Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 371

 

М.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/05490 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Жамъян Пайтан” ХХК-д холбогдох

 

22 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны  01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Байгалмаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Даваасамбуу,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Бямбасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Байгалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Жамьян пайтан” ХХК нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 50000 м.кв газрыг газрыг зуслангийн зориулалтаар 2010 оны 3 дугаар сараас хойш эзэмшиж байна. Нэхэмжлэгчийн талийгаач хадам аав Д.Амарсайхан нь “Жамьян пайтан” ХХК-ийн нэр дээрх уг газрыг өөртөө шилжүүлж ав гэж нэхэмжлэгч М.Бямбасүрэнд хэлсэн тул тэрээр хадам аавынхаа найз гэх Э.Содномжамцаас уг газрын эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургийг авч Нийслэлийн өмчийн харилцааны газарт очсон байдаг. Тэгэхэд албаны мэргэжилтэн нь нэхэмжлэгч М.Бямбасүрэнд газар эзэмших эрхийг шилжүүлэхийн тулд төлбөр тооцоогүй байх ёстой, энэ компани дуудлага худалдааны анхны үнэд 16 400 000 төгрөг, нийт 22 000 000 төгрөгийг “Жамьян Пайтан” ХХК-ийн өмнөөс Нийслэлийн харилцааны газрын дансанд төлсөн. Энэхүү болсон үйл явдлын талаар талууд маргаагүйгээс гадна энэ талаар шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа.

Төлбөр төлсөн баримт, бусад бүх бичиг баримтаа Нийслэлийн өмчийн харилцааны газарт өгсөн боловч “Жамъян пайтан” ХХК нь газраа шилжүүлж өгөхөөр тохироогүй гэсэн гомдлыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт гаргаснаар тэдний газрыг шилжүүлж авах боломжгүй болсон. Нэхэмжлэгч өөрийн компанийн нэрийн өмнөөс “Жамьян пайтан” ХХК-ийг шүүхэд өгч газрыг өөрийн эзэмшилд авах нэхэмжлэл гаргасан ч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2566 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Иймд “Жамьян пайтан” ХХК-иас тус компанийн нэр дээр нэхэмжлэгч М.Бямбасүрэнгийн төлсөн дээрх 22 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Даваасамбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Бямбасүрэн нь “Жамьян пайтан” ХХК-ийн нэр дээр хуурамч бичиг баримт бүрдүүлж Хан-Уул дүүрэгт байрлах газрыг өөртөө авах гэж оролдсон. Үүнийг бид 2015 оны 7 дугаар сард мэдээд цагдаагийн газарт хандаж байж хууль бусаар газар авах гэсэн үйлдлийг нь зогсоосон. Нэхэмжлэгч хуурамч бичиг баримт үйлдсэн байсан учраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон. М.Бямбасүрэн нь “...энэ бичиг баримтыг би хийгээгүй, энэ бичиг баримтыг миний аав өгсөн” гэсэн үндэслэлгүй зүйлийг ярьсаар байгаад эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулсан. Хадам аав нь нас барсан байсан тул бид нас барсан хүний нэрийг гаргаад яахав гээд энэ хуурамч бичиг баримт үйлдсэн хэргийг нь орхисон юм. Ингээд нэхэмжлэгч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж Хан-Уул дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт байрлах газрын эзэмшигч болохыг тогтоолгох гэсэн боловч шүүх түүнийг шаардах эрхгүй, уг маргаан бүхий газар нь “Жамьян пайтан” ХХК-ийн хууль ёсны эзэмшлийнх мөн байна гэж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч М.Бямбасүрэн нь уг газрын маргаанаас болж бидэнд маш их хэмжээний хохирол учруулснаас гадна тэрээр 22 000 000 төгрөгийг “Жамьян пайтан” ХХК-д төлөөгүй, манай компанийн данс руу уг мөнгө нь орж ирээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-д заасныг баримтлан хариуцагч “Жамьян пайтан” ХХК-иас 22 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Бямбасүрэнд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 50 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “Жамьян пайтан” ХХК-иас 267 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Бямбасүрэнд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Э.Түмэнбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-д заасны дагуу нэхэмжлэгч М.Бямбасүрэн нь “Жамьян пайтан” ХХК-ийн хууль ёсны эзэмшилд байх Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8041/0325 дугаар бүхий 50000 м.кв газрын төлбөрт төлсөн 22 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж шүүх үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “Шүүх гэрч, шинжээчээс мэдүүлэг авах цугларсан бичмэл болон эд мөрийн баримтыг судлах, үзлэг хийх, бусад нотлох баримтыг шинжлэх дарааллыг тогтоож, эдгээр ажиллагааг энэ хуулийн 110-112 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулна” гэсэн хуулийн заалтыг бүрэн хангасангүй гэж үзэж байна.

Учир нь нэхэмжлэгч М.Бямбасүрэнг Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1-д “Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэж байгаа этгээд түүнийг шударгаар гүйцэтгэх үүрэгтэй” гэсэн хуулийн зүйл заалтын дагуу үүргээ гүйцэтгэсэн эсэхийг тогтоогоогүй байж нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар тогтоосонд гомдолтой байна.

Нэхэмжлэгч М.Бямбасүрэн нь хувийн атгаг, шунаг санаагаар бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн бөгөөд энэ нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байгааг анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ харгалзаж үзсэнгүй гэж үзэж байна. Үүнд:

Д.Бямбасүрэн нь 2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмлэл гарган “Жамьян пайтан” ХХК-ийн хууль ёсны эзэмшилд байх Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8041/0325 дугаар бүхий 50000 м.кв газрын эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд тус шүүхээс 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/02566 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгч Д.Бямбасүрэн нь нэхэмжлэлдээ 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр газрын төлбөрт 5 600 000 төгрөг, газрын дуудлага худалдааны үнэд 16 400 000 төгрөгийг “Жамьян пайтан” ХХК-ийн өмнөөс Нийслэлийн өмчийн харилцааны газрын Улаанбаатар хотын банкинд төлсөн гэсэн нь цаг хугацааны хувьд Д.Бямбасүрэнгийн 2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/02566 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосноос хойш 3 сарын дараа маргаан бүхий газрыг ямар нэгэн аргаар өөрийн эзэмшилд авахын тулд хийсэн шударга бус санаатай үйлдэл байсан болох нь илт байгаа нь Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1 дэх заалттай нийцэхгүй байгааг харуулж байна.

Нэхэмжлэгч Д.Бямбасүрэн нь “Жамьян пайтан” ХХК-ийн хэвлэмэл албан бланк, тамга, захирлын гарын үсгийг дууриалган хуурамч бичиг баримт үйлдэн Нийслэлийн өмчийн харилцааны газарт өгч маргаан бүхий газрыг өөрийн нэр дээр шилжүүлэхээр явж байгаад баригдан Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсан бөгөөд хэрэг үйлдсэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4022 тоот дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд харамсалтай нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр прокурорын 400 тоот тогтоолоор Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ.

Иймд дээрх үндэслэлийг харгалзан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Хариуцагч “Жамъян Пайтан” ХХК-д холбогдуулж нэхэмжлэгч М.Бямбасүрэн 22 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь зөвшөөрөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч компанийн өмнөөс, тус компанийн эзэмшлийн газрын төлбөрт 2015 онд 5 600 000 төгрөг, газрын дуудлага худалдааны анхны үнэ 16 400 000 төгрөг, нийт 22 000 000 төгрөг төлсөн” гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “газрыг хууль бусаар авах зорилгоор 22 000 000 төгрөгийг төлсөн, манай компанийн данс руу орж ирээгүй” гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч М.Бямбасүрэн нь 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын Төрийн сангийн 200051049 тоот дансанд газрын дуудлага худалдааны төлбөр гэж 16 400 000 төгрөг, мөн Улаанбаатар хотын банкны 2611009722 тоот дансанд газрын төлбөр гэж 5 600 000 төгрөг, нийт 22 000 000 төгрөг төлсөн байх боловч “Анандаконсалтинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Содномжамц болон “Жамъян Пайтан” ХХК-д холбогдох иргэний хэргийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/02566 дугаар шийдвэрт хариуцагч “Жамъян Пайтан” ХХК нь маргаан бүхий Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 50000 м.кв талбай бүхий газрыг Дүүргийн Засаг даргын 2010 оны оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 205 дугаартай захирамжийн дагуу 5 жилийн хугацаагаар эзэмшиж, 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдөр газар эзэмших гэрчилгээ олгогдож, гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй гэж дүгнэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь ямар газрын төлбөрт дээрх мөнгийг төлсөн болон уг төлбөрийг төлснөөр хариуцагч өөрийн эзэмшлийн газрын төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдсөн эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, уг газрыг хариуцагч 2010 оноос эзэмших эрхтэй болж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, гэрээ байгуулагдсан байхад нэхэмжлэгч 2015 онд газрын дуудлага худалдааны төлбөрийг төлсөн нь уг газарт хамааралтай эсэх, хариуцагч уг газрын төлбөрт хэзээ хэдэн төгрөг төлсөн зэрэг үйл баримт тодорхой байх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

 

Хэрэгт авагдсан Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны газрын төлбөрийн нэхэмжлэхээр хариуцагч “Жамъян пайтан” ХХК нь газрын төлбөрт 2011 онд 20 000 000 төгрөг төлсөн талаар бичигдсэн байх бөгөөд нэхэмжлэгч газрын төлбөрт төлсөн мөнгө нь хариуцагчийн дээрх газрын төлбөрт тооцогдсон эсэх үйл баримт тодорхой бус байгаагаас давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/05490 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                          

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                                ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

       С.ЭНХТӨР