Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 21

 

                                                                  

 

 

 

 

 

№               № 546                                  МАГАДЛАЛ

А.Төд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ц.Гансүлд,

шүүгдэгч А.Т,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 1009 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Гансүлдийн бичсэн эсэргүүцлээр А.Төд холбогдох 201526012488 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

          А овогт А.Т, 1993 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт ........................... тоотод оршин суух,

          - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 423 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг эдэлж байхдаа,

          - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 202 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ял шийтгүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 423 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын баривчлах ялын зарим болох 3 сарыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сараар тогтоосон,

          - Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 197 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.3.1 дэх хэсэгт зааснаар А.Тийн эдлээгүй үлдсэн 06 сар 22 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

          - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 923 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

          - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1359 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дахь хэсэгт заасныг баримтлан Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 923 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял дээр сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн, 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,                 

          - Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 42 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус баримтлан 2 жил 1 сар 14 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, /РД: .................................../;

          1. А.Т нь 76-65 УНМ улсын дугаартай, “Hyundai accent” загварын автомашин ашиглаж, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хилчиний 10 дугаар гудамжны 01 тоотод оршин суух иргэн Б.Г-ийн монгол гэрийн хаалганы цоожийг автомашины дугуйн дорцов ашиглан эвдэн нэвтэрч, 43 инчийн “Samsung” загварын LCD зурагт, “Dell” загварын зөөврийн компьютер, 5 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хулгайлан, 1.730.000 төгрөгийн хохирол учруулсан,

           2. 76-65 УНМ улсын дугаартай, “Hyundai accent” загварын автомашин ашиглаж, 2016 оны 2 дугаар сарын 28-ны шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянсоёмбо” хотхоны 65А байрны доод талын автомашины зогсоолд байрлуулсан иргэн Д.Г-н эзэмшлийн 98-84 УНЭ улсын дугаартай “Toyota spacio” загварын автомашины баруун хойд талын салхины шилийг хагалан нэвтэрч, гоо сайхны бараа, бүтээгдэхүүн, автомашины аккумлятор, автомашины МР3 тоглуулагч зэрэг эд зүйлсийг хулгайлан, 1.507.000 төгрөгийн хохирол учруулсан,

          3. 76-65 УНМ улсын дугаартай, “Hyundai accent” загварын автомашин ашиглаж, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2 дугаар гудамжны 158 тоотод оршин суух иргэн М.Б-н монгол гэрийн цоожийг автомашины дугуйны дорцов ашиглан эвдэн нэвтэрч, “Acer” загварын суурин компьютер, тоос сорогч, индукцийн плетка, пүүз, бага гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хулгайлан, 1.090.000 төгрөгийн хохирол учруулсан,

          4. 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр машин механизм ашиглан Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Согоотын задгай тоотод оршин суух иргэн Г.Д-ийн монгол гэрийн хаалганы цоожийг автомашины дугуйн дорцов ашиглан эвдэн нэвтэрч, “Samsung S2” загварын гар утас, 43 инчийн “Samsung” загварын LCD зурагт зэрэг эд зүйлийг хулгайлан, 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

          5. 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Доод салхитын 8 дугаар гудамжны 130А тоотод оршин суух иргэн Б.Э-ын байшингийн хаалганы цоожийг автомашины дугуйн дорцов ашиглан эвдэн нэвтэрч, 47 инчийн “LG” загварын LCD зурагтыг хулгайлан, 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

          6. 2016 оны 6 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн А.Б-ын эзэмшлийн “Ихэр уудам” хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэн нэвтэрч, архи, виски, шоколад, бэлнээр 140.000 төгрөг, хяналтын камерын бичигч төхөөрөмж зэрэг эд зүйлсийг хулгайлан, 640.500 төгрөгийн хохирол учруулсан,

          7. 2016 оны 6 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.Б-ийн эзэмшлийн зурагчин, каноны үйл ажиллагаа явуулдаг газарт нэвтэрч, “Nikon” загварын гэрэл зургийн аппарат, 8 ширхэг флаш диск зэрэг эд зүйлсийг хулгайлан, 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

          8. 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр машин механизм ашиглан Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багт оршин суух иргэн М.М-ийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч 47 инчийн “LG” загварын 3D Led зурагтыг хулгайлан, 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

          9. 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр машин механизм ашиглан Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 49 дүгээр гудамжны 24 тоотод оршин суух иргэн Д.Б-н монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, “Panasonic” загварын 32 инчийн Led зурагт, “Dell” загварын компьютерийн процессорыг хулгайлан, 600.000 төгрөгийн хохирол,

          10. 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 49 дүгээр гудамжны 24 тоотод оршин суух Д.С-н монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, “Toshiba” загварын 32 инчийн Led зурагтыг хулгайлан, 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

          11. 2016 оны 5 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 98 дугаар цэцэрлэгийн захирлын өрөөний вакум цонхыг түлхэн нэвтэрч, иргэн Э.Д-ийн эзэмшлийн “Dell” загварын зөөврийн компьютерийг хулгайлан, 845.000 төгрөгийн хохирол учруулсан,

          12. 2016 оны 3 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар такси транспорт” ХХК-ийн техникийн өрөөний вакум цонхыг түлхэн нэвтэрч, ширээн дээр байсан иргэн Б.Г-ын эзэмшлийн “Sony Вайсо” загварын зөөврийн компьютерийг хулгайлан, 500.000 төгрөгийн хохирол, иргэн Н.Олзбаатарын эзэмшлийн Dell” загварын зөөврийн компьютерийг хулгайлан, 450.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, 

          13. 2016 оны 1 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарангийн голын эцэст байрлах иргэн Ш.Г-ын эзэмшлийн “Оргил од” хүнсний дэлгүүрийн арын хаалгаар нэвтэрч, бэлнээр 621.400 төгрөг, 599.000 төгрөгийн нэгжийг хулгайлан, 1.221.300 төгрөгийн хохирол учруулсан,

          14. 2016 оны 1 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Мандал овооны 15 дугаар гудамжны 7 тоотод байрлах иргэн Б.М-ийн эзэмшлийн “Агар” хүнсний дэлгүүрийн вакум цонхыг түлхэн нэвтэрч, тамхи, архи, “HP” загварын зөөврийн компьютер, “Iрhone 4” загварын гар утас, бэлэн 500.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлан, 1.610.100 төгрөгийн хохирол учруулсан,

          15. 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 1 дүгээр гудамжны 13а тоотод оршин суух иргэн Ж.О-ын байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч, 32 инчийн “Mogul” загварын зурагт, архи, бугуйн цаг, мөнгөн аяга, бөгж зэрэг эд зүйлсийг хулгайлан, 6.968.000 төгрөгийн хохирол учруулсан,

          16. 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 96 дугаар гудамжны 31б тоотод оршин суух иргэн Г.Ш-ийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч, “Samsung” загварын 48 инчийн Led зурагтыг хулгайлж 1.600.0000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 16 удаагийн давтан үйлдлээр хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 22.671.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

          Мөн ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байхдаа мэдүүлгийг газар дээр нь шалгахаар түр хугацаагаар авч явах үед нь оргон зугтаж, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд оргон зайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

  Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: А.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Төд холбогдох зарим хэргийг тусгаарласан, зарим гэмт хэргийг нэгтгээгүй нь буруу байна. Тухайлбал, 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 16 дугаар гудамжны 245 тоотод оршин суух иргэн С.Нн байшингийн вакум цонхоор нэвтэрч, бэлнээр 17.000.000 төгрөг, 100 ам.доллар, хяналтын камерын бичигч төхөөрөмжийг хулгайлан, нийт 17.349.562 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг яллагдагч А.Т нь Г.Э-тэй бүлэглэн үйлдсэн талаар маргаагүй, энэ нь нотлох баримттай талаар прокурор тайлбарласан тул Г.Э-т холбогдох бусад гэмт хэргүүд нь олон удаагийн давтан үйлдэлтэй, олон холбогдогчтой, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй гэх үндэслэлээр тусгаарласныг мөн Сүхбаатар дүүрэгт үйлдэгдсэн гэх 24.500.000 төгрөгийн хохирол бүхий хулгайн гэмт хэргийг нэгтгээгүйг тус тус зөв гэж үзэхгүй. Тусгаарласан болон нэгтгээгүй тухайн хэргүүдийн хохирлыг оруулахгүйгээр тооцоход А.Төд холбогдох гэмт хэргийн нийт хохирол яллах дүгнэлтэд бичсэнээр 22.671.900 төгрөг байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг гэмт хэргийн шинжийг /тухайлбал хулгайлах гэмт хэргийн хохирлын “их, ноцтой хэмжээ”, бусад шинж/ хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан бол үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй. Харин эсрэгээр тусгаарлан хэд хэдэн гэмт хэрэг болгох, нэгтгэхгүй байх буруу, түүний эрх зүйн байдлыг ноцтой зөрчих үндэслэлтэй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э-ийн үйлдсэн гэмт үйлдэл бүрт, Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж байцаах боломжтой, мөн түүнд холбогдох зарим гэмт хэргийг зарим нотлох баримтуудыг нэг хавтаст хэргээс нөгөөрүү хуулийн дагуу хуулбарлан баталгаажуулах нь нээлттэй тул яллагдагч А.Тийн Г.Эрдэнэпүрэвтэй бүлэглэн иргэн С.Нн байшинд хууль бусаар нэвтэрч, 17.349.562 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг А.Төд холбогдох гэмт хэргээс тусгаарласныг зөв гэж үзэх үндэслэлгүй байна. Зарим хохирогч нар хулгайд алдагдсан эд зүйлийн тоо ширхэг, хэмжээ, холбогдох баримтыг дахин шалгах, үнэлгээг бодитой хийлгэх, үнэлгээний баримтыг танилцуулах, зөрүүтэй санал байгаа эсэхийг талуудаас тодруулах, тухайлбал хохирогч Ж.О-ын хулгайд алдагдсан эд зүйлсийн тоо ширхэг хэмжээ тодорхой бус үнэлгээний баримттай танилцаагүй, энэ талаар хэрэгт байхгүй зэрэг зөрчилтэй асуудлыг шалгах зэрэг болно. Тус шийдвэрт дурдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурор хяналт тавих, нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх явцад үүссэн шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг нэг бүр шийдвэрлэхийг тус бүр анхаарах нь зүйтэй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад зааснаар А.Төд холбогдох Эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцааж, А.Төд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж, тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг бариултай эвхдэг мөрлөгчтэй, дурантай ПС-77.177 загварын хийн буу нэг ширхэг, бариултай хийн боллонтой ППК-Эс загварын хийн гар буу нэг ширхэг, хийн боллон нэг ширхэг, ууттай чихэвч хоёр ширхэг, дугуйн бай нэг ширхэг, цифртэй бай 3 ширхэг, ууттай дагалдах 11 хэрэгсэл, 43 инчийн “Samsung” загварын LCD зурагт зэргийг хэргийн хамт буцаан хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Гансүлд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэл гомдлоор эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж 17 зүйл дурджээ. Гэтэл анхан шатны шүүхэд гаргасан яллагдагч А.Тийн хүсэлтэд дурдсан хэргийг нэгтгэн шалгах асуудал дээрх 17 зүйлд байхгүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт дурдагдаагүй асуудлыг хянан хэлэлцэж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийн прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсний дараа Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хүргүүлсэн албан бичгийг үндэслэн “А.Тийн Сүхбаатар дүүрэгт үйлдэгдсэн гэх 24.500.000 төгрөгийн хохирол бүхий хулгайн гэмт хэргийг нэгтгээгүйг зөв гэж үзэхгүй” гэж буцаасан нь үндэслэлгүй байна. Мөн яллагдагч А.Т, Г.Эрдэнэпүрэв нар нь 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 16 дугаар гудамжны 245 тоотод оршин суух иргэн С.Нн байшингийн вакум цонхоор нэвтэрч бэлнээр 17.000.000 төгрөг, 100 ам.доллар, хяналтын камерийн бичигч төхөөрөмжийг хулгайлан, 17.349.562 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн талаар яллагдагч Г.Эрдэнэпүрэв, А.Т нар нь маргаагүй, яллагдагч Г.Эрдэнэпүрэвт холбогдох бусад гэмт хэргүүд нь олон удаагийн давтан үйлдэлтэй, олон холбогдогчтой, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусаагүй тул хэргийг тусгаарлаж, хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт нь ял оногдуулж, нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг” гэж заасан байх тул А.Төд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Зарим хохирогч нар хулгайд алдагдсан эд зүйлийн тоо ширхэг, хэмжээ, холбогдох баримтыг дахин шалгах, үнэлгээг бодитой хийлгэх, үнэлгээний баримтыг танилцуулах, зөрүүтэй санал байгаа эсэхийг талуудаас тодруулах, тухайлбал хохирогч Ж.Очирбатын хулгайд алдагдсан эд зүйлийн тоо ширхэг, хэмжээ тодорхой бус үнэлгээний баримттай танилцаагүй, энэ талаар хэрэгт байхгүй зэрэг зөрчилтэй асуудлыг шалгах гэжээ. Хохирогч Ж.Очирбат нь хулгайн гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлсийн талаар туйлбартай нэг мэдүүлгийг өгдөг. Дүүргийн эд зүйлийн үнэлгээний комиссоор үнэлүүлсэн эд зүйлийн үнэлгээтэй хохирогч танилцсан, энэ талаар ямар нэгэн маргаан гараагүй. Үүнээс гадна Ж.Очирбатын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйлсийг нь хулгайлж буй үйлдлийн талаарх камерийн бичлэгт үзлэг хийж хавтаст хэрэгт хавсаргасан. Гэтэл шүүх яллагдагчийн мэдүүлэг болон хүсэлтэд дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Иймд яллагдагч А.Төд холбогдох эргүүгийн хэргийг прокурорт буцаасан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 1009 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч А.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Би 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 16 дугаар гудамжны 245 тоотод оршин суух иргэн С.Нн гэрээс Г.Э-эй хамтран бэлэн 17.000.000 төгрөг, 100 ам.доллар, камерын бичигч төхөөрөмж зэрэг эд зүйл хулгайлж, нийт хохирол 17.349.562 төгрөгийн хохирол учруулсан. Уг хэрэг 2002 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж байх үед үйлдэгдсэн, мөн Г.Э-тэй хамт хэргийг нэгтгэж шийдэх ёстой асуудлыг хяналтын прокурор санаатайгаар тусгаарлаж, миний эрх зүйн байдлыг маш их дордуулан, өөр шийтгэх тогтоолоор яллах гэж байна. Иймд Г.Э-тэй нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Би өөрийн сайн дураар 201401040101 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сард Цагдаагийн газар мэдэгдэж, 2017 оны 8 дугаар сард Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч Мижигсүрэнд   мэдүүлсэн. Уг хэргийг болон өөр мэдэгдээгүй 30 үйлдлээ Сонгинохайрхан дүүргийн хяналтын прокурор Ц.Гансүлдэд хэлж байсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй, огт тоогоогүй. Уг хэргийг үйлдсэн газарт зам шалгахаар явах ёстой байсан боловч Сонгинохайрхан дүүргийн прокурор Ц.Гансүлд Сүхбаатар дүүргийн мөрдөгч А.Мижигсүрэнд зөвшөөрлийн хуудас өгөөгүй. Мөн уг хэргийг нэгтгээгүй байсан. Би нэгтгэж шийдвэрлэх хүсэлтийг өмнө нь прокурорт олон тавьсан боловч авч хэлэлцэхгүй байсаар хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Иймд уг хэргийг мөн нэгтгэн шийдүүлэх хүсэлттэй байна. 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 201626011231 дугаартай хэрэг болох хохирогч Ж.О-н гэрт нэвтэрч, 32 инчийн зурагт 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэгийг авсан. Гэтэл хохирогч өөр олон эд зүйл авсан гэж худал мэдүүлэг өгч байна. Би 32 инчийн зурагт, мөнгөн аяга хоёр ширхэгийг хар цүнхэнд хийгээд үүрээд машинд сууж байгаа бичлэг байдаг. Уг айлын эсрэг талд шатахуун түгээх газрын камерын бичигч төхөөрөмжинд бичигдсэн бичлэг дээр зурагт болон хар цүнх үүрээд гарч буй, хоёроос гурван удаа орж гарсан бичлэг байдаг. Гэтэл өөр эд зүйл авсан гэж худал гүтгэж, хохирол нэхэмжилж байна. Иймд үнэн зөв үнэлгээ гаргуулж шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Мөн уг хэргийн хохирол болох 6.900.000 төгрөгийн хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн прокурор Ц.Гансүлд 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хорих 461 дүгээр ангид ирж, яллах дүгнэлт гардуулахдаа “А.Төө би чамд бага ял өгнө, хоёулаа хурдан шүүхээр ороод салъя” гэж хэлж байсан. Мөн хэрэг нэмж битгий гаргаад бай гэж загнаж байсан ба уг прокурор намайг яллах талаас харж, харьцаж, хэргийг үнэн үйлдсэн талаас огт авч хэлэлцдэггүй, анхаардаггүй, мөн өөрөө сайн дураараа хэргээ илчлэхээр өөдөөс загнадаг, би хэдий гэмт хэрэгтэн ч гэсэн хэргээ үнэн зөвөөр шийдүүлж, мөн сайн дураар нуун далдалсан хэргийг гаргаж, хамт нэгтгэж нэг мөсөн шийдүүлэх чинь хүсэлттэй байна. Иймд прокурор Ц.Гансүлдийн бичсэн эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.    

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

А.Төд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 1009 дүгээр шүүгчийн захирамж нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

          Анхан шатны шүүхээс А.Төд холбогдох зарим хэргийг тусгаарласан, зарим гэмт хэргийг нэгтгээгүй нь буруу байна, мөн зарим хохирогч нарын хулгайд алдагдсан эд зүйлийн тоо ширхэг, хэмжээтэй холбогдох баримтыг дахин шалгах, үнэлгээг бодитой хийлгэх, үнэлгээний баримтыг танилцуулах, зөрүүтэй санал байгаа эсэхийг талуудаас тодруулах зэрэг үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул шүүгчийн захирамжинд дурдсан үндэслэлүүдээр хэргийг шалгах шаардлагатай гэж үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд, А.Төд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г буюу нотолбол зохих байдлыг хангалттай нотолж тогтоогоогүй байна.

          Түүнчлэн хохирлын хэмжээнээс хамаарч А.Төд холбогдох хэргийн зүйлчлэл нь   өөрчлөгдөх нөхцөл байдал байгаа тул С.Нн гэрээс 17.000.000  төгрөгийн эд зүйл хулгайлсан гэх үйлдэл болон Сүхбаатар дүүрэгт үйлдэгдэн шалгагдаж буй 24.500.000 төгрөгийн хохирол бүхий хулгайн гэмт хэргүүдийг нэгтгэж, нийт хохирлын хэмжээг зөв тогтоож хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд прокурор Ц.Гансүлдийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 30 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 1009 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 1009 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Гансүлдийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Хэргийг прокурорт очтол А.Төд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Т.ӨСӨХБАЯР  

 

ШҮҮГЧИД                                                                   М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                                            Д.ОЮУНЧУЛУУН