Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 0473

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга _______________,

улсын яллагч А.Тунгалагтуяа,

шүүгдэгч Т.О-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Тунгалагтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.О-холбогдох эрүүгийн 2008 00929  0457 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, ............................ оршин суух хаягтай, урьд

.......................................

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.О-нь 2020 оны 02 дугаар сарын 12-наас 02 дугаар сарын 13-ны шилжих шөнө 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар  хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд явж байхдаа иргэн Ц.Б-“галаа өгчих” гэж хэллээ гэж үл ялих зүйлээр шалтаглан  зодож түүний биед зүүн хацарнаас зулайн орой хүрсэн том хэмжээний зуларсан шарх, хуйхан доорх цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, дээд доод зовхинд цус хуралт, зүүн өгзөгт зулгаралт гэмтлүүдийг үүсгэж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хохирогч Ц.Б- мэдүүлэг /хх15/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гаргасан 2788 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх8-9/, Т.О- яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх23-25/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх30/, ял  шалгах хуудас /хх36/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Т.О- гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Ц.Б-гийн “...2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо гэр хороолол руу явдаг далангийн ойролцоо Г- тааралдаж архи уухаар болж, хүнсний дэлгүүрээс өөрийн мөнгөөрөө 0.75 литрийн “Хараа” архи аваад хувааж ууж дуусаад Г- харилаа гээд яваад өгсөн. Би ганцаараа гэрийнхээ ойролцоо 42 дугаар сургуулийн тэнд очиж гудамжны архи уудаг найзууд болох 5-6 хүнтэй 2 шил 0.75 литрийн Хараа архи уусан. Офицеруудын ордон дээр хүнтэй уулзах байсан боловч уулзах хүн маань ирэхгүй байсан тул, буцаад цэргийн хотхон дээр буусан. Тус дүүргийн 20 дугаар хорооны байрны тэнд явж байхад нэг залуу явж байхаар нь галаа өгч байгаач гэж асуусан чинь, уг залуу шууд урт бүдүүн турба шиг төмрөөр толгойн тус газарт нэг удаа цохьсон. Би туслаарай гээд цаашаа гүйж байтал машин дотор залуучууд сууж байсан, уг залуучуудын нэг нь цагдаа дуудсан. Миний хувьд зодсон зүйл байхгүй. Би зодуулсан өдрөөс хойш Гэмтлийн эмнэлэгт дөрөв хоног хэвтэж эмчлүүлээд гарсан. Намайг зодсон гэх залуугийн нэрийг О- гэдэг юм байна лээ. Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад намайг эргэж ирсэн. Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг  /хх8-9/    

2. Гэрч Д.Б-“...2020 оны 02 дугаар сарын 13-ны шөнө 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргиин цэргийн хотхон 20 дугаар хорооны ойролцоох байрны гадаа жижиг суудлын машинтай хүн буулгачихаад хөдлөх гэж байхад 40 орчим насны архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ажлын шар канттай хувцастай толгойноос нь цус их хэмжээгээр гоожсон, эрэгтэй хүн туслаарай гээд гүйж ирээд машины зүүн талын урд хаалганы хажуу талд ирж зогсоход уг хүний араас бас нэг 25-30 орчим насны архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залуу гүйж ирээд толгойноос нь цус гоожиж байгаа хүнийг барьж аваад зодох гээд байсан. Манай найз Б- бид хоёр машинаас буугаад чи ямар учраас “хүний толгой хагалж байгаа юм бэ” гэж асуухад энэ хүн миний галыг авчихсан юм гэж хэлсэн. Тэгээд уг залуу зугтаах гээд байсан. Миний ........... дугаарын утсаар манай найз Б- түргэн тусламж цагдаа дуудсан. Түргэний машин, цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн машин хоёр зэрэг ирсэн. Түргэний машин толгойноос цус гоожиж байгаа хүнийг аваад явсан. Цагдаагийн машин хүний толгой хагалсан хүнийг аваад явсан.

Хүний толгой хагалдаг залуу ганцаараа явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх26-27/

3. Гэрч Д.Б- “...2020 оны 02 дугаар сарын 13-ны шөнө 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн цэргийн хотхон 20 дугаар хорооны зүүн талд байрлах 5 давхар хуучны цагаан байрны хойд үзүүр дээр жижиг суудлын машинтай хүн буулгаад хөдлөх гэж байхад толгойноосоо цусаа гоожуулсан 40 орчим насны хүн машины хажууд гүйж ирээд туслаарай гээд орилоод байсан. Манай найз Б- бид хоёр буугаад юу болсон талаар асуухад нэг танихгүй залуу намайг зодсон гэж хэлсэн. Удалгүй толгойноос цус гоожиж байгаа хүний араас 20-30 орчим насны хар куртиктэй залуу гүйж ирээд уг толгойноос цус гоожиж байгаа хүнийг зодох гээд дайраад байсан. Манай найз бид хоёр хүн зодох гээд байгаа залуугаас чи ямар учраас хүний толгой хагалж байгаа юм бэ гэж асуухад миний галыг энэ ах авчихсан гэж хэлсэн. Би найз Б-ын утсаар цагдаа, эмнэлэг дуудсан тэр хооронд хүний толгой хагалсан залуу зугтах гээд байсан. Манай найз бид хоёр уг залууд хандаж чи хүний толгой хагалсан учир явахгүй цагдаа ирээд чамайг аваад явна гэж хэлсэн. Удалгүй эмнэлэг, цагдаагийн машинууд ирээд толгойноос цус гоожиж байгаа хүнийг эмнэлгийн машин аваад, харин хүний толгой хагалсан залууг цагдаагийн машин аваад явсан. Толгой хагалдаг залуу их согтуу байсан. Цагдаа ирэхийн өмнө хүний толгой хагалсан залуу ах нараа уучлаарай би толгой хагалсандаа харамсаж байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх30/

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 2632 дугаартай “...Ц.Б-гийн биед зүүн хацарнаас зулайн орой хүрсэн том хэмжээний зуларсан шарх, хуйхан доорх цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, дээд доод зовхинд цус хуралт, зүүн өгзөгт зулгаралт  гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх13-14/

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.О-нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Хэрэгт авагдсан баримт, талуудын мэдүүлгээс хохирогч, шүүгдэгч нар нь урьдны танилууд байх бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 12-наас 02 дугаар сарын 13-ны шилжих шөнө 00 цагийн үед шүүгдэгч Т.О-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Б-гийн “галаа өгчих” гэж хэллээ гэж үл ялих зүйлээр шалтаглан цохиж эрүүл мэндэд нь хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсанг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.  

Шүүгдэгч Т.О- үйлдлийн улмаас хохирогч Ц.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 2632 дугаартай “...зүүн хацарнаас зулайн орой хүрсэн том хэмжээний зуларсан шарх, хуйхан доорх цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, дээд доод зовхинд цус хуралт, зүүн өгзөгт зулгаралт... гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.О-нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдогж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

            Шүүгдэгч Т.О-нь хохирогч Ц.Б- нь эмчилгээний зардалд баримтаар 450.000 төгрөгний хохирол төлсөн байх тул хохирлыг нөхөн төлсөн бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Т.О- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар _________________________ төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан болно.

            Шүүгдэгч Т.О-нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” үндэслэлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан байдал, хүний хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг, дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байдлыг харгалзан үзлээ.

Иймд шүүхээс улсын яллагч эрүүгийн хариуцлагын санал, дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Т.О-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т. О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-900 /есөн зуу/ нэгж буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Ц.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР