Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 0508

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сарангоо,

улсын яллагч Н.Ундрах,

хохирогч Т.Т-,

шүүгдэгч К.Э-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.Э-ад холбогдох эрүүгийн 2008 01380 0551 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “........” ХХК-д хамгаалагч ажилтай, .................оршин суух, урьд ял шийтгэлгүй,

.............................

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч К.Э-нь 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .................. тоот хашааны гадна иргэн Т.Т-ыг “тавгийн идээ голлоо” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь “биед дух, хамрын нуруу, баруун нүдний дээд, доод зовхи, зулайн хуйх, зүүн шанаа, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хоёр шүдний эмтрэл, зүүн сарвууны зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Т.Т-ын мэдүүлэг /хх18-20/, гэрч Т.А-гэх мэдүүлэг /хх23-24/, гэрч О.Б-мэдүүлэг /хх25-26/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 3705 дугаартай дүгнэлт /хх30-31/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх15/,  иргэний үнэмлэхний зурагт лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх51, 52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, цагдаагийн байгууллагын асап сангийн лавлагаа /хх48, 6-10/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч  К.Э- гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

   1. Хохирогч Т.Т-ын “...Манайх Сонгинохайрхан дүүргийн .......... тоотод ам бүл ганцаараа оршин суудаг. Тухайн өдөр би 13 цагийн үед гэрээс гараад 14 цагийн үед 1 шил архи хойно дэнжид зүс таних  хүмүүстэй 4-үүлээ хувааж уусан. Тэд нараас салаад гэр рүүгээ очоод буцаж гараад тамхи авах гээд Оранж дэлгүүрийн үүдэнд танихгүй залуутай тааралдсан. Ганц тамхилаач гэж хэлтэл тамхи байхгүй, 1 шил архи байна, хамт уухуу гэсэн, би тэгье гэсэн. Нөгөө залуу дэлгүүр ороод тамхи аваад ирье гээд алга болсон. Удаагүй 10-20 минутын дараа нөгөө залуу худаг дээр 2 сав барьсан ус аваадахья гэрт архиа үлдээсэн хамт манайх руу орье гэсэн. Би уснаас нь барилцаад Сонгинохайрхан дүүргийн ............... тоотод байрлах нийтийн байрны .. тоот руу орсон. Ороход анх тааралдсан залуугаас гадна дахиад жижиг залуу унтаж байсан. Тэр залуу босч ирээд тавагтай гөөхий боов өгөөд идээ амс гэсэн. Гөөхий боовны булангаас нь амстал нөгөө залуу чи голоод байна уу? гээд нар руу дайраад эхэлсэн. Би өөрөө бие муутай учраас хүнтэй маргалдаад байх шалтгаан байхгүй, би уучлаарай хөгшин нь голоогүй шүү гэсэн. Нөгөө намхан залуу эзнийг нь голоод байна уу? идээг нь голоод байна уу? гээд над руу дайраад гэртээ цохих гэсэн. Нөгөө хамт усанд явдаг залуу нөгөө залуугаа барихаар нь би гэрээс гараад зугтаасан. Тэгтэл дайраад байсан залуу дагаж гарч ирээд нийтийн байрныхаа хашааны гадна дагз руу 1 цохиод, куртикнээс татаж унагаагаад газар чирээд толгойн тус газар руу өшиглөөд цохиод байсан. Зүүн талын хавирга руу цохисон, ерөөсөө зодоод өшиглөөд эхэлсэн, миний тархи толгой манараад ухаан алдсан. Хашаа руугаа гэртээ буцаж ороод дахиж гарч ирээд өшиглөөд зодоод байсан. Би болье гэж хэлсэн сүүлдээ үг гарахаа больсон, манараад ухаан балартсан. Гэр рүүгээ орохоор босоод гэртээ хариад ганцаараа хоносон. 2020 оны 3 дугаар сарын 16-ны өглөө эгч А- ирээд намайг зодуулсныг мэдээд намайг зодсон гэх залуугийн гэр рүү очсон, байхгүй байхаар нь цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан...” гэх мэдүүлэг /хх18-20/

2. Гэрч Т.А-“...2020 оны 3 дугаар сарын 16-ны өглөө гэрт нь ороход гэртээ ганцаар хэвтэж байсан. Нүүр нь шалбараад, няцраад хавдсан, цусаа угаагаагүй хатсан байсан. Чи яасан бэ? гэхэд ...нийтийн байранд амьдардаг нэг залуу нь намайг зодсон гэсэн. Дүүгээ босгоод нүүр гарыг угаалгаад асуусан яасан гэж чамайг зодсон юм бэ? гэхэд айл руу ороод 0,33 граммийн архи ууя гэж дагуулж ороод гэрт нь байсан залуу гөөхий өгөөд голсон шилсэн чи муу юу вэ? гээд дагаж гарч ирээд зодсон гэсэн. Манай дүү айгаад архинаас ууж дуусаагүй гараад явахад араас куртикнээс татаад нүүрээр нь чирээд зодсон гэсэн... ГССҮТөвд үзүүлэхэд хэвлий, цээж, толгойн хэсэг гэмтсэн. Нүүр бол битүү хавдаж, зулгарсан байна...” гэх мэдүүлэг /хх23-24/

3. Гэрч О.Б-“...архи авах гээд явж байгаад үл таних залуу надаас тамхи асуусан, би байхгүй гэсэн. Би гэртээ ороод архиа үлдээгээд ус дууссан болохоор худаг дээр ус авах гэж байтал надаас дэлгүүрийн гадна тамхи асуусан залуу тааралдаад архиа яасан бэ? гэхээр нь гэрт үлдээсэн гэсэн. Тэгээд миний усны савнаас барилцаад манай гэр лүү орсон. Гэрт ороод Э- унтаж байснаа босоод гөөхий боов өгтөл нөгөөдөх нь амсаад өнгөрсөн. Буцаад тавихдаа шидсэн юм уу яасан юм, идээ голлоо, боорцог шидлээ гээд Э- цохих гээд байхаар нь манай байрны хана нимгэн учраас би санаа зовоод Э-ыг салгаад нөгөө залууг гаргаад явуулсан. Уг залууг гараад явахад Э- араас нь дагаад гарсан, гарахдаа байрны жижүүртэй уулзана гэсэн. Би гэртээ унтаад үлдсэн. Орой 22 цагийн үед босоход Э- орой гэрт орж ирсэн залууг би цохисон гэж хэлсэн. Чи хэр зодсон юм, гайгүй юу гэж асуухад гайгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх25-26/

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 3705 дугаартай “Т.Т-ын биед дух, хамрын нуруу, баруун нүдний дээд, доод зовхи, зулайн хуйх, зүүн шанаа, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хоёр шүдний эмтрэл, зүүн сарвууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх30-31/

5. Хяналтын камерийн бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлд “...19:12:59 цагаас ... 19:17:12 цагийн хооронд шүүгдэгч нь хохирогчийг газарт унаган зодож, олон удаа өшиглөж байгаа дүрс...” бичигджээ.  /хх15/

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд шүүгдэгч К.Э-нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

           Хэрэгт авагдсан баримтаас хохирогч шүүгдэгч К.Э-нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ............. тоот хашааны гадна хохирогч Т.Т-ыг “тавгийн идээ голлоо” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хохирол учруулжээ.

          Энэ нь хохирогчийн “...нийтийн байрныхаа хашааны гадна дагз руу 1 цохиод, куртикнээс татаж унагаагаад газар чирээд толгойн тус газар руу өшиглөөд цохиод байсан. Зүүн талын хавирга руу цохисон, ерөөсөө зодоод өшиглөөд эхэлсэн, миний тархи толгой манараад ухаан алдсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Т.А-“...Нүүр нь шалбараад, няцраад хавдсан, цусаа угаагүй хатсан байсан. Чи яасан бэ? гэхэд ...нийтийн байранд амьдардаг нэг залуу нь намайг зодсон...” гэсэн мэдүүлэг, гэрч О.Б-“...Орой 22 цагийн үед босоход Э- орой гэрт орж ирсэн залууг би цохисон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, хяналтын камерийн бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж байгаа мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсанг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Шүүгдэгч К.Э- үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршигийг хүсч үйлдсэн, хууль бус үйлдлийн улмаас хохирогч Т.Т-ын биед “... дух, хамрын нуруу, баруун нүдний дээд, доод зовхи, зулайн хуйх, зүүн шанаа, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хоёр шүдний эмтрэл, зүүн сарвууны зулгаралт...” бүхий гэмтлийн хөнгөн зэрэг бүхий хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 3705 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч К.Э- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

            Хохирогч Т.Т- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 268.000 төгрөг хүлээн авсан байна.

Мөн хохирогч нь шүүх хуралдаанд цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн тул хохирогчийн гэм хорын зардлыг иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэл гаргах эрх нээлттэйг дурдаж байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч К.Э- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан болно.

                      Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлын нөхөн  байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” 1.2 дахь заалтад зааснаар “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хохирогчийг удаан хугацаанд зодсон байдал, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг болон улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг харгалзан шүүгдэгч К.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгж 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч К.  Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Э-ад 900 нэгж буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Э-нь торгох ялыг 5 сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Т.Т- нь гэмт хэргийн хор уршигтай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэргийн шүүхийн журмаа нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай. 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР