Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 373

 

Б.Хөлгөн, “Хот мандал менежмент” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/05899 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Хөлгөн болон “Хот мандал менежмент” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Амаржаргал, Б.Цолмон болон “Их мандах үйлст” ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 184 368 560 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч М.Амаржаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Хөлгөн,

Хариуцагч М.Амаржаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөмөр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Хөлгөн, “Хотмандал менежмент” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Хотмандал менежмент” ХХК-тай хамтарч хариуцагч нараас 184 368 560 төгрөг нэхэмжилж байна. Учир нь уг зээлсэн мөнгө нь миний 100 хувийн эзэмшлийн компани болох “Хотмандал менежмент” ХХК-иас гарсан юм. 2015 оны 02 дугаар сарын эхээр манай компани дээр М.Амаржаргал, Б.Цолмон нар ирж зээл авахыг хүссэн. Б.Цолмон “Их мандах үйлст” ХХК-ийн гүйцэтгэх захирал, М.Амаржаргал тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал гэж танилцуулсан. Тэд компанийнхаа хэрэгцээнд вибратор гэх тоног төхөөрөмж авах гэж байгаа гэж хэлсэн. Тиймээс би компанийн үйл ажиллагаатай очиж, танилцахад Буянт-Ухаагийн урд хэсэгт хайрганы карьертай, нэлээдгүй олон тоног төхөөрөмжтэй байсан тул тэдгээрийг харгалзаж үзээд зээл олгохоор болсон. Ингээд бид 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 50 000 ам.долларыг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцон 15/15 тоот зээлийн гэрээ байгуулсан.

Зээлийн барьцаанд Б.Цолмон, М.Амаржаргал нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам гудамж, 29 тоот хаяг бүхий 282.88 м.кв талбайтай зуслангийн зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, 15/Б15 тоот барьцааны гэрээ байгуулж, гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Зээлдэгч нар 2015 оны 3 дугаар сард зээлийн хүүд 1 633 ам.доллар, 4 дүгээр сард 1 750 ам.доллар төлсөн ба түүнээс хойш төлөлт хийгээгүй. М.Амаржаргал, Б.Цолмон нар зээлийн эргэн төлөлтийг 3 cap графикийн дагуу төлөөгүй тул зээлийг төлж барагдуулахыг удаа дараа шаардсан. Үүний дагуу зээлдэгч нар 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг буюу тухайн өдрийн ханшаар 507 ам.долларыг дансаар төлсөн. Түүнчлэн санхүүгийн нөхцөл байдал муу байгаа учир гэрээг сунгаж өгөхийг удаа дараа бичгээр хүссэн.

Зээлдэгч Б.Цолмон, М.Амаржаргал нар нь зээлийн гэрээг сунгаж өгөхийг хүсч 5, 6, 7 дугаар сарын хүү болон алданги нийт 8 000 ам.долларыг хүлээн зөвшөөрсөн. Ингээд зээлдэгч Б.Цолмон, М.Амаржаргал нар санхүүгийн нөхцөл байдал хүнд байгаа тул зээлийн гэрээг дахин 3 сараар сунгаж өгөхийг хүссэн.

Зээлдэгч нар 5, 6, 7 дугаар саруудын хүү алдангийг бэлнээр төлөх боломжгүй тул 50 000 ам.долларын зээл дээр 8 000 ам.доллар нэмж зээлснэээр тооцож гэрээг сунгах хувилбарыг санал болгосон. 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж, үндсэн зээлийг 58 000 ам.доллар болгон өөрчилсөн. Ийнхүү харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн гэрээг дахин 3 сараар сунгаж, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хойшлуулсан. Эхний зээлийн гэрээнд Б.Цолмон гарын үсэг зурсан бөгөөд өөрсдийнх нь хүсэлтийн дагуу гэрээг шинэчлэж, 58 000 ам.долларын гэрээ байгуулсан. Энэ гэрээнд М.Амаржаргал, Б.Цолмон нар гарын үсэг зурсан.

Зээлдэгч нар гэрээний үүргээ 2015 оны 8 дугаар сараас эхлэн огт биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Энэ хооронд зээлдэгч нарын оршин суугаа хаягаар удаа дараа очсон боловч хаяг дээрээ байхгүй, утсаа авахгүй байсан учир 2016 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн цагдаад гомдол гаргасан. Чингэлтэй дүүргийн цагдаагаас уг хэргийн   талаар шалгаж, Б.Цолмон, М.Амаржаргал нараас байцаалт авсан бөгөөд тэд мэдүүлэгтээ “Б.Хөлгөнөөс зээлсэн 50 000 ам.долларыг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан. Бид Б.Хөлгөнтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Энэ асуудал дээр ямар нэгэн эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй. Бид Б.Хөлгөнөөс зээлсэн мөнгөө хүлээн зөвшөөрч байна. Тиймээс уг асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй гэж мэдүүлсэн тул хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хаасан учир асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд үндсэн зээл 50 000 ам.доллар /2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хийгдсэн нэмэлт гэрээнд 5, 6, 7 дугаар сарын хүү, алдангийг үндсэн зээл дээр нэмж тооцох нь хүүгээс хүү тооцоход хүргэсэн тул нэмж зээлсэн 8 000 ам.долларыг хассан/, зээлийн хүү 9 993 ам.доллар /5, 6, 7, 8, 9, 10 дугаар cap буюу /5 сарын хүү 10 500 ам.доллараас 7 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 507 ам.долларыг хассан/, алданги  29 996 ам.доллар /үндсэн зээл болон хүүг хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцсон/ нийт 89 989 ам.доллар буюу 184 368 560 төгрөг /Монгол Банкны 1 ам.долларын ханш болох 2 048.79 төгрөгөөр тооцсон/-ийг   хариуцагч М.Амаржаргал, “Их мандах үйлст” ХХК нараас тавь тавин хувиар нь гаргуулж өгнө үү.

Хариуцагч Б.Цолмон олдохгүй байгаа учир түүнээс татгалзсан гэжээ.

 

Хариуцагч М.Амаржаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь М.Амаржаргалд холбогдуулж 92 184 280 төгрөг нэхэмжилж байна гэж ойлгож байна.

Нэхэмжлэгч хэлэхдээ уг мөнгийг “Хотмандал менежмент” ХХК-ийн данснаас гаргасан гэж хэлсэн. Тэгэхээр нэхэмжлэгч компаниас Б.Цолмонд 50 000 ам.доллар өгч байх үед М.Амаржаргал байгаагүй бөгөөд мөн Б.Хөлгөнөөс зээл аваагүй, нэхэмжлэгчээс   зээлсэн гэх мөнгөнөөс хувьдаа нэг ч төгрөг М.Амаржаргал нэхэмжлэгчээс зээлсэн гэх мөнгөнөөс нэг ч төгрөг хувьдаа хэрэглээгүй байж энэ их хэмжээний өрөнд орж байгаадаа гомдолтой байна. Мөн М.Амаржаргал нь Б.Цолмонгоос ч нэг ч төгрөг аваагүй. Хариуцагч М.Амаржаргал нэмэлт гэрээнд гарын үсэг зурсан гэдэгт маргадаггүй боловч зээлсэн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй учир хариуцагчаар татаж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч “Их мандах үйлст” ХХК-ийн төлөөлөгч М.Цогтоо шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 02 дугаар сарын 17-нд байгуулсан зээлийн гэрээний зүйл 50 000 ам.доллар, түүний 6 сарын хүү болох 9 993 ам.долларьг эргэн төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Б.Хөлгөн, Б.Цолмон нар зээлийн гэрээ байгуулахдаа үүргийн гүйцэтгэлийн талаар буюу үүрэг гүйцэтгэгч үүргээ хэсэгчлэн буюу бүрэн гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгээс алданги тооцохоор тодорхой заагаагүй байж нэхэмжлэгч нь алданги болох 29 996 ам.доллар төлүүлэхээр түүнчлэн барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг бидний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна.

