Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 16

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Ж.О даргалж,

Улсын яллагч Ч.А,

Шүүгчдэгчийн өмгөөлөгч С.Г

Шүүгдэгч Б.Б, Ч.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Ч А, Х овогт Б-ын Б нарт холбогдох эрүүгийн 1924000090005 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол улсын иргэн, 1*******,*******,*******,*******, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт  Завхан аймгийн  Нөмрөг сумын Хайрхан багт оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,  А  овогт Ч-ын А.

Монгол улсын иргэн, 1*******, 30 настай*******,*******,*******, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Б-ын Б.

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ч.А, Б.Б нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2019 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Завхан аймгийн Тэлмэн сумын Шургах багийн нутгаас Д.П-ын эзэмшлийн ширээтэй чандмань тамгатай бор хээр морь, ширээтэй чандмань тамгатай 4 настай хээр байдсан гүү, ширээтэй чандмань тамгатай 3 настай хээр байдсан гүү зэрэг 3 адуу хулгайлж, хохирогч Д.П-д 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүгдэгч Ч.А, Б.Б нар нь бүлэглэн Н-ын өмчлөлийн Портер маркийн 31-88 ЗАА дугаартай автомашиныг ашиглан, 2019 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Завхан аймгийн Тэлмэн сумын Шургах багийн нутгаас Д.П-ын ширээтэй чандмань тамгатай бор хээр морь, ширээтэй чандмань тамгатай 4 настай хээр байдсан гүү, ширээтэй чандмань тамгатай 3 настай хээр байдсан гүү зэрэг 3 толгой адуу хулгайлж, Завхан аймгийн Идэр сумын Дархан-Уул багийн нутаг Улаан үзүүр гэдэг газар хүртэл тээвэрлэн явж Д.О-ын өвөлжөөнд төхөөрч, улмаар махыг нь Завхан аймгийн Улиастай суманд аваачиж зарж борлуулан хувьдаа ашиглаж, хохирогч Д.П-д 2.400.000 төгрөгийн, мөн иргэний нэхэмжлэгч Г.Б-д 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 Хохирогч М.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би адуугаа оторт гаргаад Б гэдэг хүнд 2 азаргатай нийт 67 тооны адуу хүлээлгэж өгсөн. Тэгтэл 2019 оны 12 дугаар сарын 13-ны орой гэртээ байж байтал Б ах манайд ирээд адуунаас чинь 4 адуу байхгүй болчихсон байна, алдчих шиг боллоо гэж хэлсэн, тэгээд “... яг ямар, ямар зүсмийн адуу байхгүй болчихсон байна, чи очоод үзээдэхээч...” гэж хэлэхээр нь би хамт явж үзсэн. Бор хээр морь ширээтэй чандмань тамгатай, энэ хавар хязаалан болох 2 хээр байдсан гүү, бас ширээтэй чандмань тамгатай, улаан хээр охин даага, нум суман тамгатай эдгээр 4 тооны адуу байхгүй байсан. Тэгээд 4 адуугаа алдсан талаараа Б ахтай хамт очиж хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. Би улаан хээр зүсмийн даагыг 2019 онд хүнээс өрөндөө авсан юм. Өмнө нь нэг удаа адуунаас салсан байхаар нь би нийлүүлж байсан. Б ах тэр даагыг их турсан гэж ярьж байсан. Хүнээс авсан, манай унаган адуу биш болохоор салаад явсан байж магадгүй. Би 3 адууныхаа хохирол мөнгийг гаргуулж авна. Би адуугаа хайж нэг их яваагүй, харин Б ах хэд хэдэн удаа явсан.  ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-30 дугаар хуудас/

 Иргэний нэхэмжлэгч С.О-ын “...2019 оны 12 дугаар сарын 19-ний үед миний портер маркийн цагаан өнгийн машиныг таньдаг дүү Б Тэлмэн сумаас банз ачаад ирье гэж хэлээд гуйж аваад явсан. Тэгээд 2 хоногийн дараа надад машиныг минь эргүүлж өгсөн. Машиныг ганцаараа өөрөө гуйж аваад буцааж өөрөө надад өгсөн, машин дээр жаахан өтөг, хог байсан. Би хүнд машинаа өгч явуулаад тэр хүн маань хулгай хийсэн байна. Тийм болохоор машиныг минь надад буцааж өгнө үү ...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Г.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Шургах багийн Хүнгэл гэх газар байсан П гэдэг айлын адуунаас ширээтэй чандмань тамгатай бор хээр морь, ширээтэй чандмань тамгатай улаан хээр байдас, ширээтэй чандмань тамгатай хээр байдас, буруу чих гол цуулбар имтэй нум суман тамгатай улаан хээр даага эдгээр 4 адуу алга болсон...”, “...алдсан 4 адуунаас 1 нь бол хүнээс авсан даага байсан гэсэн, тэр даага тасраад явсан байж магадгүй, тэр даага салаад явсан бол 3 адуу алга болсон. Давааны гозгорын хашаан дээр хашаад авч явсан байсан. Тэлмэн сум руу цагдаад мэдэгдэх гэж машин хөлсөлж 2 удаа орж ирсэн. Тосонцэнгэл, Идэр, Яруу Нөмрөг сумдын нутгаар хүний машин гуйж өөрөө бариад алдсан адуугаа хайж явсан. Нийт 450,000 орчим төгрөгний зардал гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

Гэрч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А гэдэг залуу шөнө морьтой мордсон. Тэгээд Б бид хоёр араас нь гараад би Б-гаас энэ юу болоод байгаа юм бэ, банз ачна гэсэн яасан бэ?, гэсэн чинь энд манай дүү дуудаад эхнэр нь хотод оюутан төгсөх гээд мөнгөний хэрэг гараад өөрийнхөө хэдэн адууг ачъя гэхээр нь хүрээд ирлээ гэсэн. Хашаан дээр хүрээд ирсэн чинь хэдэн адуу хашчихсан талыг нь хашаагүй байхаар нь хамтарч хашаад А гэдэг залуу 2 хээр сарваа, нэг бор хээр морь бугуйлдаад Б, А хоёр унагаж хүлээд тэгээд 3 адуугаа машин дээрээ ачаад явсан. Тэгээд замд адууны нүд хөлдөөд байхаар нь мал зовоогоод яах вэ гээд Идэр сумын Полийн тэр хавьд Б-ийн таньдаг айлд идэшний адуу гэж хэлээд гаргаад, махыг нь ачаад аймгийн төв орж ирсэн. Адууныхаа толгой, шир, шийрийг нь “... энэ үнэ байхгүй, хог болно ...” гээд Жаргалантын амны харгана руу шидчихсэн, махыг нь А зарж эхнэртээ мөнгө явуулна гэж байсан, би заралцаагүй...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

 Гэрч Н.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 12-ны орой манай нөхөр Б хонио хотлуулах гээд тууж ирсэн чинь А манайд хамт ирсэн, хоол цай идээд хонохоор болсон. Манайд өөр хүн байгаагүй унтаж байсан чинь шөнө 04 цаг болох гэж байхад Б ах ирсэн. Тэлмэн орж машин засаад ирлээ гээд А-ыг босгоод нэг шил архи гаргаж ирээд уусан. Тэгээд хононо гэж байсан. Тэгээд би унтчихсан байсан нэг сэрээд хартал манайд нэг ч хүн байгаагүй. Б-өөс асуусан чинь мэдэхгүй би бас унтчихсан байна гэсэн. Тэр орой гараагүй болохоор ямар машинтай явсан талаар мэдэхгүй байна, Б ахаас асуухад бонго билүү портер гэсэн байх тийм машинтай явж байна, танай энэ өөдөө гарах гэж зовлоо гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/

Гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би эхнэр хүүхдүүдтэйгээ гэртээ байсан. А гэдэг залуу манайд ирсэн, хаа хүрээд ирэв гэсэн чинь Шургах орчихоод ирлээ гэж хэлсэн. Тэгээд А манайд унтаж байсан чинь шөнө Б найзтайгаа ирсэн. Тэгээд хоол унд идэж уугаад тэр 3 гараад явсан.Тэгээд Б ах А-ыг явъя гэсэн чинь А босож ирээд гараад явсан .А надад хэлэхдээ цагаан өнгийн бонго машинтай явж байна гэж хэлсэн. Би гараагүй болохоор ямар машинтай явсаныг нь хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/

 Гэрч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “... Би Улиастай сумын Хаяа худаг гэдэг хүнсний дэлгүүрт мах зардаг, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 2 адууны мах худалдаж авсан. Их туранхай адуу байсан, яагаад ийм туранхай байгаа юм бэ? гэхэд онд орохгүй болохоор нь гаргаад ирлээ гэж хэлсэн. Мөн адууны толгой нь байгаа юмуу, хулгайн адуу биш биз гэхэд толгой нь байхгүй, хулгайн адуу биш гэж хэлсэн. Тэгээд 450.000 төгрөгийг тэр залуугийн ХААН банкны данс руу хийсэн. Мобиал банкаар хийсэн болохоор тухайн үед нэр нь гарч ирж байсан, одоо санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/

Гэрч Д.О-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 12-13-нд манайх Идэр сумын Дархан-Уул багийн нутаг  Улаан үзүүр гэдэг газар өвөлжөөндөө байсан. Манайх Идэр сумын Б гэх залуу бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна, өглөө 9 цагийн үед манайд 3-уулаа ирээд 3 тооны адуу гаргаад бүгдийг нь ачаад явсан. 3 тооны хээр зүсмийн адуунууд байсан, нэг нь бүдүүхэн шиг морь, нөгөө 2 нь бага шиг адуу байсан. Б-ийн адуу гэж танихгүй залуу нь хэлж байсан. Цагаан портероор 3 адуугаа ачиж ирсэн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 48-49 дүгээр хуудас/

            Гэрч Л.И-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... А миний нөхөр байгаа юм. 2019 оны 12 дугаар сарын 13-ны оройхон миний утсанд мессеж ирсэн. Тэгээд утсаа үзсэн чинь адууны мах гээд 450.000 төгрөгний орлого орж ирсэн байсан. Би ХААН банкны ..........дугаартай данс эзэмшдэг, карт нь манай нөхөрт байдаг, тэр мөнгийг манай нөхөр бага багаар зарцуулаад дууссан. Өөр мөнгө орж ирээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/

Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 31-88 ЗАА улсын дугаартай портер маркийн цагаан өнгийн машинтай. Уг машин нь миний өөрийн нэр дээр байдаг. Манай машинг манай нөхөр О барьдаг юм. Би өөрөө  машинаа хааяа барьдаг юм. 2019 онд 02 дугаар сарын сүүлээр манай нөхөр бид  2 Улаанбаатар хотоос хамт очиж авсан. Нөгөө машин авч явсан  банди машинаар хулгай хийсэн юм шиг байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/ зэрэг нотлох баримтууд,

 

Завхан аймгийн Улиастай сумын Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний шинжээч Т.З-ийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн: “...Их 6 ханатай Монгол гэр 3,500,000 төгрөг...” гэсэн эд зүйлийн үнэлгээ,

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн: “... 6 настай, хээлтэй унагалах хээр гүү 1 ширхэг -800,000 төг, 8 настай,  хавар унагалах хүрэн гүү 1 ширхэг-800,000 төгрөг,  6 настай, хээлтэй унгалан гэх буурал гүү-800,000 төгрөг, 7 настай хээлтэй унагалах гэх сараал гүү- 800,000 төгрөг, 8 настай, хавар унагалах шар хээр гүү -800,000 төгрөг нийт 4,000,000” төгрөг гэсэн малын үнэлгээ /хх-ийн 73-р хуудас/,

2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн: “...портер маркийн 31-88 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл 8,500,000 төгрөг...” гэсэн машины үнэлгээ /хх-ийн 67-р дугаар/,

2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн: “... 8 настай бор хээр морь 1,000,000 төгрөг,  4 настай хээр хязаалан байдас /гүү/ 800,000 төгрөг,  3 настай хээр хязаалан  гүү- 600,000 төгрөг,  2 настай улаан хээр даага 400,000 төгрөг...” малын гэсэн үнэлгээ,

Иргэний нэхэмжлэгч Г.Б-ны 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн: Г.Б би Завхан аймгийн Нөмрөг сумын харъяат Ч.А-аас гомдлоо барагдуулсан тул миний бие одоо гомдол саналгүй ...гэсэн тодорхойлолт,

Хохирогч Д.П-ын 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “... Ч.А нь Д.П надад хохирол 2,400,000 төгрөг бэлнээр өгсөн үнэн болно. Одоо Ч.А-д гомдол санал байхгүй...” гэсэн тодорхойлолт,

Хаан банкны 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “ Д-ын П-ын ................. дугаар дансанд Ч-ын А-ы 5503114148 данснаас 2.400.000 /хоёр сая дөрвөн зуу/ төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт,

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, судалгааны төвийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

Эрх бүхий албан тушаалтны 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн: “...2019 оны 12 дугаар сарын 10-ны үед Тэлмэн сумын Шургах багын Давааны гозгор гэх газраас 4 тооны адуугаа алдлаа шалгаж өгнө үү...” гэсэн гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Портер маркийн 31-88 ЗАА дугаартай автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Б.Н-ын өмчлөлийн 31-88 ЗАА улсын дугаартай, HYUNDAI PORTER маркийн бага оврын ачааны автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,  /хх-ийн 4 дүгээр хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх болон бусад нотлох баримтууд болох:

Завхан аймгийн Нөмрөг сумын Хайрхан багийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 93 дугаартай: “...Тус сумын Хайрхан багийн харъяат иргэн Ч-ын А нь өрхийн дотор ам бүл 3, эхнэр Л-ын И охин А.М-ын хамт амьдардаг. 2019 оны 6 дугаар сарын 17-нд гэр бүл болж гэрлэсэн. Одоо Хайрхан багт гэр бүлийн хамт мал маллаж амьдарч байна...” гэсэн тодорхойлолт,

Ч-ын А-ны эмнэлгээс өвчтөн илгээх хуудас, Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн толгойн компьютерт томографийн шинжилгээний дүгнэлт, гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн компьютер томографийн дүгнэлт,

Завхан аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаартай: “...Иргэн А овогт Ч-ын А  нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх  хөрөнгө байхгүй байна...” гэсэн лавлагаа,

 А овогт Ч-ын А-ны гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 265/000140 дугаартай Ч-ын А-ны иргэний үнэмлэхний лавлагаа,

Ч-ын А-ны 2019 оны жилийн эцсийн  малын цоохор,  /малын тооны бичиг/

Завхан аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 220 дугаартай: “...иргэн Б.Б -ын өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд бүртгэлгүй байна...” гэсэн тодорхойлолт,

Б-ын Б-гын иргэний үнэмлэхний лавлагаа,

Завхан аймгийн Хаан банкны салбарын 2020 оны 02 дугаар сарын 21-ний 20/16 дугаартай: “... Д овогтой Д нь ............ тоот данстай ба өнөөдрийн байдлаар 3,374,529.27 төгрөгний үлдэгдэлтэй, зээлгүй болохыг мэдэгдэж байна...” гэсэн тодорхойлолт, Д.Д-ийн дансны дэлгэрэнгүй хуулга,

Завхан аймгийн Хаан банкны салбарын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 21-ний өдрийн 20/16 дугаартай: “...Л овогтой И нь  тоот данстай ба өнөөдрийн байдлаар 73,083.50, мөн 5508080881 тоот дансанд 54,507.98 төгрөгний үлдэгдэлтэй, зээлгүй болохыг мэдэгдэж байна...” гэсэн тодорхойлолт, Л-ын И-ын дансны дэлгэрэнгүй хуулга,

Гэрч Г.Ж-гийн: “... Б-тай нэг газар хамт ажилладаг найзууд юм. Б нь өөрийн гэсэн нэг машинтай. Монгол гэрт эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Өөрийн гэсэн боломжийн амьдралтай залуу байгаа юм. Автоплаза засварын газарт засварчин ажилтай. Хүнтэй илэн далангүй харьцдаг, ажилдаа сайн, ажлын хамт олны дунд нэр хүнд сайтай, гавъяа шагналыг нь сайн мэдэхгүй. Тамхи татдаггүй. Архи бол хааяа нэг хэрэглэдэг залуу байгаа юм...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 59-р хуудас/

Гэрч Ж.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б бид хоёр 2010 оноос хойш Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд хамт суралцаж байсан. Одоо нэг засварын газар хамт засварчингийн ажил хийж байгаа. Б нь нэг машинтай. Тэр машин нь эхнэрийнх нэр дээр байдаг гэсэн. Монгол гэрт эхнэр хүүхдийнхээ хамт амьдардаг. Өөрийн гэсэн боломжийн амьдралтай. Автоплаза завсарын газарт завсарчин ажилтай. Хүнтэй илэн далангүй харьцдаг. Ажилдаа сайн. Ажлын хамт олон дундаа нэр хүнд сайтай. Авсан гавъяа шагналыг нь сайн мэдэхгүй. Тамхи татдаггүй. Архи бол хааяа нэг хэрэглэдэг залуу байгаа юм. Архи уухаараа зан ааш нь гайгүй....” гэсэн мэдүүлэг, / хх-ийн 58-р хуудас/

Гэрч Ц.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би А-тай 2019 оны хавраас танилцаж эхэлсэн. 2018 онд хааяа таарч ярьж хөөрдөг байсан. Зан араншин гэвэл ерөнхийдөө дуугүй талдаа, хүнтэй олон юм яриад байдаггүй. Архи дарс хэрэглээд байдаггүй. Зан ааш нь эвдрээгүй гайгүй залуу гэж боддог. Одоо Нөмрөг суманд эхнэр хүүхдийнхээ хамт амьдарч байгаа. Ямар ч байсан хөдөө монгол гэрт амьдарч байгаа. Ахуй амьдрал гэвэл өөрийгөө болгоод байх бололцооны амьдралтай хүн гэж бодож байна. Ямар ч байсан нэг мотоцикльтой. Мал идээ гэвэл овоо хэдэн малтай юм байна лээ. Өөр байшин энэ тэр байгааг нь мэдэхгүй юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэн үнэлж шийдвэрлэсэн болно.

Мөн яллагдагч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт“...А 12 сарын эхээр над руу  утсаар яриад хүрээд ирээчээ дүү нь хэдэн адуу өөрөөсөө гаргаж аймаг руу ачмаар байна. Мөнгөний хэрэг гараад байна. Эхнэр сургуулиа төгсөх гээд байна гээд байсан. Тэгэхээр нь би завгүй байна гэж хэлээд чадаагүй. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр миний зассан машин Тэлмэн суманд эвдэрчихсэн байна гэхээр нь хамт ажилладаг С-г аваад Тэлмэн сум руу машин засах гээд явсан. Намайг Тэлмэн явахын урд өдөр А утсаар яриад ирэхээр бол архи дарс аваад ирээрэй гээд байсан. Тэгээд би Тэлмэн сум орж нөгөө машинаа засчихаад байж байтал А над руу яриад хаана явж байна гэхээр нь Тэлмэнд байна гэж ярьсан. Тэгсэн чинь та Салхит гэдэг газар хүрээд ирээч гээд миний захисан юмыг авсан уу гэхээр нь за гээд орой 19 цагийн үед Салхитын даваа руу явсан. Тэгээд Салхит дээр очсон чинь А байхгүй байсан. Тэгээд уруудаад Б гэдэг дүүгийндээ очсон чинь А тэднийд унтаж байсан. Тэгээд уулзаад хоол унд идчихээд захисан нэг шил архийг хувааж уугаад А адуу энд доор байгаа. Би туугаад хашаан дээр очоод хашиж байя гээд мордоод явсан. Тэгсэн С бид хоёр араас нь очсон чинь адууныхаа талыг хашчихсан байхаар нь бид 2 хамжиж  А бор хээр морь, 2 хээр даага бугуйлдаж аваад бид 3 машиндаа ачаад, А унаж явсан явсан морио тавьж хөөгөөд бид 3 аймаг руу явсан. Тэгээд замдаа Идэр сумын Улаан үзүүр гэдэг газар О гэдэг айлд очиж 3 адуугаа гаргаад махыг нь  аймаг руу оруулж зарсан...” гэж,

 Яллагдагч Ч.А нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр айлд хоночихоод Мод толгой өөд өгсөөд очих гээд явж байсан. Тэгээд орой нь Тэлмэний Б-д очоод тэднийд хоол унд идчихээд унтаж  байтал Б нэг танихгүй залуутай ирсэн. Тэгээд тэнд байж байтал Б гарах уу гэхээр нь гарсан чинь Б надад хэдэн адуу хэрэгтэй байна гэхээр нь тэгье гээд мордоод 20-н модны хажуугаар өгсөөд хүрэн азаргатай адуу байхаар нь туугаад Салхитын дөрөлжөөр урагшаа Шургах тал руу давуулаад нэг хашаа руу туугаад нөгөө хоёр машинтайгаа хашилцаад тэгээд бор хээр морь, 2 тооны хээр даага барьж аваад машинд суугаад аймаг руу явсан. Тэгээд нэг танихгүй айлын гадаа 3 адуугаа гаргаж аваад махны ченж гэсэн нэг эмэгтэй хүнд өгсөн. Адууны мах зарсан мөнгөө эхнэр И-ын данс руу хийлгэсэн. Тэр эгчид 2 адууны махаа зарсан. Нөгөө адууны махаа нэг танихгүй******* хүнд өгсөн. Тэр хүнээс 300,000 төгрөг бэлэн аваад Баатархуягт 100,000 төгрөгөнд бензин хийгээд Шургах багийн нутагт нутаглаж байсан Б-д хүргүүлсэн...” гэж гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлж байгаа нь бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тэдний мэдүүлэгүүд нь үнэн зөв, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нь давхар нотолж байна гэж үзлээ.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч үнэлгээ хийж дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Ч.А, Б.Б нарыг бүлэглэн, машин механизм ашиглан 2019 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Завхан аймгийн Тэлмэн сумын Шургах багийн нутгаас Д.П-ын эзэмшилийн ширээтэй чандмань тамгатай бор хээр морь, ширээтэй чандмань тамгатай 4 настай хээр байдсан гүү, ширээтэй чандмань тамгатай 3 настай хээр байдсан гүү зэрэг 3 адуу хулгайлж хохирогч Д.П-д 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

2015 оны Эрүүгийн хуулийн 17.12  дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрлөлт оруулж, 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн байна.

 

Өөрөөр хэлбэл уг гэмт хэрэг нь 2019 оны 12 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө буюу 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөж байсан  Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх цаг хугацаанд үйлдэгдсэн бөгөөд тухайн цаг хугацаанд бусдын малыг хулгайлсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байсан.

Харин 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт орж, 2020 оны  2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуульд бусдын малыг хулгайлсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, мөн “... бүлэглэж..., машин механизм ашиглаж..., бусдын малыг хулгайлсан бол хүндрүүлж, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар  хорих ял шийтгэхээр тус тус хуульчилжээ. 

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” гэж заасан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрлөлт орж, 2020 оны  2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуулийг буцаан  хэрэглэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахаар байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ч.А, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй, 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулиар зүйлчилж шийдвэрлэх  зүйтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 5 дахь хэсэгт “... Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтанд байна...” гэж заасан,   “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа үндэсний баялаг болсон малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар өөрийн эзэмшилдээ авч захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.

 “ Мал хулгайлах” гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь мал бүхий иргэн, аж ахуйн нэгжийн шудрагаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөө, мал сүргийн генетик, нөөцийн аюулгүй байдал хөндөгдөж байдагт оршино.

 

Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.А, Б.Б нар нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Иймд Ч.А, Б.Б нарыг  мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.   

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул шүүгдэгч Ч.А, Б.Б нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо  төлсөн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “... Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна...” гэж заасан байна.

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйдэхдээ ашигласан Портер маркийн 31-88 ЗАА дугаартай автомашин нь Б.Н-ын өмчлөлийн автомашин болох нь тогтоогдож байх тул автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, HYUNDAI PORTER маркийн  бага оврын ачааны автомашиныг хууль ёсны өмчлөгч Б.Н-д олгож,

 Завхан аймгийн Улиастай сумын Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний шинжээч Т.З-ийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн үнэлгээгээр тогтоогдсон  8,500,000 төгрөгийг шүүгдэгч Ч.А, Б.Б нараас хувь тэнцүүлэн гаргаж улсын орлого болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.А нь хохирогч Д.П-д учруулсан хохиролыг нөхөн төлсөн болох нь Хаан банкны 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “ Д-ын П-ын.................дугаар дансанд Ч-ын А-ны ........................ данснаар 2.400.000 /хоёр сая дөрвөн зуу мянга/ төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогч Д.П”-ын тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

Мөн түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Г.Б нь хулгайлагдсан адууг эрж хайх явцад гарсан зардал буюу бинзен, шатахууны үнэ 450.000 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилж байгаа талаараа дурдаж, хавтаст хэрэгт 7 хуудас нотлох баримт ирүүлжээ. Түүнд шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй байна. 

Хэрэгт иргэний нэхэмжлэгч Г.Б-ны 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн: Г.Б би Завхан аймгийн Нөмрөг сумын харъяат Ч.А-аас гомдлоо барагдуулсан тул миний бие одоо гомдол саналгүй ...гэсэн тодорхойлолт хавсаргасан байгаа боловч дээрх тодорхойлолтонд үнийн дүнг бичээгүй, түүний гарын үсэг, бичвэр мөн эсэх нь тодорхойгүй, түүнчлэн хавтаст хэрэгт байгаа 7 хуудас нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, үг үсэг, тоо нь уншигдахгүй, хэзээ, хэн, юу худалдан авсан нь ойлгомжгүй, тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул иргэний нэхэмжлэгч Г.Баярсайхан нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжилж, нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А-ы өмгөөлөгч  М.Г нь “... миний үйлчлүүлэгч Ч.А нь хохирол болох 2.850.000 төгрөгийг /хохирогч Д.П-д 2.400.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б-д 450.000 төгрөг/ бүгдийг нь ганцаараа төлсөн учраас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэлийн үнийг улсын орлого болгож шийдвэрлэхээр бол түүний төлөх мөнгөнөөс хохиролд төлсөн 1.425.000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй...” гэж  тайлбарлан, мэтгэлцжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар  бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд Эрүүгийн хуульд эрүүгийн харицлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйгээр учруулсан гэм хорыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзнэ, харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг улсын орлого болгож шийдвэрлэх ажиллагаа нь гэм буруутай этгээдийн хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ учир шүүгдэгч Ч.А-ны хохиролд төлсөн мөнгийг албадлагын арга хэмжээнд тооцож гаргуулах мөнгөн дүнгээс хасаж  тооцох үндэслэлгүй байна.

 

Энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.А-ы өмчлөлийн 6 настай хээр гүү, 8 настай хүрэн гүү, 6 настай буурал гүү, 7 настай саарал гүү, 8 настай шар хээр гүү, шүүгдэгч Б-гийн Их 6 ханатай монгол гэр зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг болон шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 36.7 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А овогт Ч-ын А, Х овогт Б-ын Б нарыг мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.А, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ч.А, Б.Б нар нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шүүхээс тэнссэн хугацаанд тогтоосон оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 8.500.000 /найман сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Ч.А-аас 4.250.000 /дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, шүүгдэгч Б.Б-аас  4.250.000 /дөрвөн сая хоёр зуун тавин мянга/ төгрөг тус тус гаргуулан улсын орлого болгосугай.

9. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Г.Б нь энэ тогтоолоор шийдвэрлэгдээгүй хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ч.А-ны хөрөнгөөс 6 настай хээр гүү, 8 настай хүрэн гүү, 6 настай буурал гүү, 7 настай саарал гүү, 8 настай шар хээр гүү зэргийг битүүмжилсэн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 4/03 дугаартай,  шүүгдэгч Б.Б-ийн хөрөнгөөс их 6 ханатай монгол гэрийг битүүмжилсэн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 4/05 дугаартай прокурорын тогтоолууд тус тус хүчингүй болгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А, Б.Б нарт өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

14. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ж.ОТГОНХИШИГ