| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2020/0015/Э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2020-05-11 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 19
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Ч.Алтансүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баттулга,
Шүүгдэгч Б.П,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Пд холбогдох 2024000110009 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Улсын иргэн, төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролтой, багш мэргэжилтэй, ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Улаанбаатар хотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаартай Хаан данзан б овогт Б.П нь 2020 оны 02 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг Ухаа хадны дээд өвөлжөө гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 29-34 УАВ улсын дугаартай ПРИҮС-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөн дүрмийн 3.7а “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг мөн дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж тус тус заасан заалтыг зөрчсөний улмаас иргэн Х.С дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.П нь 2020 оны 02 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг Ухаа хадны дээд өвөлжөө гэх газарт 29-34 УАВ улсын дугаартай “Prius-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад хохирогч Х.Сгэрэлийг дайрч амь насыг нь хохироосон болох нь:
Хохирогч А.Бгийн: “...Миний эхнэр Х.Сгэрэлийг Б.П өөрийнхөө эзэмшлийн приүс-20 загварын автомашинаар мөргөж амь насыг нь хохироосон...” гэсэн мэдүүлэг/хх 38-39/
Гэрч А.Б: “...Манайх Зарт багийн нутаг Ухаа хадатын дээд өвөлжөө гэх газар өөрийн дүү А.Бгийн хамт айл буугаад 4-5 хонож байсан. Манай хотонд 2020 оны 02 дугаар сарын 09-ний орой 19 цагийн үед гадаа бүрэнхий болж байхад Их-Уул сумын төвөөс Б.П, О, С нар улсын дугаар нь мэдэгдэхгүй ПРИҮС-20 маркийн автомашинтай ирсэн. Тэгээд манай дүү А.Бгийнх цагаан сарынхаа буузыг хийсэн юм. Шөнө 22 цагийн үед байх талийгаач Х.Сгэрэл гэрийнхээ үүднээс намайг гэртээ ороод ир гээд дуудахаар нь ортол Б.П, Б, С, О, манай нөхөр Б нар нь 0,750 литртэй “Болор” нэртэй архи задалчихсан уугаад сууж байсан. Тэгээд манай дүү Бгийн гэрт нийтдээ 3 шил архи уусан. Архи уугаад дуусах үеэр Б.П өөрийн эхнэр О маргалдаж муудалцсан. Б.Пг эхнэртэйгээ муудалцаад байхаар нь талийгаач Х.Сгэрэл Б.Пг гэрээсээ аваад гарсан. Гадаа ойролцоогоор 30 орчим минут болоод тэр хоёр гэрт орж ирсэн. Удалгүй П гэрээс ганцаараа гарсан. Б.Пг гэрээс гараад явахад талийгаач Сгэрэл араас нь гарсан, түүний араас талийгаачийн төрсөн эгч Сараа гараад явсан. С хойноос Огарсан хамгийн сүүлд би гэрээс гарсан. Намайг гэрээс гарахад манай дүү Бгийн гэрийн баруун урд талд хонины хашааны хажууд Б.Пгийн машины гэрэл асчихсан урд зүгрүү хараад зогсчихсон С тэр машины урд талд нь машины хамрын хэсэгт дараад зогсчихсон байсан. Харин талийгаач автомашины зүүн талд нь урд талын хаалганы харалдаа зогсчихсон зүүгдээд байгаа харагдсан. Тэгсэн автомашин урагшаа шууд хөдлөөд явсан. Харин би наанаас нь хүүе гээд орилоод гүйсэн юм. Тэгсэн талийгаач хонины хашааны урд талд өтгөн дээр дээшээ харчихсан хэвтэж байсан. Намайг хажууд нь очих үед С талийгаачийн цээжин хэсгээс тэвэрчихсэн сууж байсан. Харин Охоёр гутлыг нь өмсүүлж байсан. Тэр үед талийгаач Х.С амьсгаагаа нээх сонин татаад дуугараад байсан. Тэгээд С, Обид гурав Х.С гэрлүү нь оруулах гэтэл өргөж даахгүй байсан учир өөрийн нөхөр Бг гэрээс нь дуудаж гаргаж ирүүлээд бид дөрөв Х.Сгэрэлийг гэрт нь оруулаад зүүн талынх нь орон дээр тавьсан. Б.Пгийн эхнэр нөхрийнхөө араас яваад Б.Пг авч ирсан. Удаагүй байж байтал сумын төвөөс хэсгийн төлөөлөгч, цагдаа эмч нар ирсэн юм ...” гэсэн мэдүүлэг/хх 43-44/
гэрч Х.Оын: “...Би 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 15 цаг өнгөрч байхад өөрийн нөхөр хүүхдийн хамт машинтай Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байдаг хадам аавынхаасаа Их-Уул сум руу гарч, Их-Уул сумын төвд байдаг өөрийн төрсөн эгч Сд ирсэн. Тэгээд С эгчийг 2 хүүхэдтэй нь хамт машиндаа суулган, Зарт багийн нутаг Ухаа хадны Дээд өвөлжөө гэх газар амьдардаг хүргэн ах Бийнх руу явсан. Сумын төвөөс гарахын өмнө хөдөө хүргэн ахындаа очих гэж яваа болохоор дэлгүүрийн гадаа зогсож, нөхөр бид 2 дэлгүүрээс нэг шил архи, 2,5 литрийн багтаамжтай Сэнгүүр пиво нэг сав, чихэр жимс, ундаа зэргийг худалдан аваад сумын төвөөс гарсан. Тэгээд бид нар шууд явсаар хүргэн ах Б /Б/-ийн өвөлжөөний доод талд цасанд машин суучихсан. Тухайн үед харуй бүрий болж, гадаа цагаан гэгээ тасарч байтал, өвөлжөөний орчмоос нэг морьтой хүн ирж харагдсан нь хүргэн Бийн хүүхэд байхаар нь буцаад гэртээ хариад аавыгаа явуулчих, машин суучихлаа гэж хэлээрэй гээд явуулсан. Тэгээд нөхөр болон манай эгч С бид гурав авч явсан “Сэнгүр” пивоо задалж уугаад арай дуусгаагүй байхад, манай хүргэн ах Б /Б/ мотоциклтой хүрч ирсэн. Хүргэн ах ирсэн болохоор С эгч, нөхөр бид гурвын ууж байсан пиво ч бараг дууссан ёроолд нь жаахан шавхруу үлдсэн байсныг нөхөр маань машиныхаа хажуу салхивчаар гаргаад шидчихсэн. Тэгээд хүргэн ах бид нар хамжиж байгаад цаснаас машинаа түрж гаргаад шууд явсаар хүргэн ахынд очсон. Тэдний сар шинийн буузыг бид нар элбээд чимхэж дууссан. Тэгтэл манай хүргэн Б /Б/ ах авдраасаа нэг шил “Болор” архи гаргаж задлаад, нөхөр бид хоёр болон хөрш айлын гэр бүлийн хоёр, хүргэн ах, эгч бид нар бүгд хувааж ууцгаасан. Дараа нь бас нэг “Аураг” нэртэй архи задлаад ууцгаасан. Тэгээд бид нар дуу дуулалдан, би эгч нартайгаа ойрын хугацаанд уулзалдаагүй байсан болохоор жаахан зовлон жаргалаа ярилцаад сууж байгаад, нэг харахад манай нөхөр хүүхдээ тэвэрчихсэн унтуулж байгаа харагдсан. Тэгээд бид нар нийтлэг байдлаар хоорондоо дуу дуулалдан, хоорондоо юм ярилцах нь ярилцаад сууцгааж байтал, гадаа машин асааж дуулдлаа гээд С эгч, талийгаач эгч хоёр маань гэрээс гүйгээд гарсан. Би ч араас нь гарахад манай нөхрийн машины урд хамар дээр С эгч тээгээд шил арчигчнаас хоёр гараараа зуурсан байдалтай, машины зүүн тал буюу жолоочийн эсрэг талд нь зогсож байсан. Тэгээд би зүүн талын урд хаалгыг татахад дотроосоо түгжээтэй байхаар нь мөн зүүн хойд талын хаалгыг татахад түгжээтэй байсан. Тэгээд би хөөе чи наад хаалгаа онгойлгооч гээд хаалганы салхины шил рүү гараараа тогшиж байгаад, жолооч талын хаалга руу очъё гээд машины араар тойрч очих гэтэл би нэг хөлдөө тээглээд бүдрэх үедээ гараараа газар тулаад буцаж босч ирэх зуур машин урагш хөдлөөд явчихсан. Тэгтэл гэнэт С эгч Нг машин дайрчих шиг болчихлоо гэж хэлэхээр нь би хартал, талийгаач газар уначихсан, хоёр гутал нь цуварч унасан байдалтай харагдсан. Тэгэхээр нь би талийгаачийн хоёр гутлыг авч, түүний хоёр хөлөнд нь өмсүүлээд, С эгч бид хоёр газраас өргөх гээд даагаагүй юм. Тэр үед бидэн рүү хөрш айлын Б эгч гүйгээд ирсэн. Би тухайн үед түүнтэй зөрөөд, хүргэн ахын руу гүйж ороод, П Н эгчийг дайрчихлаа гэж хэлсэн. Тэгээд Б эгч, С эгч, хүргэн ах Б гурав талийгаачийг өргөөд гэрт нь оруулсан. Тэгээд би гэр дэх суурин утаснаас хадам ээж рүү залгатал утас нь аваагүй юм. Дараа нь нөхрийнхөө бэр эгч рүү нь залгатал утсаа авахаар нь П манай эгчийг дайрчихаад явчихлаа, үхчихсэн ч байж магадгүй гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би цагдаагийн байгууллагын 102 дугаар руу залгаад, Завханы Их-уул сумын цагдаатай холбогдуулаад өгөөч гэж хэлтэл, уг ажилтан мэдээллийг чинь авлаа гэсэн. Би куртикээ авч өмсөөд, нөхрийнхөө араас гүйсэн. Гүйж явах замд өвөлжөөнөөс нилээд зайтай машин нь зогсчихсон харагдахаар нь тэр чигтээ гүйсээр машин руу хүрч очиход машин нь асаалттай, гэрэл дохио ассан байдалтай байхаар нь машины зүүн талын хаалгыг татаж онгойлгоод, нөхөр рүүгээ чи хүн дайрчихаад явснаа мэдэж байна уу, алчихсан ч байж магадгүй, яг одоо буугаад ир, хоёулаа буцаад явъя гэж хэлтэл, манай нөхөр над руу хандан чи битгий худлаа яриад бай гээд итгэхгүй байсан. Тэгээд намайг уйлаад байсан болохоор нөхөр маань машинаасаа буугаад, нээрээ үнэн юм уу гэж асууж байснаа бид хоёр хамтдаа өвөлжөө рүү алхаж явсаар ирээд би гэр рүү нөхрөөсөө түрүүлж ороход талийгаачийг гэрийн зүүн талын орон дээр хэвтүүлсэн С эгч хөлийг барьчихсан, хүргэн ах Б /Б/ гарыг барьчихсан сууж байсан. Тэр үед нөхөр маань гэрийн гадаа орж ирэхгүй байхаар нь би гэрээс гарч, түүнийг гэрт дагуулан орж ирэхэд хүргэн ах Б /Б/ түүнд хандан “Чи яаж байгаа юм бэ, чамайг арай ч ингэнэ гэж бодсонгүй” гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр түүний урдаас “Би Н эгчийг үнэхээр машины хажууд байсныг мэдээгүй, би муу санасандаа танайд өнөөдөр ирээгүй юм шүү” гэж хэлэх үед гэрийн гадаа машин ирж зогссон. Удаа ч үгүй гэрийн хаалгаар эмч, цагдаа нар орж ирсэн. Эмч талийгаачийг үзснээ амьсгал хураасан байнаа гэж хэлээд гэрээс гарсан. Цагдаа П гэж хаана байна гэж хэлээд, манай нөхрийг гэрээс аваад гарсан...” гэсэн мэдүүлэг/хх 46-47/
гэрч Г.С: “...Би 2020 оны 02 дугаар сарын 09-ний орой 20 цагийн үед хүргэн Б.П түүний эхнэр О, өөрийнхөө хамгийн бага хоёр хүүхдийн хамт Их-Уул сумын Зарт багийн нутаг Ухаа хадны дээд өвөлжөө гэх газарт өөрийн хүргэн А.Б /А.Б/-ийнд Б.Пгийн “Пирүс-20” маркийн улсын дугаарыг нь мэдэхгүй автомашинаар Их-Уул сумын төвөөс очсон. Тэгээд тэр орой манай хүргэн А.Б /А.Б/-ийнх цагаан сарынхаа буузыг хийгээд бид нар буузнаас нь хамт хийлцсэн. Тэгээд тэр шөнө 23 цаг 00 минутын үед бид нар буузаа хийж дуусгаад тэднийд хоол идсэн юм. Тэгсэн манай хүргэн А.Б /А.Б/ өөрийнхөө хүүхдийн үснээр Б.Пг ирээгүй гэж хэлээд 0,0 литрийн 1 шил Болор гэдэг архийг задлаад тойруулсан юм. Тухайн архийг гэрийн эзэн А.Б хундагалж тойруулаад тэр архинаас А.Б, түүний эхнэр буюу манай талийгаач дүү Х.Сгэрэл, Б.П, О, Б, Б бид нар хамт уусан юм. Тэгсэн манай хүргэн А.Бийн хажуу талын айл буюу Бынх 0,500 литрийн 1 шил “Соёрхол” гэдэг архийг гаргаад тэр архийг бид нар адилхан хувааж уугаад дуусгасан юм. Тэгээд гэрийн эзэн А.Б 0,750 литрийн “Ерөөл” гэдэг архийг гаргаад тэр архийг бид нар хувааж уусан. Тухайн шөнө 3 дахь шил архийг ууж байхад Б.П өөрийн эхнэр Охэл амаараа хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгсэн манай талийгаач дүү Х.Сгэрэл, Б.П хоёр гэрээс гарсан. Тухайн үед би тэр хоёрыг гэрээс гарсаны дараа хэсэг байж байгаад гарч бие засахад тэр хоёр гэрийн зүүн талд амбаарын хажууд юм яриад сууж байсан юм. Тэгээд гэрийн гадаа манай талийгаач дүү Х.Сгэрэл, Б.П хоёр 30 орчим минут болоод хоёулаа буцаад гэртээ орж ирсэн Тэгээд Б.П гэрт орж ирээд айхтар удалгүй буцаад гэрээс гараад явсан. Тэр үед Б.П гэрээс гараад явангуут айхтар удаагүй араас нь манай талийгаач дүү Х.Сгэрэл гарсан харин би дүүгийнхээ араас бас дагаад гарсан юм. Намайг гэрээс гарах үед Б.Пгийн “Пирүс-20” маркийн автомашин хонь хашсан байсан том хашааны баруун хойд зүгрүү маягтай урд зүгрүү хараад зогсчихсон машин нь асаалттай урд талын их гэрэл асчихсан явах гээд байгаа бололтой манай талийгаач дүү Х.Сгэрэл тэр автомашины зүүн талын хэсэгт жолоочийн эсрэг талын урд хаалганы харалдаа хажууд нь гарчихсан тольноос мөн хаалганы бариул хавиас барьчихсан П чи цонх, хаалгаа онгойлгооч гээд байж байсан юм. Тэгээд би Б.Пг тэндээс машинтайгаа явах гээд байхаар нь урд талын копутан дээр нь цээжээрээ тээж хэвтээд хоёр гараараа автомашины шил арчигны угнаас бариад П чи явж болохгүй гээд хэд хэдэн удаа хэлсэн юм. Тухайн үед манай талийгаач дүү ч гэсэн Пг битгий яваач гээд байсан. Тэгсэн Б.П манай талийгаач дүү бид хоёрын үгэнд орохгүй машинаараа намайг урагшаагаа түрээд бага багаар зөөлөн урагшилж байснаа гэнэт тормос гишгээд зогссон. Тэгснээ гэнэт дахиад урагшаагаа ухасхийгээд би хальт мөргүүлээд хажуу тийшээгээ унасан. Тухайн үед би хажуу тийшээгээ унаж хоцроод Б.П тэр чигтээ машинтайгаа уруудаад давхиад өгсөн. Тэгээд би газраас өндийгөөд босоод иртэл миний дээх нь талд манай талийгаач дүү Х.Сгэрэл маань амьсгаадаад гиншиж яраглаад дуугарах шиг болохоор би наанаас нь очтол манай дүүгийн толгойн хэсэг нь хойд зүгрүү харчихсан өөрөө дээшээгээ харчихсан байрлалтай хоёр гутал нь сугараад уначихсан Б.Пгийн жолоодож явсан автомашинд дайруулчихсан газарт хэвтэж байсан юм. Тэгээд би дүүгээ цээжнээс нь өргөөд эгчийн дүү зүгээр үү гээд уйлаад хэлсэн чинь миний дүү надад юу хэлэлгүй амьсгаадаад нэг сонин яраглаад байсан. Тухайн үед намайг дүүгээ тэвэрчихсэн сууж байхад миний хажууд О, Б хоёр ирсэн бид 3 манай дүүг өргөөд гэрлүү нь авч явах гээд өргөж дийлэхгүй байсан юм. Тэгсэн тэр үед нэг мэдэхэд Бгийн нөхөр Б бид нарын хажууд ирчихсэн байсан Б, О, Б бид 4 манай талийгаач дүү Х.Сгэрэлийг өөрийнх нь гэрлүү оруулаад зүүн талын орон дээр нь хэвтүүлсэн юм. Тэгсэн миний дүү сонин амьсгаадаад яраглаж дуугараад хэвээрээ байснаа ойролцоогоор 20-30 гаран минутын дараа амьсгаа нь мэдэгдэхээ байгаад хөл нь хөрөөд нэг сонин болчихсон юм. Тэр үед манай дүү Нс л нэг нь цагдаа руу утасдаж мэдэгдсэн байх би хэн нь ярьсныг мэдэхгүй байна. Тэгээд ойролцоогоор 40 гаран минутын дараагаар байх сумын төвөөс эмч, цагдаа нар ирсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх 49-51/
гэрч М.Алтансарнайгийн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөрт шилжих шөнө ажил дээрээ жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж ээлжинд гарч байсан юм. Тухайн шөнө намайг хөдөө Зарт багруу дуудлаганд яваад сумын төвд орж ирэх үед шөнө 02 цаг 50 минутад цагийн үед манай жолоочийн дугаар луу манай эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Ариунзаяа залгасан байсан юм. Тэгээд би жолоочийнхоо дугаараас эрхлэгчрүүгээ залгасан чинь хөдөө Зарт багт Ухаа хадны дээд өвөлжөө гэх газарт дуудлага гараад байна машин тэргэнд дайрагдсан байж болзошгүй юм шиг байна сумын цагдаагаас дуудлага ирүүлээд байна. Тэнд ямар ч байсан нэг хүний бие муу байгаа юм байна тийшээ явмаар байна гэж надад хэлсэн юм. Тэгээд би тухайн шөнө 03 цаг өнгөрч байх үед сумын төвөөс эмнэлгийн жолооч Д.Төгсбаяр, сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын хамт тухайн дуудлаганд явсан юм. Тэгээд шөнө 04 цаг өнгөрч байхад Зарт багийн нутаг Ухаа хадны дээд өвөлжөө гэх газарт А.Б гэх айлд очсон юм. Намайг анх очих үед Б.Б гэх хүний эхнэр Х.С гэх эмэгтэй гэртээ зүүн талынхаа орон дээр дээш харж хэвтсэн байдалтай байсан юм. Тухайн үед үзлэг хийхэд Х.С духны хэсэгт хавдаж хөхөрсөн мөн хамарны үзүүр болон нүүрний зүүн талын хэсэгт зулгаралт, хөхрөлттэй, гүрээний судас тэмтрэгдэхгүй, хүүхэн хараа хоёр талд өргөссөн гэрлийн урвалгүй, чагнуураар чагнахад амьсгал зүрхний үйл ажиллагаа бүрэн зогссон нас барсан байдалтай байсан юм. Тухайн шөнө намайг очих үед дээрх Х.С гэх эмэгтэй нас барсан сэхээн амьдрах арга хэмжээ авахад оройтсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-52/,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 000000003 дугаартай “...Амь хохирогч Х.С цогцост Зам тээврийн осолд орох үед үүсгэгдсэн байх боломжтой бүсэлхийн 2-р нугаламын их бие дайрсан хөдлөн зөрүүтэй хугарал элэгний задрал, олон хавирганы хугарал, дух, баруун чамархайн дээд хэсгийн хуйхны шарх, зүүн дух, зүүн хацар, баруун эрүүний доод хэсэг, баруун шуу, баруун суганаас доош 10 см зайд, хэвлийн баруун хэсэг, зүүн тохой, зүүн мөр, зүүн суга, хэвлийн зүүн доод хэсэг, хэвлийн зүүн ар хэсэг, баруун өвдөгний зулгаралтууд, дух, хамрын үзүүр, баруун суга, баруун хөх мах, зүүн бугалга, шуу, зүүн дунд чөмөг, баруун шилбэ, баруун дунд чөмөгний цус хуралтууд, зүүн дунд чөмөгний толгой сүүжний тогооноос мултарсан мултрал гэмтлүүд тогтоогдлоо. Амь хохирогч Х.Сгэрэлийн цогцост үүссэн гэмтлүүд нь ЗТО-д орох үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Бүсэлхийн 2-р нугаламын их бие дайрсан хөндлөн зөрүүтэй хугарал, элэгний задрал, олон хавирганы хугарал гэмтлүүд нь үхэлд хүргэхэд нөлөөлсөн байна. Амь хохирогч Х.Сгэрэлийн цогцост үүссэн дээрхи гэмтлүүд нь амьд байх хугацаанд гадны нөлөө бүхий ЗТО-д орох үед үүссэн гэмтлүүд байна. Амь хохирогч Х.Сгэрэлийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч Х.Сгэрэл нь бүсэлхийн 2-р нугаламын их бие дайрсан хөндлөн зөрүүтэй хугарал, олон хавирганы хугарал гэмтлийн улмаас элэгний задрал үүсч дотуур цус алдалт 800 мл орчимд орж цус алдалтын шокоор нас баржээ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-64-65/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-9/, замын цагдаагийн албаны зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 10-11/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 14-18/, Шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаартай дүгнэлт, Автотээврийн үндэсний төвийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх 95-98/ зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Мөн шүүгдэгч Б.Пгийн “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр, хүүхэд хадам эгч С нарын хамтаар Их-Уул сумын Зарт багийн Ухаа хадны дээд өвөлжөөнд байх баз хүргэн ах Бгийнд 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн орой өөрийн эзэмшлийн 29-34 УАВ улсын дугаартай “Пирүс” машинтайгаа хотоос ирсэн болохоор айлчилж очсон юм. Тэднийх намар хүүхдийнхээ үсийг авахад эхнэр бид хоёр ирж чадаагүй байсан болохоор Б ах нэг “Болор” архи гаргасан, түүнийг манай эхнэр, би, Б ах талийгаач эхнэр нь, Б ахын эгч болох Б болон нөхөр нь бидэнтэй хамт очсон Сараа эгч бид нар уусан. Дараа нь Б эгчийн нөхөр нь “Аура” гэсэн архи гаргаад түүнийг бас уусан. Дараа нь “Соёрхол” архийг Б ах дахиж гаргаад, дараа нь Бгийн нөхөр нь “Ерөөл” архи гарган түүнийг уугаад дуусч байх үеэр л байх би нэлээд согтсон өөрөө машиндаа орсон эсэхээ мэдэхгүй байгаа юм. Тэгсэн л нэг мэдсэн өвөлжөөнөөс доошоо яваад машины дугуй хагарч зогсоод унтчихсан байсан. Эхнэр маань араас чи Сгэрэлийг дайрчихлаа гээд гүйж ирсэн байсан. Тэгэхээр нь би машинаа хаяаад эхнэртэйгээ хамт буцаад гэрлүү ороход талийгаач эгч орон дээрээ хэвтсэн толгойн хэсэг нь язарсан харагдахаар нь би дайрсан гэдгээ мэдсэн. Тэгээд цагдаа эмнэлэг хоёр ороод ирсэн. Эмч үзээд нас барчихсан байна гэсэн...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай тохирч байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар тооцож хохирогч Х.Сгэрэлийг дайрч амь насыг нь хохироосон болохыг нотолж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 30 дугаартай “...Шинжилгээнд хүргүүлж ирсэн иргэн Б.Пгийн биеэс тусгай зориулалтын вакумжуулсан шилэн саванд 5 мл хэмжээтэй савлан авсан улаан хүрэн өнгөтэй шингэн зүйл цус мөн байна. Б.Пгийн биеэс авсан цуснаас 2,6 промилли спиртийн агууламж илэрч байна. Б.П хүнд зэргийн согтолттой байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-59-60/ болон гэрч Х.О, Г.С, А.Б, шүүгдэгч Б.П нарын: “...Б /Б/ ах авдраасаа нэг шил “Болор” архи гаргаж задлаад бид нар бүгд хувааж ууцгаасан. Бид нар 3 шил архи хувааж ууссан...” гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Шүүгдэгч Б.П нь “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь “...Батсайханы Пд 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгосон байх бөгөөд тэрээр 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан...” гэсэн цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа болон шүүгдэгчийн “...Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож явсан...” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Прокуророос шүүгдэгч Б.Пд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, хохирлыг төлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Пгийн “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож хохирогч Х.С дайрсан үйлдэл нь амь хохирогч Х.С биед учирсан бүсэлхийн 2-р нугаламын их бие дайрсан хөндлөн зөрүүтэй хугарал, элэгний задрал, олон хавирганы хугарал гэмтлүүдтэй шууд шалтгаант холбоотой байх тул түүний үйлдлийг прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Пг согтууруугаар Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч Б.П нь хохирогчид хохирол төлбөрт 800,000 төгрөг төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бгийн “...Б.П нь миний эхнэрийн буяны ажилд биечлэн оролцож сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн 700,000-800,000 төгрөгийн тусламж үзүүлсэн. Иймд хэрэгтэй холбоотой надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тайлбараар, тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тус тус тогтоогдож байх тул түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх нотлох баримт бүхий хохирол төлбөргүй, гомдол саналгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохиролын талаарх нотлох баримт бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Завхан аймгийн авто тээврийн төвийн шинжээчийн дүгнэлт гаргасны зардал 80,000 төгрөгийг шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гаргуулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхэлж тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б.П г согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Б.П г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Пд оногдуулсан 1 жил 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.П нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх нотлох баримт бүхий хохирол төлбөргүй, гомдол саналгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Пгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 80,000 /наян мянга/ төгрөг гаргуулж Завхан аймгийн авто тээврийн төвд олгосугай.
6. Шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхэлж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүнийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн цагдан хорих байранд цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тооцсугай.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