Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2021/0663

 

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2021/0663

Улаанбаатар хот

 

 

 

                                                             Д.Б-ын гомдолтой              

                                                 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, Г.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 638 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Д.Б-ын гомдолтой, Баянзүрх дүүргийн Санхүү, бүртгэлийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ө-т холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 638 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Санхүү бүртгэлийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1452756 дугаар шийтгэлийн хуудсыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т давж заалдах гомдолдоо: “Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т би 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээсний дагуу доорх гомдлыг гаргаж байна.

1. Шүүхийн нэхэмжлэгч, хариуцагч нарын байр суурийг тодорхойлохдоо шүүх хурал дээр хэлэлцэгдсэн бүх асуудлыг тусгаж өгөөгүй байна. Мөн шүүхээс шийтгэлийн хуудас гаргахдаа хууль зөрчсөн, хуульд заасан журмыг баримтлаагүй гэж дүгнэсэн байж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээгүйд гомдолтой байна.

2. Шүүхийн шийдвэрийн 7, 8 дахь нүүрэнд Д.Б-ын эрхийг хэрхэн зөрчсөн, улсын байцаагчийн эрхгүй этгээд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч баримтууд зөрүүтэй, нотлох баримтын шаардлага хангахгүй, зөрчил оногдуулах үндэслэл болгосон баримтуудын талаар огт дүгнэлт өгөөгүй нь буруу.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “Сангийн яамны үүргийг биелүүлсэн, Санхүү төрийн хэлтсээс үүрэг даалгавар болгож явуулсан, нотлох шаардлага байхгүй” гэж тайлбарлаж байсан ба энэ нь улсын байцаагч Ц.Ө-ын шийтгэлийн хуудас илт хууль зөрчсөн нь ямар ч эргэлзээгүйгээр хүчингүй болгож, бусдын эрхийг хамгаалах шийдвэр гаргаж болохоор байв.

Шүүхээс хэн дуртай нь хууль, дүрэм, журмаа баримтлахгүй албан үүрэг биелүүлэх хэлбэрээр төрийн байгууллагын эрх, үүргээр Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх хуулийг зөрчин ажиллагаа явуулсныг өөгшүүлэн дэмжиж байгаа юм шиг ойлгомжгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Шүүх нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, эрхийг нь хамгаалах ёстой байсан гэж үзэж байна.

3. Шүүхийн шийдвэрийн 8, 9 дэх нүүрэнд шүүхээс хэн нэг талыг барьсан, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, хариуцагчид хууль бус давуу байдал олгосон үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Дээрх хэсгийн бичиглэлийг уншихад “Зөрчлийн хэргийг шийдсэн алдаа чинь жижиг зүйл биш учир шүүх шууд зөвтгөж болохгүй байгаа тул хууль зөрчсөн үйлдлээ зөвтгөөд шийтгэл оногдуулсан нь зүйд нийцнэ. Зөрчил гаргагчийг явж очихыг даалгаад 2 сарын хугацаанд шийд гэж хууль зөрчигчид боломж гарган өгсөн” гэж ойлгогдохоор байна.

Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд 2 сарын хугацаа өгч хэрэгт нэмэлт ажиллагаа хийх буюу зөрчил шалгах хугацааны зохицуулалт байхгүй тул хуулийг буруу хэрэглэж нэг талыг барьсан гэж үзэхээс өөр арга алга.

4. Шүүх хуралд өөр ажилд шилжин очсон Ц.Ө-ыг гэрчээр дуудаад хариуцагчийн байр сууриас шүүх оролцуулж тайлбар хийлгэж хэргийг шийдвэрлэсэн нь процесс зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 0638 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гомдол гаргагчаас “... хариуцагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, надад хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй, тайлбар, баримт аваагүй” гэж тайлбарлан маргаж, “Баянзүрх дүүргийн Санхүү бүртгэлийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ө-ын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1452756 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг гаргасан.

Маргаан бүхий 1452756 дугаартай шийтгэлийн хуудсаар Д.Б-д “сонгуулийн зардлын явцын тайлан ирүүлээгүй” гэх зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27-д заасны дагуу 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. 

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримт, хэрэгт авагдсан баримтуудыг нягталж харьцуулалгүйгээр “...хариуцагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохих журмаар явуулаагүй тул маргааны үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй, ... нөхцөл байдлын талаар нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэх дүгнэлтийг хийж хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 2 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу. 

Учир нь Үндэсний аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/774 дүгээр албан бичигт “... Д.Б нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 ь-т заасны дагуу сонгуулийн зардлын явцын тайлан ирүүлээгүй, 57 дугаар зүйлийн 57.3-т заасны дагуу Үндэсний аудитын газарт сонгуулийн зардлын тайлангаа ирүүлсэн байна” гэсэн, Монгол Улсын ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2880 дугаар албан бичигт “... сонгуулийн зардлын дансны явцын тайлан ирүүлээгүй 114 нэр дэвшигч байна, ... Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27-д заасан зөрчилд зохих хариуцлага хүлээлгэж, хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу ирүүлнэ үү” гэсэн, уг албан бичгийн хавсралтад Д.Б-ын нэр багтсан, Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7/6746 дугаар албан бичигт “... нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах, улсын байцаагчийн эрхтэй албан тушаалтнуудад холбогдох нам, эвсэл, нэр дэвшигч нарт арга хэмжээ авч холбогдох шийдвэрийг ирүүлэхийг мэдэгдсэн”, Үндэсний аудитын газрын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 04/1527 дугаар албан бичигт “... нэр дэвшигчдээс ирүүлсэн тайланг бүртгэсэн бүртгэлд Д.Б гэх иргэний тайлан байхгүй” гэсэн, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шүүхийн бичиг хэргийн үзлэгийн тэмдэглэлд “... нэр бүхий 1944 иргэн дунд Д.Б-ын явцын тайланг хайн үзэхэд байхгүй байна, ... зөвхөн тухайн явцын тайлант этгээдийн нэрээр буюу Д.Б гэж бүртгэгдэнэ гэв” гэсэн, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлд “... явцын тайлан гаргах үед зөрчил үүссэн, тайлангаа хугацаа хоцроож цахимаар илгээсэн, ... явцын тайлангаа хоцроож өгсөн нь миний буруу” гэх зэргээр мэдүүлсэн байна.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлд сонгуулийн тайлангийн хяналт ба нээлттэй, ил тод байдлыг хуульчилж, 58.2Төрийн аудитын дээд байгууллага сонгуулийн зардлын тайлангийн талаар хэрэгжүүлэх  эрх, үүргийг тусгайлан заасан. Уг хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д “Нам, эвсэл, нэр дэвшигчийн авсан хандив, санхүүжилт, зарцуулалтад дангаараа болон төрийн бусад байгууллагатай хамтран хяналт тавих”, 58.2.3-д “Сонгуулийн санхүүжилт, түүний зарцуулалтад гарсан зөрчлийн талаар баримт бичиг үйлдэх, бүрдүүлэх, холбогдох байгууллагад хүргүүлэх” гэж тус тус зааснаар Үндэсний аудитын газар өөрийн бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийж, сонгуулийн зардлын дансны явцын тайланг ирүүлээгүй нэр дэвшигчдийг тогтоон эрх бүхий албан тушаалтанд шилжүүлжээ.  

Дээрхээс дүгнэвэл  гомдол гаргагч нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27-д Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 20,000,00 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор тайлбар, мэдүүлэг, нотлох баримт гаргах эрхтэй бөгөөд хэрэгт гомдол гаргагчийн сонгуулийн зардлын тайлан /сонгуулийн зардлын эцсийн тайлан/ хэрэгт авагдсан, харин зардлын дансны явцын тайланг гомдол гаргагчаас гаргаж өгөөгүй байх бөгөөд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д зааснаар хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм.

2. Анхан шатны шүүх маргаан бүхий актыг гаргасан Баянзүрх дүүргийн Санхүү, бүртгэлийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ө-т холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсний дараагаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас түүнийг ажлаасаа чөлөөлөгдсөн болохыг мэдэгдсэн байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... тухайн үед улсын байцаагчийн эрхтэй ганц байцаагч нь Ц.Ө байсан, хариуцсан доод албан тушаалтнаар /н.Баяржаргал/ мэдүүлэг авах чиглэл өгч мэдүүлэг авахуулсан, одоо Ц.Ө өөр газар ажиллаж байгаа” гэж мэдүүлсэн, хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд Ц.Ө хариуцагчийн байр сууринаас оролцож, шүүхэд тайлбараа гаргахдаа “... 20 гаран хүнд зөрчлийн хэрэг нээж, ажиллагаа явуулж, акт тавьсан, зарим хүмүүстэй цар тахлын улмаас биечлэн уулзаагүй, н.Б-ын хувьд бүртгэлийн мэргэжилтэн боловч Сангийн яамнаас улсын байцаагчийн эрх нь нээгдээгүй байсан учраас гарын үсэг зурах эрхгүй байсан, ... миний хувьд биечлэн уулзаж, ажиллагаа явуулсан эсэх нь хамаагүй, Зөрчлийн тухай хууль зөрчсөн гэдэг агуулгаар шийтгэл ногдуулсан” гэж мэдүүлсэн байна.

Ц.Ө нь дээрх байдлаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохих хуульд заасан журмын дагуу явуулаагүйг шүүх зөвтгөхгүй ч энэ нь нэгэнт гомдол гаргагчийг хуульд заасан үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргасан болохыг үгүйсгэх, мөн уг зөрчилд холбогдох шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Түүнчлэн хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин явуулах нь уг маргааны хувьд төдийлөн ач холбогдолгүй, холбогдох ажиллагааг дахин явуулсан ч нөхцөл байдал өөрчлөгдөхөөргүй байхад анхан шатны шүүх “...нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул уг асуудлыг хариуцагчийн эрх хэмжээний хүрээнд дахин шийдвэрлэх боломжтой...” гэж дүгнэн маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 2 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан үндэслэл шаардлагад нийцээгүйгээс гадна Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааг хэтрүүлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.       

Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 638 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27-д тус тус заасныг баримтлан Д.Б-ын “Баянзүрх дүүргийн Санхүү бүртгэлийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ө-ын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1452756 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтад “3.” гэснийг “2.” гэж өөрчилж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                        Д.БАТБААТАР

           ШҮҮГЧ                                                                             Г.БИЛГҮҮН

           ШҮҮГЧ                                                                            Н.ДОЛГОРСҮРЭН