Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2016/01047

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2016/01047

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймгийн Баян сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хүсэлттэй, Ц.Нарангэрэлийн эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчилгээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрыг төлөөлж эмч, дэслэгч Э.Будмөгүл, эмчлүүлэгч этгээд Ц.Нарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар шүүхэд гаргасан хүсэлтдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч эмч, дэслэгч Э.Будмөгүл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Өвчтөн Ц.Нарангэрэл нь 2016 оны 07  дугаар сарын 08-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Төв аймгийн Баян суман дахь согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар ирсэн. Ц.Нарангэрэл нь хордлого тайлах, эмийн эмчилгээ, дуршил бууруулах, шинж тэмдэг, сэтгэл засал, үгүйсгэл , хөдөлмөр эмчилгээ хийгдсэн эмчилгээний үр дүнд зовиур шаналгаа арилж, засрал авч архи уух дур хүсэлгүй болсон тул  эмчилгээг  хугацаанаас нь өмнө зогсоох хүсэлтэй байна” гэв.

 

Эмчлүүлэгч этгээд Ц.Нарангэрэл нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Миний бие тус байгуулагад 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ирж эмчлүүлээд бие болон сэтгэл санааны хувьд эрүүл болсон. Анх удаагаа эмчилгээ хийлгэж байна. Архины хордлого тайлах, дур дарах, архи зохихгүй болгох эмийн эмчилгээ болон сэтгэл заслын эмчилгээнд хамрагдсан. Эмчилгээ хийлгэх явцдаа их зүйлийг ухаарлаа, цаашид архи уухгүй. Намайг албадан эмчилгээнээс чөлөөлж өгнө үү” гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар эмчлүүлэгч этгээд Ц.Нарангэрэлийн эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчилгээнээс хугацаанаас нь өмнө чөлөөлүүлэх тухай хүсэлтээ шүүхэд гаргажээ.

Эмчлүүлэгч этгээд Ц.Нарангэрэл нь Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 23-ны өдрийн 315 дугаар шийдвэрээр тус газарт захиргааны журмаар албадан эмчлүүлэхээр ирсэн ба 81 хоногийн хугацаанд эмчилгээ хийж, сэтгэл зүйн болон бусад сургалтанд хамруулсны үндсэн дээр түүний архины хордлого тайлагдаж, архи уух дур хүсэл буурч, биеийн байдал сайжирсан болох нь СМДӨАЭАХХГ-ын ажлын хэсгийн 2016 оны 09 сарын 26-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, эмч нарын дүгнэлт, хэргийн оролцогчдын тайлбар зэргээр нотлогдож байх тул Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, хөдөлмөр хийлгэх тухай хуульд заасны дагуу албадан эмчилгээг дуусгавар олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг баримтлан Цэрэннадмидийн Нарангэрэлийн эмчилгээний үр дүнг харгалзан архины албадан эмчилгээг хугацаанаас өмнө дуусгавар болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-т зааснаар эмчлүүлэгч этгээдийн эмчилгээ дууссан талаарх мэдэгдлийг эмчлүүлэгчийн харьяалах нутаг дэвсгэрийн Засаг дарга, цагдаагийн байгууллагад 7 хоногийн дотор хүргүүлэхийг Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт даалгасугай.

4. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, аладан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар эмчлүүлэгч этгээд шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш тус тус 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.МӨНХЦЭЦЭГ