Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 15

 

  Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс:159/2018/0017/З

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би иргэн У.Энхбатын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/12 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч У.Энхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин нар эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ууганбаяр овогтой Энхбат нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/22 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдөж улмаар Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/71 дугаартай тушаалаар эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар ажилд орсон.

Гэтэл Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/12 дугаартай тушаал гарч намайг ажлаас хууль бусаар чөлөөлсөнг хүлээн зөвшөөрөхгүйн улмаас тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь намайг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албанаас Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар руу шилжүүлэн томилсон нь төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-ийг зөрчсөн гэж үзсэн байна.

1-рт намайг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын тушаалаар ажлаас чөлөөлөөд дараа нь Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар ажилд томилсон ба миний оронд шилжиж ажилласан Н.Оюундарь нь мөн адил өөрийн хүсэлтээр тухайн албанд шилжин ажилласан.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд ...төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, ...сэлгэн ажиллуулах гэж заасан ба Н.Оюундарь бид хоёрын байгууллага хоорондын харилцаа нь шилжүүлэх зохицуулалтанд буюу Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтад хамаарч байгаа болохоос Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан байгууллага хооронд сэлгэн ажиллуулах тухай асуудал биш юм.

Мөн ажлаас чөлөөлсөн тушаалд төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн зүйлийн 22.1 дэх заалтыг зөрчсөн нь тогтоогдсон гэж байгаа боловч тус хуулийн заалтыг ямар байдлаар зөрчсөн нь тодорхойгүй байна.

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын алба гэх 2 байгууллага нь анхнаасаа Н.Оюундарь бид хоёрыг ямар нэг хугацаа заалгүйгээр шууд шилжүүлж авч ажиллуулсан болно.

Учир нь миний бие нь эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар ажиллах түүнд тавигдах үндсэн шаардлага болох эрүүл ахуйч мэргэжлийг нь эзэмшиж төгссөн ба Н.Оюундарийн хувьд энэ мэргэжлийг эзэмшээгүй юм. Гэтэл тухайн үед гомдол гаргаагүй хэрнээ одоо гэнэт гомдол гаргах болсонд эргэлзээтэй байна.

Мөн дээрх шийдвэрт Төрийн албаны зөвлөлд 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гомдол гаргасан ба хуулинд заасан хугацаа өнгөрчихөөд байхад хариу өгөөгүй болно.

Иймд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/12 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн У.Энхбатын нэхэмжлэлтэй тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүүд холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.

1. Нэхэмжлэгчийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжпийн хяналтын албанаас 2 байгууллагын зөвшилцлөөр Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Ажилд томилох тухай Б/71 дүгээр тушаалаар Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын Улсын байцаагчаар томилсон боловч Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 60 тоот албан бичгээр Төрийн элбаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн оронд томилогдсон Н.Оюундарийг эгүүлэн томилохыг шаардсан. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6 дахь хэсэг “Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй” гэж заажээ. Манай байгууллага Төрийн албаны тухай хуулийг баримтлан Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биөлүүлсэн. Учир нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам батлах тухай 128 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.2.8 “хууль тогтоомж, эрх зүйн актад нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг хангах”,  2.2.9 “төрийн албаны тухай хууль тогтоомж, стандартын зөрчлийг арилгуулах талаар дараах шат дараалсан арга хэмжээ авна... холбогдох албан тушаалтанд зөрчлийг арилгуулах талаар хугацаатай үүрэг өгөх” гэж журамласныг баримталж Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хуулиар үүрэг бопгосныг биелүүлсэн болно.

2. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4 “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”-д нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг заахаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасан байгууллага хооронд сэлгэн ажиллуулах тухай асуудал биш юм...” гэж дурдсанаас үзвэл нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй гэж үзэхээр байна. Учир нь нэхэмжлэгчийг хуучин ажил буюу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын алба эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилохоор шийдвэрлэсэн, саналаа хүргүүлсэн боловч аоь зөрчигдсөн эрхийг сэргээлгэх талаар үндэслэлээ тайлбарлаагүй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/12 дугаар тушаал нь хуль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас У.Энхбат нөгөө талаас хариуцагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттүвшин нар нь доорхи байдлаар эвлэрлийн гэрээг байгуулав.

  1. Нэхэмжлэгч У.Энхбат миний бие тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлагаас татгалзахаар /ажилгүй байсан хугацааны цалин 01 сар 11 хоног/
  2. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь нэхэмжлэлийн шаардлагуудаас ажилд эргүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх /ажилгүй байсан хугацааны 01 сар 11 хоног/, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/12 тоот тушаалыг хүчингүй болгохоор харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.Энхбат нь “Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/12 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  2018 оны 07 дугаар сарын 02-ний өдөр нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дээрх эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.5-д заасны дагуу хэргийн оролцогч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж гарын үсэг зуран уг хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

            Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн хоорондоо харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан маргаанаа дуусгавар болгохоор гарын үсэг зурж баталгаажуулсан нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрлийг баталж, иргэн У.Энхбатын нэхэмжлэлтэй “Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/12 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээр Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдуулж үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж 50 хувь болох 35.100 / гучин таван мянга нэг зуун / төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар дээрх асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.ОДБААТАР