Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 0524

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сарангоо,

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч Х.Б-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б- холбогдох эрүүгийн 2008 00000 0756 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг /барилгын засал чимэглэлчин/, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн  .............. оршин суух, урьд ял шийтгэлгүй,

............................................

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х.Б-нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагийн үед  Сонгинохайрхан дүүргийн ....................... тоот гэртээ эхнэр Б.О-“чи манай дүүг доромжиллоо” гэх шалтгаанаар нүүр, гар руу нь гараараа цохиж биед зүүн гарын чигчий хурууны угийн шивнүүр ясны далд хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Гэмт хэргийн шинжтэй дуудлага бүртгэсэн цагдаагийн байгууллагын лавлагаа /хх2/, хохирогч Б.О-гийн мэдүүлэг /хх15/, гэрч А.С-мэдүүлэг /хх22/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний дүгнэлт /хх24-25/, Х.Б- яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх48/, шүүгдэгч Х.Б- иргэний үнэмлэхний зурагт лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх57, 56/, ял шалгах хуудас /хх53/, эд хөрөнгө бүртгэлтэй тухай лавлагаа, Хаан банкны дасны хуулга /хх58, 59-62/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Х.Б- гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. 2020 оны 4 дүгээр сарын 10-ны гэмт хэргийн шинжтэй дуудлага бүртгэсэн цагдаагийн байгууллагын лавлагаа /хх2/,

2. Хохирогч Б.О-гийн “...2020 оны 4 дүгээр сарын 10-ны орой 20 цагийн үед гэртээ ганцаараа пиво авч уугаад согтсон юм шиг байгаа юм. Би 50.000 төгрөгөөр хүн худалдаж авъя гэж байсан нөөтбүүкийг хэд хоногийн нөхөрийн дүүг гуйгаад гайгүй үнээр зараад өгчих гэж гуйсан байсан юм. Дүү нь 40.000 төгрөгөөр зарчихсан, 5000 төгрөгөөр нь өлсөөд юм аваад идчихлээ гэж нөхөр хэлэхээр нь би уурлаад дүүгээс нь асуутал 80.000 төгрөгөөр зарсан байсан. Тэгээд бид 2 хоорондоо хэрэлдээд нөхөр “миний дүү ядарсан хүн, 40.000 төгрөгийг өгчих гэж би хэлсэн юм, чи миний дүүгээс мөнгө харамлалаа” гээд нүүр рүү 2-3 удаа цохисон. Зодуулахгүй гээд зүүн гараараа хаатал чигчий хуруу руу цохисон...урьд өмнө намайг цохиж зодож байгаагүй. Анх удаа цагдаад хандаж байна...” гэсэн мэдүүлэг /хх15/,

3. Гэрч А.С-“...манай нөхөрийн дүү О- өөрийн нөхөртэйгээ хамт манай хашаанд амьдардаг юм. Орой 23 цагийн үед Б- чанга дуугараад байхаар нь гэрт нь ортол тэрээр согтуу, эхнэрийнх нь нүүр нь хавдсан, гар нь бас хавдсан байсан...тэгээд цагдаад мэдэгдсэн...манай хашаанд байхдаа зодож агсам согтуу тавьж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх22/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 4701 дугаартай шинжилгээний “...Б.О-гийн биед зүүн гарын чигчий хурууны угийн шивнүүр ясны далд хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх24-25/,

5. Х.Б- яллагдагчаар өгсөн “...80.000  төгрөгөө бүгдийг нь авах байсан юм. Танайхан ийм арчаагүй гэж хэлэхээр нь уур хүрээд нүүр, дух руу гараараа 3-4 удаа цохисон.  Гараараа хаахаар нь хурууг нь цохисон... одоо бид 2 эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх48/

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Х.Б-нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагийн үед  Сонгинохайрхан дүүргийн .............. гэртээ эхнэр Б.О-“чи манай дүүг доромжиллоо” гэх шалтгаанаар нүүр, гар руу нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.  

Шүүгдэгч Х.Б- үйлдлийн улмаас хохирогч Б.О-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 4701 дугаартай “...зүүн гарын чигчий хурууны угийн шивнүүр ясны далд хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо ...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, ....”-ийг хамааруулахаар,мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад  “эхнэр, нөхөр, ....тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заажээ.

Хэдийгээр шүүгдэгч Х.Б-, хохирогч Б.О- нар нь эхнэр нөхрийн харилцаатай боловч шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл хохирол учруулсан шинж байдал нь хохирогчийг өөрийн эрхшээл, хараа хяналтанд байлгах зорилгоор түүний эрхэд нь халдсан, өмнө нь ийнхүү халдаж байсан нөхцөл байдал тогтоогдоогүй буюу гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч,  хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Х.Б- хохирогч Б.О-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Х.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлжээ.  

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн үндэслэлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр буюу шүүгдэгч Х.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:   

1. Шүүгдэгч Х.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б- 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР