| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0398/Э |
| Дугаар | 0509 |
| Огноо | 2020-05-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 0509
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сарангоо,
улсын яллагч А.Ганзориг,
шүүгдэгч П.Ж-, түүний өмгөөлөгч А.Очбадрал /томилолтоор/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ганзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар П.Ж-ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00351 0266 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 9 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн .......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
..................
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч П.Ж- нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ............ тоотод оршин суух иргэн М.Т-эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох Монел маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Шүүгдэгч П.Ж-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх40-43/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх28-30/, хохирогч М.Т-мэдүүлэг /хх15/, П.Ж-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх37-39/, шүүгдэгч П.Ж-ийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх55/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх60/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судалсан.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч П.Ж-ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. П.Ж-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх40-43/,
2. Хохирогч М.Т-“...Ж- нь 2019 оны 9 дүгээр сард манай хашаанд нүүж ирсэн юм. Тэгээд би Өмнөговь аймаг руу явахаар болоод 9 сарын эхээр Ж-ид явах гэж байгаа талаараа хэлээд явсан юм. Тэгээд удаагүй буцаж Улаанбаатар хот руу явах хэрэг гараад 9 сарын дундуур би гэртээ ирээд, ирсэн талаараа Ж-ид хэлээгүй, гэртээ орчхоод байж байтал Ж- нь манай байшингийн баруун талын цонхоор харсан юм. Тэгснээ намайг гэртээ байгааг харчхаад сандраад “өө та байгаа юм уу” гэж хэлэхээр нь би уурлаад “чи яахаараа айлын хаалгаар орж ирэхгүй цонхоор шагайж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь Ж- юм хэлэхгүй цаашаагаа яваад өгсөн юм. ...Тэгээд тэр өдөр би буцаад Өмнөговь руу явсан ба тэрнээс хойш ирээгүй байж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хашаандаа иртэл гэрт хулгай орсон байсан учир уг хүнийг сэжиглэх болсон юм. Тэгээд би Ж-оос манайд хулгай орсон байна, 20 жил энд байхад хулгай ороогүй, чи авсан уу” гэж асуухад Ж- нь “үгүй би аваагүй” гээд байсан учир би цагдаад өргөдөл өгсөн чинь цагдаагаас Ж-ийг дуудсан ба Ж- нь “эгчээ би танай зурагтыг авчихсан юм аа, согтуудаа зурагтыг нь аваад микроны жолоочид зарчихсан юм, одоо яг ямар микроны жолоочид зарсан талаараа санахгүй байна” гэж хэлж байсан...уг хүн нь манайд нэвтрэн орох эрхгүй, манай гэрийн эд зүйлсийг захиран зарцуулах эрхгүй...байшингийн цонхны модон салхивчны силкон наалтаар нь салгаж ороод буцаагаад салхивчийг хаасан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх12-15/,
3. “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20/004 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд алдагдсан зурагтыг 300.000 төгрөгөөр үнэлжээ. /хх28-30/,
4. Шүүгдэгч П.Ж-ийн яллагдагчаар өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр би гадуур архи ууж явж байгаад гэртээ нэлээн согтуу байдалтай гэртээ ирсэн ба гэрт ямар ч хүн байхгүй байсан юм. Тэгээд мөнгөгүй байсан тул архи авч уух мөнгө хайж байгаад Т-эгчийн гэрээс зурагтыг нь авч заръя гэж бодоод, эхлээд эцэс орж авах хүн байна уу асууя гэж санаад шууд Баянхошууны шинэ эцэс рүү очсон. Тэгээд шинэ эцэс дээр очоод зам дагуу зогсож байсан микро автобусны жолооч дээр очоод зурагт авах уу гэж асуусан чинь тэр жолооч нь хэлэхдээ “хулгайн зурагт юм биз дээ” гэхээр нь бишээ, манай зурагт гэж хэлсэн. Тэгтэл тэр жолооч “зурагтыг чинь харъя” гэж хэлэхээр нь би манай гэрт байгаа очоод үзчих” гэж хэлээд би уг микро автобусанд нь суугаад өөрийн байгаа газрыг заагаад очсон юм. Тэгээд хашааны гадаа очоод та эндээ хүлээж бай гэж хэлээд хашаа руу өөрөө ганцаараа ороод Т-эгчийн байшингийн баруун тийшээ харсан модон цонхны гадна ногоон торыг нь салгаад салхивчийг нь салгаж байгаад байшин руу орж 32 инчийн зурагтыг нь авч гарсан. Тэгээд би уг зурагтыг авч гарч ирээд жолоочид үзүүлсэн чинь “авъя, хэдээр өгөх юм бэ” гэхээр нь би “20.000 төгрөгөөр авчих” гэж хэлсэн чинь тэр хүн худалдаж аваад явсан...Тэр микро автобус болон жолоочийг нь огт харж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх37-39/,
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч П.Ж-, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд шүүгдэгч П.Ж- нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ............ тоотод оршин суух хохирогч М.Т-эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн орж “Монел” маркийн 32 инчийн зурагтыг авсан болох хохирогч М.Т-“...Ж- нь “эгчээ би танай зурагтыг авчихсан юм аа, согтуудаа зурагтыг нь аваад микроны жолоочид зарчихсан юм, одоо яг ямар микроны жолоочид зарсан талаараа санахгүй байна гэж хэлж байсан... уг хүн нь манайд нэвтрэн орох эрхгүй, манай гэрийн эд зүйлсийг захиран зарцуулах эрхгүй...байшингийн цонхны модон салхивчны силкон наалтаар нь салгаж ороод буцаагаад салхивчийг хаасан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
“Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлангаар хохирогч М.Т-алдагдсан “Монел” фирмийн 32 инчийн зурагтыг 300.000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг энэхүү үнэлгээр тогтоох нь зөв байна.
Шүүгдэгч П.Ж- нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын өмчлөх эрхэд халдсан буюу эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсанаар хулгайлах гэмт хэргийн бүрдэл төгссөн байна. Улмаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:
Шүүгдэгч П.Ж-, түүний өмгөөлөгч нь хохирол төлөх завсарлага авсан хугацаанд хохирогч М.Т- 300.000 төгрөг төлсөн нь Хаан банкны шилжүүлгийн баримтын хуудсаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд шүүгдэгчид П.Ж-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ “...шүүгдэгч нь анхнаасаа гэм буруу дээрээ маргадаггүй, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэргийн хор уршиг арилсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж” болохоор заасан.
Шүүгдэгч П.Ж- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Ж-ид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ж-ийн цагдан хоригдсон 28 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд /байшинд/ нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Ж-ид 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ж-ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ж-ийн цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР