Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 13

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                      баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                                                                                                               

                                                                                    Хэргийн индекс: 159/2018/0013/З

            Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би нэхэмжлэгч Ч.Төгсбаярын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн Орхон сумын засаг дарга Г.Бат-Орхоны 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/55 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ч.Төгсбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга Г.Бат-Орхон нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/55 дугаар захирамжийг гаргаж Ч.Төгсбаяр миний нэр дээр Орхон сумын Шийр гэх газар төмс хүнсний ногооны зориулалттай олгогдсон хуулийн дагуу эзэмшиж байсан 3.5 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байх ба уг захирамжийг хууль бус захирамж гаргасан байна гэж үзэн хүчингүй болгуулж, зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар миний бие энэхүү нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж байна.

            Орхон сумын Засаг дарга Г.Бат-Орхон нь уг маргаан бүхий захирамжийг гаргах болсон үндэслэлдээ: “Монгол улсын Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн...” гэжээ.

            Гэтэл газар эзэмшигч Ч.Төгсбаяр миний бие нь Монгол улсын Газрын тухай хуулийн 40.1.6 дахь хэсэгт заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх тийм нөхцөл байдлыг үүсгээгүй. Учир нь уг газрыг миний бие нь 2009 онд эзэмших болсноос хойш өнөөдрийг хүртэл хуульд заасан журам, гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж ирсан бөгөөд 2017 оны хавар 04 дүгээр сард газраа хагалан уринш хийсэн. Ингээд 5 сард төмс тарих гээд бэлтгэлээ хангаж байхад уг газрын хууль ёсны эзэмшигч надад мэдэгдэлгүйгээр 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр А/55 дугаар захирамжийг гаргаж миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Ингэж төмс хүнсний ногоо тариалж, газраа хагалж, уринш хийж зориулалтын дагуу эзэмшиж ашигласаар байхад засаг дарга нь буруу шийдвэр гаргаж, миний газар эзэмших эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн шийдвэр гаргажээ. Түүнчлэн миний бие Монгол улсын Газрын тухай хуулийн 7.1 дэх хэсэгт заасан заалтын дагуу газрын төлбөрийг тогтмол төлж хамгийн сүүлд 2017 онд газрын төлбөрөө төлсөн.

            Мөн сумын засаг дарга нь уг маргаан бүхий захирамжийг гаргахдаа хууль ёсны дагуу газар эзэмшигч надаас албан ёсоор зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байгаа талаар тайлбар авч бүрэн тодруулах боломжтой байсаар байхад тайлбар аваагүй, мөн хүчингүй болгосныг Монгол улсын Газрын тухай хуулийн 40.2-т заасны дагуу мэдэгдэх үүрэгтэй байтал ийнхүү мэдэгдээгүй зэрэг байдлаар хууль зөрчсөн байх ба 2018 оны 05 дугаар сарын 02-нд би энэ талаар мэдэж, 2018  оны 05 дугаар сарын 04-ний өдөр өөрийн биеэр очиж захирамжийн хуулбарыг авсан болно.

            Ийнхүү Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг бий болгосон нөхцөл байдлыг гаргаагүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг минь хүчингүй болгож шийдвэрлэн захирамж гаргасан нь хууль бус гэж үзэж байна.

            Иймд Сэлэнгэ аймгийн Орхон сумын засаг дарга Г.Бат-Орхоны 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/55 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж, хууль ёсны эрх ашиг сонирхлыг минь хуулийн хүрээнд хамгаалж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Ч.Төгсбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Сэлэнгэ аймгийн Орхон сумын иргэн Ч.Төгсбаяр би “Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга Г.Бат-Орхоны 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/55 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий  нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан билээ.

            Дээрх шаардлага бүхий нэхэмжлэлээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ч.Төгсбаяр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч Ч.Төгсбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж энэ тухайгаа бичгээр илэрхийлсэн байна. Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, иргэн Ч.Төгсбаярын нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан иргэн Ч.Төгсбаярын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн Орхон сумын засаг дарга Г.Бат-Орхоны 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/55 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Л.ОДБААТАР