Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 0507

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Өсөхбат,

улсын яллагч Д.Ганчимэг,

хохирогч Д.Д-,

шүүгдэгч С.Ц-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ц-д холбогдох эрүүгийн 2008 00000 0569 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хими технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ......... тоотод оршин суух, урьд

...................

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/   

Шүүгдэгч С.Ц-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн .............. гудамжинд 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн үед иргэн Д.Д-гийн нүүрэн тус газарт толгойгоороо мөргөн түүний биед дээд баруун 2-р шүдний булгаралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Д.Д-гийн мэдүүлэг /хх5-11/, гэрч Л.Н-мэдүүлэг /хх17-18/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3910 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх25-26/, С.Ц- яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх534-35/,  шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх39, 40/, ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх56, 59-60, 54-55/, хаан банкны дипозит дансны хуулга /43-53/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтууд, хохирогчийн хохирол төлбөртэй холбоотой баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч С.Ц- гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Д.Д-гийн “...2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хашаандаа машин засаж байхад багаж хэрэгтэй болоод манай урд хашаанд байдаг найз С- гэрээс нь очиж багажийг гуйж авах санаатай алхаж байхад С- хүү Ц- хашааны үүдэнд зогсож байсан машинаас согтуу бууж миний урдаас ирээд намайг хоёр гараараа заамдаад авсан. Би тухайн үедээ тоглож байгаа юм байх даа гэж бодоод зогсож байхад Ц- үгийн зөрөөгүй тас гээд миний нүүр рүү нэг удаа хүчтэй мөргөсөн. Би манараад газар суухад миний ам нь дотор нэг хатуу зүйл мэдрэгдсэн. Би гараа тосоод алган дээрээ авахад нэг шүд хугараад унасан байсан. Би шүдээ гарын алган дээрээ тавиад Ц-д үзүүлэхэд алив үзье гээд миний шүдийг авч үзээд хаясан байсан. ...Миний биед учирсан дээрх гэмтлийг Ц- нэг удаа мөргөж учруулсан” гэсэн мэдүүлэг /хх5-11/,

2. Гэрч Л.Н-“...Би Д-юу болсон талаар асуухад Ц- аавыг эмнэлэгт хэтэж байхад та зөвшөөрөлгүй хашаанаас багаж авлаа гэх шалтгаанаар намайг мөргөөд шүд хугалчихлаа гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх17-18/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ бүхий 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №3910 дугаартай шинжээчийн “...Д.Д-гийн биед дээд зүүн 2-р шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө...” гэсэн дүгнэлт /хх25-26/,

4. Шүүгдэгч С.Ц- мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар “...Би босож ирээд Д- ахтай зууралдаж байгаад нэг удаа нүүр рүү нь мөргөсөн. Би Д- ахын биед нь гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх34-35/,

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Ц-нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

           Хэрэгт авагдсан баримтаас хохирогч шүүгдэгч С.Ц-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ............гудамжинд 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн үед хохирогч Д.Д-гийн нүүрэн тус газарт толгойгоороо мөргөн зүүн дээд 2-р шүдийг хугалан эрүүл мэндэд нь хохирол учруулжээ.

          Энэ нь хохирогчийн “... миний нүүр рүү нэг удаа хүчтэй мөргөсөн...” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Н-“...намайг мөргөөд шүд хугалчихлаа гэж хэлж байсан...”  гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж байгаа мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсанг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Шинжээчийн дүгнэлтийн хэсэг газрын үзлэг хэсэгт зүүн дээд 2-р шүд гэж зөв бичсэн бөгөөд дүгнэлт хэсэгт баруун дээд шүд андуурч бичсэн, энэ нь хохирогчийн мэдүүлгээр зүүн дээд 2-р шүд болох нь тогтоогдсон тул дүгнэлтийг зөвтгөн дүгнэсэн болно.

Шүүгдэгч С.Ц- үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршигийг хүсч үйлдсэн, хууль бус үйлдлийн улмаас хохирогч Д.Д-гийн биед “...дээд зүүн 2-р шүдний булгаралт...” гэмтлийн хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №3910 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Ц- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

            Хохирогч Д.Д- нь шүүх хуралдаанд нэг шүд 1.800.000 төгрөг буюу 2 шүд 3.600.000 төгрөг, мөн нэг шүд авахуулсан 40.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна гэсэн.

Хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсанг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд зүүн дээд 2-р шүд булгарсан гэсэн бөгөөд шүүх хуралдаанд хохирогч хажуу талын шүд хөдөлсөн байсан тул тэр шүдийг авхуулсан гэж тайлбарласан. Гэтэл хохирогчийн гаргаж өгсөн шүдний их эмчийн бичигт /хх11/ өөрийн хүсэлтээр 21-р шүдийг авахуулж, 21, 22-р шүдэнд имплант хийлгэх хүсэлтэй гэсэн байх тул шинжээчийн дүгнэлтэд дурдсан 1 шүд булгарсаны гэмтлийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. Мөн дүгнэлтэд хажуу талын шүд хөдөлгөөн орсон зовиуртай талаар тусгаагүйг дурдаж байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасны дагуу шүүгдэгч С.Ц-оос 1.840.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Д-д олгуулж шийдвэрлэв.  

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч С.Ц- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан болно.

Шүүгдэгч С.Ц- үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдлыг харгалзан шүүгдэгч С.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С- Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-д 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-нь торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-оос 1.840.000 /нэг сая найман зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Д.Д-д олгуулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР