус газар нь цохиод авсан” Тэгэхээр нь би “Та яаж байнаа” гэсэн чинь нөгөө залуу “яадаг юм” гэж байсан. Тэгээд би түргэний эмч дуудсан...” гэсэн /хх 9-10/ мэдүүлэг,

гэрч О.С: “...2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 15 цаг өнгөрч байхад багийн дарга Д гадаа өвс ирсэн багийн иргэддээ тарааж байна гэхээр нь очсон. Намайг очиход өвсөө өгөөд эхэлсэн байсан. Өвс ачсан том тэргээ хашааны дотор оруулаад хашааны хаалга хаагаад зогссон гадна талаас нь жижиг машинтай хүмүүс бүртгүүлээд ухарч ирээд өвсөө ачаад явцгааж байсан. Энэ үед Бгуай хашааны хаалга руу ухарч ирээд машинаа унтраагаад зогссон. Гэтэл машин дээр нь байсан сургуулийн насны хүүхэд машины кабин дээрээс цохиод машинаа асаагаад урагшлахад машин хашааны хаалга хоёрын дундаас Н.Т гарч ирсэн. Гарч ирээд машин руу очоод Бгуайг нэг удаа цохисон. Өөр дахиж цохиогүй. Цохих үед Бгуайн амнаас нь цус гарч харагдсан...” гэсэн /хх 13-14/ мэдүүлэг,

гэрч Н.Д: “...2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 15 цаг өнгөрч байхад түргэн тусламжийн утас руу багийн дарга Д хашаанд хүний цус нүж гоожоод байна нөгөө хүн явах гээд байна гээд утсаа салгасан. Дуудлаганд Баатарбилэг жолоочийн хамт очтол “Портер” машины кабин дотор настай ах суусан, уруулын зүүн хэсгийн гадна талдаа 1 см орчим язарсан, доод уруулын дотор талдаа 1 см орчим язарсан гүн нь 0,3 мл орчим шархтай байсан. Нэгдсэн эмнэлэг дээр авч ирээд 4 оёдол тавьсан. Тэгээд тодорхойлолт өгөөд явуулсан. Бгуайгаас асуухад машинтайгаа ухрах хөдөлгөөн хийгээд буцаад хөдлөөд зогсоход машины хаалга нээгээд Тыг шууд нэг удаа гараараа цохисон гэж ярьсан. Т нь Бгуайг машинаараа ухарч байхдаа хашаатай хамт шахсан гэсэн. Бгуай болохоор би ухарч байхдаа толиндоо харж байсан гэсэн зүйл ярьж байсан...” гэсэн /хх 15-16/ мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Тын дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.Бд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болох нь:

Завхан аймгийн Шүүхийн  шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн 000000077 дугаартай “...Б.Бгийн биед гэмтэл учирсан байна. Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой дээд доод урууланд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шинээр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Б.Бгийн биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 18/, “...2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр, Б.Б 64 настай, эрэгтэй. Зовиур: Уруул дотор, гадна талдаа эмзэглэнэ, хавдана, цус гоожино, уруулын зүүн хэсэг дээд талдаа 1 см орчим /зүсэж/ язарсан, уруул зүүн доод талдаа 1 см орчим язарсан, хавдартай, гүн 0,3 см орчим байна. Нийтдээ 4 ширхэг оёдол тавив...” гэсэн яаралтай түргэн тусламжийн тасгийн хүний их эмч Н.Доржсүрэнгийн тодорхойлолт /хх 20/ зэргээр нотлогдож байна гэж дүгнэлээ.

Түүнчлэн шүүгдэгч Н.Тын “...2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн үед Оргих багийн дарга Д өвс тарааж байна гэхээр нь очсон. Ямар журмаар тарааж байна гээд тэнд байсан хүмүүсээс асууж байтал “Портер” маркийн машин ухраад хашаа руу шахсан. Шахаж зогсоод буцаад машинаа асаагаад урагшлахаар нь очоод машиных нь хаалгыг онгойлгоод жолоодож явсан Б.Б гуайн нүүрэн тус газарт нь нэг удаа цохитол уруулаас нь цус гарч цагдаа, эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлээд хохирогч Б.Бгийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн /гэмтэл/ хохирол учруулсан болохыг давхар нотолж байна гэж үзэв.

Прокуророос шүүгдэгч Н.Тт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Тын хохирогч Б.Бгийн нүүрэн тус газарт нь гараараа цохисон үйлдэл хохирогч Б.Бгийн биед учирсан гэмтэл нь өөр хоорондоо шууд шалтгаант холбоотой байх бөгөөд Н.Тын дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд Н.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.Т нь хохирогчид хохирол төлбөр төлсөн, хохирогч гомдол, саналгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон шүүгдэгчийн эд хөрөнгөөс битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржгин овогтой Найдангийн Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Н.Тт нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ӨЛЗИЙХИШИГ