Манай байгууллагын хувьд нэхэмжлэгч Б.Хөлгөн болон “Хот мандал менежмент” ХХК-тай ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч компани нь Б.Цолмонтой зээлийн гэрээ байгуулсан байдаг бөгөөд гэрээнд “Их мандах үйлст” ХХК гэсэн үг, үсэг огт байхгүй, Харин Б.Цолмонтой 50 000 ам.долларын зээлийн гэрээ байгуулсан байна. Хариуцагч М.Амаржаргал, Б.Цолмон нарын өгсөн “зээлийг “Их мандах үйлст” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан” гэх тайлбар, мэдүүлгийг үндэслэж манай компанийг хариуцагчаар татсаныг зөвшөөрөхгүй тул тус компанид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлснийг компанийн ажилтан буруу агуулгатай албан бичиг бичээд ирснийг захирал М.Цогтоо анзааралгүй гарын үсэг зураад тамга дараад явуулчихсан юм байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч М.Амаржаргалаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 184 368 560 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Хөлгөнд олгон, хамтран хариуцагч “Их мандах үйлст” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг, мөн хариуцагч Б.Цолмонд холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Нүхтийн ам гудамж, 29 тоотод байрших, улсын бүртгэлийн Ү-2206038354 дугаартай, 282.88 талбайтай, зуслангийн зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг дагуу албадан худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүилийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 079 793 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч М.Амаржаргалаас 1 079 793 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Хөлгөнд буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М.Амаржаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөмөр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/05899 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасныг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдаад байгаа 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б.Хөлгөн болон Б.Цолмон нарын хооронд 15/15 тоот “Зээлийн гэрээ” байгуулагдсан гэдэгтэй маргахгүй. Харин уг мөнгийг хэнээс хэнд өгсөн, М.Амаржаргал гэдэг иргэнд зээлийн гэрээний үүрэг хамаатай эсэх асуудлаар анхан шатны шүүх буруу дүгнэсэн, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хууль буруу хэрэглэсэн. Үүний уршгаар энгийн иргэн асар их хэмжээний төлбөр төлүүлэхээр болж, эрх нь зөрчигдөж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... “Хотмандал Менежмент” ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай, Б.Хөлгөн нь тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, улсын бүртгэлийн гэрчилгээнд захирлаар бүртгэгдсэн байдаг. Нэхэмжлэгч Б.Хөлгөн 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өөрийн “Хотмандал менежмент” ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримтын байгууллагын нэр гэдэг дээр “Хотмандал менежмент” ХХК, Б.Хөлгөн гэж бичиж, Б.Цолмонгоор гарын үсэг зуруулан түүнд 50 000 ам.долларыг бэлнээр хүлээлгэн өгчээ” гэж бодит нөхцөл байдлыг гуйвуулан бичсэн. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ийнхүү бичиж байгаагаас харвал нэг үүсгэн байгуулагчтай бол хувь хүн, хуулийн этгээдийн хүлээх үүрэг нь нэг мэт, тиймээс анхан шатны шүүх нь иргэн Б.Хөлгөн өөрийн “Хотмандал менежмент” ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримт дээр бичсэн учраас иргэн М.Амаржаргалаас мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн гэж ойлгогдож байна. Гэтэл Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй, хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй талаар тодорхой дурьдах зохицуулсан байгааг анхаарч үзсэнгүй. Тэгээд Иргэний хуульд тусгагдсан иргэн болон хуулийн этгээдийн талаарх томъёолол, зохицуулалтаас харсан ч аль алинд нь шууд хамаатуулан хэрэглэх боломжгүй юм. Бодит байдал дээр “Хотмандал менежмент” ХХК-ийн зүгээс иргэн Б.Цолмонд 50 000 ам.долларыг өгсөн байдаг. Энэ талаар иргэн Б.Хөлгөний зүгээс удаа дараа шүүхийн хэлэлцүүлэгт хэлж байгаад шүүгч үнэлэлт дүгнэлт өгөөгүй. 2016 оны 11 дүгээр сарын 03-нд болсон шүүх хуралдаан дээр Б.Хөлгөн нь мөнгийг “Хотмандал менежмент” ХХК-иас гаргаж өгсөн. Тухайн үед манай нягтлан бид хоёр хамт байсан талаараа хэлсэн бөгөөд ийнхүү хэлсний дараа нэхэмжлэгчийн өмгөөлөгч хуулийн этгээдийг хамтран нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар хүсэлт гаргаж, шүүх уг хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдаан хойшилсон билээ. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн уг байр суурь өөрчлөгдөөгүй. Харин энд дурьдаж байгаагаар 50 000 ам.долларыг иргэн Б.Цолмонд хүлээлгэн өгсөн гэдэг асуудлаар зохигчид маргаагүй гэдгийг дурьдах нь зүйтэй.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хариуцагч М.Амаржаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэн, хуулийн этгээдийн хэнийх нь данснаас мөнгө гарсан нь тодорхойгүй гэж мэтгэлцдэг” гэж илт дал зүйл бичээд байгааг ойлгохгүй байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөмөр би 50 000 ам.доллар нь “Хотмандал менежмент” ХХК-ийн данснаас гарсан байгаа талаар, тиймээс иргэн Б.Хөлгөн нэхэмжлэл гаргаад үндэслэлгүй байгаа талаар удаа дараа тайлбар хийж мэтгэлцсэн билээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Шүүх нэхэмжлэгч Б.Хөлгөн, хариуцагч Б.Цолмон, М.Амаржаргал нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан зээлийн болон ипотекийн гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгч тал уг зээлийг компанийн данснаас гаргасан гэх боловч үүнийгээ бичгийн баримтаар нотлоогүй боловч шүүх хуралдаанд “... бэлэн мөнгө өгсөн талаар баримт гаргаж өгөх гэтэл манай компанийн баримт байсан, түүнээс би яг “Хотмандал менежмент” ХХК-ийн мөнгөнөөс зээл олгосон юм биш” гэж тайлбарлаж байна” гэсэн нь хэтэрхий хийсвэр бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг заалтыг ноцтой зөрчсөн дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч удаа дараа “Хотмандал менежмент” ХХК-иас мөнгө өгсөн гэсэн тайлбар хийгээд байхад уг тайлбарыг үнэлээгүй мөртлөө яагаад сүүлийн шүүх хуралдаан дээр нэг удаа өөрөө төлсөн гэсэн тайлбар хийснийг нотлох баримтгүйгээр үнэлээд байгааг ойлгохгүй байна. Ер нь нэхэмжлэгч ийнхүү тайлбараа өөрчлөх болсон нь шүүгчээс шалтгаалсан гэж үзэж байна. Хэргийн 10 дугаар талд байгаа 50 000 ам.долларыг иргэн Б.Цолмонд төлсөн бичгийн нотлох баримтыг буруу үнэлсэн. Уг баримт нь “Хотмандал менежмент” ХХК-ийн “Бэлэн мөнгөний зарлагын баримт” бөгөөд уг баримт дээр компанийн тамга нь дарагдсан байдаг. Анхан шатны шүүх нь зээлийн харилцаа Б.Цолмонтой үүссэн гэж дүгнэсэн. Үнэхээр 15/15 тоот “Зээлийн гэрээ”-гээр Б.Цолмонтой зээлийн харилцаа үүссэн учраас маргахгүй. Улмаар дээр дурьдсан “Бэлэн мөнгөний зарлагын баримт”-аар иргэн Б.Цолмонд мөнгийг хүлээлгэн өгсөн. Хэргийн материалд байгаа нотлох баримт нь иргэн Б.Цолмонд хамаарч байхад иргэн М.Амаржаргалтай зээлийн харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй билээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “...Түүнчлэн хэргийн 28-30 дугаар хуүдсанд авагдсан бичгийн нотлох баримт болох М.Амаржаргал, Б.Цолмон нар эрүүгийн журмаар шалгуулж байхдаа өгсөн тайлбартаа Б.Хөлгөнөөс 50 000 ам.долларыг хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, зээлийг төлнө, уг асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан гэх хариуцагч “Их мандах үйлст” ХХК-ийн захирал М.Цогтоогийн нэхэмжлэгч Б.Хөлгөний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу үндсэн зээл, зээлийн хүү зэргийн төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараар тогтоогдож байна” гэсэн нь үндэслэлгүй байна. Иргэн М.Амаржаргалын тайлбарт “... Хөлгөн гэх хүнтэй уулзаж ... “ гэж байгаагаас иргэн Б.Хөлгөн авсан гэж тодорхой тайлбар хийгээгүй байхад мэдүүлгийн агуулгыг мушгин гуйвуулсан байна. Мөн энэхүү мэдүүлгээс иргэн М.Амаржаргал нь уг мөнгийг аваагүй гэдэг нь тодорхой байхад үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Мөн “Их мандах үйлст” ХХК-ийн зүгээс зөвшөөрсөн тайлбар өгсөн нь мөнгө өгсөн субъектийг шууд тодорхойлох үндэслэл болохгүй. Учир нь шүүх тус компанитай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Мөн уг тайлбар нь иргэн М.Амаржаргалд мөнгө өгсөн гэж нотлохгүй. Тэгээд ч М.Амаржаргал нь иргэн Б.Хөлгөнөөс ч, “Хотмандал менежмент” ХХК-иас ч мөнгө аваагүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Мөн барьцааны гэрээнд хариуцагч М.Амаржаргал гарын үсэг зурсан байдаг төдийгүй талууд 02 дугаар сарын 01-ний өдрийн 15/15 тоот зээлийн гэрээнд мөн оны 7 дугаар сарын 09-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулахдаа М.Амаржаргал нь хамтран зээлдэгчээр орж, гэрээний үнийн дүнг 58 000 ам.доллар болгон гарын үсэг зурж баталгаажуулжээ. Дээрхээс дүгнэхэд хариуцагч М.Амаржаргалын хувьд тус гэрээний харилцаанд хамтран зээлдэгчийн үүрэг хүлээн орж ирсэн байна. Ингэснээр Б.Цолмон, М.Амаржаргал нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид болсон ба мөн зүйлийн 242.3-т заасны дагуу нэхэмжлэгч тал нь аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм” гэснийг зөвшөөрөхгүй. Хэдийгээр “2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 15/15 тоот Зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт” гэсэн баримтыг үйлдсэн байх боловч энэхүү баримт үндэслэлгүй. Тухайлбал: 15/15 тоот гэрээг М.Амаржаргал байгуулаагүй учраас уг мөнгө өгөөгүй. Энэхүү хэлцэл дээр дурьдагдаад байгаа үнийн 58 000 ам.доллараас 50 000 ам.доллар нь 15/15 тоот гэрээнд дурьдагдсан мөнгө, 8 000 ам.доллар нь хүү гэж тооцогдсон мөнгө. Тухайн үед 58 000 ам.доллар өгөөгүй. 8 000 ам.доллар ч өгөөгүй. Нэхэмжлэгч мөнгө нэхэмжлэхдээ энэхүү баримтыг үндэслээгүй гэдгээ дурьдсан. Бүх бодолтууд 50 000 ам.доллараас хийгдсэн байгаа. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу бодитоор мөнгө өгч байж гэрээг хийгдсэн тооцож, иргэн М.Амаржаргалд буцаан төлөх үүрэг үүсэх ёстой. Тиймээс хэргийн материалд байх “2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 15/15 тоот Зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт” гэх баримтаар М.Амаржаргалыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх боломжгүй юм. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасан. Харин иргэн Б.Хөлгөн нь ч, “Хотмандал менежмент” ХХК зүгээс ч иргэн М.Амаржаргалд мөнгө өгөөгүй, М.Амаржаргал мөнгө аваагүй учраас хуульд заасан өгөх үүрэг, шаардах эрх үүсэхгүй байхад хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас 50:50 хувийн харьцаатайгаар нэхэмжилж байгаагаа шүүх хуралдаан дээр хэлээд байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаад мөн “Хот Мандал менежмент” ХХК-аас мөнгө гарсан гэдгийг нэхэмжлэгч хэлээд зөвшөөрөөд байхад иргэн Б.Хөлгөнөөс гарсан гээд шийдвэрлээд байгааг зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Цолмонг хариуцагчаар татсанаасаа татгалзсан байхад Б.Цолмонд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд байгааг ойлгохгүй байна.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/05899 тоот шийдвэрийг хүчингүй болгож, М.Амаржаргалд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тодорхойлсон зарим нэхэмжлэгч, хариуцагч нарт холбогдох шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой юм.

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 184 368 560 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Б.Хөлгөн нь хариуцагч Б.Цолмон, М.Амаржаргал нарт холбогдуулан гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр “Хот мандал менежмент” ХХК, хамтран хариуцагчаар “Их мандал үйлс” ХХК-ийг тус тус татан оролцуулж, хариуцагч Б.Цолмон нь гадаад улс руу явсны улмаас олдохгүй байгаа гэх үндэслэлээр түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ. /хэргийн 117, 123 дугаар тал/

 

Хариуцагч М.Амаржаргал нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “Зээлийн гэрээг анх Б.Цолмон байгуулсан, зээлийг хүлээн аваагүй” гэж, хариуцагч “Их мандах үйлст” ХХК “манай компани зээлийн гэрээний оролцогч биш” гэж тус тус тайлбарлан маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Хөлгөн, хариуцагч Б.Цолмон нар нь 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 50 000 ам.долларыг 6 сарын хугацаатай, 3.5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож 15/15 тоот зээлийн гэрээ, мөн өдөр уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Б.Цолмон, М.Амаржаргал нар нь өөрсдийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн ам гудамжны 29 тоотод байрлах 282.88 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, 15/Б15 тоот гэрээг тус тус байгуулж, мөн өдөр 50 000 ам.долларыг Б.Цолмонд хүлээлгэн өгчээ. /хэргийн 4-5, 11-12 дугаар тал/

 

Дээрх барьцааны гэрээнд М.Амаржаргал гарын үсэг зурсан, мөн Б.Хөлгөн, Б.Цолмон нарын хооронд байгуулагдсан 15/15 тоот зээлийн гэрээнд, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр талууд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл сунгаж, хариуцагч М.Амаржаргал нь хамтран зээлдэгчээр оролцож, гарын үсэг зурсан талаар талууд маргахгүй байх тул түүнийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгч гэж шүүх үзсэн нь үндэслэлтэй. /хэргийн 7-9 дүгээр хуудас/

 

Тэрээр анх зээлийн гэрээ байгуулж, зээлийн 50 000 ам.долларыг шилжүүлж аваагүй ч, хожим уг гэрээнд заасан үүргийг хүлээн зөвшөөрч, хамтран зээлдэгчээр нэмэлт гэрээ байгуулан оролцсон нь талуудын тайлбар, дээрх гэрээнүүдээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн өмнө зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс түүнийг чөлөөлөх үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч Б.Хөлгөн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.” гэж заасны дагуу хариуцагч М.Амаржаргалаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

 

Иймд хариуцагч М.Амаржаргалаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 184 368 560 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Б.Хөлгөн зээлийн мөнгийг өөрийн үүсгэн байгуулсан “Хот мандал менежмент” ХХК-иас авч Б.Цолмонд шилжүүлсэн нь уг компанийг зээлийн гэрээний оролцогч буюу нэхэмжлэгч гэж үзэхгүй талаар шүүх зөв дүгнэсэн боловч холбогдох нэхэмжлэлийг нь шийдвэрлээгүй, мөн нэхэмжлэгч Б.Хөлгөн нь хариуцагч Б.Цолмонд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар батлаагүй орхигдуулсан нь тус тус буруу болсныг залруулах боломжтой. 

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                     

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/05899 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “мөн хариуцагч Б.Цолмонд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Хөлгөний хариуцагч Б.Цолмонд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг, нэхэмжлэгч “Хот мандал менежмент” ХХК-ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 079 800 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БАТЗОРИГ  

                       

                                                          ШҮҮГЧИД                            Д.БАЙГАЛМАА     

                    

                                                                                          С.ЭНХТӨР