Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 119/2021/0014/З |
Дугаар | 221/МА2021/0650 |
Огноо | 2021-12-02 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2021/0650
“Э.Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, хариуцагч Н.Б, Д.Э, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Ц нарыг оролцуулан, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Э.Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Н.Б, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Э нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр: “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 52 дугаар зүйлийн 52.1, 10 дугаар зүйлийн 10.12.2, 14 дүгээр зүйлийн 14.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “Э.Х” ХХК-ийн “Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Н.Б, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Э нарын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 14.06.022/01 дугаартай актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г давж заалдах гомдолдоо: “Э.Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 19 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
1. “Э.Х” ХХК нь тэтгэвэрт гарсан ажилтнуудад 2 сарын цалинтай тэмцэх хэмжээний тэтгэмж өгөх үүргийг хуулиар хүлээгээгүй. Харин хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт дурдсанаар хугацаа нь дууссан, хүчин төгөлдөр бус Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй “Хамтын гэрээ” гэх эх хувь нь хэрэгт авагдаагүй нотлох баримтад үндэслэсэн хууль бус захиргааны актыг анхан шатны шүүх зөвтгөхөөр оролдож Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй байна.
2. Хэрэгт хуульд зааснаар нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдаагүй нотлох баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтыг үнэлэх замаар хэргийг хянан шийдвэрлэх учиртай байтал анхан шатны шүүх хэрэгт авагдаагүй нотлох баримт болон “хамтын гэрээ” гэх хуульд заасны дагуу цуглуулаагүй нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
3. Захиргааны акт нь зорилгодоо нийцсэн байх, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд төрийн хяналт шалгалтын үйл ажиллагаа явагдах нь Монгол Улсын Үндсэн хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нийцэх байтал хариуцагч нар нь удирдамжид заагдсан байгууллагыг бус харин өөр аж ахуйн нэгжийг шалгаж, улмаар маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь илт үндэслэлгүй байна.
4. Хуулийн этгээд нь өөрийн нэрийн өмнөөс эрх зүйн харилцаанд оролцож, өөрийн нэрийн өмнөөс эрх эдэлж, бусдын өмнө үүрэг хүлээдэг байтал анхан шатны “Н.Т.Г” ХХК-ийн өмнөөс “Э.Х” ХХК хариуцлага хүлээх мэтээр үзэж энэ талаарх Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хууль, Иргэний хуульд заасан энэ талаарх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй.
5. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтүүдийг шүүх хэлэлцэн шийдвэрлэхгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, хэргийг хянан шийдвэрлэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ба энэ нь шүүхийн шийдвэрт шууд нөлөөлсөн байна.
Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 19 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хянаад, дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Э.Х” ХХК “Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Н.Б, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Э нарын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 14.06.022/01 дугаартай актыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, “... анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарласан, хэрэгт авагдаагүй баримтыг үнэлсэн, хариуцагч нар удирдамжид заасан байгууллагыг бус харин өөр аж ахуйн нэгжийг шалгасан, “Н.Т.Г” ХХК-ийн өмнөөс “Э.Х” ХХК хариуцлага хүлээх мэтээр холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарласан, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэхгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.
Маргааны үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараас үзвэл анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож зөв шийдвэрлэжээ.
1. Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14/09 дугаартай удирдамжаар “Н.Т.Г” ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооноос гаргасан хүсэлтийн дагуу тус компанийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомж, холбогдох дүрэм журмын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, зөрчил дутагдлыг арилгуулахаар төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийхээр баталсан байна.
“Э.Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 ооны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 20/425Б дугаартай тушаалаар “Н.Т.Г” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 20/15 дугаар тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийг тус тус үндэслэн хавсралт 01-д заасан нэр бүхий ажилтнуудыг “Э.Х” ХХК-ийн Үйлдвэрлэл технологийн алба, Санхүү эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн газар зэрэг дурдагдсан нэгжүүдэд томилон ажиллуулахаар шийдвэрлэж, ажилтнуудыг тус компанид ажиллаж байгаатай холбогдуулан хөдөлмөрийн гэрээ байгуулж, албан тушаалын тодорхойлолттой танилцуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг Хүний нөөцийн ажилтанд үүрэг болгосноос үзвэл нэхэмжлэгч “Э.Х” ХХК нь “Н.Т.Г” ХХК-ийн ажилчидтай холбоотой асуудлаар хариуцлага хүлээхээр байна.
Иймд хариуцагч нар нь “Н.Т.Г” ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооноос гаргасан хүсэлтийн дагуу “Э.Х” ХХК-ийн Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжууд, түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон дүрэм, журмын биелэлт, хэрэгжилтэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгээд маргаан бүхий 14.06.022/01 дугаартай “Төлбөр нөхөн төлүүлэх тухай” актаар дутуу олгосон тэтгэмж Ж.Ст 543898 төгрөг, Л.Эд 1054524 төгрөг, нийт 1598422 төгрөгийг нөхөн олгох,
“Э.Х” ХХК, “О.И.М” ХХК, “Э.Х” ХХК-иудын нийт 387 ажилтны 2020 оны ээлжийн амралтын олговор 273522134 төгрөгийг нөхөн олгох, түүнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх,
2020 оны 12 дугаар сар, 2021 оны 01, 02 дугаар сард дутуу тооцогдсон цалингийн зөрүү 17206954 төгрөгийг ажилтнуудад нөхөн олгох, түүнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх,
ажилтны ажиллаагүй хугацааны олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалтыг үндэслэн үндсэн цалингийн 50 хувиар тооцож олгох, илүү цагийн хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх заалтыг үндэслэн илүү ажилласан цагт нь тооцож олгож байх, 2021 оны 01 дүгээр сард олгогдоогүй 159 хүний хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүнийг нөхөн олгох гэж ажилтанд нөхөн олгох нийт 292327510 төгрөгийн төлбөрийг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор барагдуулахыг “Э.Х” ХХК-д хариуцуулсныг буруутгах үндэслэлгүй байна.
Нөгөөтэйгүүр, “Н.Т.Г” ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооноос “...“Н.Т.Г” ХХК, “Э.Х” ХХК зэрэг нэр бүхий 4 компанитай байгуулсан хамтын гэрээний биелэлттэй холбоотойгоор” гомдол гаргасны дагуу “Н.Т.Г” ХХК-д хяналт шалгалт хийхээр удирдамжийг баталсан боловч “Э.Х” ХХК болон нэр бүхий 2 компани нь “Н.Т.Г” ХХК-ийн охин компани тухайд хэргийн оролцогчид маргаагүй, тус улсын байцаагч нар тухайн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, үүссэн нөхцөл байдлыг харгалзан хариуцах этгээдэд акт ногдуулсныг буруутгах боломжгүй.
2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1011 дүгээр албан бичигт “... манай байгууллагад 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэсэн хамтын гэрээний эх хувь хадгалагдаагүй, хуулбар хувь байгаа” гэсэн, мөн сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/1310 дугаар албан бичигт “... тус сумын Засаг даргын Тамгын газар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу “Н.Т.Г” ХХК, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэсэн. ... Тус гэрээний 1.4-т “Энэ хамтын гэрээ нь “Н.Т.Г” ХХК-ийн охин компаниуд болох “Э.Т” ХХК, “Э.Х” ХХК, “О.И.М” ХХК, “Э.К” ХХК-ийн хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэж заасан. Тус гэрээнээс өөр хамтын гэрээ Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт хянан бүртгүүлээгүй байх тул ажил олгогч хамтын гэрээгээр хүлээсэн үүргийг даган биелүүлэх үүрэг хэвээр хадгалагдаж байна” гэсэн, гуравдагч этгээд “Н.Т.Г” ХХК-ийн Ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хорооны 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаартай албан бичигт “... хамтын гэрээний хуулбар хувь /эх хувь нь алдагдсан, аль ч талд байхгүй/” гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй”, 38 дугаар зүйлийн 38.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, хэрэв тухайн баримтын эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Шүүх шаардлагатай гэж үзвэл тухайн баримтын эх хувийг шаардан авах эрхтэй” гэж тус тус заасан.
Анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хамтын гэрээний эх хувийг холбогдох газруудаас шаардсан боловч дээрх байдлаар хариу өгсөн, мөн хэргийн оролцогчид тус гэрээг эх хувиар гаргаж өгөх боломжгүй тухайгаа мэдүүлсэн, эх хувь байсан ч шүүхэд гаргаж өгөөгүй бол энэ нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.
Мөн нэхэмжлэгчээс “... Булган аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд хамтын гэрээг хүчин төгөлдөр бус болгуулахтай холбоотой хэрэг хянагдаж байгаа, уг гэрээ хүчин төгөлдөр эсэх нь тодорхойгүй тул гэрээг үндэслэн шийдвэр гаргах ёсгүй” гэж тайлбарлан маргасан боловч хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар уг гэрээг хүчин төгөлдөр бус болохыг эрх бүхий байгууллагаас тогтоогоогүй байх тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, акт ногдуулсныг буруутгах үндэслэлгүй, түүнчлэн “хамтын гэрээтэй холбоотой маргаан үүссэн” гэх шалтгаанаар ажил олгогч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх, түүний үр дүнд ажиллагсад хохирох учиргүй.
Л.Э, Ж.С нараас “Н.Т.Г” ХХК-ийн ажиллагсдын үйлдвэрчний эвлэлийн хороонд хандан 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 2.12 дахь заалтад “... ажилтан тэтгэвэр авах эрх үүсч ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан бол тус компанид ажилласан жилийг харгалзан ... 2 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасны дагуу үлдэх 1 сарын тэтгэмжийг авахаар гомдол гаргасан байх бөгөөд нэгэнт хамтын гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй тул гэрээгээр хүлээсэн үүргээ ажил олгогч биелүүлэх үүрэгтэй.
3. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл шүүх нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримт хасуулах, гаргуулах хүсэлтүүдийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааныг завсарлуулж, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй талаар тайлбарлалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг зөвтгөхгүй ч тус хүсэлтийг шийдвэрлэсний дараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд саналгүй” тухайгаа илэрхийлсэн байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Товчхондоо, анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор аливаа хүсэлт гаргах эрхийг хязгаарлаж, шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна.
Иймд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН