Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 22

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  С.Энхбатаар хөтлүүлэн,

Улсын яллагч Ч.Алтансүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баттулга,                

Шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлсэн 2024000120007 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, *төрсөн, 51 настай, эрэгтэй, *, * боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт * тоот хаягаар оршин суудаг А овогт С-ийн Т /...../.

Урьд * шийтгэгдэж байсан.

Холбогдсон хэргийн талаар: \Яллах дүгнэлтэд дурдсанаар\

Шүүгдэгч С.Т нь 2019 оны 5 дугаар сарын сүүлээр Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багийн нутгаас Ц.О-ийн эзэмшлийн хээр зүсмийн гүү буюу 1 тооны малыг хулгайлан авч Ц.О-д 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч С.Т нь 2019 оны 5 дугаар сарын сүүлээр Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багийн нутгаас Ц.О-ийн эзэмшлийн хээр зүсмийн гүү буюу 1 тооны малыг хулгайлан авч Ц.О-д 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:  

-Хохирогч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 4 дүгээр сард миний өөрийн хүрэн азаргатай адуунаас хээр зүсмийн нас гүйцсэн гүү, бор зүсмийн даагатайгаа С.Т гэх хүний адуу руу нийлсэн байсныг мэдээд би "танай адуунд миний даагатай гүү байгаа шүү" гэж захисан юм. С.Т тэр үед "за тэгвэл манай адуунд явж байг, тэгээд боломжтой үедээ авна биз" гэж байсан. Тэгтэл 5 дугаар сарын сүүлээр миний хээр зүсмийн нас гүйцсэн гүү С.Т-ын адуунаас алга болсон байсан. Тэгээд би сураглаж яваад манай сумын Аргалант багийн харьяат Х гэж дууддаг С овогтой Т гэх 40 гаран насны хүн уг адуунаас аваад Баянцагаан баг руу бусдад өгсөн байсныг олоод, араас нь хөөцөлдөж байгаад сураг гаргаад, байгаа газраас нь гүүгээ очиж авсан. Миний хээр гүү одоо өөрийн адуун сүрэгтээ байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний гүүгээ очиж авсан шатахууны зардлыг надад төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 5-6 дугаар хуудас/

-Иргэний нэхэмжлэгч Б.Ц-гийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай сумын Аргалант багийн харьяат С.Т надаас "450,000 төгрөг зээлээч, би хэрэгт холбогдоод мөнгө хэрэг болоод байна, би танд оронд нь мал өгнө" гэсэн. Би өөрийн гар утаснаасаа С.Т-ын данс руу 450,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд сарын дараа С.Т-аас өрөө авах гэтэл надаас зугтаад байсан. Тэгж байгаад хавар нь 5 сарын сүүлээр санагдаж байна С.Т-ын гэрээр ортол С.Т гэртээ согтуу байсан тэгээд надтай хамт гараад, адуугаа олж надад адуу өгнө гэж хэлээд бид хоёр миний машинаар сумаас гараад ойр орчмоор адуу хайж явтал "Миний адуу олдохгүй байна. Би өөрийн ихэр С.Т-ын адуунаас адуу барьж өгье" гэж хэлээд С.Т-ын 10 гаруй тооны адууг хашаанд оруулж хашаад С.Т хашаатай адуунаас бор хээр зүсмийн гүү барьж өгсөн. Тэр гүү нь эсгэлтэй бор даагатай байсан. Тэр даага нь адуундаа үлдсэн. С.Т мөнгөнийхөө оронд адуу мал өгнө гэсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 8 дугаар хуудас/, 

-Б.Ц-гийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн асуудал болсноос хойш удалгүй эзэн нь сураглаж байгаад манайд ирсэн. Тэгээд өөрийн гүүгээ таниад аваад авсан. Тэр бор хээр зүсмийн гүү саран дэвсгэртэй таван хошуу тамгатай байсан. Өөр содон шинж тэмдэг байгаагүй. Уг гүүний эзэн Ц.О нь надад тэр гүүг ачилцаж өгсөн залуугаас сураг дуулаад манайхыг мэдээд олоод ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/,

-Гэрч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 5 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. Манай нагац ах Ц манайд ирээд "Х-өөс /С.Т/ мөнгө авах ёстой юм, тэгтэл оронд нь нэг адуу өгсөн, хашаан дээр уяатай байгаа, ачилцаад өгөөч" гэсэн юм. Тэгээд манай хүргэн ах Б.Ц-тай хамт Ц ах бид нар тэр хашаан дээр нь яваад очтол адууны хашаанаас халтар зүсмийн нэг гүү уяатай байсан. Тэгээд бид нар Ц ахын Mitsubishi L-200 маркийн машин дээр ачиж өгсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 15 дугаар хуудас/ 

-Гэрч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 5 дугаар сарын дундуур Баянцагаан багт нутагладаг Ц гэх манай хадам ах нь хадам дүү Ц бид хоёрыг адуу ачилцаад өг гэсэн. Тэгэхээр нь бид хоёр мотоциклоор Ц ахыг дагаж сумаас урагшаа явж байгаад нэг адууны хашаан дээр ирэхэд халтар зүсмийн охин адуу уяатай байсан, насыг нь мэдэхгүй. Тэгээд Ц бид хоёр тэр гүүг нь Ц гуайн Mitsubishi L-200 маркийн хөх өнгийн автомашин дээр ачиж өгөөд явуулсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 16 дугаар хуудас/

-Завхан аймгийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний шинжээч Г.Заяагийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн: “Эд зүйлийн нэр, онцлох шинж: Бор хээр зүсмийн нас гүйцсэн бүдүүн гүү /тарган, уналганы/, тоо ширхэг: 1 ш, хохирогчийн үнэлгээ: 900,000 төгрөг, үнэлгээчний үнэлгээ: 600,000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

Иймд С.Т-ын дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баттулга нь "...Шүүгдэгч С.Т нь хохирогч Ц.О-ийн адуунаас 1 тооны гүүг нь хулгайлсан зүйл байхгүй. Уг гүү дааганы хамтаар өөрөө С.Т-ын адуунд гүйж ирж нийлсэн байсныг С.Т бусдад өрөндөө өгсөн асуудал болсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан тул прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь буруу. Иймд шүүх зүйлчлэлийг  өөрчлөн шийдвэрлэх нь зүйтэй..." гэж, улсын яллагч Ч.Алтансүх нь "...Хохирогч Ц.О-ийн 1 тооны гүү нь дааганы хамтаар С.Тгэгч хүний адуунд гүйж очсон нь үнэн. С.Т нь шүүгдэгч С.Т-тай төрөл садангийн холбоотой хэдий ч тус тусдаа адуутай. С.Т нь өөрийн адуунд гүйж ирсэн адууг завшсан асуудал огт байхгүй, харин С.Т-ын адуунд Ц.О-ийн адуу гүйж ирснийг мэдсээр атлаа өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр очиж авч өрөндөө өгсөн нь хулгайлах гэмт хэрэг мөн..." гэж тус тус дүгнэж мэтгэлцсэн ба шүүх улсын яллагчийн дүгнэлт, тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэн болно.

Тодруулбал,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан алдуул мал завших гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан мал хулгайлах гэмт хэргийн шинж болох гэмт этгээд бусдын өмчийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, сэм, хууль бус, идэвхтэй үйлдлээр өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч, захиран зарцуулах эрхтэй болсон байдгаас ялгагддаг.

 

Шүүгдэгч С.Тын тухайд хохирогч Ц.Оийн 1 тооны гүү дааганы хамтаар түүний ихэр С.Тын адуунд гүйж ирснийг мэдсэн бөгөөд, Ц.О, С.Т нарын зөвшөөрөлгүйгээр дээрх 1 тооны гүүг С.Т-ын адуунаас авч, Б.Ц-гээс зээлсэн 450,000 төгрөгийн өрөндөө өгсөн буюу өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусдын өмчийг сэм, хууль бус, идэвхтэй үйлдлээр өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, захиран зарцуулсан байна.

 

Иймд шүүгдэгч С.Т-ыг 2019 оны 5 дугаар сарын сүүлээр Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багийн нутгаас Ц.О-ийн эзэмшлийн хээр зүсмийн гүү буюу 1 тооны малыг хулгайлан авч Ц.О-д 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч  нь “...Шүүгдэгч С.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой...” гэж дүгнэж байгаа хэдий ч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх шууд үндэслэл болохгүй юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил, түүнээс бага хэмжээгээр тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол 5 жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” гэж , 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж тус тус хуульчилсан.

 

Өөрөөр хэлбэл шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлаас гадна гэмт этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай юм.

 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...С.Т-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө буюу нийтэд тустай ажил хийлгэх ял болон хорих ялаас шүүх сонгож оногдуулах боломжтой цаг хугацаанд үйлдэгдсэн. Харин хэргийг шийдвэрлэх үеийн хуулийн зохицуулалт нь сонгох боломжгүй, зөвхөн хорих ял оногдуулахаар байгаа тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой...” гэж дүгнэж байгаа хэдий ч шүүхээс шүүгдэгч С.Т-т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлах шаардлагагүй гэж үзлээ.

 

Учир нь шүүгдэгч С.Т нь 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилсан ба шүүгдэгч С.Т-т урьд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял нь түүнд үр нөлөө үзүүлээгүй байна гэж шүүх үзсэн болно.

 

Иймд шүүхээс шүүгдэгч С.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялаар шийтгэж, түүний гэм буруудаа хандах хандлага, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Т-т ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч С.Т-т хорих ял оногдуулахаар шийдвэрлэж буй учир энэ хэрэгт таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэл оногдуулсан өдрөөс цагдан хорьж, хорих ялын биелэлтийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь хохирогч Ц.О, иргэний нэхэмжлэгч Б.Ц нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байх бөгөөд энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хохирол, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. А овогт С-ийн Т-ыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-т оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Т нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, цагдан хоригдоогүй ба түүнийг энэ өдрөөс цагдан хорьж, хорих ялын биелэлтийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй бөгөөд шүүгдэгчээс гаргуулах хохирол, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН