| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0401/Э |
| Дугаар | 0475 |
| Огноо | 2020-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Туяана |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 0475
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сарангоо,
улсын яллагч Д.Туяана,
шүүгдэгч Б.Б-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Туяанагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б- холбогдох эрүүгийн 1908 06002 0526 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Проект ватт” ХХК-ны захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан .................оршин суух, урьд
.................................
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б-нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 48/б байрны гараш дотор иргэн М.Ц-“гараш дотор шороо босголоо” гэж хэлсэнээс болж хоорондоо маргалдаж улмаар М.Ц-ын нүүрэн тус газар нь өшиглөж, гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхинд хаван цус хуралт, баруун хацарт хаван, уруулын салстад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хохирогч М.Ц-ын мэдүүлэг /хх22-23, 25/, гэрч Д.Ц-мэдүүлэг /хх31/, гэрч Э.Б-мэдүүлэг /хх33/, шүүхийн шинжилгээнийн үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 13989 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх35/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх16-17/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх15/, шүүгдэгч Б.Б- иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх65/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх68, 73-74, 48-55/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Б.Б- гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч М.Ц-ын “...2019.11.16-ны орой 20 цагийн үед СХД-ийн .......ийн доод граж дотор өөрийн эзэмшлийн автомашинаасаа юм авах гээд байж байтал гражын хаалгаар хар өнгийн тоёото ланд-200 маркийн автомашин шороо манаргаад маш хурдтай орж ирээд зогсоол руу орсон Тухайн автомашины жолоочид хандаж яагаад граж дотор шороо босгож яваад байгаан бэ гэж шаардлага тавьтал өөдөөс яг юу гэж хэлсэнийг санахгүй байна бид 2 хоорондоо маргалдаж эхэлсэн сүүл рүүгээ барилцаж аваад түлхэлцэх үед би унаад өшиглүүлж цохиулсан би босож ирээд зайгаа авч холдоод хэсэг маргалдаад цагдаа дуудсан. ...Нүүр лүү 5 удаа өшиглөөд, гараараа нилээн хэдэн удаа цохисон яг хэд гэдгийг нь мэдэхгүй байна. Бас толгой дээр дэвссэн...” гэх мэдүүлэг /хх22-23, 25/
2. Гэрч Д.Ц-“...СХД-................. байрны 2019 оны 10 дугаар сараас тус байрны грашийн жижүүр хийж байна. 2019 оны 11 дүгээр сарын 16-ны орой 20 цагийн үед гаднаас Ц- машинаа тавих гээд орж ирээд машинаа тавиад гарах үед Б.Б- гаднаас машинтай орж ирсэн. Тэгтэл Ц- “чи граш дотор хурдтай явж тоос босголоо” гэж хэлтэл Б.Б- уурлаад маргалдаад зодолдсон. Тэгээд Ц-ын эхнэрийг дуудсан. Эхнэр нь ирээд цагдаа дуудаад цагдаа ирээд 2 аваад явсан. Нэгнийгээ хаана хэдэн цохисонг бол мэдэхгүй байна. Ямартай ч нилээн удаан зодолдсон...” гэх мэдүүлэг /хх31/
3. Гэрч Э.Б-“...Одоо хэзээ гэдгийг сайн санахгүй байна. Өнгөрсөн оны 11 сарын дундуур санагдаж байна. Тухайн өдөр би гэртээ байж байтал манай байрны грашийн жижүүр эмэгтэй орой 20 цагийн үед залгаад танай нөхөр граш дотор хүнтэй золдолдоод хэрүүл болоод байна гэж хэлэхээр нь би шууд гэрээсээ грашид ороход манай нөхөр Ц- танихгүй махлаг залуутай хэрэлдээд зогсож байсан ба Ц-ын нүүр ам нь цус болчихсон байсан би тэр танихгүй залууд манай нөхөр юм уучихсан байна чи эрүүл байж яагаад зодож байгаа юм уучихсан байна гэхэд би яахаараа зүгээр гарах ёстой юм гээд намайг элдвээр хэлсэн, их овилгогүй зантай залуу байсан. Мөн надтай маргаж байхдаа манай нөхрийг дахиж зодох гээд байсан тэр үед манай хүргэн Б- бас ирчихсэн байсан болохоор зодуулаагүй” гэх мэдүүлэг /хх33/
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дугаар сарын 19-ны өдрийн 13989 тоот шинжээчийн “...М.Ц-ын биед зүүн нүдний зовхинд хаван цус хуралт, баруун хацарт хаван, уруулын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх35/
5. Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх15/
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б-нь гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
Хэрэгт авсан баримтаар шүүгдэгч Б.Б-нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ............ байрны гараш дотор хохирогч М.Ц-той маргалдаж, зодолдсон улмаар хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа цохих, газарт унасан хойно нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б- үйлдлийн улмаас хохирогч М.Ц-ын эрүүл мэндэд “...зүүн нүдний зовхинд хаван цус хуралт, баруун хацарт хаван, уруулын салстад цус хуралт бүхий...” гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дугаар сарын 19-ны өдрийн 13989 дугаартай гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Б- хохирогч М.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...хохирлыг төлсөн...” гэсэн үндэслэлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд гэмт хэрэг гарсан нөхцөл байдал болон дээр дурдсан хөнгөрүүлэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР