| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2020/0016/Э |
| Дугаар | 21 |
| Огноо | 2020-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 21
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Энхбатаар хөтлүүлэн,
Улсын яллагч Ч.Алтансүх,
Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн 2024000000011 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, * төрсөн, 64 настай, эрэгтэй, *,*боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт *хаягаар оршин суудаг, урьд нь *тэнсэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт Х-н Б /регистрийн дугаар:/.
Шүүгдэгч Х.Б нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 19 цагийн орчим Завхан аймгийн Асгат сумын Суварга багт байрлах А.Э-ийн хашаанд түүнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар А.Э-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг
хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 19 цагийн орчим Завхан аймгийн Асгат сумын Суварга багт байрлах А.Э-ийн хашаанд түүнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар А.Э-ийг зодож, хазаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-Хохирогч А.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нийтийн цэвэрлэгээнд явчихаад 18 цагийн үед гэртээ иртэл манай гэрийн хаалга эвдэрсэн байдалтай, самбар нь цөмөрчихсөн байсан. Тэгэхээр нь би өөрийн нөхөр О-ыг эвдчихсэн юм байх гэж бодоод залгатал манай нөхөр айлд тоглож байна гэсэн. Тэгээд удалгүй гэртээ ирсэн. Хажуу хашааныхаа хүнээс асуутал Ц танай гэрийн хаалган дээр хүүхэдтэйгээ зогсож байсан. Танай хаалга эвдэрчихсэн байсан гэж хэлсэн. Би хэсгийн цагдаа Б руу залган манай гэрийн хаалгыг эвдчихсэн байна гэж хэлсэн. Ц, Б, Б нар манайд ирсэн. Б надад хандан Ц өчигдөр гараад байхгүй байна, У-ыг чи дагуулж архи уусан байна гэх мэтээр намайг загнаад элдвээр хэлж доромжилсон. Би тэднийг гэрээсээ гаргачихаад араас нь гараад манайхаас зайл гэж хэлээд салаавч өгсөн. Тэгтэл Б миний баруун нүд рүү цохиод намайг барьж аваад, дарж унаган зодсон. Тэгээд Б цагдаа биднийг салгаад Ц, Б нарын хамт манай хашаанаас гарсан. Б миний баруун нүд, зүүн гар, зүүн гарын эрхий хуруу, баруун гуя, баруун гуяны дотор тал, цээжин хэсэгт цохиж гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 9-10 дугаар хуудас/,
-Гэрч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нийтийн хог цэвэрлэгээнд явчихаад 18 цагийн үед гэртээ ирээд 19 цаг хүртэл өөрийн нөхөр У-ыг хүлээсэн. Ирэхгүй болохоор нь сумын төвийн урд байрлах толгой дээр гарч хартал дэлгүүрээс хайрцагтай юм авч гарч ирээд П гэх айлын хашааны доогуур тойроод явахаар нь О-ын, Р-ийн хоёрын аль нэгнийд орлоо гэж бодоод тэдний хашаанд бага хүүхдийнхээ хамт очсон. Тэгтэл Р-ийн гэр цоожтой, О-ынд хүн байсан боловч хаалгаа дотроос нь түгжчихээд, хөшигнүүдээ хаачихаад хүмүүс юм яриад намайг оруулахгүй байсан. Би хаалгаа онгойлго гээд хаалгыг нь хэсэг нүдсэн. Тэгтэл манай хүүхэд манай аавыг гаргаад ир, наана чинь манай аав байна гээд хаалга руу нь зөөлөн өшиглөтөл хаалганых нь доод самбар хэсгээс жижиг мод цаашаа уначихсан. Тэгэхэд манай хүүхэд сандаалтай байсан. Тэгээд би хүүхдийнхээ хамт тэдний хашаанаас гарч гэртээ иртэл Э миний утас руу залган танай нөхөр манайд байхгүй гэж хэлээд гичий, янхан гэх мэтээр доромжилсон. Тэгээд би гэрээсээ гарч толгойн орой дээр гартал аавтай таарч болсон үйл явдлыг хэлээд хэсгийн цагдаа Быг дуудан бид 3 О-ын гэрт хамт очсон. Тэднийд очтол О, Э нар байсан. Биднийг яваад оронгуут Э аав бид хоёрыг хэл амаар доромжлон, биднийг гэрээсээ гар гэж хэлсэн. Б, аав бид 3 тэдний гэрээс гаран хашаанд нь хоорондоо юм яриад байж байтал Э гэрээсээ гарч ирэн миний аавд хандан архичин хүргэн, бэрээ дийлэхгүй, 2 янхан бэрээ дийлэхгүй байж чи намайг захирах болоогүй гэж хэлээд дайраад байсан. Э аавыг хашаа руу түлхчихээд над дээр ирэн намайг түлхсэн. Бид хариу үйлдэл үзүүлээгүй. Тэгтэл Э гэртээ орох гэж явж байснаа буцаж ирэн дахин хэрүүл маргаан хийж улмаар аавтай барьцалдаж аван аавын толгой руу цохиод байсан. Аав, Э 2 барьцалдсан чигтээ байшин руу унасан. Тэгээд Б бид 2 очиж тэднийг салгаад хойшоо болоод байж байхад дахин элдвээр хэлэн, өмсөж байсан тавчикаа над руу шидсэн. Түүний шидсэн 2 тавчикны нэг нь миний баруун талаар шүргээд өнгөрсөн. Нэг нь огт оноогүй. Тэгээд Б, аав бид 3 тэдний хашаанаас гарч явсан. Манай аав Б нь Э-ийг гар болон хөлөөрөө цохиж зодсон зүйл байхгүй. Ямартаа ч тэр 2 барьцалдаад унасан. Тухайн үед Э нь “намайг хазчихлаа шүү дээ” гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 12 дугаар хуудас/,
-Гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр намайг гаднаас гэртээ ирэхэд манай гэрийн хаалгыг цөмлөөд өшиглөчихсөн байсан. Манай эхнэр Э цагдаа Б руу залган гэрийн хаалга эвдсэн байна гэж дуудлага өгсөн. Тэгтэл Б цагдаа, Ц, Б нар манай гэрт орж ирсэн. Б, Ц, манай эхнэр Э нар гэрт муудалцаж байгаад гараад явчихсан. Би удалгүй араас нь гарахад манай эхнэрийн дээр Б нь дараад уначихсан, Б цагдаа тэднийг салгаж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 14 дүгээр хуудас/,
-Гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Асгат сумын Суварга багийн нутагт албан үүргээ гүйцэтгэж байхад Асгат сумын Эрүүл мэндийн төвийн бага эмч А.Э-ээс * дугаарын утсаар манай гэрийн хаалганы хавтсыг хүн өшиглөсөн бололтой эвдэрчихсэн байна гэх дуудлага өгөхөөр нь тодруулж асуутал тэдний гэрийн үүдэнд Ц хүүхэдтэйгээ зогсож байсан талаар хөрш айлынхаа хүнээс сонссон гэж хэлсэн. Би Э-ийн дуудлагад очиж явах замд гудамжинд буюу сумын төвийн урд толгой дээр Ц аав Б-тэйгээ юм яриад зогсож байсан. Би Ц-оос Э-ийн гэрт очсон эсэх талаар асуутал би нөхрөө хайж Эийн гэрт бага хүүхдийнхээ хамт очсон гэж хэлсэн. Тэгээд Б, түүний охин Ц нарын хамт Эийн гэрт очиход тэднийд Э, нөхөр О нар байсан. Б, Ц, Э нар Бийн хүргэн, бэр хоёрыг Э уруу татан архи уулгадаг гэх шалтгааны улмаас хоорондоо хэрүүл маргаан үүсгэж, улмаар Э тэднийг гэрээсээ гар хэмээн хөөсөн. Б, Ц, бид 3 тэдний гэрээс гарч ирэн хашаанд нь зогсож байтал Э бидний араас гарч ирсэн. Тэгээд Б, Э нар хоорондоо дахин хэрүүл маргаан хийж, хоорондоо зууралдаж авсан ба тэрхэн зуурт Б гуай Эийн зүүн шанаа руу баруун гараараа нэг удаа цохиход тэд зууралдсан хэвээрээ газар давхарлалдан унасан. Тэгээд тэд нар газар унасан чигтээ бие биетэйгээ зууралдаад салахгүй байхаар нь би тэднийг салгасан. Э нь Б гуай руу салаавч гаргаад байсан. Танай бэр чинь янхан биз дээ гэж хэлэх нь сонсогдсон. Б гуай Э-ийг хэл амаар доромжилсон зүйл байгаагүй. Тэр 2 давхарлалдаж унаад бие биетэйгээ зууралдсан байх үедээ Б гуай Э-ийн зүүн гарын эрхий хуруу, зүүн гуя орчимд хазаж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 16 дугаар хуудас/,
-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэнбаярын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 134 дугаартай: “...А.Э-ийн биед гэмтэл учирсан байна. Зүүн гарын 1 дүгээр хурууны 1, 2 дугаар үений эдийн дутагдал бүхий шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун гуя, цээжний зүүн дээд хэсэг, баруун бугалга, баруун хөхний дээр, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 6-8 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Зүүн гарын 1 дүгээр хурууны 1, 2 дугаар үений эдийн дутагдал бүхий шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, бусад гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар биеийн гадаргын 1%-иас их тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 18 дугаар хуудас/,
-Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Тэгээд цагдаа Б, Ц бид 3 тэдний гэрээс гарсан. Тэгтэл Э араас гарч ирэн над руу салаавч өгөөд янз бүрээр хэлээд байсан. Тэгээд над руу хүрээд ирэхээр нь би арагш ухартал Ц дээр очин түүнийг 2 удаа түлхээд, эргэж над дээр ирээд намайг түлхэх гэхээр нь би түүнийг буцаагаад түлхсэн. Тэгтэл намайг барьж аван толгой руу хэд хэдэн удаа цохихоор нь би тонгойтол миний ам руу хуруугаа хийж татсан. Тэгэхээр нь би түүний хурууг хазсан. Э миний толгой руу дахин хэд хэдэн удаа цохисон. Би түүний хөлийг даган унахдаа гуянаас нь хазсан. Тэгтэл цагдаа ирээд бид хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 27 дугаар хуудас/,
-Шүүгдэгч Х.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би А.Э-ийг зодож, хазаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Х.Б-ийн дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Х.Б-д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Х.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Х.Б-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг нь болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй байна.
Иймд прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ц овогт Х-н Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН