Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Ганзориг,

Шүүгдэгч Д.Ч,

Нарийн бичгийн дарга С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ч-д холбогдох эрүүгийн 1924000110010 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 32 настай, эрэгтэй,  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,  регистрийн дугаартай, Г овогт Д.Ч нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнийн 03 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутагт байрлах Д.Б-н хашааны гадна талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Д.Б-н гэдэс рүү өшиглөлөө гэх шалтгаанаар Г.С-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ч нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнийн 03 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутагт байрлах Д.Б-н хашааны гадна талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Жирэмсэн хүний гэдэс рүү өшиглөлөө” гэх шалтгаанаар хохирогч Г.С-н толгой, нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж, цээжин тус газарт хоёр удаа өшиглөсөн болох:

Хохирогч Г.С-н: “...Би 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 17 цаг өнгөрч байхад хадам ах Б гэх айлд өөрийн нөхөр Д.Т-н хамт очсон. Тэднийд очиход манай нөхрийн дүү Д.Ч эхнэр Д.Б-н хамт байсан. Манай нөхөр ах Б-г эхнэр хүүхдийнх нь хамт авч ирсэн. Бид нар Б ахынд хоол хийлгэж дайлуулаад даалуу тоглож, ...0,750 граммын 1 шил “Соёрхол” нэртэй архийг хувааж ууж дуусгасан. Орой 21 цагийн үед Б ах, эхнэр хүүхдийнхээ хамт гэрлүүгээ явсан. Удалгүй 21 цаг өнгөрч байх үед Д.Ч гэрээсээ 2,5 литрийн, 2 ширхэг пиво авчирсан. Тэр хоёр пивыг бид нар 22 цаг өнгөрч байх үед хувааж уугаад дуусгасан. Гэтэл Д.Ч, А.Т хоёр дэлгүүр лүү яваад 0,75 граммын 2 ширхэг “Соёрхол” нэртэй архи авчраад эхний 1 шилийг тойруулаад хувааж уугаад дуусгасан. Тэгээд сүүлийн 1 шил архийг задлаад тойруулаад ууж байхад манай нөхөр Д.Т, Б ахын эхнэр хоёр зэрэгцэж суучихаад хоорондоо юм шивнээд яриад байхаар нь би А.Т-т жаахан дургүй хүрээд нөхрийгөө хардаад “алцгар авгай минь зүгээр замаараа байгаараа” гэхэд А.Т “Би алцгардаа чамайг яачихсан юм” гээд бид маргалдаад үснээсээ нэг нэг удаа таталцсан. ...Би хашааны гадаа үүдэнд Д.Ч-н эхнэр Б үснээс барьж аваад гэдэсний тэр хавь руу нэг удаа өшиглөсөн. Тэр үед Д.Ч надруу “Жирэмсэн хүн цохилоо” гэж уурлаад толгой руу 2-3 удаа цохиж, цээжний хавирга хэсэг рүү хөлөөрөө 2 удаа хүчтэй өшиглөхөд би хэсэг зуур ухаан алдсан байсан. Мөн хөл рүү 1-2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх 162-163/,

гэрч А.Т-н: “...Манайх 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хадам дүү Төрмөнх, Д.Ч, Б гэх айлуудыг гэртээ урьж цай уулгаж дайлсан. Манайх хүмүүсийг хүндлээд 0,750 граммын “Соёрхол” нэртэй архийг задлаад тойруулаад хувааж уусны дараа хадам дүү Б эхнэр хүүхдийнхээ хамт гэрлүүгээ явсан. Удалгүй Д.Ч 2,5 литрийн 2 ширхэг “Сэрүүн” нэртэй пиво авчирахад манай нөхөр Б, хадам дүү Д.Т, Д.Ч, эхнэр Б, С бид нар манайд хувааж уусан. Тэгээд хадам дүү Д.Ч бид хоёр Д.Ч-н машинаар 22 цаг өнгөрч байх үед дэлгүүр лүү яваад 0,750 граммын 2 шил соёрхол архи авч ирсэн. Эхний 1 шил архийг бид нар хувааж уугаад хоорондоо юм яриад сууж байхдаа би “Д.Т бид хоёр бага байхдаа Д.Т Д ахынд, би Л ахынд хөдөө Цэцүүхэд байдаг байлаа Цэцүүхийн гол дээр бид хоёр тоглож наадаж өслөө ш дээ” гээд хэлчихсэн юм. ...Тэгсэн Г.С нөхөрлүүгээ уурлаад хоорондоо маргалдаад Г.С гал тогооны өрөөнд ширээн дээр байсан аягыг нөхөрлүүгээ шидэхэд түүний толгойн дээр цохиод хана руу очиж цохигдоод хагарсан. Тэгсэн Г.С Д.Б бид хоёрыг “жингэр, нохой гичий, алцгар” гэх зэргээр хэлж хэл амаар доромжпоод байхаар нь би урдаас нь адилхан хэрэлдсэн юм. Д.Б бид хоёр Г.С-г унтуулах гээд том өрөө рүү арай гэж чирсээр байгаад оруулсан. Тэгээд газар гудас тавиад хэвтүүлэх гэтэл хэвтэж өгөхгүй хөл гараараа урдаас цохиод хөлөөрөө миний эрүү, хөлрүү өшиглөж аваад баруун талын гарны сарвууны хэсэгт самардаад маажаад үгэнд орохгүй байж байтал гал тогооны өрөөнөөс нөхөр Төрмөнх орж ирээд Г.С-г “Чи одоо яах гээд байгаа юм. Унтаач” гээд хөл рүү нь нэг түлхсэн. ...Г.С том өрөөнөөс гараад гал тогооны өрөөнд ороод ханын шүүгээний хажууд очихоор нь Д.Баасантогтох “Чи яасан сонин юм бэ? ингэж архи уудаг юм уу? Унтаач” гэхэд Г.С Д.Б-г бас элдэв өнгөөр хэлээд хэл амаар доромжлоод байсан. Тэгснээ Г.С манай гал тогооны өрөөний баганатай текийг түлхээд унагаачихсан юм. ...Одоо санаж байгаагаар хашааны гадаа Д.Ч Г.С-н хөл рүү 2 удаа өшиглөсөн санагдаж байна...” гэсэн /хх 18-19, 157-158/ мэдүүлэг,

гэрч Д.Б-н: “...2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өөрийн нөхөр Д.Ч-н хамт Б ахынд цай уух гэж очсон. ...Тэр орой бид нар Б ахынд дайлуулж, даалуу тоглосон. Б ахынд бид нарт 0,750 граммын “Соёрхол” нэртэй архийг ууж дуусгаад орой 21 цаг өнгөрч байх үед хадам ах Б, эхнэр хүүхдийнх хамт явсан. ...Манай нөхөр Д.Ч гэрээсээ пиво авчрахаар яваад 2,5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво 2 ширхгийг авчраад хадам ах Б, Д.Т, Г.С, Т эгч, манай нөхөр бид нар хувааж ууж дуусгасан. Үүний дараа манай нөхөр Д.Ч, Т эгч хоёр манай нөхрийн Портер маркийн 24-29 ЗАА улсын дугаартай машинаар дэлгүүр лүү архинд яваад 0,75 граммын 2 ширхэг “Соёрхол” нэртэй архи авчирсан. Тэр хоёр архины эхний 1 шилийг нь бид нар хувааж уугаад дуусаад хадам ах Б согтоод том өрөөндөө ороод унтаад өгсөн. Сүүлийн нэг шил архийг задлаад тойруулаад байж байтал Г.С бэргэн Т эгчтэй маргалдаад тэр хоёр хоорондоо хэрэлдээд Г.С Т бэргэний үснээс татаад ноцолдохоор нь би дундуур нь ороод салгасан. Тэгээд Г.С-г Т бэргэн бид хоёр том өрөөнд оруулах гээд ноцолдоод арай гэж оруулахад унтаж өгөхгүй Т бэргэн лүү дайрч давшлаад гал тогооны өрөөнд ширээн дээр байсан нэг шаазан аягыг аваад нөхөрлүүгээ шидсэн юм. Тэгсэн тэр аяга нь Д.Т-н толгой руу нь оноод цаашаагаа хана руу очиж цохиод хагарсан юм. Г.С дахиад нөхөрлүүгээ нэг аяга шидэх гэхээр нь би тэр аягыг нь булаагаад авсан. Тэгээд Д.Т, Г.С хоёр хэл амаараа жаахан муудалцаад Д.Т Г.С-н хөлрүү нь нэг удаа өшиглөөд авсан юм. Тэгээд Т эгч бид хоёр Д.Т-г цаашаа бай гээд холдуулсан юм. Тэгсэн Г.С Т бэргэн лүү дахиад дайрч давшлаад хэл амаар доромжлоод байхаар нь Г.С-г “дуугүй байгаа” гэж гарнаас бариад хориглосон. Тэгээд удаагүй Д.Т гэрээс том хүү М-г сэрээгээд аваад гарсан юм. араас нь Г.С гэрээс гарахаар нь араас нь хамт гараад Г.С-г гадаа байшингийн үүдний довжооны шатаар түшиж буулгасан. ...Г.С машинд суухгүй гээд миний гэдэс рүү өшиглөөд толгойтой үснээс зулгааж татаад тавихгүй байхаар нь “яаж байгаа юм бэ? гэдэс рүү өшиглөөд” гээд үснээс татаж байсан гарыг нь тавиулсан. Тэгсэн манай нөхөр Д.Ч хүрч ирээд Г.С-г “чи яагаад жирэмсэн хүний гэдэс рүү нь өшиглөөд байгаа юм” гээд нүүр лүү гараараа 2 удаа цохиод хойш нь түлхсэн чинь хойшоогоо бөгсөөрөө газар унасан. Би Г.С-г өргөж босгоод Д.Ч бид хоёр түүнийг машины арын суудал дээр хүчээр суулгаад гэрлүү нь явуулсан...” гэсэн /хх 20-22, 160-161/ мэдүүлэг,

гэрч Д.Т-н: “...2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр эхнэр Г.С-н хамт Б ахынд цай уух гэж очсон. ...Тэр орой бид нар Б ахынд дайлуулж, даалуу тоглосон. Б ахынд бид нарт 0,750 граммын “Соёрхол” нэртэй архийг ууж дуусгаад орой 21 цаг өнгөрч байхад ах Б, эхнэр хүүхдийн хамт явсан. ...Гэтэл манай дүү Д.Ч гэрээсээ пиво авчрахаар яваад 2,5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво 2 ширхгийг авчрахад бид нар хувааж ууж дуусгасан. Үүний дараа манай дүү Д.Ч, бэр эгч Төгсбаяр хоёр дэлгүүр лүү архинд яваад 0,75 граммын 2 ширхэг “Соёрхол” нэртэй архи авчирсан. Тэр хоёр архины эхний 1 шилийг нь бид нар хувааж уугаад дуусгасан. Манай ах Б согтоод унтаад өгсөн. Сүүлийн нэг шил архийг задлаад тойруулаад байж байтал манай эхнэр Г.С, бэргэн Т хоёр хоорондоо маргалдаж, барилцаж аваад бие биений хээ толгойтой үснээсээ таталцаад байхаар нь салгасан юм. Тэгсэн манай эхнэр Г.С гал тогооны өрөөний ширээн дээр байсан аягыг надруу авч шидээд толгойруу цохичхоор нь би юм хэлэлгүй сандал дээр сууж байсан юм. Тэгсэн манай эхнэр Г.С тэнд байсан хүмүүс рүү бүгдрүү нь дайрч давшлаад үгэнд орохгүй байсан. ...Тэгээд манай эхнэр бага охин Мөнхзулыг тэврээд Б ахынхаас гарахад араас Б гараад тэдний араас Д.Ч, Т хоёр гараад би сүүлд нь том хүү М-н хамт гэрээс гараад хашааны үүдэнд байсан машиндаа ороод суусан. Тэгсэн манай дүү Д.Ч манай бага охин М-г машинд оруулж ирсэн юм. Тэгээд удаагүй Д.Ч манай эхнэрийг хүчээр миний машины арын суудал дээр суулгасан юм. Тэгээд эхнэр бид хоёр тэндээс гэртээ шууд очсон чинь манай эхнэр ээмэг, гинж хоёроо хаячихсан байна гэхээр нь ээмэг, гинж хоёрыг нь олж өгөх гээд эхнэр бид хоёр буцаад Б ахынд очсон юм. Тэгсэн манай эхнэр Т-тэй дахиж муудалцаад тэднийхээс гараад гэрлүүгээ явсан юм. Тэгсэн манай эхнэр гэртээ очоод бие нь эвгүйрхээд эмнэлэгт очсон байсан. Манай эхнэрийн ээж Г охиныхоо талаар цагдаад гомдол гаргаад шалгуулж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/,

гэрч Б.Г-н: “...Би Завхан аймгийн Их-Уул сумын эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа юм. Манай охин Г.С-н том хүү 05 настай М ээжийнхээ 80451214 дугаарын утаснаас 2019 оны 02 сарын 18-ний өглөө 09 цагийн үед ажил цуглаж байхад миний 86830325 дугаар луу залгаад ээж уначихлаа та хурдан хүрээд ирээч гээд уйлаад байхаар нь би эмнэлгээс эмч С-г аваад таксийгаар Хөгжил хорооллын 09-05 тоотод өөрийн хүргэн болох Д.Т-н гэрт очсон юм. Намайг гэрт ороход Э, Д хоёр манай охин Г.С-г өргөөд хойморт байдаг матраасан дээр тавьж байсан юм. Тэгсэн манай охин Г.С таталт өгчихсөн байх шиг байсан тэгээд эмч үзээд манай охинд түргэн тусламж үзүүлээд дараа нь эмнэлэгт авчраад хэвтүүлсэн юм. Намайг өглөө анх гэрт ороход том хүү М надад бүгдээрээ нийлээд нүдээд байсан гэж хэлсэн юм. Би 2019 оны 02 дугаар сарын 18-ны өглөө Г.С-н том хүү Т.М-с танай ээжийг чинь хэн хэн цохиж зодсон юм бэ гээд асуухад Ч ах, манай аав, Найнаа, Т эгч нар нүдсэн гэж хэлсэн юм. Тэгсэн Т.М тэр шөнө Г.С, Д.Ч, Т, Н нарыг хоорондоо маргалдсаныг бүгдээрээ нийлээд ээжийг зодоод байна гэж хүүхэд буруу ойлгоод тэрийгээ надад хэлэхдээ бүгдээрээ нийлээд манай ээжийг нүдсэн гэж буруу зүйл хэлсэн байна. Би хүүхэд буруу ойлгож мэдсэнийг нь мэдэхгүй манай охин Санчирмааг Д.Ч, Т, Найнаа нар нийлж зодсон мэтээр бас буруу ойлгож явсан байна. Манай хүргэн Д.Т-нхувьд ч гэсэн өөрийн эхнэр Г.С-г цохиж зодсон асуудал байхгүй харин манай охин Г.С-г Д.Ч л цохиж биед нь гэмтэл учруулсан юм байна...” гэсэн /хх 159, 13-14/ мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Ч-н: “...2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр эхнэр Б-н хамт Б ахынд цай уух гэж очсон. ...Тэр орой бид нар Б ахынд дайлуулж, даалуу тоглосон. Б ахынд бид нарт 0,750 граммын “Соёрхол” нэртэй архийг ууж дуусгаад орой 21 цаг өнгөрч байх үед хадам ах Баянмөнх, эхнэр хүүхдийнх хамт явсан. ...Удалгүй би гэрээсээ пиво авчрахаар яваад 2,5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво 2 ширхгийг авчраад бид нар хувааж ууж дуусгасан. Үүний дараа дэлгүүр лүү архинд яваад 0,75 граммын 2 ширхэг “Соёрхол” нэртэй архи авчирсан. Тэр хоёр архины эхний 1 шилийг нь бид нар хувааж уугаад дуусаад сүүлийн нэг шил архийг задлаад тойруулаад байж байтал гэнэт Г.С бэргэн Т эгчтэй маргалдаад тэр хоёр хоорондоо хэрэлдээд барьцалдаад авахаар нь манай эхнэр салгасан. ...Г.С гал тогооны өрөөнд ширээн дээр байсан нэг шаазан аягыг аваад нөхөрлүүгээ шидэхэд Д.Т-нтолгой руу нь оночихсон. Г.С дахиад нөхөрлүүгээ нэг аяга шидэх гэхээр нь манай эхнэр болиулсан. ...Тэгсэн Г.С учир зүггүй Т бэргэнлүү дайрч давшлаад эхэлсэн юм. Тэр үед Т бэргэн манай эх нэр хоёр Г.С-г том өрөөнд оруулаад амраах гээд хүчрээгүй юм. Тухайн үед Г.С Т бэргэнлүү л дайрч давшлаад байсан юм. Тэгээд Төрмөнх эхнэртэйгээ бас муудалцаад болиоч чи гэсэн юм. Тэгээд бид нар одоо тарцгаая гээд Г.С-г Т бэргэн, манай эхнэр хоёр аваад гарсан санагдаж байна. Би хамгийн сүүлд Г.С-н хүүхэд Мөнхзулыг тэвэрч гараад Д.Т ахад өгсөн юм. Тухайн үед Т ах хашааны гадаа үүдэнд машин дотроо том хүү М-н хамт машин дотроо сууж байсан юм. Тэгсэн хашааны үүдэнд Г.С дахиад бэргэн Т, манай эхнэр хоёрлуу дайрч давшлаад манай эхнэрийн үснээс татаад толгойг нь дарчихсан гэдэс рүү нь өшиглөөд авахаар би “чи яагаад жирэмсэн хүн өшиглөж байгаа юм бэ” гээд Г.С-г барьж аваад нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиод, түлхээд унагаасан. Уур хүрсэн болохоор уураа дийлэхгүй Г.С-н цээж рүү 2 удаа, хөл рүү 2 удаа өшиглөсөн...” гэсэн /хх 27-28, 181-183/ мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Ч-н энэ үйлдлийн улмаас хохирогч Г.С-н биед баруун 5, 6-р хавирганд хугарал, тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун бугалга, зүүн мөр, баруун дал, хоёр ташаа, хоёр гуянд цус хуралт гэмтэл учирсан болох нь:

гэрч Э.С-н: “...2019 оны 02 дугаар сарын 18-ны өглөө Г.С-н биед үзлэг хийхэд түүний биеийн байдал хүндэвтэр байсан. Г.С нь орчиндоо харьцаатай өөрийн ухаантай, асуултад ганц нэг үгээр тасалдаж хариулж байсан. ...хоёр хамрын нүхнээс цус гарч хатсан байдалтай байсан. Мөн цээжний баруун талд 7-11 дүгээр хавирга орчимд тэмтрэлтээр эмзэглэл ихтэй, тэр орчмын арьс нь улайвтар, 4 мөчний хөдөлгөөн чөлөөтэй, өөрөө ганцаараа босож явж чадахгүй. ...хамрын ясны дунд хэсэгт зөөлөн эд хавдсан эмзэглэл ихтэй байсан. Мөн баруун талын хацарны дээд талд шанаа хэсэг рүүгээ хавдсан, баруун нүдний дээд, доод зовхи хавдаж зовхи нь хөхөрсөн байсан. Дээд доод уруулны арьс омголдож /арьс хуурайшиж хатсан/ цус гарч хавдсан байдалтай байсан. Г.С-г эмнэлэгт хүргэж өгзөгөнд булчин тариа хийхэд түүний баруун, зүүн талын сүүжний 2 талын хэсэгт арьс хөхөлбөр улаан болсон эмзэглэл ихтэй байсан. Хоёр хөлний гуяын дунд хэсэгт 1 газарт зөөлөн эд хөхөлбөр болсон байсан. Хоёр гарын сарвууны алганы ар талын хальс өнгөц шалбарсан зэрэг гэмтлүүд учирсан байсан...” гэсэн /хх 23-24/ мэдүүлэг,

гэрч С.Э-н: “...Би 2019 оны 02 дугаар сарын 18-ны өглөө 09 цаг өнгөрч Д.Т-н хашаанд зах банз харах гээд ороход Д.Т-н гэрээс 05-06 насны эрэгтэй хүүхэд гарч ирсэнээ “ахаа ээж уначихлаа” гэж хэлэхээр нь гэрлүү яваад ортол гэр дотор хойморийн том өрөөнд орны урд талд Г.С хэвтэж байсан. Би Г.С-г өргөөд хажуу талын матраасан дээр тавьчхаад нөгөө эрэгтэй хүүхдийг хажуу хамар хашааныхаа Далай эгчид хэлээдэх гээд явуулсан. Удаагүй Д орж ирээд бид хоёр түргэн дуудах гээд байж байтал гаднаас С-н ээж Г,

Э.С гэдэг их эмчийн хамт гэрт ороод ирсэн. Э.С эмч Г.С-н биеийг үзчихээд эмнэлэг рүү авч явсан. Би Г.С-г хашаан дотор машинд суулгаж өгч байсан...” гэсэн /хх 25/ мэдүүлэг,

гэрч М.Д-н: “...2019 оны 02 дугаар сарын 18-ны өглөө 10 цагийн үед Д.Т-н том хүү М орж ирээд “ээж уначихлаа” гэхээр нь гэрт нь ортол хойморийн том өрөөн дотор Г.С орон дээр хэвтэж байсан. Харин хажууд нь Э гэдэг залуу байж байсан. ...Удаагүй Г.С-н ээж нь С гэдэг эмчийг авчирсан. Г.С-н биеийг үзээд эмнэлэг рүү аваад явсан...” гэсэн /хх 26/ мэдүүлэг,

Шинжээч эмч Г.С-н “...Тухайн үед Г.С нь бусдад зодуулсан гэсэн байдалтай бусдаар түшүүлсэн орж ирж байсаныг санаж байна. Үзлэгээр тархи доргилт доргилтын шинж болох нүдний алимны хөндлөн чичэрхийлэлт, дагзны булчингийн хөшингө 2 хуруу зэрэг шинж тэмдэг илэрч байсан учраас тархи доргилт мөн рентген эмч Т эмчийн бичигт хамрын таславчийн мурийлт гэсэн байсан учир хамрын таславчын муруйлт гэсэн дүгнэлтэнд хүрсэн...” гэсэн мэдүүлэг /хх 57/ мэдүүлэг болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн өвчний түүх дэх тэмдэглэл, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн цээжний хөндийн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээний хариу, 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн гэмтэл согог судлалын үндэсний төвийн компьютерт томографи шинжилгээний хариу зэргээр нотлогдож байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 623 дугаартай “....Г.С-н биед баруун 5, 6-р хавирганд хугарал, тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун бугалга, зүүн мөр, баруун дал, хоёр ташаа, хоёр гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Дээрх баруун 5, 6-р хавирганд хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг, тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь тус тус 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг, бусад хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун бугалга, зүүн мөр, баруун дал, хоёр ташаа, хоёр гуянд цус хуралт гэмтлүүд нь тус тус 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн /хх 167-169/ дүгнэлтээр хохирогч Г.С-н биед хөнгөн, хүндэвтэр гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Ч-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүйн дээр шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

Прокуророос шүүгдэгч Д.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, ял сонсгон хэргийг шүүхэд шилжүүлснийг хянавал шүүгдэгч нь прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Д.Ч-н хохирогч Г.С-н толгой, нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон, цээжин тус газарт өшиглөсөн үйлдэл хохирогч Г.С-н биед учирсан баруун 5, 6-р хавирганд хугарал гэмтэл, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт зэрэг гэмтэл өөр хоорондоо шууд шалтгаант холбоотой байх бөгөөд Д.Ч-н дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд Д.Ч-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Ч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Ч нь хохирогчид хохирол төлбөрийг барагдуулсан болох нь хохирогчийн “...Ч нь бэлэн 900,000 төгрөг, дансаар 1,500,000 төгрөг өгсөн. Хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг болон “2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Д.Ч-н 5502105203 дугаартай данснаас Г.С-н 5502198743 дугаарын дансанд 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн” тухай ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Ч-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан болохыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол, саналгүй болохыг дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн MED TRAUMA эмнэлэгт компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн №353407689353 дугаартай зураг 2 ширхэг, CD диск 1 ширхгийг хохирогчид буцаан олгож, шүүгдэгчийн өмчлөлийн “Porter” маркийн 24-29 улсын дугаартай, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоол, шүүгдэгч Д.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Д.Ч-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-г 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Д.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн MED TRAUMA эмнэлэгт компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн №353407689353 дугаартай зураг 2 ширхэг, CD диск 1 ширхгийг хохирогчид буцаан олгож, шүүгдэгчийн өмчлөлийн “Porter” маркийн 24-29 улсын дугаартай, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоол, шүүгдэгч Д.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ӨЛЗИЙХИШИГ