Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 0506

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Өсөхбат,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч Л.Б-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ганзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б- холбогдох эрүүгийн 2008 00795 0453 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Буян ухаа цогцолбор сургуулийн биеийн тамирын багш ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, ............. оршин суух, урьд ял шийтгэлгүй,

...........

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Б-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ................тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Н.Э-гэр бүлийн маргааны улмаас маргалдаж улмаар түүний цээж, нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон хүний эрүүл мэндэд “...тархи доргилт, хамар ясны далд хугарал, 22 дугаар шүдний эмтрэл, хамар, баруун шуу, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гарын дунд хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт, дээд уруулын дотор салстад цус хуралт...” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх98-113/, хохирогч Н.Э- мэдүүлэг /хх24-25/, гэрч Ч.Ч-мэдүүлэг /хх27/, гэрч Б.Ж-мэдүүлэг /хх34-35/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2077 дугаартай дүгнэлт /хх41-42/, шүүгдэгч Л.Б- яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх121-122/, шүүгдэгч Л.Б- иргэний үнэмлэхний зурагт лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэхи дэлгэрэнгүй лавлагаа, ажлын газрын тодорхойлолт /хх78, 79, 80, 82, 83, 84/, эрүүгийн хариуцлага хүлээж  байсан эсэхийг шалгах хуудас, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх87, 88-97/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч  Л.Б- гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Н.Э- “...2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ажлын байрандаа байж байхдаа орой 18 цагийн үед нөхрийгөө “ирээд аваач” гэж утсаар хэлтэл ирэхгүй байсаар байгаад орой 21 цагийн үед ирээд намайг авсан, бид замаараа ээжийг гэрт нь хүргэж өгөөд гэртээ ирэхдээ Б-хамаатны дүү Ж- хамтаар гурвуулаа ирсэн, нөхөр намайг авахдаа согтуу байдалтай ирэхээр нь би уур хүрээд машинаа бариад явсан юм. Бид хоёр замдаа хэрэлдсэн, гэрийн гадаа ирээд Ж- гэртээ түрүүлээд орсны дараа би нөхөр Б-тай машиндаа үргэлжлүүлэн хэрэлдэж байгаад гэртээ орсон юм. Гэртээ ороод би хоёр хүүхдээ аваад гарах гэж байснаа одоо хүртэл санахгүй байгаа юм, гэнэт жижиг өрөөнд ухаан орсон “нөхөр хоёр гараараа миний хүзүүг боож байсан, тэгээд би ухаан алдсан байна” гэж бодсон. Босоод иртэл миний нүүр хөндүүртэй болчихсон хамар, амнаас цус гарч байсан, би өөрийнхөө утсаар ээж рүүгээ яриад "намайг нөхөр зодоод байна” гэж залгаж, манай ээж хоёр эгчийн хамт ирээд намайг авч гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд дараа нь сэтгэцийн эмнэлэгт очиж үзүүлээд тайвшруулах эм уугаад тэндээс гарсан...Б- тухайн үед надтай хэрэлдэж байгаад миний нүүрэнд мөргөх шиг болсон тэгээд би ухаан алдаад сэртэл орон дээр миний хүзүүг нэг гараараа боочихсон нөгөө гараараа зүүн шанаа нүүрэнд цохиж байсан санагдаж байна, би тухайн үед шоконд ороод юу болсныг санахгүй байгаад байгаа, намайг зодуулж байхыг Б-дүү Ж- хараад салгах гэж байгаад Б-д цохиулсан байсан...Намайг урьд өмнө цохиж, зодож, гар хүрч байгаагүй ч надад эмчилгээний зардал гэж дансаар 550.000 төгрөгийг шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг/хх24-25/,

2. Гэрч Ч.Ч-“...Намайг гэртээ ороод амрах гээд байж байтал охин Э- өөрийнхөө дугаараас залгаад “...ээжээ намайг З- зодоод байна...” гээд утсаа салгасан, тэгэхээр нь би 102 дугаарт өөрийн .......... дугаараас дуудлага өгчхөөд хоёр эгчид нь хэлээд бид гурав Б-гэрт яваад очиход цагдаа нар ирчихсэн Э-ээс мэдүүлэг авах гэхэд шоконд орсон байдалтай, хамарнаас нь цус гарчихсан, зүүн нүдний зовхи халцарсан байдалтай мэдүүлэг өгөх чадваргүй байсан...Тэр өдөр ямар шалтгаанаар зодсоныг мэдэхгүй байна, урьд өмнө цохиж, зодож байсан удаа байхгүй болохоор санаанд орохгүй байна...” гэх мэдүүлэг /хх27/,

3. Гэрч Б.Ж-“...гэрийн гадаа машинтай ирэх үед би түрүүлээд гэрт нь ороод байж байхад араас ах, эгч хоёр хэрэлдэж, маргалдаад орж ирсэн, Э- эгч “хоёр хүүхдээ авч явна” гээд хувцас, хунарыг нь өмсүүлэх гэтэл ах Б- хориглоод явуулахгүй гэж байгаад жижиг өрөөндөө дагуулж ороод нилээн удаан муудалцаж байгаад сүүлдээ зодоон болж эхэлсэн, тэгэхээр нь би Б- ахын аавын дугаарт залгаад “энэ хоёр зодоон хийгээд эхэллээ” гэж хэлээд хаалганы завсраар хартал орон дээр эгч Э-ийн дээрээс Б- ах гарад суучихсан нүүр лүү нь баруун гараа атгаж байгаад цохиж байхаар нь би явж очоод тэр хоёрыг салгасан чинь Э- эгч босож ирээд “би яачихсан юм бэ” гээд уйлсан чинь Б- ах “битгий баашлаад бай” гээд дахиад нүүрэнд нь гараараа цохиод авахаар нь би дундуур нь ороод салгатал миний нүүрэнд Б- ах гараараа нэг удаа цохичихсон, тэгээд удалгүй Б- ахын аав, ээж нь орж ирээд тэр хоёр зодоон хийх ээ больсон ийм л юм болсон...Урьд өмнө миний дэргэд зодоон, цохион, хэрүүл маргаан хийж байгаагүй, тэр өдөр юунаас болоод хэрүүл, зодоон болсныг мэдэхгүй байна. Жижиг өрөөний хаалганы завсраар хартал орон дээр Э- эгч дээшээ хараад хэвтчихсэн дээрээс нь Б- ах гарч суугаад нүүрэнд нь гараа атгаж байгаад цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх34-35/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2077 дугаартай шинжээчийн “...Н.Э- биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, 22 дугаар шүдний эмтрэл, хамар, баруун шуу, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гарын дунд хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой..." гэх дүгнэлт /хх41-42/,

5. Шүүгдэгч Л.Б- мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Дээрх гэмтлийг би эхнэр Э-ийн цээж, нүүрэнд нь яг хэдэн удаа цохисноо санахгүй байна, гараараа цохиж байхдаа түүнд учруулсан гэмтэл байна. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би эхнэрээсээ уучлалт гуйж бид хоорондоо эвлэрсэн эмчилгээнд нь 550.000 төгрөгийг төлсөн тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх121-122/

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд шүүгдэгч  Л.Б-нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас шүүгдэгч Л.Б-болон хохирогч Н.Э- нар нь 2013 оны гэр бүлээ батлуулж, дундаасаа хоёр хүүхэдтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь гэрлэлтийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримтаас шүүгдэгч Л.Б-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .................. тоотод эхнэр Н.Э- цээж, нүүрэн тус цохиж, зодсон болох нь хохирогчийн “...Б- тухайн үед надтай хэрэлдэж байгаад миний нүүрэнд мөргөх шиг болсон тэгээд би ухаан алдаад сэртэл орон дээр миний хүзүүг нэг гараараа боочихсон нөгөө гараараа зүүн шанаа нүүрэнд цохиж байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг, гэрч  Б.Ж-“...Э- эгч дээшээ хараад хэвтчихсэн дээрээс нь Б- ах гарч суугаад нүүрэнд нь гараа атгаж байгаад цохиж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Л.Б- үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршигийг хүсч үйлдсэн, хууль бус үйлдлийн улмаас хохирогч Н.Э- биед “...тархи доргилт, хамар ясны далд хугарал, 22 дугаар шүдний эмтрэл, хамар, баруун шуу, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гарын дунд хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт, дээд уруулын дотор салстад цус хуралт...” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №2077  дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад  “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заажээ.

Иймд шүүгдэгч Л.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

            Хохирогч Н.Э- нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд 550.000 төгрөг авсан, мөн цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч Л.Б- энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан болно.        

          Шүүгдэгч Л.Б- анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан үндэслэлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг, торгуулийн ял биелүүлэх боломжтой гэснийг харгалзан шүүгдэгч Л.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л. Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б- 700 нэгж буюу 700.000 /долоон зуун мянган/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР