Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 23

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Нарангэрэлээр хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Хохирогч О.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,

Шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн 2024000000014 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, * төрсөн, 22 настай, эрэгтэй, *, *, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * баг хаягаар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт М-ийн Н /регистрийн дугаар: .../.    

 

Шүүгдэгч М.Н нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 22 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт байрлах Цагдаагийн хэлтсийн байрны гадна талд тухайн өдөр Замын цагдаагийн постод үүрэг гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч О.Д-ийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан албаны авто машинаас буулгах үед түүний зүүн хөлийн шилбэ орчимд 1 удаа өшиглөсөн, Цагдаагийн хэлтсийн гадна хаалганы орчимд мөн зүүн хацар, шанаа хэсэгт нь 4 удаа цохиж хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн,  өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Н нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 22 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт байрлах Цагдаагийн хэлтсийн байрны гадна талд тухайн өдөр Замын цагдаагийн постод үүрэг гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч О.Д-ийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан албаны авто машинаас буулгах үед түүний зүүн хөлийн шилбэ орчимд өшиглөж, Цагдаагийн хэлтсийн гадна хаалганы орчимд мөн зүүн хацар, шанаа хэсэгт нь  удаа дараа цохиж хүч хэрэглэсэн болох нь:

 

-Завхан аймаг дахь “Алтан гадас” одонт цагдаагийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/04 дугаартай: “... О.Д-ийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст цагдаа зохицуулагчаар томилсугай...” гэсэн бичилт бүхий тушаалын хуулбар /ХХ-ийн 16-17 дугаар хуудас/, 

-Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн даргын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Цагдаагийн хэлтсийн жижүүр, замын цагдаагийн пост сум дундын шүүх, эрүүл, эрүүлжүүлэх баривчлах байранд ажиллах алба хаагчдын томилгоо /ХХ-ийн 14 дүгээр хуудас/,

-Хохирогч О.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Мотоцикл замын хөдөлгөөнд оролцож байх үед нь өөрийн хуулиар хүлээсэн үүргийн дагуу зогсоох гэхэд уг тээврийн хэрэгслийн жолооч миний зогсохыг анхааруулсан дохиог биелүүлэлгүй зугтсан. ...Уг жолоочтой хамт М.Н болон өөр нэг иргэн явж байсан. ...М.Н-ыг хэлтсийн байрны гадна талд ирээд зөөвөрлөж ирсэн тээврийн хэрэгслээс буулгах гээд хаалгыг гадна талаас нь онгойлгож өгөхөд миний зүүн хөлийн шилбэ орчимд нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Мөн хэлтсийн байрны үүдний орчимд миний урд талд явж байгаад гэнэт эргэж хараад баруун гараараа миний зүүн хацар, шанаа хэсэгт нэг удаа цохиод, миний энгэрээс заамдсан. Намайг Н-ын гарыг тавиулах гэж оролдох үед Н баруун гараараа миний зүүн хацар, шанаа хэсэгт 3 удаа цохисон. Энэ үед ахлах ахлагч Н.Н ирж салгасан. ...Зүүн хөл шилбэ хэсгээрээ хавдаж, арьс нь шалбарсан, өвчин ихтэй уруул дотор хэсэгтээ язарсан байгаа...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 39-40-р хуудас/,   

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /ХХ-ийн 23-31 дүгээр хуудас/,

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэнбаярын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 000000146 дугаартай: “...О.Д-ийн биед зүүн дунд чөмөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. О.Д-ийн биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. О.Д-ийн биед учирсан гэмтэл нь цаг хугацааны хувьд 2020.04.29-ний өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. О.Д-ийн биед олон тооны гэмтэл тогтоогдсонгүй. Өөр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илэрсэнгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 65 дугаар хуудас/,

-Гэрч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Цагдаагийн хэлтсийн даргын баталсан томилгооны дагуу Замын цагдаагийн постод нэмэгдлээр үүрэг гүйцэтгэж байсан. ...Тухайн үед М.Н-ыг хэлтсийн байрны гадна талд тээврийн хэрэгслээс буулгах үед цагдаа, зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч О.Д-ийн зүүн хөлийн шилбэ орчимд Н нэг удаа хөлөөрөө өшиглөж байгаа нь харагдсан. Мөн хэлтсийн байрны үүдний орчимд Н цагдаа Д-ийн урд талд явж байгаад гэнэт эргэж хараад баруун гараараа О.Д-ийн зүүн хацар шанаа хэсэгт хэд хэдэн удаа цохиод энгэрээс нь заамдсан. Тэр үед би өөрийн дагуулж явсан Н-той хамт явсан хүнийг орхиод Н, Д нар дээр ирж салгасан. Нын зүгээс намайг шаардлага тавих үед би ахлах ахлагчтай юм ярихгүй, харин ганц зураастай хүмүүстэй бол юм ярина гэж хэлж байснаас өөрөөр эсэргүүцсэн үйлдэл гаргаагүй. О.Д-ийн зүүн хөл шилбэ хэсгээрээ хавдаж, арьс нь шалбарсан, мөн уруулын дотор хэсэгт язарсан гэмтэл учирсан байсан. ... О.Д-ийг “чи муу гөлөг минь, лалар минь, май гөлөг минь, пизда, 98 оны гөлөгтэй сууж байсныг чинь мэднэ шүү лалараа, чи төрийн хувцас өмсөхөөрөө тийм байдаг юм уу” гэх мэт ёс бус хэллэгийг хэлж, хэл амаар доромжилсон.” гэх мэдүүлэг /ХХ-ийн 47-49-р хуудас/,  

 -Гэрч Б.Б-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би уг асуудал болох үед Цагдаагийн хэлтсийн байран дотор байсан. Харин уг асуудал болж өнгөрсний дараа О.Д надад “...сая Цагдаагийн хэлтсийн байранд хүргэж ирсэн Н намайг цохисон...” гэж ярьж байсан. О.Д-ийн зүүн хөл шилбэ хэсгээрээ хавдаж, арьс нь шалбарсан, мөн уруулын дотор хэсэгт язарсан гэмтэл учирсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 51-р хуудас/,  

-Гэрч Г.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Нэр хаягийг нь тодруулах зорилгоор Н-ыг Цагдаагийн хэлтсийн байранд хүргэсэн. Гэтэл Цагдаагийн хэлтсийн байрны гадна талд М.Н гэгч нь цагдаа зохицуулагч О.Д-ийн түүнд “нэр хаягийг тодруулах шаардлагатай байх тул хэлтсийн байранд орох хэрэгтэй байна.” гэсэн шаардлагыг биелүүлэлгүй эсэргүүцэж О.Д-ийн биед халдсан. Тухайн үед М.Н-ыг хэлтсийн байрны гадна талд ирээд тээврийн хэрэгслээс буулгах үед цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч О.Д-ийн зүүн хөлийн шилбэ орчимд Н нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Мөн хэлтсийн байрны үүдний орчимд Н О.Д-тэй зууралдан баруун гараараа О.Д-ийн зүүн хацар, шанаа хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Энэ үед би болж байгаа үйл явдлыг албаны үйл ажиллагаанд ашиглагддаг энгэрийн камераар бичлэг хийж баримтжуулж байсан. Н нь тухайн үед О.Д-ийн биед хүч хэрэглэж, цохиж зодсон. О.Д-ийн зүүн хөл шилбэ хэсгээрээ хавдаж, арьс нь шалбарсан, мөн уруулын дотор хэсэгт язарсан гэмтэл учирсан байсан. ...М.Н гэгч нь автомашин дотор явж байхдаа цагдаагийн дэд ахлагч О.Д рүү “чи муу гөлөг минь, лалар минь, май гөлөг минь, пизда, 98 оны гөлөгтэй сууж байсныг чинь мэднэ шүү лалараа, чи төрийн хувцас өмсөхөөрөө тийм байдаг юм уу, чамайг харнаа” гэх мэт ёс бус хэллэгийг хэлж, хэл амаар доромжилж заналхийлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 53-55-р хуудас/,  

-Гэрч Я.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Н бид хоёр тааралдаад архи уусан. Тэгээд Ж- гэдэг залуутай тааралдаад мотоцикл дээр нь гурвуулаа суугаад Улаантолгой багийн нутаг руу явсан. Гэтэл замд цагдаа тааралдсан. ...Цагдаагийн хэлтсийн байр руу авч явсан. Н бид хоёр нэг машинд хамт суучихсан явж байсан. Тухайн үед би нэлээн согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Миний санаж байгаагаар Н машин дотор цагдаа нар руу хэл амаар доромжилж, давшлаад байхаар нь би болиулах гэж оролдож байснаа санаж байна. Тэгээд өөр ямар үйл явдал болсон талаар санахгүй байгаа...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 57-р хуудас/,   

-М.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад холбогдох хэргийг хуулийн дагуу хөнгөн шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 5-8 дугаар хуудас/,

-Шүүгдэгч М.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад холбогдох хэргийг хуулийн дагуу хөнгөн шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд М.Н-ын дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.   

Шүүгдэгч М.Н-т холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул М.Н-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч М.Н-т ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг нь болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогч гомдол, саналгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй байна. 

Иймд прокурорын санал болгосноор хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.  

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэх  нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3,

4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт М-ийн Н-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг тогтоосугай.  

3. Шүүгдэгч М.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

4. Шүүгдэгч М.Н нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх өр төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч М.Н-т анхааруулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН