Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 9

 

                                                           А.У-д холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор М.Цэнд-Аюуш,

хохирогч Д.Оюунсүрэн, Ж.Энхтуяа, С.Зоригт, Б.Нямаа,

шүүгдэгч А.У-, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

иргэний хариуцагч Д.Э-гийн өмгөөлөгч А.Сандагдулам,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 578 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Д.Оюунсүрэн, Ж.Энхтуяа, шүүгдэгч А.У-, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.У-д холбогдох эрүүгийн 201301023127 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             А.У- нь 2013 оны 3 дугаар сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд нэр бүхий 23 хохирогчоос “Автомашины дугуй худалдан авч зараад мөнгийг чинь өндөр хүүтэй буцааж өгнө, банкнаас зээл аваад хүүгийнх нь хамт богино хугацаанд эргүүлж өгнө, мөнгийг чинь өсгөж өгнө” гэх мэтээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар 354.395.000 төгрөгийг залилан мэхлэн авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас А.У-н үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.У-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэг болгон өөрчилж, А.У-г бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, А.У-н цагдан хоригдсон 134 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн: 1 хавтас 75 хуудас бүхий аудитын дүгнэлт, “2-т” гэсэн бичигтэй хар өнгийн дэвтэр 42 хуудас, “ХИС 25 жил” гэсэн бичигтэй бор өнгийн дэвтэр 84 хуудас, “2012 он” гэсэн бичигтэй 81 хуудас, “5-т” гэсэн бичигтэй хар өнгийн дэвтэр 198 хуудас, гэрэлтдэг цайвар цэнхэр өнгийн хавтастай дэвтэр 82 нүүр, А4 хэмжээтэй ногоон өнгийн дэвтэр 17 нүүр, “Жаст групп” гэсэн бичигтэй ногоон өнгийн дэвтэр 40 хуудас, гялгар ногоон өнгийн хавтастай 18 хуудас дэвтэр, “10-т” гэсэн бичигтэй цэнхэр өнгийн жижиг дэвтэр, бор өнгийн хавтастай жижиг дэвтэр 40 хуудас, цэнхэр кноптой хавтастай 78 хуудас бүхий дэвтэр зэргийг хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.У-ас нийт 125.865.000 төгрөгийг гаргуулж үүнээс: хохирогч С.Зоригтод 52.000.000 төгрөг, Б.Жаргалсайханд 6.200.000 төгрөг, Ж.Энхтуяад 8.520.000 төгрөг, Д.Оюунсүрэнд 22.500.000 төгрөг, Г.Соёл-Эрдэнэд 2.100.000 төгрөг, Б.Билэгтүвшинд 10.000.000 төгрөг, Б.Отгонтуяад 1.820.000 төгрөг, Р.Тугбаатарт 2.000.000 төгрөг, С.Баяржаргалд буюу С.Халиунд 1.000.000 төгрөг, У.Алтанчимэгт 800.000 төгрөг, Ц.Нарангэрэлд 3.500.000 төгрөг, Н.Эрдэнэсувдад 1.200.000 төгрөг, Т.Ариунзаяад 1.475.000 төгрөг, Л.Дулмаад 1.100.000 төгрөг, Ч.Болортунгалагт 1.200.000 төгрөг, Д.Даваасүрэнд 3.500.000 төгрөг, Б.Нямаад 1.950.000 төгрөг, Б.Даваахүүд 5.000.000 төгрөг, Ц.Оюунгэрэлд 1.000.000 төгрөгийг тус тус олгож, А.У-д цагдан хорих таслан сэргийлэх хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.У- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Би хувиараа бизнес эрхэлж дутагдах гачигдах зүйлгүй, гэр бүлтэйгээ сайхан амьдарч байсан. Одоо өндөр настай, хүнд өвчтэй эхийнхээ хамт амьдарч, түүнийг асран халамжлах болсон. Би хэрэгт холбогдохын өмнө Д.Э- эгчтэй 8 жилийн өмнө гэр бүлийн найзууд болсон. Анх Д.Э- эгч надруу яриад “Дансанд байгаа мөнгөө богино хугацаанд өсгөмөөр байна, хоёулаа зээл гаргая, чамайг би цалинжуулна” гэж санал тавихад нь би “Цалин хэрэггүй ээ, зүгээр танд тусалъя” гэж хэлсэн. 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Д.Э- эгч миний ойр орчмын хамт ажилладаг 14 хүнд 20.000.000 төгрөгийн зээлийг гаргаж эхэлсэн. Би бүтэн 3 жилийн турш зээлийг нь найдвартай шуурхай гаргаж өгсөн ба хүүний мөнгийг авч өгч туслаж байсан. Д.Э- эгч цалин гээд сард 250.000 төгрөг өгч байсан. Д.Э- эгчийг ажилтай завгүй үед нь би өмнөөс нь зээл өгдөг байсан. Зээлийг гаргаж өгөхдөө үндсэн мөнгө болон хүүний мөнгийг төлөх бүртээ Д.Э- эгчид утсаар мэдэгдэж, баримтжуулдаг байсан. Зээлдэгч нарын мөнгийг тухайн үед цаг тухайд нь найдвартай өгч байсан. Сүүлийн саруудад Д.Э- эгч “Мөнгийг эргэлдүүлж байна” гээд мөнгө өгөхгүй удаж, алга болох хооронд би өрөнд орж арга буюу цагдаад хандаж энэ хэрэгт холбогдсон. Би үлдэгдэл хохирлыг Д.Э-гаар төлүүлмээр байна. Учир нь мөрдөн байцаалтын шатанд эдийн засгийн шинжээч болон аудитын газрын дүгнэлтээр “...Д.Э- нь зээлийн эргэлтийн мөнгөнөөс 582.980.000 төгрөгийг ашиг олсон. Харин А.У- нь зээлийн мөнгөнөөс хувьдаа завшсан нь тогтоогдохгүй байна...” гэсэн байхад анхан шатны шүүхээс уг дүгнэлтийг харгалзан үзэлгүй, хэт нэг талыг барьж иргэний хариуцагч Д.Э-г хохирол төлүүлэхгүй болгож, хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Би хэрэгт шалгагдаж байх хугацаандаа ажил хийж авсан цалингаараа бусдад учруулсан хохирлын 50 хувийг төлсөн. Одоо үлдэгдэл 125.865.000 төгрөгийн хохирлыг иргэний хариуцагч Д.Э-гаар төлүүлмээр байна. Хэрэв шүүх бүрэлдэхүүн намайг төлөх ёстой гэж үзвэл би хохирол төлбөрийг бүрэн барагдуулж дуусгахыг амлаж байна. Намайг хоригдож байх хугацаанд миний эхийн эрүүл мэндийн байдал улам хүндэрсэн бөгөөд түүнийг асран халамжлах хүнгүй байна. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж надад хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

            Шүүгдэгч А.У-н өмгөөлөгч Г.Наранбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.У-ас нийт 125.865.000 төгрөгийг гаргуулж нэр бүхий 19 хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хариуцагч Д.Э- хариуцаж нөхөн төлөх хууль зүйн үндэслэлтэй байхад шүүх иргэний хариуцагчаар тогтоосон тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон. Тухайлбал:

1. 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн АГ 14/012 дугаартай “Хүлэгт Хүннү” аудитын дүгнэлтээс үзэхэд “А.У- нь нийт 780.530.000 төгрөгийг Д.Э-д өгсөн, Д.Э- нь нийт 582.530.000 төгрөгийн ашиг олсон байна” гэж /2хх-ийн 86-87/ тооцоолж дүгнэсэн ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 220 тоот дүгнэлтэд “А.У- нь дээрх данснаасаа Д.Э-гийн данс руу нийт 321.014.500 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд бэлнээр 6.350.000 төгрөгийг өгсөн байна” гэж дансаар шилжүүлж авсан нь тогтоогдсон байхад эдгээр байдлыг огт үнэлэхгүйгээр иргэний хариуцагч Д.Э-г чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

2. А.У-н хувьд нэр бүхий хүмүүсээс зээлж авсан мөнгөө өөртөө авч ашигласан, хувьцаа хэрэглэсэн, завшсан байдал байхгүй бөгөөд орж ирсэн бүх мөнгийг бүгдийг нь иргэний хариуцагч Д.Э-д бэлнээр болон дансаар шилжүүлж, олон удаагийн давтамжтайгаар буцаан төлөлт, зээлэнд гаргасан гэх байдлууд нь цаашид даамжирсаар эрсдэлд орсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон болно. Өөрөөр хэлбэл А.У- нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу иргэд хоорондын харилцан тохиролцоо, сайн дурын үндсэн дээр зээлийн гэрээг бичгээр байгуулж, харилцан тохиролцсон мөнгийг нь тодорхой хугацаанд буцаан төлөхөөр баталгаажуулсан байгаа нь хохирогч нарын мөнгийг иргэний журмаар барагдуулах бүрэн боломжтой юм.

Эцэст нь хэлэхэд А.У-н хувьд өөрт оногдох хохирол төлбөрөө боломжоороо барагдуулж байгаагаас гадна, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа хэрэгт холбогдсон, анх өөрөө цагдаагийн байгууллагад хэргээ сайн дураар илчилж очсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, ар гэрт нь өндөр настай эх нь асран тэтгэх хүнгүй байдаг зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнийг хорихоос өөр төрлийн ял шийтгэх эсвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

            Хохирогч Д.Оюунсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие А.У-н ээжийнх нь дүүгийн хүүхэд. Иймээс А.У-д итгээд 2013 оны 8 дугаар сард 28.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн юм. Тухайн үед А.У- нь “Та надад 28.000.000 төгрөг зээлээч, би автомашины дугуй худалдан авч зарж борлуулаад 1 сарын дараа таниас зээлж авсан мөнгөө буцааж төлнө” гэж гуйгаад байсан юм. Мөнгө өгснөөс хойш 7 хоногийн дараа А.У- надаас зээлж авсан мөнгөнөөс 5.500.000 төгрөгийг буцааж төлсөн боловч үлдэгдэл мөнгийг төлөх хугацаа өнгөрсөн. А.У- нь их хэмжээний мөнгийг олон хүнээс авсан асуудлаар шалгагдаж байгааг олж мэдээд би  цагдаагийн хэлтэст өргөдөл бичиж өгсөн. Миний бие А.У-тай уулзаж ямар асуудал болсон талаар тодруулан, зээлсэн мөнгөө буцааж авах талаар хэлэхэд “Би таниас авсан мөнгийг Д.Э- гэдэг хүнд өгчихсөн байгаа, бид танилууд хамтарч ажилладаг, түүнээс мөнгийг чинь аваад танд өгнө” гэж хэлсэн юм. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Д.Э-гийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хорих ялын хэмжээ нь 2-8 жил байхад А.У-д 4 жилийн хорих ял оногдуулсан нь түүний гэм буруу, учруулсан хохирлын хэр хэмжээнд тохироогүй байна. А.У-н мэдүүлгээс үзэхэд тэрээр Д.Э-тай бүлэглэн их хэмжээний мөнгийг хууль бусаар эргэлдүүлж ашиг хонжоо олдог, анхнаасаа хохирогч биднийг залилан мэхлэх санаа зорилго агуулж байсан нь тодорхой байна. Иймд уг хэргийг дахин хэлэлцэж, үнэн зөвөөр шийдвэрлэн хохирогч надад учраад байгаа 22.500.000 төгрөгийг барагдуулж өгөхийг хүсье...” гэв.

            Хохирогч Ж.Энхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие А.У-тай айл хөршийн холбоотой. Би 2013 оны 9 дүгээр сараас хойш өнөөг хүртэл А.У-д итгэж, “Хохирлыг барагдуулна” гэсэн үгэнд нь хууртан хохирсоор ирсэн. Би А.У-д мөнгөө өгсөн боловч тэрээр “Д.Э- гэгчид мөнгөө өгч байсан, би мөн хохирогч” гэж 4 жил ярьж явсан. Тэдний энэхүү залилангийн хэрэгт аудитын дүгнэлт гарсан бөгөөд мөнгийг 2 дансаар оруулж гаргаж байсан нь тогтоогдсон. Иймд дан ганц А.У-ар хохирлыг төлүүлэх бус, Д.Э- гэгчийг эрүүгийн хариуцлагад татан, хохирлыг хамтад нь хариуцуулж өгөхийг хүсье. Одоо миний бие 8.520.000 төгрөгийн авлагатай...” гэв.

            Хохирогч С.Зоригт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би саяхан хүнд хагалгаанд орсон, цаашид дахин орох шаардлагатай байгаа. Анх А.У-д 57.500.000 төгрөг зээлүүлсэнээс өнөөг хүртэл 5.500.000 төгрөгийг эргүүлэн авсан. Одоо 52.000.000 төгрөгийн авлагатай. Хохирлоо яаралтай барагдуулж авах хүсэлтэй байна...” гэв.

            Хохирогч Б.Нямаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би А.У-д 2.000.000 төгрөг зээлүүлсэнээс өнөөг хүртэл 50.000 төгрөгийг эргүүлэн авсан. Одоо үлдэх 1.950.000 төгрөгөө авмаар байна...” гэв.

            Иргэний хариуцагч Д.Э-гийн өмгөөлөгч А.Сандагдулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул давж заалдах гомдлуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Үлдэгдэл төлбөрийг Д.Э-гаар төлүүлнэ гэсэн нь ойлгомжгүй. Учир нь нэр бүхий 23 хохирогчийг А.У- дангаараа залилан мэхлэж хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Д.Э- нэг ч хохирогчоос мөнгө зээлж аваагүй, хэнтэй ч уулзаагүй, хэнийг ч танихгүй, ямар нэгэн өглөг, авлага байхгүй. Аудитын дүгнэлт нь А.У-, Д.Э- нарын хоорондын бичгийн тэмдэглэлд тусгагдсан тооцооны талаарх дүгнэлт болохоос хохирогч нараас авсан 354.395.000 төгрөгийг Д.Э-д шилжүүлээд, Д.Э- түүнээс ашиг олсон гэсэн утгатай дүгнэлт биш юм. Д.Э- өөрт байсан мөнгөө бусдад зээлдүүлсэн нь үнэн боловч хэнийг  ч хохироогоогүй. Хэрэг үйлдэгдсэн буюу тухайн цаг хугацаанд хохирогч нараас авсан мөнгөө А.У- өөрийнхөө өр төлбөрт өгсөн гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын явцад Д.Э- уг хэрэгт холбогдуулан хангалттай шалгасан бөгөөд үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгосон. Харин хэрэг шүүхийн шатанд шилжсэн үед хохирогч нар гомдол гаргаж Д.Э-г иргэний хариуцагчаар татуулсан боловч шүүх түүнийг иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг хийсэн...” гэв.

Прокурор М.Цэнд-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт хийгдвэл зохих бүх ажиллагаа хийгдсэн. Мөрдөн байцаагч хувийн аудитын байгууллага оруулсан байсан. Ингэхдээ санхүүгийн албан ёсны баримтгүй, гар хөтөлгөөтэй, 2 хүний хооронд мөнгө өгч эргэлдүүлж өсгөж байсан гар баримтыг үндэслэн хувийн аудит хийлгэж, аудит хийлгэсэн зардлыг А.У-н хадам ах Энхбат төлсөн байсан. Ингээд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хандаж дахин эдийн засгийн шинжээч томилуулаад дүгнэлт гаргуулсан. Тухайн үед хэргийг шалгах явцад А.У-н ярьсан шиг асуудлууд болоогүй. Иймээс Д.Э-гийн үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгосон. Хэрэг шүүхийн шатанд очсон үед иргэний хариуцагчийн асуудлаас болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 10 жилээс дээш хорих ял оногдуулахаар заасан байдаг. Уг хэргийг 2013 оноос хойш эцэслэн шийдвэрлэлгүй удааширсаар 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш буюу Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль мөрдөгдөж эхлэх үед шүүхэд шилжүүсэн. Анхан шатны шүүх А.У-д холбогдох хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх зарчим, үзэл баримтлалд нийцсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх А.У-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хавтаст хэргийг бүхэлд хянаж, цугларсан нотлох баримтуудыг харьцуулан дүн шинжилгээ хийж судлахад:

А.У- нь 2013 оны 3 дугаар сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд өөрийн танил болон садан төрлийн хүмүүстэй уулзаж “...автомашины дугуй худалдан авч борлуулаад мөнгийг чинь өндөр хүүтэй буцааж өгнө, банкнаас зээл аваад мөнгийг чинь хүүгийнх нь хамт богино хугацаанд эргүүлж өгнө, мөнгийг чинь өсгөж өгнө...” гэх мэтээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар удаа дараа нэр бүхий 23 иргэн буюу Б.Уянга, С.Зоригт, Б.Жаргалсайхан, Ж.Энхтуяа, Д.Оюунсүрэн, Г.Соёл-Эрдэнэ, Б.Билэгтүвшин, Б.Отгонтуяа, Д.Бакай, Р.Тугбаатар, С.Баяржаргал, У.Алтанчимэг, Ц.Нарангэрэл, Н.Эрдэнэсувд, Т.Ариунзаяа, Л.Дулмаа, Ч.Болортунгалаг, Д.Даваасүрэн, Б.Нямаа, Б.Даваахүү, О.Энхбат, Ц.Оюунгэрэл, Н.Уртнасан нараас нийт 354.395.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулах, аман хэлцэл хийх зэргээр халхавчлан бэлэн болон бэлэн бус хэлбэрээр шилжүүлэн авсан болох нь:

- хохирогч Б.Уянгын “...2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр У- ирээд “Контейнер дугуй урагшаа захиалсан чинь мөнгө дутаад байна, 3.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлчих 3.500.000 төгрөг болгоод өгье” гээд гуйгаад байхаар нь түүний “Хас” банкны данс руу 2.500.000 төгрөг шилжүүлээд, бэлнээр 500.000 төгрөг өгсөн. 2013 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр дахин ирээд “Контейнер дугуй одоо ирж байгаа, дахиад мөнгө дутчихлаа, 4.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлчих, сард 500.000 төгрөгийн хүү өгье” гэхээр нь өгсөн. Тэгээд надад 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 1.000.000 төгрөгийг тус тус өгчихөөд алга болсон...” /1хх-ийн 22-23, 2хх-ийн 64, 5хх-ийн 96-97, 7хх-ийн 45/,

- хохирогч С.Зоригтын “...2013 оны 8 дугаар сарын дундуур “Да Хүрээ” зах дээр дугуй зардаг У- ирээд “4.000.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай зээлчих, хүүнд нь 500.000 төгрөг өгье” гэхээр нь зөвшөөрөөд зээлчихсэн. Тэгээд 14 хоногийн дараа хүү гэж 500.000 төгрөг өгөөд, “Надад дахиад 8.000.000 төгрөг зээлчих, сарын дараа 9.000.000 төгрөг болгож өгье” гэхээр нь итгээд зээлүүлсэн. 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр дахин ирээд “20.000.000 төгрөгийг 100 хоногийн хугацаатай зээлчих, 25.000.000 болгож өгье” гэхээр нь би гайгүй мөнгөтэй болчих юм байна гэж бодоод өгөөд явуулсан. 2013 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр дахин ирээд “Хоёулаа нийлж контейнер дугуй аваад ашгаа хуваая, та 24.000.000 төгрөг шилжүүлчих, таны мөнгө багаар бодоход 30.000.000 төгрөг болно” гэж хэлээд гуйгаад байхаар нь би бас л итгээд өгсөн... 20.000.000 төгрөгийн хүү гээд манай эхнэрийн данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн байсан... У- надаас нийт 57.500.000 төгрөг аваад буцааж 5.500.000 төгрөг өгсөн. Одоо түүнээс 52.000.000 төгрөг нэхэмжилж байна...” /1хх-ийн 27-28, 5хх-ийн 98-99, 6хх-ийн 121-122, 7хх-ийн 33-34/,

- хохирогч Б.Жаргалсайханы “...2013 оны 8 дугаар сарын 3-ны өдөр У- ирээд “Манай нөхөрт мөнгө зээлээч” гэхээр нь 1.200.000 төгрөг бэлнээр өгсөн. 2013 оны 10 дугаар сарын 4-ний өдөр “Контейнер дугуй авах гэсэн юм 5.000.000 төгрөг хэрэг болоод байна” гэж уйлан дуугараад байхаар нь нөхөр бид хоёр өрөвдөөд Соёмбо гэх хүнээс 5.000.000 төгрөг зээлээд У-д өгсөн. Нийт 6.200.000 төгрөг өгсөн...” /1хх-ийн 32-33, 2хх-ийн 65, 5хх-ийн 102-103, 7хх-ийн 52/,

- хохирогч Ж.Энхтуяагийн “...У- нь “Дугуй бөөндөж авах гээд мөнгө хэрэг болоод байна” гэж хэлээд 2013 оны 3 дугаар сараас 9 дүгээр хүртэлх хугацаанд надаас нийт 36.950.000 төгрөгийг авсан. Үүнээс дансаар болон бэлнээр 28.330.000 төгрөгийг эргүүлж өгсөн. Ингээд 8.620.000 төгрөг үлдсэн байгаа... 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр над руу 100.000 төгрөг шилжүүлсэн байсан. Одоо үлдэгдэл 8.520.000 төгрөгөө нэхэмжилнэ...” /1хх-ийн 47-48, 2хх-ийн 66, 6хх-ийн 114-117, 7хх-ийн 47-48/,

- хохирогч Д.Оюунсүрэнгийн “...У- нь “...богино хугацаанд, хүүтэй мөнгө зээлээч, дугуй орж ирж байгаа, урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна...” гэх мэтээр хэлж 2013 оны 8 дугаар сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд надаас нийт 28.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Үүнээс 5.500.000 төгрөгийг бэлнээр буцааж өгсөн. Одоо надад 22.500.000 төгрөгийн хохирол учраад байна...” /1хх-ийн 55-56, 2хх-ийн 67, 5хх-ийн 104, 6хх-ийн 119-120, 7хх-ийн 38-39/,

- хохирогч Г.Соёл-Эрдэнийн “...У- нь “Мөнгийг чинь өндөр хүүтэй зээлэнд гаргаад өсгөөд өгье” гэхээр нь 2013 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 3.000.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 2.000.000 төгрөг буюу нийт 5.000.000 төгрөгийг түүнд өгсөн. Үүнээс 2013 оны 9 дүгээр сарын 5, 16-ны өдөр тус тус 700.000 төгрөгийг, 2013 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 1.000.000 төгрөгийг буцааж авсан... мөн сүүлд 500.000 төгрөгийг өгсөн. Одоо би У-ас 2.100.000 төгрөгийг нэхэмжилж байна...” /1хх-ийн 59-60, 2хх-ийн 68, 5хх-ийн 107-109/,

- хохирогч Б.Билэгтүвшингийн “...2013 оны 10 дугаар сарын 5-ны өдөр У- ирээд “Дугуй авах гэсэн чинь мөнгөгүй болчихлоо, 5.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлчих, би удлаа гэхэд 15 хоногийн дотор буцааж өгнө” гээд гуйгаад байхаар нь зээлийн гэрээ байгуулж өгсөн. 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр дахин “Манай найз хүүхэнд яаралтай мөнгө хэрэг болчихлоо, 5.000.000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай, 20 хувийн хүүтэй зээлчих” гээд гуйгаад байхаар нь гайгүй өндөр хүүтэй юм байна гэж бодоод зээлийн гэрээ байгуулж өгсөн...” /1хх-ийн 64-65, 5хх-ийн 110-111/,

- хохирогч Б.Отгонтуяагийн “...У- нь “Би Контейнер дугуй оруулж ирж байгаа, 2.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлчих” гээд шалаад байхаар нь 2013 оны 10 дугаар сарын 8-ны өдөр зээлийн гэрээ байгуулаад бэлнээр өгсөн...” /1хх-ийн 68-69, 5хх-ийн 112-113/,

- хохирогч Д.Бакайн “...2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр У- нь “Банкнаас зээл хөөцөлдөж байгаа, та 300.000 төгрөг өгчих, 4 хоногийн дараа 350.000 төгрөг болгож өгье” гэхээр нь итгээд зээлүүлсэн. Ингээд 2016 оны 2 дугаар сард 300.000 төгрөгөө буцааж авсан...” /1хх-ийн 71-72, 5хх-ийн 114/,

- хохирогч Р.Тугбаатарын “...2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр У- ирээд “Гааль дээр контейнертэй дугуй ирчихээд мөнгө дутаад байна, 2.000.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай зээлчих, 2.400.000 төгрөг болгож өгье” гээд гуйгаад байхаар нь зөвшөөрөөд өгсөн. Түүнээс хойш 3-4 хоногийн дараа дахин ирээд “5.000.000 төгрөг зээлчих” гэхээр нь би өгөөгүй...” /1хх-ийн 74-75/,

- хохирогч С.Баяржаргалын “...2013 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр У- ирээд “Банкны зээл хаах гэсэн юм 1.000.000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай зээлчих” гэж хэлээд аваад явсан. Ингээд мөнгө авснаасаа хойш сураггүй алга болсон...” /1хх-ийн 77-78/,

- хохирогч У.Алтанчимэгийн “...2013 оны 4 дүгээр сард У- ирээд “Дугуй ирж байна, яаралтай мөнгө хэрэгтэй, 1.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 200.000 төгрөгийн хүүтэй зээлчих” гэхээр нь би зээлүүлсэн. У- зээлсэн үндсэн мөнгөө өгөхгүй 2013 оны 5, 6 дугаар саруудад хүү болох 200.000 төгрөгийг өгсөн. 2013 оны 7 дугаар сард “Дахин мөнгө хэрэг болоод байна” гээд 1.000.000 төгрөг зээлж аваад 2013 оны 7, 8 дугаар саруудад 400.000 төгрөгийн хүү өгөөд түүнээс хойш мөнгө өгөөгүй. Хүүнд нийт 1.200.000 төгрөг авсан...” /1хх-ийн 81-82, 2хх-ийн 69, 5хх-ийн 117-118/,

- хохирогч Ц.Нарангэрэлийн “...2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр У- ирээд “4.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлчих” гээд гуйгаад байхаар нь би зээлүүлсэн. Энэ мөнгөө 1 сарын дараа 4.500.000 болгож өгсөн. Дараа нь 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдөр дахин ирээд “Дугуй авах гэсэн юм, 4.000.000 төгрөг зээлчих” гээд гуйгаад байхаар нь итгээд зээлүүлсэн. Энэ мөнгөнөөс 1 төгрөг ч эргүүлж аваагүй...” /1хх-ийн 85-86, 2хх-ийн 70, 5хх-ийн 119-120/,

- хохирогч Н.Эрдэнэсувдын “...2013 оны 7 дугаар сард У- надаас 1.000.000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлж аваад хүүнд нь 200.000 төгрөг өгсөн. Тэрээр дахин “2.000.000 төгрөг зээлчих” гэхээр нь би итгээд зээлүүлсэн. Үүнээс хойш У- надад 500.000 төгрөгөөр 2 удаа, 600.000 төгрөгөөр 1 удаа өгсөн. Одоо би хүү бодохгүйгээр 1.200.000 төгрөг авах ёстой...” /1хх-ийн 89-90, 5хх-ийн 122-123/,

- хохирогч Т.Ариунзаяагийн “...2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр У- ирээд “Дугуй авах гэсэн юм 2.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлчих” гэхээр нь зээлийн гэрээ байгуулаад өгсөн. Дараа нь 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дахин “Дугуй буух гээд мөнгө хэрэг болоод байна, 1.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлчих” гэхээр нь зээлийн гэрээ байгуулаад өгсөн... У-д нийт 3.000.000 төгрөг өгснөөс 1.825.000 төгрөгийг буцааж авсан. Үлдэгдэл 1.175.000 төгрөг дээрээ зээлийн хүү болох 300.000 төгрөгийг нэмж 1.475.000 төгрөгийг нэхэмжилнэ...” /1хх-ийн 94-95, 2хх-ийн 72, 5хх-ийн 124-126, 7хх-ийн 43-44/,

- хохирогч Л.Дулмаагийн “...2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр би У-д 2.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. У- 12 хоногийн турш өдөр бүр 75.000 төгрөг буюу нийт 900.000 төгрөгийг өгсөн. Би У-ас хүү тооцохгүйгээр 1.100.000 төгрөгийг нэхэмжилж байна...” /1хх-ийн 98-99/,

- хохирогч Ч.Болортунгалагийн “...2013 оны 6 дугаар сарын 30-ны өдөр У- ирээд “Дугуй авах гэсэн юм, 2.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлчих” гээд гуйхаар нь зах дээр контейнертэй дугуй зараад байдаг юм чинь найдвартай байх гэж бодоод зээлийн гэрээ байгуулаад өгсөн. Үүнээс хойш 2013 оны 7 дугаар сарын 10, 20-ны өдрүүдэд тус тус 400.000 төгрөгийг өгөөд дахиж мөнгө өгөөгүй. У-ас нийт 800.000 төгрөгийг буцааж авсан. Одоо үлдэгдэл мөнгөө нэхэмжилж байна...” /1хх-ийн 101-102, 2хх-ийн 73/,

- хохирогч Д.Даваасүрэнгийн “...2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр У- ирээд “Дугуй худалдаж авах гэсэн юм, яаралтай 4.000.000 төгрөг зээлчих, 7 хоногийн дотор буцаагаад өгье” гэхээр нь би итгээд өгсөн... 10 гаруй хоногийн дараа 500.000 төгрөг өгөөд дахиж мөнгө өгөлгүй алга болсон. Одоо 3.500.000 төгрөг нэхэмжилж байна...” /1хх-ийн 110-111, 2хх-ийн 75, 5хх-ийн 127-128/,

- хохирогч Б.Нямаагийн “...2013 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр У- надтай уулзаад “Банкны зээл хаах гэсэн юм, 2.000.000 төгрөг зээлчих, 14 хоногийн дараа 2.500.000 төгрөг болгож өгье” гэхээр нь зээлийн гэрээ байгуулаад өгсөн. У- мөнгө зээлснээс хойш дахиж надтай уулзаагүй. Миний итгэлийг эвдэж, намайг залилсан явдалд маш их гомдолтой байна...” /1хх-ийн 115-116, 5хх-ийн 129-130/,

- хохирогч Б.Даваахүүгийн “...2013 оны 10 дугаар сарын 3-ны өдөр У- надтай уулзаад “Дугуй авах гэсэн юм, 5.000.000 төгрөг зээлээч, 20 хоногийн дотор 6.000.000 төгрөг болгож өгье” гэхээр нь зээлийн гэрээ байгуулаад өгсөн. Тэрээр өнөөдрийг хүртэл 1 төгрөг ч эргүүлж өгөөгүй...” /1хх-ийн 119-120, 5хх-ийн 131-133, 7хх-ийн 46/,

- хохирогч О.Энхбатын “...У-н нөхөр Батболд бид хоёр төрсөн эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм... 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдөр би байраа барьцаалаад “Хас” банкнаас 50.000.000 төгрөгийн бизнесийн зээл авсан юм. 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр У- над руу яриад “Хүмүүст зээл гаргаж, таны мөнгийг өсгөж өгье” гэсэн... тухайн үед У- “Батболд болон миний эгчид битгий хэлээрэй, энэ та бид хоёрын бизнес шүү Батболд мэдчих юм бол архи уугаад мөнгө нэхээд унана” гэж хэлсэн. Ингээд 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс хойш нийт 50.000.000 төгрөгийг цувуулж өгч дуусахад У- “Мөнгө” гээд дахин дахин яриад байхаар нь би хамт ажилладаг Цэгмэд, Төгсжаргал, Баяраа, Байгальмаа нараас хүүтэй мөнгө зээлж аваад У-д өгсөн... Энэ хугацаанд У- надад мөнгө өгөөд буцааж аваад л явдаг байсан... нийт 166.795.000 төгрөг шилжүүлснээс 117.815.000 төгрөгийг буцааж авсан... Одоо үлдэх 48.980.000 төгрөгөө нэхэмжилж байна...” /1хх-ийн 129-130, 2хх-ийн 76, 213-227, 5хх-ийн 136-147, 7хх-ийн 49-51/,

- хохирогч Ц.Оюунгэрэлийн “...2013 оны 8 дугаар сард У- ирээд “Мөнгөний хэрэг болоод байна, та мөнгө зээлээч” гэхээр нь би 1.500.000 төгрөг л байна гэсэн чинь “Тэгвэл наад мөнгөө 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлчих” гэж хэлээд авсан. Тэгээд сарын дараа 500.000 төгрөгийг хүү болох 150.000 төгрөгийн хамт өгсөн. Түүнээс хойш мөнгө өгөөгүй...” /2хх-ийн 79-80/,

- хохирогч Н.Уртнасангийн “...2013 оны 8 дугаар сард би У-д 250.000 төгрөгийн өртэй байж байгаад У- надаас 300.000 төгрөг зээлж авахаар нь би “Чи өрөндөө 250.000 төгрөгийг нь суутгаад авчих, дараа нь 50.000 төгрөгөө өгчих” гэж хэлээд орхисон. Дараа нь 2013 оны 8 дугаар сарын 11-ний өдөр надаас 100.000 төгрөг зээлж аваад буцааж өгөлгүй алга болчихсон. Одоо У-ас 150.000 төгрөг нэхэмжилж байна...” /2хх-83-84/ гэсэн мэдүүлгүүд,

дээрх нэр бүхий 23 хохирогчоос мөнгө авсан болохоо хүлээн мэдүүлсэн А.У-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /7хх-ийн 58-65, 8хх-ийн 115/, мөн гэрч Ч.Эрдэнэцэцэгийн /1хх-ийн 142-144/, Э.Батболдын /1хх-ийн 132-134, 137/, Х.Баярмаагийн /1хх-ийн 147-148/, Д.Туяацэцэгийн /5хх-ийн 116, 7хх-ийн 40-41/, С.Халиуны /7хх-ийн 42/ мэдүүлгүүд,

 А.У- нь хохирогч С.Зоригт, Д.Оюунсүрэн, Б.Билэгтүвшин, Б.Отгонтуяа, Т.Ариунзаяа, Б.Нямаа, Б.Даваахүү нартай тус тус байгуулсан гэх зээлийн гэрээний хуулбарууд /1хх-ийн 25, 52-54, 62-63, 67, 92-93, 113, 118/, хохирогч О.Энхбат нь иргэн Н.Төгсжаргал, Н.Цэгмэд, Н.Баяраа, С.Байгалмаа нартай тус тус байгуулсан зээлийн гэрээний хуулбарууд /1хх-ийн 123-126/, үл хөдлөх хөрөнгийн барьцаат зээлийн эргэн төлөлтийн хуваарь /1хх-ийн 127-128/, хохирогч Ж.Энхтуяагийн “Хаан” банкны ************** дугаартай, О.Энхбатын “Хаан” банкны ****************** дугаартай, “Хас” банкны **************** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд /1хх-ийн 36-45, 2хх-ийн 213-221/, О.Энхбатаас А.У-н “Хаан” банкны *************** дугаартай данс руу мөнгөн гүйлгээ хийсэн баримтууд /2хх-ийн 222-227/, А.У-н Төрийн банкны **************** дугаартай, “Голомт” банкны ***************** дугаартай, “Хас” банкны ***************** дугаартай, “Хаан” банкны ****************** дугаартай депозит дансны хуулгууд /1хх-ийн 233-234, 236, 2хх-ийн 96-120, 6хх-ийн 14-25, 31-32, 36-41/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулжээ.

Дурдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан, анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Шүүгдэгч А.У- нь өөрийгөө гадаад улсаас автомашины дугуй оруулж ирж байнга худалдаалдаг, тогтмол орлоготой мэтээр бусдад ойлгуулж, “Удахгүй контейнер дугуй ирнэ, банкнаас зээл хөөцөлдөж байгаа, богино хугацаанд мөнгийг чинь өсгөж өгнө” гэх мэтээр хэлсэн зүйл нь бодитойгоор хэрэгжээгүй, хэрэгжих үндэслэлгүй, энэ нь бодитой бус байх бөгөөд тэрээр өндөр хүү амлах, зээлийн гэрээ байгуулах зэргээр итгэл үнэмшил төрүүлж, хуурч мэхлэх аргаар, энэ аргаа олон хохирогчид хэрэглэж бусдын мөнгийг нь авч, богино хугацаанд тухайлбал 2013 оны 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар саруудад үргэлжлүүлэн бусдад онц их хэмжээний хохирол учруулсан байна.

Хохирогч нарын хохирсон байдлын талаарх мэдүүлгүүд нэгэн адил утга бүхий байх бөгөөд А.У-н үйлдлийг шууд санаа, шунахайн зорилготой гэмт үйлдэл гэж үзэх үндэслэлтэйн гадна, тэрээр бусдад учруулсан хохирлыг дангаар хариуцан арилгавал зохих бөгөөд өөр бусад этгээдийг хамтран хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Иймээс шүүгдэгч А.У-, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар болон хохирогч Д.Оюунсүрэн, Ж.Энхтуяа нарын “...үлдэгдэл хохирол төлбөрийг Д.Э-гаар хамтран хариуцуулж, нөхөн төлүүлэхийг...” хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүгдэгч А.У-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрджээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна”, 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доод дурдсанаар ойлгоно”, 4.1-д “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг”, 4.2-т “үлэмж хэмжээний хохирол гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг”, 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж энэ хуульд заасан хохирлын хэмжээг тодорхойлсон тул шүүгдэгч А.У- нь дээрх гэмт хэргийн улмаас бусдад 354.395.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж үзэх нь хуульд нийцнэ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас А.У-г бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “онц их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Харин Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад залилах гэмт хэргийг “их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинжид тогтоон хуульчилсан байх бөгөөд А.У-н гэмт үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжтэй тохирсон байна гэж үзлээ.

Иймээс шүүгдэгч А.У-г бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авснаас бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хувийн байдлыг харгалзан хорих ялын хэмжээг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн тогтоож, хорих ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “нээлттэй” хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа Эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй нөхцлийн бүрдэл, ял шийтгэлийн төрөл, агуулга, хэмжээнд орж буй өөрчлөлтийг ойлгохоос гадна, хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн буюу “онц их хэмжээний хохирол учирсан” бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Харин Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар залилах гэмт хэргийг “их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ. Үүнээс үзэхэд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар ял шийтгэлийн төрөл хэмжээ нь хөнгөрсөн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.У-н эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн бөгөөд олон улсын гэрээ конвенцид харшлаагүй болно.

Иймээс шүүгдэгч А.У- болон түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын “...хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.   

Харин анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч А.У-ас гаргуулан хохирогч нарт олгохоор шийдвэрлэхдээ анхаарч үзэлгүй орхигдуулсан, тооцооны алдаа гаргасан дараах асуудлууд байна.

Тухайлбал шийтгэх тогтоолд хохирогч Б.Уянгад учирсан 5.000.000 төгрөгийн хохирлын асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсны гадна, хохирогч Р.Тугбаатар нь мөрдөн байцаалтын явцад буюу 2015 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр нас барж, түүний хууль ёсны төлөөлөгч /эхнэр/ Д.Туяацэцэгийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байхад Р.Тугбаатарт 2.000.000 төгрөгийг, хохирогч Ц.Оюунгэрэл нь 1.500.000 төгрөг зээлүүлснээс үндсэн зээлд 500.000 төгрөг, зээлийн хүүнд 150.000 төгрөгийг хүлээн авсан болохоо мэдүүлсэн байхад түүнд 1.000.000 төгрөгийг, хохирогч Т.Ариунзаяа нь зээлийн хүүнд 300.000 төгрөг нэхэмжилснийг хохиролд оруулан тооцож түүнд 1.475.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Эдгээр асуудлыг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзэн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад хохирогч “Р.Тугбаатарт” олгохоор заасан 2.000.000 төгрөгийг түүний хууль ёсны төлөөлөгч Д.Туяацэцэгт олгож, хохирогч Ц.Оюунгэрэлд олгохоор заасан “1.000.000” төгрөгийг “850.000” төгрөг болгож, хохирогч Т.Ариунзаяад олгохоор заасан “1.475.000” төгрөгийг “1.175.000” төгрөг болгож тус тус зөвтгөн, хохирогч Б.Уянгад учирсан 5.000.000 төгрөгийн хохирлыг бусад нэр бүхий 18 хохирогчид төлөгдөөгүй үлдсэн 126.415.000 төгрөгийн хохиролтой нэгтгэн тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг нийт 131.415.000 төгрөгөөр тогтоон, уг мөнгийг шүүгдэгч А.У-ас гаргуулан нэр бүхий 19 хохирогч нарт олгохоор зохих өөрчлөлтийг оруулж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээв.