| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0486/Э |
| Дугаар | 0510 |
| Огноо | 2020-05-08 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 0510
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга _____________________,
улсын яллагч Э.Намуун,
шүүгдэгч М.М-, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М-д холбогдох эрүүгийн 1903 01381 0148 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1961 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, жолооч мэргэжилтэй, “Тээвэр Ачлал” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ................. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
.......................
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.М- нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 19 цаг 35 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 52-ын даваанаас Баруун-Туруун уруудах замд “Киа-5” маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ:б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэснийг тус тус зөрчсөний улмаас зорчих хэсгээс гарч онхолдож, улмаар зорчигч П.Б-, Д.Б-, Д.Б-нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр, Ц.О- эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх7-14/, хохирогч Д.Б-мэдүүлэг /хх19/, хохирогч П.Б-ийн мэдүүлэг /хх34-35/, хохирогч Ц.О- мэдүүлэг /хх86-90/, М.М-ын яллагдагчаар мэдүүлэг /хх171-173/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 389 дугаартай дүгнэлт /хх46-47/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1125 дугаартай дүгнэлт /хх59-60/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1283 дугаартай дүгнэлт /хх64-65/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх187/, иргэний үнэмлэхний зурагт лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх189, 188/ зэрэг холбогдох баримтуудыг шинжлэн судлуулав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч М.М-ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх7-14/,
2. Хохирогч Д.Б-“...таксигаар үйлчлүүлэн уг автомашины жолоочийн эсрэг талын урд суудалд суун хот орохоор Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр болох 52 даваа уруудан Баруун-Туруун уруудах замд унтаж явтал уг автомашинд сууж явсан хүмүүс орилолдоод явчихсан тэгтэл автомашин замаас гарч замын хажуу талын овоолсон шороо руу орж онхолдож байсан, тэгээд тухайн үед хажуугаар явж байсан автомашинтай хүмүүс утсаараа цагдаагийн байгууллагын 102 дугаарын утас руу болон 103 түргэн тусламжийн утас руу залгаж, дуудлага мэдээлэл өгсөн байх...” гэх мэдүүлэг /хх34-35/,
3. Хохирогч П.Б-ийн “...автомашин дотор зорчиж явсан зорчигч нарын нэг нь “хөөе наана чинь шороо” гэж хэлэх чимээ гаран би “хаана юун шороо вэ” гэж зөөлхөн хэлж дуустал автомашины урд салхины шил рүү шороо сархийж цацарч орж ирээд автомашин дотор харанхуйлаад явчихсан...” гэх мэдүүлэг /хх39-41/,
4. Хохирогч Ц.О- “...Улаанбаатар хотоос наахан шинэ тээврийн товчооны орчимд замын хуулж овоолсон асфальан шороог мөргөж, онхолдож машинд явсан хүмүүсийг замаар зорчиж явсан машинтай хүмүүс нэг нэгээр нь чирч гаргасан...” гэх мэдүүлэг мэдүүлэг /хх86-90/,
5. М.М-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Баруун Туруун уруудах замд .............. ХХК-ийн эзэмшлийн нэр дээр байдаг “Киа-5” маркийн ........ УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодоод 4 зорчигчтой явж байтал өөдөөс ирж явсан автомашины гэрэлд хурц гэрлийн гялбаанд ороод, зам мөстсөн цастай байсан, би автомашиныхаа тоормосыг гишгэсэн боловч зогсолгүй явсаар байгаад замынхаа зүүн талын овоолсон шороо очиж мөргөөд, автомашин эгц дээш хараад унасан...” гэх мэдүүлэг /хх171-173/,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 389 дугаартай “...Д.Б-ийн бие бүсэлхийн 1-р нугалмын шахагдсан хугарал, баруун нүдний дээд зовхинд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх46-47/,
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1125 дугаартай “...П.Б-ийн биед зүүн ухархайн доод ханын хугарал, зүүн хацрын зөөлөн эдийн цусан хураа, цусан хураа авах болон ухархайн доод ханын хугарал засах мэс заслын дараах байдал, зүүн шагайн эмтэрсэн хугарал тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх59-60/,
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1283 дугаартай “...Д.Б-биед сээрний 11, 12-р нугалмын шахагдсан хугаралд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх64-65/
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч М.М- болон түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд,
- Шүүгдэгч М.М- нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 19 цаг 35 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 52-ын даваанаас Баруун-Туруун уруудах замд “Киа-5” маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “...Жолооч дараахь үүргийг хүлээнэ:б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...” гэсэн заалтыг зөрчсөн улмаас зорчих хэсгээс гарч онхолдож, зам тээврийн осол гаргажээ.
Энэ нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Д.Б-“...52 даваа уруудан Баруун-Туруун уруудах замд унтаж явтал уг автомашинд сууж явсан хүмүүс орилолдоод явчихсан тэгтэл автомашин замаас гарч замын хажуу талын овоолсон шороо руу орж онхолдож байсан...” гэсэн мэдүүлэг, хохирогч П.Б-ийн “...автомашины урд салхины шил рүү шороо сархийж цацарч орж ирээд автомашин дотор харанхуйлаад явчихсан...” гэсэн мэдүүлэг, хохирогч Ц.О- “...замын хуулж овоолсон асфальан шороог мөргөж, онхолдож машинд явсан хүмүүсийг замаар зорчиж явсан машинтай хүмүүс нэг нэгээр нь чирч гаргасан...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Ослын улмаас тухайн үед хохирогч “...Д.Б-ийн бие бүсэлхийн 1-р нугалмын шахагдсан хугарал, баруун нүдний дээд зовхинд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт ...” бүхий хүндэвтэр гэмтэл,
хохирогч “...П.Б-ийн биед зүүн ухархайн доод ханын хугарал, зүүн хацрын зөөлөн эдийн цусан хураа, цусан хураа авах болон ухархайн доод ханын хугарал засах мэс заслын дараах байдал, зүүн шагайн эмтэрсэн хугарал...” бүхий хүндэвтэр гэмтэл,
хохирогч “...Д.Б-биед сээрний 11, 12-р нугалмын шахагдсан хугаралд...” бүхий хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 389 дугаартай дүгнэлт, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1125 дугаартай дүгнэлт, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1283 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын шинж нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн зам тээврийн осол гарч хуульд заасан хохирол, хор уршиг бий болсон байхыг шаарддаг.
Дээр дурдсанаар шүүгдэгч М.М- нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин осол гаргаж, хохирогч Д.Б-, П.Б-, Д.Б-нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр хохирол учруулсан нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч М.М-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Д.Б-, П.Б-, Д.Б-нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байх тул дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчин хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлжээ.
Шүүгдэгч нь хохирогч нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан үндэслэлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, санал нь хэргийн нөхцөл байдалд тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М. М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М- нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР