| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2020/0010/Э |
| Дугаар | 14 |
| Огноо | 2020-04-17 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 14
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.О даргалж,
Улсын яллагч Ч.А,
Хохирогч О.Б,
Шүүгдэгч Ш.Р, Л.Б, Ч.Г
Шүүгдэгч Ш.Р, Л.Б нарын өмгөөлөгч С.Г,
Гэрч Ж.Г, Т.Г, Б.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ш-ын Р, Б овогт Л-ийн Б, Г овогт Ч-ийн Г нарт холбогдох эрүүгийн 1924000650001 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 07-нд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг эх, дүүгийнхээ хамт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 5 дугаар багийн Халбан хороолол, 4 дүгээр гудамжны 3 тоотод оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ................регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй Х овогт Ш-ын Р.
Монгол улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 24-нд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, Цэцэрлэг сумын 7 дугаар багийн хүн эмнэлэгийн жолооч ажилтай, ам бүл 2, ээжийнхээ хамт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Ренчинжугнай, 3 дугаар багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ...................регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй Б овогт Л-ийн Б.
Монгол улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Ренчинжугнай, 3 дугаар багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах
чадвартай, ...................регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй Г овогт Ч-ийн Г.
Холбогдсон хэргийн талаар:
/Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ш.Р, Л.Б, Ч.Г нар нь бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг Буга өндөрийн нурууны Байшинт гэх газарт ховор амьтны жагсаалтад орсон 2 тооны халиун бугыг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, 13,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Г, Л.Б, Ш.Р нар нь 2016 оны 9 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Ренчинжугнай багийн нутаг дэвсгэрт байх Ч.Г-ийн гэрээс Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг, Буга өндөрийн нурууны Байшинт гэх газарт хүртэл мотоциклоор явж, 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон 2 толгой халиун буга /Cervus elaphus/ -ыг тусгай зөвшөөрөлгүйгээр буудан агнаж, байгаль орчинд 13,200,000 төгрөгийн хохирол учруулсан, улмаар эвэр, мах зэрэг түүхий эдийн зүйлийг ашиг олох зорилгоор авч, тээвэрлэж явсан болох нь:
Хохирогч О.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2 буга алагдсан юм чинь хор уршиг хохирол учирсан. Экологи эдийн засгийн үнэлгээгээр 26,400,000 төгрөг хохирол гарсан. Нөхөн төлбөрт нийт 8.000.000 төгрөг төлсөн байгаа, үлдэгдэл 18.400.000 төгрөгийг төлөхөөр тохиролцож тус бүрдээ гэрээ байгуулсан. Миний зүгээс нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй ...” гэх мэдүүлэг,
Гэрч Ж.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие намрын эргүүл шалгалт, урьдчилан сэргийлэх ажлын үзлэг шалгалтаар жолооч Т.Г, байгаль хамгаалагч Б.О, цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан иргэн Г нарын хамт 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Бүст нуурын орчимд эргүүл хийж байх үед 2 удаа том буун дуу гарах шиг болсон. Тэгээд энэ хавьд ан амьтан ихтэй юм чинь хулгайн ан хийж байж магадгүй, эндээ хоноё гээд хоносон. Хоноод маргааш өглөө ийш тийш дурандаж байтал 2 мотоцикльтой хүмүүс Байшинт гэх газар руу явж байхаар нь Т.Г, Б.О нарыг мотоциклиор араас нь явуулаад, бид хэд машинтай араас нь явсан. Тэгсэн чинь модны зах руу 1 мотоцикльтой 2 хүн зугтаж байгаа байдалтай яваад орчихсон. Тэгээд би тэдний араас хөөх маягтай явж байтал машин хүч алдаад унтарчихаад асахаа байчихаар нь машинаасаа буугаад Т.Г, Б.О хоёрт хандан мотоцикльтой зугатсан хүмүүсийг та 2 бариад авч чадсангүй юу, та хоёртой ойрхон харагдах шиг болсон гэтэл, нөгөө 2 маань айгаад барьж авч чадсангүй гэж хариулсан. Тэгээд мотоцикльтой зугтсан хүмүүсийн явж орж харагдсан хэсэг модны зах дөхөж явтал, цөөн хэдэн модны доохно талд Халиун бугын жижгэвтэр хос эвэр харагдсан. Тэгээд жаахан өгсөөд хартал өвсөн дотор 2 буу байсан. Бууг шалгаж үзэхэд нэг буунд 3 ширхэг сум, нөгөө нь нарийн 800 гэх буунд нь 1 ширхэг сум цэнэглэхэд бэлэн болгосон байсан. Тэгээд Т.Г, Б.О бид нар буу, халиун бугын эвэр олдсон гээд хэсэг хугацаанд та нар гараад ирээ гэх зэргээр дуудан орилж байгаад, за хаашдаа энэ хүмүүс холдоод алга болоо биз гэж бодоод мөр улыг нь хөөё гээд, доош уруудан явж байтал, мөн өвсөн дунд халиун бугын том эвэр байсан. Тэгээд өчигдөр буун дуун гарсан юм чинь энд 2 халиун буга алагдсан юм байна даа гэж бид нар хоорондоо ярилцаад, цааш өвсөн дундуур зураас татаад явсан бололтой мотоциклийн мөрийг хөөж явтал, уг мотоциклийг мөр ул бүдгэсээр мөр алдагдсан. Тухайн хэргийн газраас 800 маркийн буу нэг сумтай,Винтов маркийн том бууг 3 ширхэг сумтай нь, халиун бугын том болон жижгэвтэр хос эврүүд, нийт 4 ширхэг эвэр, бороо цасны обу цув 1 ширхэг байсныг би өөрөө тэмдэглэл үйлдэж хурааж авсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 103, 105-106-р хуудас/,
Гэрч Т.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр сумын ЗДТГ-ын БОХУБ Ж.Г, иргэн Г-ийн хамт албаны УАЗ 469 маркийн цагаан өнгийн машинтай, би байгаль хамгаалагч Б.О-гийн хамт албаны мотоцикльтой Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг дэвсгэрээр намрын эргүүл, хяналт шалгалтын ажлаар явж байсан. Тэгээд 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өглөө босоод, Ж.Г ийш тийш дурандаж байснаа Байшинт гэх газрын үзүүр ороогоод, 2 мотоцикльтой хүн явж байгаад харагдахаа болчихлоо, та хоёр мотоцикльтойгоо яваадах гээд Б.О бид хоёрт хандаж хэлсэн. Тэгээд бид 2 мотоциклиор Байшинт гэх нэртэй газрын уулын ам өгсөөд багахан модтой зураа руу дөхөж очтол модны захад нэгэн үл таних хүн гал түлээд сууж байсан. Түүнээс холгүйхэн үл таних 2 хүн мотоциклийнхоо хажууд зогсож харагдсан. Тэгээд Б.О бид 2 модны захад гал түлээд сууж байсан хүн рүү ойролцоогоор метрийн зайтай дөхөж очоод, мэнд асуугаад байж байтал уулын ам өгсөөд машин ирж яваа сонсогдох үед нөгөө хүн цааш модны зах руу зугтаад гүйсэн. Нөгөө үл таних 2 хүн тус тусын мотоциклио асаагаад модны гүн рүү зугтсан. Тэгтэл Ж.Г машинтай хүрч ирээд та 2 нэг хүнийг бариад авахгүй яасан юм бэ гэж хэлсэн. Б.О бид 2 айгаад барьж чадсангүй гэж хэлсэн. Уг газрын ойр орчмоор явж үзэхэд халиун бугны жижгэвтэр хос эвэр, хос эврээс холгүйхэн өвсөн дотор 2 буу байсан. Бууг Ж.Г шалгаж үзэхэд нэг буунд 3 ширхэг, нөгөө буунд 1 ширхэг сум цэнэглэхэд бэлэн болгосон байсан гэж хэлсэн. Тэгээд ул мөр хөөё гээд, бид хэд доош уруудан явж байтал мөн өвсөн дунд халиун бугын том гэгч хос эвэр байсан. Тэгээд цааш мотоциклийг ул мөрийг хөөж явтал уг ул мөр бүдгэсээр харагдахгүй болсон....” гэх мэдүүлэг / хх-ийн 104, 107-р хуудас/,
Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааы явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр сумын ЗДТГ-ын БОХУБ Ж.Г, иргэн Г-ийн хамт албаны УАЗ 469 маркийн цагаан өнгийн машинтай, ЗДТГ-ын жолооч Т.Г-ын хамт албаны мотоцикльтой Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг дэвсгэрээр намрын эргүүл, хяналт шалгалтын ажлаар явж байсан. Тэгээд Бүст нуурын орчимд дуу цахилгаантай бороо их орсны улмаас Сэрвэнгийн ар гэх газар хоноцгоосон. Тэгээд 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өглөө босоод, Ж.Г ийш тийш дурандаж байснаа Байшинт гэх газрын үзүүр ороогоод, 2 мотоцикльтой хүн яваа харагдана гэснээ харагдахаа болчихлоо, та хоёр мотоцикльтойгоо яваад хараадах гээд Т.Г бид хоёр хандаж хэлсэн. Тэгээд бид 2 мотоциклиор Байшинт гэх нэртэй газрын уулын ам өгсөөд багахан модтой зураа руу дөхөж очтол модны захад нэгэн үл таних хүн гал түлээд сууж байсан. Тэгээд Т.Г бид 2 модны захад гал түлээд сууж байсан хүн рүү ойролцоогоор метрийн зайтай дөхөж очоод, мэнд асуугаад байж байтал уулын ам өгсөөд машин ирж яваа сонсогдох үед нөгөө хүн цааш модны зах руу зугтаад гүйсэн. Нөгөө үл таних 2 хүн тус тусын мотоциклио асаагаад модны гүн рүү зугтсан. Тэгтэл Ж.Г машинтай хүрч ирээд та 2 нэг хүнийг бариад авахгүй яасан юм бэ гэж хэлсэн. Т.Г бид 2 айгаад барьж чадсангүй гэж хэлсэн. Уг газрын ойр орчмоор явж үзэхэд халиун бугны жижгэвтэр хос эвэр, хос эврээс холгүйхэн өвсөн дотор 2 буу байсан. Бууг Ж.Г шалгах үзэхэд нэг буунд 3 ширхэг, нөгөө буунд 1 ширхэг сум цэнэглэхэд бэлэн болгосон байсан гэж хэлсэн. Тэгээд ул мөр хөөё гээд, бид хэд доош уруудан явж байтал мөн өвсөн дунд халиун бугын том гэгч хос эвэр байсан. Тэгээд цааш мотоциклийг ул мөрийг хөөж явтал уг ул мөр бүдгэрсээр харагдахгүй болсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110-р дугаар/,
Гэрч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г ах манай 3 дугаар багийн иргэн. Эхнэр хүүхдийн хамт Могойн голын уурхайд усны тэрэгний жолооч хийдэг. Ахуйн амьдрал гэвэл өөрийн гэсэн хэдэн малтай, хувийн мотоцикльтой амьдрал нь боломжийн. Хамт олны дунд нэр хүнд сайтай, архи дарс хэрэглэдэггүй, тамхи татдаг. Могойн голын уурхайд нилээн хэдэн жил ажиллаж байгаа. Могойн гол ХХК-нд нэр хүнд сайтай, ажилдаа идэвх зүтгэл сайтай. Цаг хугацааг сайн баримталдаг. Багийн иргэдийн дунд нэр хүнд сайтай. Шагай харвадаг. Шагайн харваагаар сум орон нутгаа төлөөлж тэмцээн наадамд байнга оролцдог залуу байгаа юм. Ажилд орохоосоо өмнө бас хуц ухныг хариулж маллаж байсан. Үүрэг хариуцлага сайтай. Гавъяа шагнал авсныг сайн мэдэхгүй байна. Хүнд тусархуу манай багийн иргэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 111-р хуудас/,
Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээч Э.М-ын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай: “...Халиун буга нь Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тоот тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон. Халиун бугын нэг бүрийн экологи эдийн засгийн үнэлгээг нь 6,600,000 бөгөөд 2 халиун бугын үнэлгээ нийт 13,200,000 төгрөг болно..” гэсэн дүгнэлт /хх-ийн 119-120-р дугаар хуудас/,
Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.Ц-ын 2020 оны 01 дүгээр сарын 17 дугаартай: “...амьтны нөөцөд учруулсан хохирлыг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1-р дүгээр хавсралтад: Ан амьтны-Экологи эдийн засгийн үнэлгээнд халиун буга-эр 1 ширхэг нь 6,600,000 төгрөгөөр тогтоож: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг 2 дахин өсгөж тооцоход 6,600,000х2=13,200,000 төгрөг, 2 толгой эр халиун буга 13,200,000х2=26,400,000 төгрөгийн нөхөн төлбөрийг ногдуулах...” гэсэн дүгнэлт /хх-ийн 122-р хуудас/,
Завхан аймгийн “Хөрөнгө үнэлгээний төв” ХХК-ны шинжээч Т.З-ийн 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай: “...Винтов маркийн галт зэвсэг /буу/ 100,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 128-р хуудас/,
Завхан аймгийн “Хөрөнгө үнэлгээний төв” ХХК-ны шинжээчийн Т.З-ийн 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай: “... ZKK 600 маркийн галт зэвсэг /буу/ 300,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 132-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын хөрөнгө үнэлгээний комиссын шинжээч Г.А, М.О, Д.О нарын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01, 02 дугаартай: “...хар өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль /хуучин/ 100,000 төгрөг, улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль /хуучин/ 100,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 136,140-р хуудас/
Мөрдөгч, цагдаагийн ахмад Б.А-ийн 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай: “...13 тооны малын үнэлгээ нийт 4,220,000 төгрөг ...” гэсэн магадлагаа /хх-ийн 144-146-р хуудас/,
Мөрдөгч, цагдаагийн ахмад Б.А-гийн 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаартай: “...Хувийн орон сууц /48м2 талбайтай/ гүйцэтгэл нь дуусаагүй дүнзэн байшин 15,000,000 төгрөг...” гэсэн магадлагаа /хх-ийн 149-150-р хуудас/,
Мөрдөгч, цагдаагийн ахмад Б.А-гийн 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай: “... Конка маркийн 32 инчийн телевиз 600,000 төгрөг, skyworth маркийн хөлдөөгч 780,000 төгрөг, Номе system маркийн угаалгын машин 380,000 төгрөг нийт 1,660,000 төгрөг...” гэсэн магадлагаа /хх-ийн 153-154-р хуудас/,
Гэрч Б.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ш.Р-ын төрсөн эцэг. Би хэргийн талаар мэдээгүй байсан. Саяхан Тосонцэнгэл сумын руу яваад ирэхээр хүүгээсээ ямар ажлаар яваад ирэвээ гэж шалгаатал хүү маань би 2016 оны 09 сард нутгийн 2 хүний хамт чоно агнах гэж яваад, замдаа төөрч явах үедээ Завхан аймгийн Тэлмэн сумын нутгаас 2 тооны буга агначихсан юм. Тэгээд л цагдаад шалгагдаж яваад ирлээ гэж хүү маань надад үнэнээ ярьсан. Өөр надад нарийн мэдсэн зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 112-р хуудас/,
Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Ренчинжугнай багийн засаг даргын 2020 оын 02 дугаар сарын 21-ний өдрийн 3/32 дугаартай: “... Л овогтой Б нь ам бүл 2. Ээжийн хамт амьдардаг. Батсүх нь хэрэгт холбогдож байгаагүй. Ренчинжугнай багийн байнгын оршин суугч мөн болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт /хх-ийн 180-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын хүн эмнэлгийн нягтлан бодогч Т.Б-гийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн: “...Л овогтой Б нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс “Могойн гол”-ын хүн эмнэлэгийн жолоочоор ажиллаж байгаа бөгөөд 547,509 төгрөгний үндсэн цалинтай болох нь үнэн болно...” гэсэн тодорхойлолт /хх-ийн 181-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Халбан багийн засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 5/010 дугаартай: “...Ш овогтой Р нь тус багт байнгын оршин суудаг иргэн мөн болохыг тодорхойлов. Ам бүл 4. Ренчиндамба нь урьд өмнө хэрэгт холбогдож байгаагүй, төлөв даруу иргэн бөгөөд сум багаас зохион байгуулж буй ажилд идэвхтэй оролцдог нь үнэн болно...” гэсэн тодорхойлолт /хх-ийн 186-р хуудас/
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Ренчинжугнай багийн засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3/31 дугаартай: “...Ч овогтой Г нь ам бүл 5. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Ч.Г нь хэрэгт холбогдож байгаагүй. Ренчинжугнай багийн байнгын оршин суугч мөн болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт /хх-ийн 189-р хуудас/,
Гэрч Б.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний хүүгийн хувийн зан байдлын хувьд гэвэл түүний найз нөхөд гээд олон хүн манайхаар орж гараад, машин мотоциклио засуулж байдаг. Хүнд ихэд тусархуу зантай, бага насаа эцэг эхийн гар дээр өсөж торниод, сургуульд элсэн орж, дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөж, улмаар илгээлтээр мал маллаж байгаад манайх сумын төв рүү нүүн ирж байсан. Хүү маань өрх тусгаарлаагүй одоо ч гэсэн самган бид 2-той хамт амьдарч байгаа юм. Миний хүүгийн хувьд ер нь техникийн талын мэдлэгтэй, сум орон нутгийн иргэдтэй зөв боловсон харьцаатай, хааяа бага зэрэг архи уучихдаг, тамхи татдаг зуршлуудтай. Баг олон нийтийн ажилд идэвх зүтгэлтэй байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 113-р хуудас/
Гэрч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.Б нь надтай нэг нутгийн ах. Түүний хувийн зан байдлын тухайд гэвэл нийгмийн тустай ажил хөдөлмөрт идэвхтэй оролцдог, төлөв даруу зантай, багын ард иргэд, найз нөхөдтэйгээ энгийн зөв боловсон харьцаатай, ажилч хичээнгүй, ар гэр ах дүү, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай, хүнд туслаад дэмчихье гэсэн сэтгэлгээтэй, хамт олон найз нөхдийн дунд элдэв муу зан ааш гаргаад байдаггүй, янз бүрийн элдэв муу зуршилгүй, багийн ард иргэд, найз нөхдийнхээ үгнээс гардаггүй, манай багийн жирийн нэг нутгийн залуу юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 114-р хуудас/
Гэрч Ц.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... Ш.Р нь надтай нэг нутгийн найз нөхөд. Түүний хувийн зан байдлыг тухайд гэвэл ажил хөдөлмөрт идэвхтэй оролцдог, төлөв даруу зантай, багийн ард иргэд, найз нөхөдтэйгээ энгийн зөв боловсон харьцаатай, ажилч хичээнгүй, ар гэр ах дүү, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай, хүнд туслаад дэмжчихье гэсэн сэтгэлгээтэй, хамт олон найз нөхдийнхөө дунд элдэв муу муухай зан ааш гаргаад байдаггүй, янз бүрийн элдэв муу зуршилгүй, багийн ард иргэд, найз нөхдийнхөө үгнээс гардаггүй, манай багийн жирийн нэгэн залуу юм....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 115-р хуудас/,
Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ш.Р нь манай багийн залуу юм. Түүний хувийн зан байдлыг тухайд төлөв даруу зантай, түүний аав ээж нь өндөр настай багийн ард иргэдийн дунд нэр хүнд сайтай хөгшид байдаг. Найз нөхөдтэйгээ энгийн зөв боловсон харьцаатай, ажилч хичээнгүй, ар гэр, ах дүү, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай, хүнд тусархуу надад архи дарс хэрэглэж харагдаж байгаагүй, тамхи татдаг, хамт олон найз нөхдийнхөө дунд элдэв муу муухай зан ааш гаргаад байдаггүй, янз бүрийн элдэв муу зуршилгүй, багийн ард иргэд, найз нөхдийнхөө үгнээс гардаггүй, манай багийн жирийн нэгэн залуу юм. Сүүлийн хэдэн жилд өрх толгойлсон Т гэгч эмэгтэйтэй хамтран амьдарч байгаа. Дундаас гарсан хүүхэд нь Р-аар овоглосон байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 116-р хуудас/,
Ш.Р, Л.Б, Ч.Г нарын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн талаарх Завхан аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаанууд болон иргэний үнэмлэх, гэрлэлтийн бүртгэлтийн лавлагаанууд, Төрийн банк, Хаан банк, Хас банкны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гэж үзэн үнэлж шийдвэрлэсэн болно.
Мөн яллагдагч Ш.Р-ын нь мөрдөн шалгах ажиллагаанд явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “... 2016 оны 09 дүгээр сарын 15-ны орчимд Ч.Г-ийн малчны хотны ойролцоох газар нутгаар хээрийн амьтан буюу чоно түүний хуц харан намаржих байсан хотыг нь эргээд байна гэж утсаар надтай ярьсан юм. Тухайн үед Ч.Г-той Л.Б-нх айл намаржиж байсан. Тэгээд тэр хоёртой чоно агная гэж ярилцаад, Г, Б бид гурав, 2 мотоцикльтой гурвуулаа чоно агнах гэж явсан. Тухайн шөнө ширүүн гэгч бороо орсны улмаас бид гурав байгалийн зүг, чигээ алдчихсан. Тэгтэл бидний жолоодож явсан мотоциклийн гэрэлд нэгэн амьтны нүд тусаад ороод ирсэн. Тэгэхээр бид гурав мотоциклийн гэрэлд орж ирсэн амьтны нүд тусаад байсан газрын зүг буудахаар зэхэж, би өөрийн авч явсан галт зэвсгээр 1 удаа буудах үед хажууханд мотоцикльтойгоо зогсож байсан Л.Б мөн 1 удаа зэрэг шахам буудсан. Тэгээд бид гурав хамтдаа нөгөө амьтны нүд тусаад байсан уулын модтой газар руу хүрч очиход, нэг том гэгч буга буудагдсан байсан ба уг буга буудагдсан газар Ч.Г-ийг үлдээгээд, Л.Б бид хоёр мотоцикльтой цааш явсан. Тэгтэл модны чөлөөгөөр бас нэг амьтны нүд мотоциклийн гэрэлд харагдах шиг болохоор бид хоёр мотоциклио орхиод модны чөлөөгөөр амьтны нүд туссан зүг рүү модон дундуур гүйцгээж явах үед Л.Б 1 удаа буудсан. Би түүний дараа буугаа сумлаад 2 удаа буудсан. Тэгээд Л.Б бид 2 амьтны нүд туссан зүг рүү хүрч явганаар хүрч очиход бас нэг жижгэвтэр биетэй буга буудагдсан байсан. Тэгээд эмээл хярлахад хэрэгтэй байдаг гэдгийг нутгийн хүмүүсээс сонсож байсан болохоор уг буудагдсан бугныхаа 2 жижгэвтэр эврийг нь хутгаар цавчиж авчихаад, бид хоёр буцаад анхны буга буудагдсан газар буюу Г-ийг үлдээгээд явсан газар хүрч очсон. Тэгээд бид гурав элбэж байгаад анхны буудагдсан буганы 2 том гэгч эвэр болон нэг хаа, гуяных нь махыг мөчлөж авсан. Тэгээд удаа ч үгүй цагаан гэгээ орох үед бид гурав байгалийн чиг, зүгээ олоод нутгийн зүг явж байх үедээ усархаг бороонд норж бээрээд үүрийн гэгээ орох үеэр бид гурав гал түлж дулаацаад байж байтал, бидний зүг нэгэн мотоцикльтой хүн хүрч ирж бидэнтэй уулзсан. Тэгтэл удалгүй цагаан саарал өнгөтэй УАЗ-469 маркийн машин ирж яваа харагдсан. Тэгэхээр нь Б бид хоёр тус тусын мотоциклио асаагаад үүрч явсан галт зэвсэг болон авч явсан эд зүйлээ хаяад зугатсан. Г бас явганаар зугтсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч байна. Хохирол нийт 3.000.000 төгрөг төлсөн, Үлдэгдэл хохирлыг төлж барагдуулна...” гэсэн,
Мөн шүүгдэгч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “... 2016 оны 09 дүгээр сарын 15-ны орчимд Ч.Г-ын хотонд чоно эргээд байна гэж Ш.Р-тай ярьсан байсан. Тэгээд бид гурав хот эргээд байгаа чоныг агная гээд Р бид хоёр буугаа аваад, мотоцикльтойгоо чоно агнах гэж явсан. Бидний жолоодож явсан мотоциклийн гэрэлд нэгэн амьтны нүд тусаад ороод ирэхээр нь Ш.Р өөрийн авч явсан буугар 1 удаа буудсан, би мөн 1 удаа зэрэг шахам буудсан. Түүний дараа Ш.Р буугаа бас 1 удаа сумлаад буудсан юм. Тэгээд хүрч очиход, нэг том буга буудагдсан байсан. Буга буудагдсан тэр газар Ч.Г-ийг үлдээгээд, Ш.Р бид 2 мотоцикльтой цааш явсан. Тэгтэл модны чөлөөгөөр бас нэг амьтны нүд мотоциклийн гэрэлд харагдах шиг болохоор бид хоёр мотоциклио орхиод модны чөлөөгөөр амьтны нүд туссан зүг рүү модон дундуур гүйцгээж байгаад би 1 удаа буудсан, Р мөн буугаа сумлаад 2 удаа буудсан тэгсэн бас нэг жижгэвтэр биетэй буга буудагдсан байсан. Бугныхаа 2 жижгэвтэр эврийг нь хутгаар цавчиж авчихаад, буцаад анхны буга буудагдсан газар буюу Г-ийг үлдээгээд явсан газар хүрч очсон. Бид гурав элбэж байгаад анхны буудагдсан буганы 2 том эвэр болон нэг хаа, гуяных нь махыг мөчлөж авсан. Тэгээд удаа ч үгүй өглөө болж бид гурав нутгийн зүг явж байгаад даараад гал түлж дулаацаад байж байтал, бидний зүг нэгэн мотоцикльтой хүн хүрч ирж бидэнтэй уулзсан. Тэгтэл удалгүй цагаан саарал өнгөтэй УАЗ-469 маркийн машин ирж яваа харагдсан. Тэгэхээр нь Ш.Р бид хоёр тус тусын мотоциклио асаагаад үүрч явсан галт зэвсэг болон авч явсан эд зүйлээ хаяад зугатсан. Г бас явганаар зугтсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол нийт 2.500.000 төгрөг төлсөн, Үлдэгдэл хохирлыг төлж барагдуулна...” гэсэн,
Шүүгдэгч Ч.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай хотоор чоно эргээд байхаар нь Ш.Р-д хэлсэн чинь Ш.Р манай гэрт нь өөрийнхөө мотоцикльтой ирсэн. Тэгээд Ч.Г бид гурав чоно агная гэж ярилцаад, 2 мотоцикльтой гурвуулаа 09 дүгээр сарын 16-нд шилжих шөнө 11 цагийн үед явсан. Тухайн шөнө ширүүн гэгч бороо орсны улмаас бид гурав явж байгаад байгалийн зүг, чигээ алдчихсан. Тэгтэл бидний жолоодож явсан мотоциклийн гэрэлд нэгэн амьтны нүд тусаад ороод ирсэн. Ш.Р өөрийнхөө 1 удаа, Л.Б мөн 1 удаа буудсан. Тэгсэн нэг буга буудагдсан байсан, тэр газар намайг үлдээгээд, Л.Б Ш.Р хоёр мотоцикльтой цааш явсан. Яваад цаг шахам болсон. Ирэхдээ 2 жижгэвтэр эвэр авч ирсэн. Тэгээд бид 3 анхны буудсан буганы 2 том гэгч эвэр болон нэг хаа, гуяных нь махыг мөчлөж аваад явсан. Тэгээд хэсэг явж байгаад даараад бид гурав гал түлж дулаацаад байж байтал, бидний зүг нэгэн мотоцикльтой хүн хүрч ирж бидэнтэй уулзсан. Тэгтэл удалгүй цагаан саарал өнгөтэй УАЗ-469 маркийн машин араас нь ирж яваа харагдсан. Тэгэхээр нь Б Ш.Р хоёр тус тусын мотоциклио асаагаад үүрч явсан галт зэвсэг болон авч явсан эд зүйлээ хаяад зугатсан. Би бас явганаар зугтсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол нийт 2.500.000 төгрөг төлсөн, Үлдэгдэл хохирлыг төлж барагдуулна...” гэж гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул шүүх тэдний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн болно.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч, хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч нарын гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ш.Р, Л.Б, Ч.Г нарын дээрх үйлдэлд Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч Ш.Р Ч.Г, Л.Б нар нь 2016 оны 9 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Ренчинжугнай багийн нутаг дэвсгэрээс Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг, Буга өндөрийн нурууны Байшинт гэх газарт хүртэл мотоциклоор явж, 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон 2 толгой халиун буга /Cervus elaphus/-ыг буудан агнаж, улмаар эвэр, мах зэрэг түүхий эдийн зүйлийг ашиг олох зорилгоор авч, тээвэрлэж явсан зэргээс дүгнэвэл шүүгдэгч нар нь шунахайн сэдлээр хууль бусаар ан агнах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийн “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, ..тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг…, тээвэрлэсэн” шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч нарын ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, ...тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг ...тээвэрлэсэн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно”,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг гэмт хэрэгт тооцогдож, нэг зүйлчлэгдэх тул гэмт хэргийн талаарх прокурорын зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Мөн уг гэмт хэрэг нь 2016 оны 9 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө буюу 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчлэж байх цаг хугацаанд үйлдэгдсэн бөгөөд тухайн цаг хугацаанд ховор ан амьтан зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, уг гэмт хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр хуульчилагдсан байсан.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1-р хавсралтаар Халиун буга /Cervus elaphus/ нь ховор амьтны жагсаалтад багтсан байна.
Мөн Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ан амьтны экологи- эдийн засгийн үнэлгээ” -нд үнэлснээр халиун буга /эр/ 1 толгой нь 6.600.000 төгрөгөөр үнэлэгдэж байх бөгөөд Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь хэсэгт экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлүүлэхдээ 2 дахин нэмж өсгөж тооцохоор заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 26.400.000 төгрөгөөр тогтоолоо.
Түүнчлэн гэмт хэрэг үйлдэгдэх үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 192,000 төгрөг байсан тул 26.400.000 төгрөг нь /2002 оны/ Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар их хэмжэний хохиролд тооцогдож байна.
2002 оны Эрүүгийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт “...ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ...” гэж, харин хэргийг шүүхээр шийдвэрлэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа буюу 2015 оны Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан..., бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь үндэслэлтэй юм.
Эрүүгийн хууль буцаан хэрэглэх гэдэг нь шинээр батлагдсан, хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн тодорхой хэм хэмжээг уг хууль хүчин төгөлдөр болохын өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэх хууль зүйн зохицуулалт бөгөөд энэ гэмт хэрэгт шүүгдэгч нарын үйлдэлд оногдуулах ял шийтгэлийн хувьд 2015 оны Эрүүгийн хууль нь ялыг сонгож оногдуулах боломжтой, торгох болон хорих ялын доод хэмжээ багассан байдлаараа шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна гэж үзнэ.
Иймд шүүгдэгч нарын дээрх үйлдэлд холбогдуулан Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Р, Л.Б, Ч.Г нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Иймд Ш.Р Ч.Г, Л.Б нар нь бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 16-нд шилжих шөнө Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг Буга өндөрийн нурууны Байшинт гэх газарт ховор амьтны жагсаалтад орсон 2 тооны халиун бугыг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, 13,200,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хууль бусаар ан агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Ш.Р Ч.Г, Л.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос зарим хэсгийг нөхөн төлсөн, мөн нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр Ш.Р, Л.Б нарыг 3 жилийн хугацаагаар, Ч.Г-ийг 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аливаа гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон хүн бүр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хамтран хариуцах үүрэгтэй. Хууль бусаар ан агнах гэмт хэргийн тухайд зөвхөн агнасан буюу амьтны амь тасалсан хүнээс гадна үйлдэл, эс үйлдэлээрээ санаа зорилго нэгтэй оролцсон хүмүүсийг энэ гэмт хэргийн субъект байж болохоор хуульчилсан бөгөөд хууль тогтоогчийн үзэл санаа нь ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийн эрэлтээс үүдэлтэй хууль бус зах зээлтэй бүх талаас нь тэмцэх явдал юм.
Иймд шүүгдэгч Ш.Р Ч.Г, Л.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон тул гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг хамтран хариуцах нь зүйтэй бөгөөд байгаль орчинд учирсан хохирол, нөхөн төлбөр болох 26.400.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.Р, Л.Б нарын өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагын асуудлыг хэлэлцэхээс өмнө шүүх хуралдааныг ажлын тав хоногийн хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдаан завсарлах хугацаанд шүүгдэгч Ш.Р нь 3.000.000 төгрөг, шүүгдэгч Ч.Г нь 2.500.000, шүүгдэгч Л.Б нь 2.500.000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлж, шүүгдэгч Ш.Р нь 5.800.000, шүүгдэгч Ч.Г нь 6.300.00, шүүгдэгч Л.Б нь 6.300.000 төгрөгийг тус тус төлөхөөр, хохирогчтой бичгээр гэрээ байгуулан, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч нараас дээрх төлөгдөөгүй байгаа нөхөн төлбөрийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Харин уг эвлэрлийн гэрээгээр шүүгдэгч Ш.Р нь 5.800.000, шүүгдэгч Ч.Г нь 6.300.00, шүүгдэгч Л.Б нь 6.300.000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр байгаль орчинд учруулсан хохирол буюу нөхөн төлбөрийг төлөх хугацааг тогтоож хохирогчтой гэрээ байгуулсан үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
Учир нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байх, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх нь хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэхэд чухал ач холбогдолтой болохоос байгаль орчинд учруулсан хохирол буюу нөхөн төлбөрийг төлөх хугацааг хойшлуулах, энэ талаар тохиролцож шийдвэрлэх боломжгүй юм.
Түүнчлэн байгаль орчны эсрэг гэмт хэргийн хувьд нэгэнт учруулсан хор уршгийг арилгах боломжгүй, энэ төрлийн гэмт хэргийн улмаас бий болох эх дэлхийн экологийн болон амьтны төрөл зүйлийн тэнцэл алдагдах, цаг агаарын өөрчлөлт гэх мэт сөрөг нөлөө нь ирээдүйд ч үргэлжилсээр байдгаараа бусад төрлийн гэмт хэргээс ялгарах онцлогтойг тэмдэглэхийн зэрэгцээ энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг мөнгөөр илэрхийлж арилгах боломжгүй байдгийг дурдах нь зүйтэй.
Иймээс шүүгдэгч нарын гэмт үйлдлийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөр болох 24.600.000 төгрөгнөөс 8.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Ш.Р-аас 5.800.000, шүүгдэгч Ч.Г-оос 6.300.00, шүүгдэгч Л.Б-ээс 6.300.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дүгээр зүйлд заасны дагуу шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэлийг улсын орлого болгох нь зүйтэй бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан тээврийн хэрэгсэл болох Ш.Р-ын эзэмшлийн хар өнгөтэй Мустанг-200 маркийн мотоцикль, Л.Батсүхийн эзэмшлийн мустанг 5 маркийн улаан өнгийн мотоциклууд нь хөдөлгөөнд оролцохгүй, эвдэрч ашиглалтаас гарсан болох нь шүүгдэгч нарын тайлбар, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолоор нотлогдож байх тул дээрх эд зүйлсийг үнийг улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.Р, Л.Б, Ч.Г нар нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн гадартай, шаргал өнгийн дотортой обу цувыг шүүгдэгч Л.Б-д буцаан олгож,
гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бентов маркийн 26217 гол төмрийн дугаартай, 71 замгийн дугаартай 1 ширхэг буу, ВRNO ZKK-600 маркийн 79842 гол төмрийн дугаартай, 842 замгийн дугаартай SBP буу, SPRQ 30-06 дугаартай шар өнгийн сум 1 ширхэг, 78 дугаартай бор өнгийн сум 3 ширхэгийг улсын орлого болгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлж,
гэмт хэрэг үйлдэж олсон 5 салаа / нэг эврийн нэг салаа нь хугарсан/, урт нь 1 метр, 10 см, голч нь 12 см орчим 2 хос бугын эвэр,
4 салаа, урт нь 70 см, голч нь 8 см орчим 2 хос бугын эвэр, нийт 4 ширхэг бугын эврийг улсын орлого болгуулхаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж,
хэрэгт шүүгдэгч нарын эд хөрөнгө битүүмжилсэн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 4/01, 02 дугаар сарын 20-ны өдрийн 4/02 тоот прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Ш.Р-ын эзэмшлийн хар өнгөтэй Мустанг-200 маркийн мотоциклийн эд анги, Л.Б-ийн эзэмшлийн мустанг 5 маркийн улаан өнгийн мотоцикль 1 ширхэг зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож, шүүгдэгч Ш.Р-ын баригдаж бүрэн дуусаагүй байгаа хувийн дүнзэн байшин 1 ширхэг, Л.Б-ийн эзэмшлийн 5 тооны бод, 8 тооны бог мал, шүүгдэгч Ч.Г-ийн эзэмшлийн 32 инчийн телевиз 1 ширхэг, sky worth маркийн хөлдөөгч 1 ширхэг, Home sestem маркийн угаалгын машин 1 ширхэг зэргийг хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус шилжүүлж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 36.7 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овогт Ш-ын Р, Б овогт Л-ийн Б, Г овогт Ч-ийн Г нарыг хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х овогт Ш-ын Р, Б овогт Л-ийн Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Г овогт Ч-ийн Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Ш-ын Р, Л-ийн Б, Ч-ийн Г нарыг тэнссэн хугацаанд галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шүүхээс тэнссэн хугацаанд тогтоосон галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
8. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Ш-ын Р-аас 5.800.000 төгрөг, шүүгдэгч Б овогт Л-ийн Б-ээс 6.300.000 төгрөг, шүүгдэгч Г овогт Ч-ийн Г-оос 6.300.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгосугай.
9. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн гадартай, шаргал өнгийн дотортой обу цув 1 ширхэгийг шүүгдэгч Л.Б-д буцаан олгож,
гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бентов маркийн 26217 гол төмрийн дугаартай, 71 замгийн дугаартай 1 ширхэг буу, ВRNO ZKK-600 маркийн 79842 гол төмрийн дугаартай, 842 замгийн дугаартай SBP буу, SPRQ 30-06 дугаартай шар өнгийн сум 1 ширхэг, 78 дугаартай бор өнгийн сум 3 ширхэгийг тус тус улсын орлого болгож Цагдаагийн байгууллагад,
гэмт хэрэг үйлдэж олсон 5 салаа / нэг эврийн нэг салаа нь хугарсан/, урт нь 1 метр, 10 см, голч нь 12 см орчим 2 хос бугын эвэр, 4 салаа, урт нь 70 см, голч нь 8 см орчим 2 хос бугын эвэр, нийт 4 ширхэг бугын эврийг улсын орлого болгож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус шилжүүлсүгэй.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох шүүгдэгч Ш.Р-ын хар өнгөтэй Мустанг-200 маркийн мотоциклийн үнэ болох 100.000 төгрөг, Л.Б-ийн мустанг 5 маркийн улаан өнгийн мотоциклийн үнэ болох 100.000 төгрөгийг тус тус шүүгдэгч нараас гаргуулан улсын орлого болгосугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч нарын эд хөрөнгө битүүмжилсэн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 4/01, 02 дугаар сарын 20-ны өдрийн 4/02 тоот прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Ш.Р-ын эзэмшлийн хар өнгөтэй Мустанг-200 маркийн мотоциклийн эд анги, Л.Б-ийн эзэмшлийн мустанг 5 маркийн улаан өнгийн мотоцикль 1 ширхэг зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож, шүүгдэгч Ш.Р-ын баригдаж бүрэн дуусаагүй байгаа хувийн дүнзэн байшин 1 ширхэг, Л.Б-ийн эзэмшлийн 5 тооны бод, 8 тооны бог мал, шүүгдэгч Ч.Г-ийн эзэмшлийн 32 инчийн телевиз 1 ширхэг, sky worth маркийн хөлдөөгч 1 ширхэг, Home sestem маркийн угаалгын машин 1 ширхэг зэргийг хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус шилжүүлсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Р, Ч.Г, Л.Б нарт өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
16. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