| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2020/0011/Э |
| Дугаар | 13 |
| Огноо | 2020-04-16 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 13
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Энхбатаар хөтлүүлэн,
Улсын яллагч Ч.Алтансүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г,
Шүүгдэгч Э.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн 2024000100002 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, * төрсөн, 30 настай, эмэгтэй, * боловсролтой, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, * ажилтай, ам бүл-4, нөхөр, 2 хүүхдийн хамт * хаягаар оршин суудаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, И овогт Э-ын З /регистрийн дугаар:.../.
Шүүгдэгч Э.З нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтуугаар 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагийн орчим Завхан аймгийн Асгат сумын төв Суварга багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ нөхөр болох Б.Л-тай “хаагуур яваад ирэв” гэж маргалдаж байгаад улмаар түүнтэй хутга булаацалдаж байхдаа давхар унасны улмаас Б.Л-ийн хэвлийн зүүн хэсэгт хутгалан эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт
хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.З нь 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж, 21 цагийн орчимд Завхан аймгийн Асгат сумын төвийн Суварга багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ нөхөр болох Б.Л-тай маргалдаж, улмаар түүнтэй хутга булаацалдаж байхдаа давхар унасны улмаас Б.Л-ийн хэвлийн зүүн хэсэгт хутгалан эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь:
-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасан 000000064 дугаартай: “...Б.Л-ийн биед хэвлийн зүүн доод хэсэгт нэвтэрсэн шарх, элэгний зүүн дэлбэн нэвтэрсэн шарх гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь иртэй ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Б.Л-ийн биед учирсан хэвлийн зүүн доод хэсэгт нэвтэрсэн шарх, элэгний зүүн дэлбэн нэвтэрсэн шарх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 116 дугаар хуудас/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1952 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Б.Л-ийн гэх цус нь АВО системээр О(I) бүлгийн харьяалалтай байна. Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ-ээр хураан авсан гэх 33,5 см урттай, ягаан өнгийн халцарсан төмөр иштэй хутган дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь АВО системээр О(I) бүлгийн хүний цус байна” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 119-120 дугаар хуудас/,
-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 4-8 дугаар хуудас/,
-Хохирогч Б.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн орчим Д, Ц нар надад төрсөн өдрийн мэнд хүргэн “АУРУГ” нэртэй 0.5 литрийн савалгаатай 1 шил архи авч өгсөн. Тухайн архинаас би жижиг хундагаар 1 удаа уусан, үлдсэн архийг Ц, Д, З нар хувааж уучихаад Ц, Д нар гэртээ харина гээд явсан. ...Би Г, Л нарт хандан З-г унтуулчихаарай гэж хэлээд Дын хамт гэрээсээ гарч дэлгүүр ортол хаачихсан байсан. Бид хоёр Б ахынд очин юм ярьж, сууж байгаад гэртээ очтол Л, Г нар явчихсан, З мах идээд сууж байснаа надад хандан “хаагуур явж байгаад ирэв” гэж хэлсэн. Ингээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Тухайн үед би З-г мах идэж байсан хутгаараа алчих гээд З-ийн хутгатай гарнаас барьж авсан. З баруун гараасаа хутгаа салгаж авах гээд бид хоёр ноцолдож байгаад би ширээний урд байсан сандалд тээглэн унахад хутга миний биеийн хэвлийн зүүн хэсэгт нэвтэрч орсон байсан. Түүнээс хойш надад санах зүйл байхгүй. Би сэрэхдээ эмнэлэгт сэрсэн. ...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 67-68 дугаар хуудас/,
