Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 10

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.О даргалж,

Улсын яллагч Э.Б,

Хохирогч Ч.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э,

Шүүгдэгч А.Б,

Нарийн бичгийн дарга С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт А-ийн Б-д холбогдох эрүүгийн 1924000370033 дугаартай хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1*******,*******,*******,*******, мэргэжилгүй, малчин, З*******оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Г овогт А-ийн Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны үед Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн нутаг Асгат гэх газарт байх  өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Ч.тэй маргалдаж, түүний нуруу руу өшиглөх, зүүн талын шанаа руу цохиж, жи мобайлын гар утсаар толгойн тус газарт нь цохих зэргээр зодсон,

            2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн нутаг Асгат гэх газарт байрлах өөрийн гэртээ түүний хөл рүү 3-4 удаа өшиглөж зодсон

2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багт байрлах өөрийн гэртээ түүнийг хоолойг боож, нүүрэн тус газарт 1 удаа цохиж, нуруу руу 1 удаа өшиглөх зэргээр зодсон,

            2018 оны 12 дугаар сарын 17-ны үед Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багт байрлах өөрийн гэртээ түүний нуруу руу 2 удаа өшиглөж, 1 удаа гараараа цохих зэргээр зодсон,

2018 оны 12 дугаар сарын 15-ны үед Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг Нахиу гэх газарт байрлах өөрийн гэртээ түүний нүүрэн тус газарт нь өшиглөж зүүн нүдний болорын цайлт, судаслаг бүрхүүлийн үрэвсэл, наалдац, зүүн нүдний харааны бууралт 0,1, зүүн нүдний алимны салстанд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулж, гэр бүлийн бүхий хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн,

            мөн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн Нахиу гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хүүхэд С.П-ын хөлийг мотоциклиор дайрч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний эрүүл мэндэд баруун хөлний тавхайн зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаж хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Б нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны  үед Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн нутаг Асгат гэх газарт байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Ч.С-тэй маргалдаж, түүний нуруу руу өшиглөх, зүүн талын шанаа руу цохиж, жи мобайлын гар утсаар толгойн тус газарт нь цохих зэргээр зодсон,

            2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн нутаг Асгат гэх газарт байрлах өөрийн гэртээ түүний хөл рүү 3-4 удаа өшиглөж зодсон,

            2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багт байрлах өөрийн гэртээ түүнийг хоолойг боож, нүүрэн тус газарт 1 удаа цохиж, нуруу руу 1 удаа өшиглөх зэргээр зодсон,

            2018 оны 12 дугаар сарын 17-ны үед Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багт байрлах өөрийн гэртээ түүний нуруу руу 2 удаа өшиглөж, 1 удаа гараараа цохих зэргээр зодсон,

2018 оны 12 дугаар сарын 15-ны үед Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг Нахиу гэх газарт байрлах өөрийн гэртээ түүний нүүрэн тус газарт нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний болорын цайлт, судаслаг бүрхүүлийн үрэвсэл, наалдац, зүүн нүдний харааны бууралт 0,1, зүүн нүдний алимны салстанд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ч.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр А.Б 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 21 цагийн үед гэртээ өөрийн ээж С-тай маргалдаж муудалцаж байгаад тэр уурандаа над руу шууд хүрч ирээд намайг өшиглөж аваад цохиж зодсон юм. Тэгээд би тэр өдрөөс хойш гэртээ байж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн нөхрийн хамт бага хүүхдээ вакцин хийлгэхээр сумын төв орсон юм. Тэгээд хүүхдийнхээ вакциныг хийлгэчихээд эмч А-тай уулзаад миний бөөр, нүүр амаар өвдөөд хавагнаад байх шиг байна гэж хэлээд үзүүлсэн юм. Тэгсэн намайг хэд хоног хэвтэж эмчилгээ хийлгэхгүй юу гэж хэлээд би сумын эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн юм. Тэр орой манай нөхөр намайг сандал дээр сууж байхад хамгийн эхлээд миний ар нуруу руу 2 удаа өшиглөөд авсан чинь манай хадам ээж “чи хүний хүн зодож алах нуу” гээд манай нөхрийг надаас холдуулах гэтэл нөхөр ээжийнхээ үгэнд орохгүй ээжийгээ цааш нь түлхсэнээ миний нүүр рүү 3 удаа өшиглөж авсан юм. Тухайн үед миний ам, хамарнаас цус гарсан, зүүн талын дээд талд нэг араа шүд унасан. Баруун талын бөөрний хэсэгт хөхөрсөн, мөн ар нурууны хэсэг дээр хөхөрсөн байна гэж манай хадам ээж С надад хэлсэн, мөн зүүн талын нүд хөхөрч тагларч хавдсан юм. Миний нүүрний хэсэг буюу зүүн нүдний орчимд хөлөөрөө 3 удаа өшиглөж авсан.

Мөн 2018 оны 3 дугаар сард хөдөө Асгат гэх газарт 2 удаа намайг цохиж зодож уйлуулж байсан. Эхлээд миний нуруу руу гараараа нэг удаа, толгойн ар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Дараа нь 3 дугаар сарын 10-ны үеэр ар нуруу руу 2 удаа,  баруун өвдөг рүү нэг удаа өшиглөсөн.

Мөн 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр намайг жирэмсэн байхад Их-Уул сумын төвд хадам ээжийн хашаанд гэртээ намайг боож унагаад нүүр рүү гараараа 1 удаа ар нуруу руу 1 удаа өшиглөж зодож байсан. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Тосонцэнгэл сумын эмнэлэгт очиж төрчихөөд 05 хоноод Их-Уул суманд гэртээ ирдэг өдөр манай нөхөр хүүхдийнхээ даавууг чи өөрөө угаагаарай, чамд шөл зөөсөөр байгаад би хатгаа авчихлаа пизда минь гэж хэлээд миний нуруу руу 2 удаа өшиглөж, 1 удаа гараараа цохиж авч байсан...” гэсэн мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч С.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “...Манай аав А.Б ээжийг 2018 оны 12 дугаар сарын эхээр Их-Уул сумын төвд гэртээ хоолойг нь боож унагаад толгой, нуруу руу нь цохиж зодож байсан...” “... Би 2019 оны 4 сарын 15-ны өдрийн орой нь хургатай хонио тууж ирээд хотлуулчихаад хажуу айлдаа жаахан байж байгаа гэртээ ортол манай ээжийн зүүн талын нүд таглараад хавдчихсан байсан, манай аавд зодуулсан...”, Би одоо хэдэн он байсныг нь сайн санахгүй байна. Манайх П ахынхтай айл өвөлжиж байхад манай аав ээжийг цохиж толгойны оройг шалбалаад хаячихсан байсан......” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19-р хуудас/,

Гэрч Ж.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.Б 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Нахиу гэх газарт өөрийн эхнэр Ч.С-тэй маргалдаж муудалцсан гэж А.Б-гийн ээж С гуай 4 дүгээр сарын 15-ны орой надад хэлсэн юм. С-тэй 4 дүгээр сарын 15-ны өдөр бол таараагүй, би тэр өдөр үхэртээ явсан байсан юм. Харин С 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өглөө 09 цагийн үед манай гэрт орж ирсэн юм. Тэгэхэд С-ийн хоёр нүд нь хавдчихсан байсан юм. Тухайн үед С- манай нөхөр өчигдөр намайг зодоод нүд хавтгаад хаячихсан гэж хэлсэн юм. Тухайн үед С-ийн хоёр нүд нь хөхрөөд сайн гээч хавдчихсан байсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 23-24-р хуудас/,

Гэрч П.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 10-ны үеэр Хуягт багаар эргэлтээр явж байгаад Асгат гэх газарт очсон. Тухайн үед Асгат гэх газарт Б-ийнх П-той хамт айл байсан юм. Би тэр үед Б-ийн Б гэдэг хүүхдийг үзэх гээд гэрт нь ороход эхнэр С гэртээ уйлаад сууж байхлаар нь юу болсон талаар асуухад С манай нөхөр намайг зодоод байна гэж хэлсэн. Тухайн үед С гэртээ хүүхдийнхээ хамт байсан харин түүний нөхөр Б хониндоо явчихсан байсан. Тухайн үед би хүүхдийг үзчихээд малын бэлчээрт Товгорын ам гэх газарт Б-тэй очиж уулзаад чи яагаад эхнэрээ цохиж зодоод байгаа юм бэ гэхэд Б би зодоогүй гэж хэлэхээр нь чи юу яриад байгаа юм эхнэр чинь сая уйлчихсан сууж байна, танай хажуу талын П, Р.Р хоёр хүртэл чамайг сая эхнэрээ зодсон гэж байна чамайг би цагдаад хэлнэ шүү гэсэн чинь Б эхнэрээ зодсоноо хүлээн зөвшөөрөөд би дахиад гар хүрэхгүй гээд надаас гуйсан юм. Тэгээд би тэр үед Б-д дахиж эхнэртээ гар хүрч болохгүй шүү гэж хэлчихээд явж байсан юм. Би 2018 оны 12 дугаар сарын 19-ний үед байх Их-Уул сумын төвд С-ийн нярай хүүхдийг үзэх гээд Б-д очиход С манай нөхөр өчигдөр миний хоолойг боогоод намайг цохиж зодлоо гэж надад хэлсэн юм. Би тэгэхэд С-ээс танай нөхөр яахаараа чамайг дандаа зоддог юм гэж асуухад манай нөхөр чамайг төрүүлэх гэж шөлийг чинь зөөсөөр байгаад хатгаа авчихлаа гэж хэлээд цохиж зодсон гэж хэлж байсныг би одоо тод санаж байна. Мөн би 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Хуягт багийн нутаг Нахиу гэх газар би эргэлтээр А.-д очиж байсан юм. Тухайн үед намайг тэдний гэрт орох үед А.Б-ийн эхнэр С, хадам ээж С, тэдний хүүхдүүд байсан юм. Би тэр өдөр С-ийн 4 сартай хүүхдийг үзсэн юм. Тухайн үед С-ийн хоёр нүд нь айхтар хавдчихсан бараг юм харж чадахааргүй болчихсон байхаар нь би С-ээс чи наад хоёр нүдээ яачихсан юм, танай нөхөр чинь зодоо юу гээд асуусан чинь С юм хэлэлгүй над руу толгойгоороо дохиод, тийм гэсэн юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25-26-р хуудас/,

Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.С 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр манай өрөөнд өөрөө орж ирээд надад үзүүлж байсан. Зүүн талын шанаа хавдартай, мөн зүүн талын нүд бага зэрэг хөх туяатай хавдартай, тэр нүднээс нь нуух гойжоод улайсан байсан юм. Мөн баруун талын бөөрний хэсэгт 4х5 см-ийн хэмжээтэй газарт хөхөрч бага зэрэг хавдсан байсан...Би тэр үед үзлэг хийхдээ Ч.С-ийн хоёр нүдний харааг шалгасан тэгэхэд Ч.С зүүн талынхаа нүдээр сайн юм харж чадахгүй байна гэсэн юм. Харин баруун талын нүд зүгээр байсан. Тэр үед С надад хэлэхдээ одоогоос 10-аад хоногийн өмнө хөдөө гэрт манай нөхөр Б миний толгой руу өшиглөж цохиж зодсон гэж хэлсэн юм. Өмнө нь хүртэл намайг цохиж зоддог байсан гэж хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 27-р хуудас/,

Гэрч Ц.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сард Асгат гэх газарт өдрийн 13 цагийн үед байх А.Б, Ч.С нар гэртээ маргалдаж муудалцаад том том дугаралдаад байхаар нь гэрт нь ороход А.Б эхнэр Ч.С-ийг заамдаад авчихсан зогсож байхаар нь А.Б-г би салгаад гэрээс нь авч гараад гэртээ оруулж байсан юм.  Мөн 2018 оны 3 дугаар сарын 10-ны үеэр байх Асгат гэх газарт би А.Б-ийн гэрт нь санаандгүйт яваад ортол С тэр хоёр муудалцсан бололтой С уйлчихсан сууж байсан юм. Тухайн өдөр манай хотонд манай багийн эмч Г ирээд явахдаа танай хажуу талын А.Б эхнэртэйгээ таарамж муутай байдаг юм шиг байна, А.Б-д сайн хэлж байгаарай гэж хэлчихээд явж байсан. А.Б-г 2018 оны 3 дугаар сард эхнэртэйгээ муудалцаж байсныг тэр үед манайд малаа харж байсан Р-г гэдэг залуу мэдэх байх...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 235-236-р хуудас/,

Гэрч Л-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр санагдаж байна. Тэр өглөө 12 цагийн үед байх Ч.С миний гар утас руу залгаад би эмнэлэгээс гарах гэж байна, чи манай гэрт очоод гал түлээд өгөөч гэж хэлж байсан юм. Тэр өдөр Б-ийн гэрт очоод намайг гал дээр С-д шөл хийгээд байж байхад түүний нөхөр А.Б гэрийнхээ хойморт хэвтэж байснаа С рүү уурлаад чи шөлөө өөрөө хийж уухад яадаг юм пизда минь гэснээ босож ирээд С-ийн ар нуруу руу 2 удаа өшиглөж авснаа мөн гараараа 1 удаа нуруу руу нь цохиж авч байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 234-р хуудас/,

            Гэрч Р.Р-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 3 дугаар сарын эхээр хониндоо явж байгаад өдрийн ундандаа ирээд А.Б-ийн гэрт нь ортол түүний эхнэр Ч.С манай нөхөр намайг цохиж зодоод байх юм гээд уйлж байсан.Тухайн өдөр манайхны хотонд манай багийн эмч Б.Г ирээд явж байсан юм....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 237-р хуудас/,

Гэрч Л.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний санаж байгаагаар 2019 оны 4 дүгээр сарын 15-ны үед байх тэр орой гадаа харанхуй болоод цагаан гэгээ тасарч байх үед би тугалаа хашаандаа хашиж байсан юм. Тэгсэн тэр үед С гэрийнхээ гадна зүүн талынхаа хаяанд сууж байсан юм. Тэгсэн түүний хадам ээж С гуай гэрээсээ шангатай ус гаргаж ирээд С-д өгөөд миний хүү гар нүүрээ угаачихаад гэртээ ор гэж хэлэхийг би сонссон. Би тугалаа хашчихаад тэдний хургыг барилцах гээд гэрийнх нь тэнд очтол С гэрийн хаяанд сууж байснаа босоод ирсэн юм. Харин би тэр үед С-с чи наад нүүрээ яачихсан юм бэ гээд асуутал С надад нөхөр Б намайг цохичихсон юм гэсэн. Тухайн үед С-ийн зүүн талын нүд хавдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 37-р хуудас/,

Гэрч Ц.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2019 оны 4 дүгээр сард А.Б гэх айлтай хамт Их-Уул сумын Хуягт багийн нутаг Нахиу гэх газарт хаваржсан юм. 2019 оны 4 дүгээр сарын 15-ны үед байх намайг тэр үед сумын төв яваад ирсний маргааш өглөө нь Б-ийн ээж С гуай манай гэрт орж ирээд надад хэлэхдээ манай Б эхнэрээ өчигдөр орой зодоод би Б-г хүчирхээ байчихжээ гэж ярьж байсан...” /ХХ-ийн 232-233-р хуудас/, гэсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтууд болно.  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 834 дугаартай: “...Ч.С-ийн биед зүүн нүдний гэмтлийн гаралтай болорын цайлт, зүүн нүдний солонгон бүрхүүлийн үрэвсэл, наалдац, доод зовхинд зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдэнд цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах  тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 54-55-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 999 дугаартай: “...Ч.С-ийн биед гэмтлийн гаралтай зүүн нүдний болорын цайлт, судаслаг бүрхүүлийн үрэвсэл, наалдац, зүүн нүдний харааны бууралт 0.1 /2019.08.06/, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт, зүүн хацрын зөөлийн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх зүүн нүдний болорын цайлт, судаслаг бүрхүүлийн үрэвсэл, наалдац, харааны бууралт нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /ХХ-ийн 67-69-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч А.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн Нахиу гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хүү С.П-ыг “...морь муу аргамжлаа...” гэж загнан “... чи морь олж ир...”  гэж хөөж явуулаад араас нь мотоциклтьтой очиж баруун хөл дээгүүр дайрч түүний эрүүл мэндэд баруун хөлний тавхайн зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 Насанд хүрээгүй хохирогч С.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай аав А.Б 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өглөө 09 цагийн үед намайг морь муу аргамжлаа, морь аргамжаан дээрээсээ алга болсон байна, чи морь олж ир гээд намайг загнаад над руу чулуу шидээд миний толгойг оносон юм. Мөн нэг бүдүүн олсоор миний нуруу руу хоёр удаа ороолгохоор нь би морио олж ирэх гээд алхаад гэрээсээ уруудаад явж байтал манай аав миний араас мотоцикльтой ирээд мотоциклоороо намайг хөөж айлгаад, чи наанаа зогсож бай гэхээр нь би зогссон юм. Тэгсэн манай аав мотоцикльтойгоо хүрч ирээд миний баруун хөл нь дээгүүр мотоциклтойгоо гараад миний хөлийг гэмтээсэн юм. Манай аав 2015 оны өвөл Ёл гэх газарт Б гэх айлынхтай хамт өвөлжиж байхад хөдөө малын бэлчээрт намайг хонь тасдаж хаялаа гэж уурлаад мотоциклоор хөөсөн мөн миний хамар руу гараараа цохиод хамраас цус гоожуулж байсан юм. Би тэр үед хэнд ч хэлэлгүй нуугаад өнгөрөөсөн юм...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ц.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би одоо яг хэдний өдөр байсныг сайн санахгүй байна гэхдээ ямар ч байсан 2019 оны 4 дүгээр сард намайг өглөө хургаа тавиад хонины хашаан дотроо байж байтал А.Б гэрийнхээ гадаа өөрийн том хүү С.П руу уурлаад аргамжаатай морь хайчихсан юм, чи тэр морийг яачих уу гээд уурлаад байсныг би сонссон юм. Тэгсэн удаагүй С.П урагшаагаа явган алхаад явсан харин араас нь А.Б мотоциклоороо явж байсан. Тэгээд айхтар удаагүй С.П морио унаад гэртээ ирж байсан. Тэр өглөө П өөрийн хойд аав А.Б-д морь муу аргамжлаа гээд загнуулсныхаа дараа урагшаагаа явган алхаад явахад хөл нь зүгээр байсан юм. Харин сүүлд нь Пүрэв-Очир гэрийнхээ гадаа морио унаж ирээд морьноос буугаад алхах үед баруун хөл нь доголчихсон байсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 232-233-р хуудас/,

Хохирогч Ч.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Манай нөхөр намайг 2019 оны 4 дүгээр сард сумын эмнэлэгт хэвтэж байх хойгуур том хүү П-ыг хөдөө морь муу аргамжлаа гэж хэлээд мотоциклоор хөөгөөд хөлийг нь дайрсан гэж манай хүү П 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр надад хэлсэн юм. Одоо манай том хүүгийн хөл нь доголоод байгаа юм...” /ХХ-ийн 5-8, 152-153-р хуудас/, гэсэн мэдүүлэгийн нотлох баримтууд,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 811942088 дугаартай: “...С.П-ын биед баруун хөлийн тавхайн зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. С.П-ын биед учирсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. С.П-ын биед баруун хөлийн тавхайн зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 47-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх болон бусад нотлох баримтууд болох:

Гэрч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.Б нь төлөв даруухан зантай хүний үгнээс гараад байдаггүй их томоотой гэхдээ зарим үед жаахан огцом түргэн уур гаргачих гээд байдаг юм.Түүнээс алс хүнийхээ хувьд дуу муутай төлөв даруухан зантай хүн байдаг юм. Амьдрал ахуйн хувьд эхнэр 3 хүүхдийнхээ хамт амьдардаг. Амьдралын баталгаажих түвшин доогуур амьдралын бололцоо их муу амьдралтай айл бөгөөд хувьдаа хэдхэн тооны бог малтай өөрөө голдуу хөдөө байнга мал малладаг хүн байгаа юм. А.Б нь ямар нэгэн боловсрол, мэргэжил байхгүй хөдөө хүний хөлсний мал харж амьдрал ахуйгаа залгуулдаг. Хүүхдүүдийнхээ 20,000 төгрөг, хүний мал харж өгсний хөлс зэргээр амьдрал ахуйгаа нэг юм болгоод явдаг, их хэцүүхэн амьдралтай хүн байгаа юм...” гэсэн, /хх-ийн 150 хуудас/

Гэрч Д.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.Б нь 2010-2014 оны хооронд хавар, намар, өвлийн улиралд Их-Уул сумын Хонгор багт манайд туслах малчнаар манай малыг хардаг байсан юм. А.Б нь их дуугай төлөв даруухан зантай хүний үгнээс гараад байдаггүй их томоотой сайн залуу байдаг юм. А.Б нь өөрөө ажил хөдөлмөр эрхэлдэггүй учир гэр бүлд нь тогтмол орлого байхгүй. Хоёр хүүхдийнхээ 20,000 төгрөгийг амьдрал ахуйдаа хэрэглэдэг, амьдрал ахуй тааруу доогуур амьдралтай айл байгаа юм. А.Б-д 2018 оны өвөл Дэлхийн зөн олон улсын байгууллагаас 1 монгол гэр  өгсөн бөгөөд одоо тэр гэртээ эхнэр 3 хүүхдийнхээ хамт амьдардаг юм. А.Б Сэлэнгэ аймгийн Мандал сумаас эхнэр авсан бөгөөд эхнэр нь тогтсон ажил хөдөлмөр байхгүй одоо нялх хүүхдээ хараад гэртээ байдаг юм. А.Б нь дагавар хүүхэдтэй хүнтэй гэр бүл болсон бөгөөд дээрх хүнтэйгээ суугаад дундаасаа 2 хүүхэдтэй болсон юм...” гэсэн мэдүүлгүүд, / хх-ийн 151-152 хуудас/

Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 102 дугаартай: “...Тус багийн иргэн А Б нь  регистрийн дугаартай ам бүл 5. Эхнэр Ч-ийн С /ИЭ83022865/ болон 3-н хүүхдүүдийн хамт амьдардаг байнга оршин суугч өрх мөн болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт /хх-ийн 130 хуудас/,

Улсын бүртгэлийн хэлтсийн гэрлэлтийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын Завхан аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт, төрийн болон Хаан банкны тодорхойлолтууд,

Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 19 дугаартай: “...А.Б нь сэтгэцийн хувьд хөнгөн оюуны хоцрогдолтой. А.Б нь аливаа үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Гэмт хэргийн үйлдлийн хувьд өөрийн үйлдлийг ойлгож удирдан жолоодох чадвартай байсан. Одоо сэтгэцийн  хувьд хөнгөн оюуны хоцрогдол эмгэгтэй. Хэрэг хариуцах чадвартай болно...” гэсэн дүгнэлт,

 Г овогт А-ийн Б нь урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй талаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, судалгааны төвийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

Эрх бүхий албан тушаалтны 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн: “...Манай нөхөр А.Б нь удаа дараа зодож цохиж бие эрх чөлөөнд халдаж гэмтэл учрууллаа шалгаж өгнө үү...” гэсэн гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Хүчирхийллийн эсрэг хамтын хүч төрийн бус байгууллагын 2019  оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/27 дугаартай: 1924000370033 дугаартай хэрэгт насанд хүрээгүй хохирогч С.П, түүний ээж Ч.С нар нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 7 хоногийн хугацаанд Завхан аймгийн гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчид үйлчлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-д байрлаж, хохирогчид үзүүлэх цогц үйлчилгээ авсан болно...” гэсэн албан бичиг /хх-ийн 10 хуудас/,

2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн: “...Ч-ийн Сэлэнгэ 36 настай. Зүүн хацар шанаа хавдсан, нүд улайсан үүдэн шүд болон араа нийлсэн-6 шүд цохигдож хугарсан. Баруун бөөр хөхөрсөн. Биеийн бусад хэсэгт хөхөрсөн улайсан цохигдсон зүйлгүй...” гэсэн эмчийн тодорхойлолт, аюулын зэргийн үнэлгээний маягт, холбон зуучлах үйлчилгээний илгээх хуудас маягт 1, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, хохирогч Ч.С-ийн амбулаториар эмчлүүлэгчийн картын хуулбар  зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж, үнэлж шийдвэрлэсэн болно.

Мөн шүүгдэгч А.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би 2019 оны 4 дүгээр сарын 15-ны орой 21 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн нутаг Нахиу гэх газарт өөрийнхөө гэр дотор хурганы сараа барих гэхэд эхнэр С нь сараа барих гэсэн тэр газар суучихаад босохгүй болохоор нь миний уур хүрээд түүний нүүр, дух хэсэгт хөлөөрөө 2 удаа өшиглөсөн  юм. Тэр үед амнаас нь жаахан цус гарсан. Тэгэхэд манай ээж С байсан, хүү С.П хонио тууж ирэх гээд явчихсан байсан...” гэж, харин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... Эхнэрээ удаа дараа олон удаа цохиж зодсон бүх үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байгаа. 2019 оны 12 сард байх жирэмсэн байхад нь цохисон. Би эхнэрээ цохиж гэмтэл учруулсандаа харамсаж байна. Мөн 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн хүүхэд С.П-ыг морь муу аргамжаад алдчихаар нь уурлаад араас нь морио хайх гээд мотоциклоор очоод зогсох гэтэл урд талын дугуйнд баруун хөлний сарвууны хэсгээрээ дайрагдчихсан юм. Тэгсэн П-ын хөл нь болохоо байгаад доглоод гэмтсэн юм. Тухайн үед би П-ын баруун талын хөл нь доголоод байхаар нь гутлыг нь тайлаад хартал шагайны урдхан талд тавхайны тэнд жаахан хөхөрчихсөн байсан. Гэр бүлийн хүмүүсээ зодож, гэмтээсэн, үйлдлийнхээ гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэж гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлж байгаа нь бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний мэдүүлэг нь үнэн зөв, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нь давхар нотолж байна гэж үзлээ.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээчид шинжилгээ хийж дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Нэгдүгээрт: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч А.Б-г гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Ч.С-г 

2017 оны 12 дугаар сарын 15-ны үед Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн нутаг Асгат гэх газарт байрлах  өөрийн гэртээ нурууруу нь өшиглөх, зүүн талын шанаа руу цохиж, жи мобайлын гар утсаар толгойн тус газарт нь цохих зэргээр зодсон,

            2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн нутаг Асгат гэх газарт байрлах өөрийн гэртээ түүний хөл рүү 3-4 удаа өшиглөж зодсон,

            2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багт байрлах өөрийн гэртээ түүнийг хоолойг боож, нүүрэн тус газарт 1 удаа цохих, нуруу руу 1 удаа өшиглөх зэргээр зодсон,

            2018 оны 12 дугаар сарын 17-ны үед Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багт байрлах өөрийн гэртээ түүний нурууруу 2 удаа өшиглөж, 1 удаа гараараа цохих зэргээр зодсон,

2018 оны 12 дугаар сарын 15-ны үед Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг Нахиу гэх газарт байрлах өөрийн гэртээ түүний нүүрэн тус газарт нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний болорын цайлт, судаслаг бүрхүүлийн үрэвсэл, наалдац, зүүн нүдний харааны бууралт 0,1, зүүн нүдний алимны салстанд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан зэрэг үйлдлүүдэд холбогдуулан

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч А.Б, Ч.С нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр нөхөр болох нь: Улсын бүртгэлийн хэлтсийн гэрлэлтийн лавлагаа, №0100453 дугаартай гэрлэлтийн баталгаа, охин Б.Д, С.Б нарын төрсний гэрчилгээний хуулбар, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр,

А.Б нь Ч.С-г 2017 оны 12 дугаар сарын 15-ны үед нуруу руу нь өшиглөх, зүүн талын шанаа руу цохиж, жи мобайлын гар утсаар толгойн тус газарт нь цохих зэргээр зодсон болох нь гэрч Ц.П, насанд хүргээгүй хохирогч С.П нарын мэдүүлгээр, 

2018 оны 3 дугаар сарын эхээр нурууруу нь гараараа нэг удаа, толгойн ар хэсэгрүү гараараа нэг удаа, 3 сарын 10-дын үеэр ар нурууруу 2 удаа,  баруун өвдөг,  хөл рүү 3-4 удаа өшиглөж зодсон болох нь гэрч Ц.П, Б.Г, Б.Р нарын мэдүүлгээр,

2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хоолойг  нь боож, нүүрэн тус газарт 1 удаа цохих, нуруу руу 1 удаа өшиглөх зэргээр зодсон болох нь насанд хүрээгүй хохирогч С.П-ын мэдүүлгээр,  

            2018 оны 12 дугаар сарын 17-ны үед нурууруу 2 удаа өшиглөж, 1 удаа гараараа цохих зэргээр зодсон болох нь гэрч Л.Н, Б.Г нарын мэдүүлгээр,

2018 оны 12 дугаар сарын 15-ны үед нүүрэн тус газарт нь 2 удаа өшиглөж зодсон болох нь гэрч Ж.Э, Б.Г, Б.А, А.Н нарын мэдүүлгүүдээр болон хохирогч Ч.С-ийн өөрийнх нь мэдүүлэг, шүүгдэгч А.Б-ийн гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Иймд  шүүгдэгч А.Б нь 2017 оны 12 сараас хойш 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 удаагийн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Ч.С-г байнга зодсон,

хохирогч Ч.С-г жирэмсэн байхад нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хоолойг нь боож, нүүрэн тус газарт 1 удаа цохих, нуруу руу 1 удаа өшиглөх зэргээр зодсон үйлдэлүүд нь шүүгдэгч А.Б-г гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн эмэгтэй хүний эсрэг үйлдсэн нь гэж үзнэ.

 Мөн шүүгдэгч нь хохирогч Ч.С-г 2018 оны 12 дугаар сарын 15-ны үед нүүрэн тус газарт нь 2 удаа өшиглөж зодсон үйлдлээрээ Ч.С-ийн биед зүүн нүдний болорын цайлт, судаслаг бүрхүүлийн үрэвсэл, наалдац, зүүн нүдний харааны бууралт 0,1, зүүн нүдний алимны салстанд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно.

Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн онцлог шинж нь тухайн зүйлд заасан үйлдлийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг байнга үйлдсэн тохиолдолд хамаарахаар хуульчилсан бөгөөд байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг авч үздэг хууль хэрэглээний ойлголт юм.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардах ба Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулаагүй, хохирол, хор уршиг учраагүй, эсхүл өөр салбар эрх зүйд тодорхойлсон хэм хэмжээгээр хариуцлага хүлээлгээгүй байхыг багтаан ойлгоно.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нэг харилцаа буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хохирол учруулсан нэг үйлдлийг тухайн харилцааны доторх өөр зүйл, хэсгээр давхар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй тул нэг үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед гэмтэл учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг гэж салгаж зүйлчлэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал харилцаатай хүнийг байнга зодсон хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тусад нь зүйлчилж ирүүлсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын яллах дүгнэлт  үндэслэлгүй байна.

Иймд тус прокурорын газраас шүүгдэгч А.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хоёрдугаарт: Мөн Сум дундын прокурорын газраас шүүгдэгч А.Б-гийн  2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн Нахиу гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хүү С.П-ыг “...морь муу аргамжлаа...” гэж загнаж “... чи морь олж ир...”  гэж хөөж явуулаад улмаар араас нь мотоцикльтой очиж баруун хөлний өлмий дээгүүр дайрч түүний эрүүл мэндэд баруун хөлний тавхайн зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч А.Б нь насанд хүрээгүй хохирогч С.П-той гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох нь: гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр,

А.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн Нахиу гэх газарт хүү С.П-ыг мотоциклоор баруун хөл дээгүүр дайрч түүний эрүүл мэндэд баруун хөлний тавхайн зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь: гэрч Ц.Э, хохирогч Ч.С, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 811942088 дугаартай шинжээчийн дүгнэлт, насанд хүрээгүй хохирогчийн өөрийнх мэдүүлэг, шүүгдэгч А.Б-ийн гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Харин насанд хүрээгүй хохирогч С.П нь “...Манай аав А.Б 2015 оны өвөл Ёл гэх газарт Б гэх айлынхтай хамт өвөлжиж байхад хөдөө малын бэлчээрт намайг хонь тасдаж хаялаа гэж уурлаад мотоциклоор хөөсөн мөн миний хамар руу гараараа цохиод хамраас цус гоожуулж байсан юм...” гэж мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудар дээрх нөхцөл байдал, үйл явдал тогтоогдоогүй байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив тал буюу гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогдох бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн байхыг шаардна.

Гэвч шүүгдэгч А.Б нь хохирогчийн баруун хөл дээгүүр мотоциклоор дайрч түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь нэг удаагийн  шинжтэй байгаа бөгөөд урьд өмнө нь шүүгдэгч А.Б нь хохирогчийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд байнга халдсан  гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь үндэслэлгүй болжээ.  

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно....” гэж заасан байх тул Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч А.Б-гийн хохирогч С.П-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн хууль бус, хүч хэрэглэн бусдыг цохиж, зодож байгаа үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтой, хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, санаатай үйлдсэн гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч А.Б-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий жирэмсэн эмэгтэй хүний эсрэг үйлдсэн,

мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий, насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.    

Шүүгдэгч А.Б-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар  журамлан түүнд оногдуулсан хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгаж, шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч нар нь гомдол саналгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч  С.С-ийн “... миний бие одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,  насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д-ын “...хохирогч П болон миний зүгээс гомдол, санал, хүсэлт байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй..” гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч нар нь гомдол саналгүй, түүнээс гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүгдэгчийг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамруулах эрх бүхий байгууллагад хүргүүлэх хүртэл түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдюэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас  шүүгдэгч Г овогт А-ийн Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдюэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус Прокурорын газраас шүүгдэгч Г овогт А-ийн Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.  

2. Шүүгдэгч Г овогт А-ийн Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий жирэмсэн эмэгтэй хүний эсрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А-ийн Б-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгүүлэх ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгч А-ийн Б-ийн биечлэн эдлэх хорих  ялыг 2 жил, 2 сарын хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасныг тус тус журамлан шүүгдэгч Гурван дархан овогт А-ийн Б-д оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

10. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д  өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

14. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОТГОНХИШИГ