Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2021/0656

 

 

                                                        З.Т-ын гомдолтой

                захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нарыг оролцуулан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу З.Т-ын гомдолтой, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Ж-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “... Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэг, Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 38 дугаар зүйлийн 38.2.1, 57 дугаар зүйлийн 2.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан гомдол гаргагч З.Т-ын гомдлыг хангаж, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Ж-ын үйлдсэн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0176490 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Ж давж заалдах гомдолдоо: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

3.Т нь 2020 онд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Тариалан сумын Ардчилсан намаас нэр дэвшсэн бөгөөд Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 18 дугаар албан бичгээр орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нар нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн талаарх мэдээллийг харьяаллын дагуу шалгуулахаар татварын албанд ирүүлсэн.

Дээрх мэдээллийн дагуу орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад тэрээр Увс аймгийн Тариалан сумын Хаан банкны салбарт *** дугаар бүхий сонгуулийн зардлын дансыг нээлгэж, сонгуулийн хугацаанд гүйлгээ хийж ажилласан нь Увс аймгийн Төрийн аудитын газраас ирүүлсэн зардлын дансны хуулга, данснаас мөнгө зарлагадсан нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт /хүлээн авсан өгсөн гарын үсэг тамгатай/-аар нотлогдож байгаа энэ үйлдэл нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан гаргах өдрийг дуусах хүртэл хугацаанд энэ хуулийн 38.2-т заасан арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах зориулалтаар сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болно”, 38 дугаар зүйлийн 38.2.8-д “Өдөр тутмын болон сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийлүүлэх гэж заасныг зөрчсөн нь тогтоогддог.

Эрх бүхий албан тушаалтан дээрх зөрчил нь тогтоогдсон гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн.

Гэтэл шүүх маргааны үйл баримтад хэрэглэх ёсгүй журам, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3-д  Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Гэтэл шүүх “ ... зардлын данснаас бэлнээр зарлага гаргасан үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн” гэх зөрчлийн шинж агуулаагүй гэж үзэж, 3.Тыг хууль зөрчөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, шүүхийн дүгнэлт хуулиар тусгайлан зөрчил гэж заасан зөрчлийг үгүйсгэж, холбогдогч хуульд заасан зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн, түүнийгээ үгүйсгээгүй байхад захиргааны актыг хууль бус гэж үзэх, хүчингүй болгох үндэслэлгүй.

Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, 3.Т-ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Гомдол гаргагчаас “... дансанд орсон 1,000,000 төгрөгийг ах, дүү нар надад хандивласан, нам сурталчилгааны материал хэвлүүлэх болсон тул тэр мөнгийг бэлнээр аваад намд өгсөн, энэ талаарх баримт байгаа” гэж тайлбарлан маргаж, “Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Ж-ын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0176490 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Маргаан бүхий 0176490 дугаартай шийтгэлийн хуудсаар “З.Т нь сонгуулийн зардлын данснаас бэлнээр мөнгө зарлагадсан” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “... зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар 10,000,000 /арван сая/ төгрөгийн шийтгэл ногдуулжээ.

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл гомдол гаргагч нь дээрх зөрчлийг гаргасан болох нь баттай баримтаар нотлогдохгүй байх бөгөөд анхан шатны шүүх энэ талаарх баримтыг бүрэн цуглуулж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна. 

Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулна”, 38.2.1-д сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах”, 51 дүгээр зүйлийн 51.1-д “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан гаргах өдрийг дуусах хүртэл хугацаанд энэ хуулийн 38.2-т заасан арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах зориулалтаар сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болно” гэж тус тус заасан.

Хариуцагчаас гомдол гаргагчийг дээр заасан хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж шийтгэл ногдуулсан боловч З.Т нь банкны данснаасаа бэлнээр гарган авсан гэх 1,000,000 төгрөгийг намд шилжүүлсэн, тухайн мөнгийг зарцуулсан буюу сонгуулийн сурталчилгаа явуулах зориулалтаар сурталчилгааны материал хэвлүүлж, сонгогчдод тараасан талаарх баримт хэрэгт авагдаагүй, энэхүү зөрчилтэй холбоотойгоор хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд тухайлбал, 1,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн дагуу бэлнээр өгсөн гэх баримт хуулийн шаардлага хангахгүй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш долоо хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргахаар хуульчилсан байхад хэрэгт тус захиргааны хэргийг үүсгэсэн тухай захирамж авагдаагүй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3, 121.3.3, 131.3.4 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                                     Д.БААТАРХҮҮ

                ШҮҮГЧ                                                                     Н.ДОЛГОРСҮРЭН