-Гэрч А.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 02-ны орой 21 цаг өнгөрч байхад эмнэлэгт Л оёдол тавиулах гэсэн юм гэж дуудлага ирсэн. Би гэрээсээ гараад Л-ийн гэр рүү явах замд Г, З, Д нар машинд Л-г суулгах гээд байж байхаар нь эмнэлэгт аваад ир гэж хэлээд эмнэлэг дээр иртэл араас ирсэн. Л-г үзэхэд зүүн хавирганы хэсэгтээ хутгалуулсан, их хэмжээний цус алдсан байдалтай байсан. Л зүүн талдаа хутгалуулсан, их хэмжээний цус алдалттай байсан. Биеийн байдал нь хүнд байсан. Цус тогтоох тариа, зүрх дэмжих, өвчин намдаах зэрэг эмчилгээ болон биеийн байдлыг тогтворжуулах эмчилгээ хийсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 96-97 дугаар хуудас/,
-Гэрч Л.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн орчимд Л-ийн гэрт очиход тэдний гэрт Г, М, Л, З нар архи уусан бололтой М-ээс бусад нь согтуу байсан. З эгч намайг архинд яваад ир гээд би дэлгүүр явж “БОЛОР” нэртэй 0.75 литрийн савалгаатай нэг шил архи ундаатай авч ирсэн... Орой 20 цагийн үед Л-ийн гэрт очиход Г, Л, Л, З нар байсан. Л надад хандан хамт дэлгүүр яваад ирье гэхээр нь хамт гартал онгорхой дэлгүүр байгаагүй. Л Б ахынд очно гэхээр нь хамт Б ахынд очиж Л, Б нар 30-40 минут орчим ярилцаж сууж байгаад Л-ийн хамт гэрт нь ирэхэд Л, Г нар явчихсан З бүхэл мах идээд сууж байсан. З нь Л-д хандан намайг гэрт үлдээчихээд хаагуур архи ууж яваад ирэв гэх мэтээр хоорондоо маргалдаж эхэлсэн. Л З-д чи наад мах идэж байгаа хутгаараа намайг алчих гээд Згийн хутгатай гараас барьж авсан. З баруун гартаа байсан хутгаа авах гээд байгаа бололтой Л тэр хоёр хоорондоо ноцолдож байгаад Л З-ийн дээрээс даран унасан. Тэгээд Л эргээд дээшээ хартал түүний хэвлийн зүүн хэсгээс цус гарч байсан. Тухайн үед З-ийн барьж байсан хутга Л-ийн хэвлийд нэвтэрсэн байх. Тэгээд би гарч эмнэлгийн түргэн тусламж дуудахаар эмнэлэг явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 92-93 дугаар хуудас/,
-Гэрч Д.Г, Б.Л нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...21 цаг өнгөрч байхад бид Б.Л-ийн гэрт очиход Б.Л-ийн биеийн зүүн талын хөхний нилээн доор шархтай байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 71-72, 75-76 дугаар хуудас/,
-Яллагдагч Э.З-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би нилээд согтсон байсан болохоор унтсан. Намайг сэрэхэд манай гэрт байсан хүмүүс бүгд явчихсан байсан. Би жижиг өрөөнд байсан чанасан махыг гал тогооны өрөөнд оруулж ирэн идэж байхад гаднаас Л нилээд согтсон бололтой Д-ын хамт орж ирсэн. Л нилээд согтуу байхаар нь миний уур хүрэн “намайг гэрт үлдээчихээд архи ууж явлаа. Хаагуур яваад ирэв” гэх зэргээр муудалцаж эхэлсэн. Л намайг чи наад мах идэж байгаа хутгаараа алчих гээд миний хутга барьж байсан баруун гарыг хутгатай хамт давхар бариад авахаар нь би гараасаа хутгыг салгах гэсэн боловч Л-ийн гараас өөрийнхөө гарыг салгаж дийлээгүй. Хутгаа гараасаа салгах гэж ноцолдож байхад Л гэнэт миний дээрээс даран унасан. Миний гарт хутга байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 128-129 дүгээр хуудас/,
-Шүүгдэгч Э.З-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ял оногдуулахад татгалзах зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Э.З-ийн дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.З-д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Э.З-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.З-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг нь болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй байна.
Иймд прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. И овогт Э-ын З-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-г 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр иштэй иш нь улаан, ягаан өнгийн будагтай байсан гэмээр будаг нь халцарч цоохортсон 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шүүгдэгч Э.З нь таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН