| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0512/Э |
| Дугаар | 0539 |
| Огноо | 2020-05-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 0539
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сарангоо,
улсын яллагч Ц.Ариунтуяа,
шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа /ШТЭД-0165/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар С.Б-өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 01019 0297 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэгч мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 1, Улаанбаатар хот ............... урьд ял шийтгэлгүй
.........................
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.Б- нь 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ................тоотод оршин суух иргэн Ц.Ц-өвлийн байшингийн вакум цонхны салхивчийг хагалан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Самсунг маркийн 42 инчийн 1 ширхэг зурагт, том гуйлан бурхан 1 ширхэг, жижиг гуйлан бурхан 1 ширхэгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 900.000 төгрөгийн шууд хохирол, цонхыг хагалж 42.000 төгрөгийн хор уршиг учруулж, бусдад нийт 942.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх3-10/, С.Б-өөс гаргаж өгсөн 2 ширхэг металл бурханы зураг /хх18/, бурхныг хохирогч Ц.Ц-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх19/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх22/, хохирогч Ц.Ц-мэдүүлэг /хх28, 31/, гэрч Б.Г-мэдүүлэг /хх36-37, 39/, гэрч М.Э-мэдүүлэг /хх41/, гэрч Б.Э-мэдүүлэг /хх46-47/, гэрч Ү.Б- мэдүүлэг /хх49/, гэрч Г.Г-мэдүүлэг /хх53/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээ /хх55-56/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний 2020 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн №1104 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх60-66/, С.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх73-75/, хохирогч Ц.Ц-хүсэлт /хх112/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №1265 дугаартай дүгнэлт /хх128-130/,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: С.Б-ийн бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар /хх17/, төрсний гэрчилгээний хуулбар /хх16/, гэрч С.А-шүүгдэгчийн хувийн байдлын талаар өгсөн мэдүүлэг /хх51/, эрүүгийн хариуцлага хүлээн эсэхийг шалгах хуудас /хх92/, иргэний үнэмлэхийн зурагт лавлагаа /хх95/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судалсан.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч С.Б-ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх3-10/,
2. Хохирогч Ц.Ц-“…2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 15 цагийн орчимд хашаа байшингаа эргэж очиход манай байшингийн урагшаа харсан вакум цонхны салхивчийг нь хагалчихсан байхаар нь гайхаад яагаад хагарчихсан юм бол гэж бодоод хаалгаа түлхүүрээрээ онгойлгож гэртээ орсон чинь манай байшингийн том өрөөнд зурагтын тавиур дээр байсан зурагт, мөн бурханы гүнгэрваа дотор байсан 2 ширхэг гуйлан бурхан алдагдсан байсан. Манай орны шаргал бүтээлгийг газарт тавьсан байсан ба уг бүтээлэг цус болчихсон байдалтай байсан… Би алдагдсан 2 ширхэг гуйлан бурханаа хүлээн авлаа. …С.Б- нь манай 42 инчийн самсунг маркийн зурагтыг авч ирж надад өгсөн, мөн өмнө нь 2 ширхэг бурханыг хүлээлгэн өгсөн учир одоо миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, Би гомдол саналгүй учир шүүх хуралд суухгүй…” гэсэн мэдүүлэг /хх28, 31/,
3. Шүүгдэгч С.Б-өөс гаргаж өгсөн бурхныг /гуулин/ хохирогч Ц.Ц-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх19/,
4. Гэрч Б.Г-“…2020 оны 02 дугаар сарын 16-ны орой Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах гэртээ унтаж байтал шөнө 04 цагийн орчимд Б- нь такси барьчихсан манай гэрийн гадаа ирээд “би такси барьчихсан явна, таксины мөнгө байна уу. онгорхой ломбард байна уу, гараад ир” гээд дуудаад байсан юм. Тэгэхээр нь гараад иртэл Б- приус 10 байна уу 11 маркийн автомашинтай такситай ирсэн байсан. Уг таксины улсын дугаарыг нь анзаараагүй юм байна. Тэгээд таксины мөнгө 18.000 гарчихсан байна, мөнгө байвал өгөөч гэхээр нь би 18.000 төгрөг өгөөд тэр таксиг явуулах гэхэд Б- нь уг таксинаас шар өнгийн хүрээтэй 42 инчийн Самсунг гэсэн бичигтэй зурагт тэвэрчихсэн бууж ирсэн. Тэгэхээр нь би Б-өөс “”энэ юун зурагт юм бэ” гэж асуухад Б- нь хэлэхдээ “манай эгчийн зурагт байгаа юм, би түр барьцаанд тавьчихаад буцаагаад авна, миний барилга дээр ажилласан ажлын цалин мөнгийг өгөөгүй байна, өгөхөөр нь авчихна, санаа зоволтгүй” гэж хэлсэн… Тэгээд би гэртээ орох гэтэл Б- одоо ломбард ажиллахгүй байгаа юм чинь машинд чинь зурагтаа тавьчихая, маргааш авъя гэхээр нь би машиндаа Б-ийн авч ирсэн зурагтыг нь оруулж тавьчихаад гэртээ ороод унтсан… Тэгэхэд өглөө эрт байсан учир ломбард онгойгоогүй байгаа байх гэж санаад би өөрийн ажлыг амжуулахаар Төмөр зам руу явсан. Тэгтэл Төмөр замын Тоса төвийн хажууханд байдаг нэг ломбард онгорхой байж таарсан ба Б- нь энд тавьчих гэхээр нь би уг ломбард руу ороод уг зурагтыг өөрийн бичиг баримтаар 200.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд гарч ирээд явах гэхэд Б- би модны хоёр дээр гар утсаа барьцаанд тавьчихсан байгаа авах гэсэн юм гэхээр нь Б-ийг, Э- хамт Модны хоёр хүргэж өгөөд тэр хоёрт 50.000 төгрөгөөр нь архи ундаа зэрэг эд зүйлс авч өгөөд 50.000 төгрөгийг нь Э-ахад өгөөд “танд байж байг Б-өд дараа нь өгөөрэй” гэж хэлээд үлдсэн мөнгөнөөс нь би танд өгсөн мөнгө болон таксиний мөнгө болох нийт 58.000 төгрөгийг суутгалаа шүү, түүнээс үлдсэн мөнгөө дараа нь надаас авчих түр зээлчих гэсэн чинь Б- зөвшөөрөөд тэгээд би явсан… Уг зурагт нь шар өнгийн хүрээтэй, Самсунг гэсэн бичигтэй, 42 инчийн зурагт байсан… Б- тухайн өдөр хар савхин куртка, саарал ногоон өмд, саравчтай малгайтай явж байсан. Биед нь гэмтэл учирсан байсан эсэхийг нь анзаарч хараагүй... Тухайн шөнө буюу 2020 оны 02 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө би гэртээ төрсөн эгч Оюунчимэгийн хамт унтаж байхад шөнө 04 цагийн орчимд Б- таксины жолоочийн утаснаас ярьж байна гээд над руу залгаж дуудсан. Намайг гэртээ хоносон талаар эгч мэдэж байгаа, мөн тэр таксины жолооч нь Б-ийг авч ирсэн тул уг хэрэгт намайг хамааралгүй талаар хэлэх байх гэж бодож байна. ...Эгчийн зурагт байгаа юм түр тавьчихаад дараа нь аваад өгчих юм гэхээр нь л итгэсэн…” гэсэн мэдүүлэг / хх36-37, 39/,
5. Гэрч М.Э-“…2020 оны 02 дугаар сарын 17-ны өглөө би гэрээсээ гараад Жанцангийн хаан банк орчхоод буцаад гэррүүгээ буюу Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Уулын 3 дугаар гудамж руу явж байтал уг гудамжинд Б- нэг приус 30 маркийн автомашины хажууд зогсож байгаад надтай таарсан юм. Тэгээд мэнд мэдээд ойр зуурын юм ярьж байтал Б- нь “би ломбард орж зурагт тавих гээд явж байна, цуг явж ганц юм уух уу” гэхээр нь би зөвшөөрөөд машинд нь суусан. Уг машинд шар өнгийн хүрээтэй 42 инчийн зурагт байсан, ... барьцаанд тавих гэж байгаа гэж ярьж байсан юм. Тэгээд байж байтал машины эзэн нь гэх Г- гэх залуу гарч ирээд төмөр зам руу ажилтай гээд явсан ба замд нэг ломбард онгорхой таарсан чинь Б- энэ ломбарданд уг зурагтыг тавьчих гээд Г- оруулсан ба Г- орж зурагтыг тавьчихаад гарч ирсэн. ...Тэгээд тэндээсээ Б- бид хоёр модны хоёрт хүргүүлээд Г- нь бид хоёр архи, ундаа, бэлэн гоймон зэрэг эд зүйлс авч өгөөд 50.000 төгрөг өгөөд яваад өгсөн. Тэгээд би Б-ийн хамт 0,75 литрийн нэг шил архи авч уучихаад би явсан…Уг зурагт нь Самсунг гэсэн бичиглэлтэй шар өнгийн хүрээтэй, 42 орчим инчийн зурагт байсан…” гэсэн мэдүүлэг /хх41/,
6. Гэрч Б.Э-“… Би лизингээр авсан .... УНЭ улсын дугаартай тоёота приус 11 маркийн автомашинтайгаа хувиараа халтуур хийж таксинд явдаг юм… Би 2020 оны 02 дугаар сарын 16-ны орой би таксинд ...халтуур хийж явж байгаад 3 цагийн орчим Баянхошууны тойрог дээр нэг хүн гараа өргөж байхаар нь авсан юм. Тэгтэл тэр хүн машинд суучихаад зүүнсалаа руу явна гэхээр нь явж байтал тэр хүн надад хэлэхдээ “уучлаарай би нэг юм хэлэх гэсэн юм, би буудалд хүүхэнтэй байж байгаад эхнэртээ баригдчихсан юм, тэгээд эхнэртэйгээ хэрэлдээд, манай эхнэр хадмын гэр рүү явчихсан, бүр салж байгаа юм, надад байгаа нь одоо зурагт л байна, ганц байгаа хөрөнгөө зарчмаар байна, та хоёр авах уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ямар зурагт юм бэ” гэхэд тэр хүн “том зурагт байгаа, би өөрөө 800.000 төгрөгөөр авч байсан юм” гэхээр нь би “өө тийм үнэтэй юм бол авч чадахгүй юм байна” гэхэд тэр хүн “би та хоёрт тийм үнэтэй өгөхгүй ээ 100.000 төгрөгөөр л ав” гэхээр нь би “надад тийм их мөнгө байхгүй ээ, авч чадахгүй юм байна” гэж хэлсэн. Тэгээд тэр хүн “тэгвэл ломбарданд тавьчихъя, та хоёрын нэр дээр тавьчихъя та хоёр дараа нь мөнгөтэй болохоороо авчих” гэхээр нь би “тийм боломж алгаа, тэглээ ч одоо онгорхой ломбард байхгүй” гэхэд тэр хүн “заза би найз дээрээ очьё” гэж хэлсэн. Тэгээд тэр хүн манайх руу явья гээд Баянхошууны эцсээс Зүүнсалаа руу нэг буудал арай хүрэхгүй яваад баруун гар эргээд гудамжаар орж явж байгаад нэг хүнгүй хашааны гадна очоод тэр хүн надад хандаад “хоёулаа цуг ороод зурагт тэврээд гараад ирье, хамт өргөлцөөд өгөөч” гэхээр нь би “/өө би хүний юм хагалчихаж магадгүй, тэгж өрөнд ороод яахав” гэж хэлээд өргөөгүй юм. Тэгээд тэр хүн ганцаараа хашаа руу ороод нэг том зурагт тэвэрчихсэн гарч ирээд машины арын сандал дээр тавиад өөрөө хажууд нь суугаад явахдаа “би найзтайгаа ярьчихая” гээд миний дугаараас ............. гэсэн дугаар руу залгаад найз нь яваад очьё гээд ярихад нөгөө хүн нь унтаж байна гээд байх шиг байсан ба сүүлдээ заза хүрээд ир гэсэн бололтой очихоор болсон. Тэгээд Чингис зочид буудлын орчимд очоод тэр хүн найзынхаа ................... гэсэн дугаар руу миний дугаараас залгаад нөгөө найз нь гарч ирсэн. Тэгээд тэр хүн авч явсан зурагтаа найзынхаа машинд хийгээд, найз нь АТМ ороод 20.000 төгрөг надад өгөөд нөгөө хүн найзтайгаа үлдсэн… Уг хүн саарал өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн курткатай байсан. Бусад хувцсыг нь санахгүй байна. Уг хүн ганцаараа явж байсан. Царай зүсний хувьд бөөрөнхий нүүртэй надаас арай намхан гэхээр 168 орчим өндөртэй 40 гаран насны хүн байсан… Нэлээн том хэмжээтэй зурагт л байсан. Маркийг нь хараагүй багцаагаар 42 орчим инч байж магадгүй. Тэр хүн хэлэхдээ 42 инч гэж хэлж байсан санагдаж байна…” гэсэн мэдүүлэг /хх46-47/,
8. Гэрч Ү.Б- “…тэр хүн уг зурагтыг аваад гараад ирсэн. Тэгээд найзруугаа явна гээд манай нөхрийн утсаар залгаад машинаас буугаад яриад байсан. Тэгээд найз дээр нь очоод уг хүний найз нь 20.000 төгрөг өгөөд тэр хоёр хүн үлдсэн… Уг зурагт нь 42 инчийн зурагт гэж хэлж байсан ба бид хоёрыг 100.000 төгрөгөөр авах уу 800.000 төгрөгөөр авч байсан юм гэж хэлж байсан. Тэр зурагт нь нэлээн том зурагт байсан ба 42 инчийн зурагт байсан байж магадгүй би анзаарч хараагүй тул маркийг нь хараагүй юм байна… Хар өнгийн савхи билүү тийм нэг курткатай байсан санагдаж байна…” гэсэн мэдүүлэг /хх49/,
9. Гэрч Г.Г-“… 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б- Г- гэх хүн өөрийн бичиг баримтаар Самсунг лед хятад зурагт барьцаанд 200.000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай тавьсан байна. Тухайн үед уг хүн нь хүнтэй явж байсан эсэхийг мэдэхгүй байна…” гэсэн мэдүүлэг /хх53/,
10. “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 20/011 дугаартай хөрөнгийн үнийн тодорхойлолт “Самсунг фирмийн шаргал хүрээтэй, 42 инчийн, 2015 онд худалдаж авсан зурагт 1 ширхэг 600.000 төгрөг, том, хэрэглэж байсан гуйлан бурхан 1 ширхэг 200.000 төгрөг, жижиг, хэрэглэж байсан гуйлан бурхан 1 ширхэг 100.000 төгрөг, вакум цонхны салхивчны шил 1 ширхэг 42.000 төгрөг, нийт 942.000 төгрөг” гэсэн үнэлгээ /хх55-56/,
13. Хохирогч Ц.Ц-“...самсунг 42 инчийн зурагтаа хүлээн авлаа, Одоо миний зүгээс ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт /хх112/,
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №1265 дугаартай дүгнэлтэд “...Шар өнгийн бүтээлэг, вакум цонх цусны дээж гэж хаягласан 1 ширхэг хөвөнд илэрсэн цусанд нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрч байна. Уг илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо С.Б-ийн цусны ДНХ-ийн тогтоцтойтохирч байна...” гэсэн /хх128-130/,
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд Шүүгдэгч С.Б- нь 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ................... тоотод оршин суух хохирогч Ц.Ц-өвлийн байшингийн вакум цонхны салхивчийг хагалан орж Самсунг маркийн 42 инчийн 1 ширхэг зурагт, том гуйлан бурхан 1 ширхэг, жижиг гуйлан бурхан 1 ширхгийг тус тус авсан болох нь:
хохирогчийн “...манай байшингийн том өрөөнд зурагтын тавиур дээр байсан зурагт, мөн бурханы гүнгэрваа дотор байсан 2 ширхэг гуйлан бурхан алдагдсан байсан. Манай орны шаргал бүтээлгийг газарт тавьсан байсан ба уг бүтээлэг цус болчихсон байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг,
гэрч Б.Г-“...Б- нь уг таксинаас шар өнгийн хүрээтэй 42 инчийн Самсунг гэсэн бичигтэй зурагт тэвэрчихсэн бууж ирсэн. Тэгэхээр нь би Б-өөс “энэ юун зурагт юм бэ” гэж асуухад Б- нь хэлэхдээ “манай эгчийн зурагт байгаа юм, би түр барьцаанд тавьчихаад буцаагаад авна... Төмөр замын Тоса төвийн хажууханд байдаг нэг ломбард онгорхой байж таарсан ба Б- нь энд тавьчих гэхээр нь би уг ломбард руу ороод уг зурагтыг өөрийн бичиг баримтаар 200.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэсэн мэдүүлэг,
гэрч Б.Э-“...Баянхошууны эцсээс Зүүнсалаа руу нэг буудал арай хүрэхгүй яваад баруун гар эргээд гудамжаар орж явж байгаад нэг хүнгүй хашааны гадна очоод ... тэр хүн ганцаараа хашаа руу ороод нэг том зурагт тэвэрчихсэн гарч ирээд машины арын сандал дээр тавиад өөрөө хажууд нь суугаад... Царай зүсний хувьд бөөрөнхий нүүртэй надаас арай намхан гэхээр 168 орчим өндөртэй 40 гаран насны хүн байсан…” гэсэн мэдүүлэг,
гэрч Ү.Б- “…тэр хүн уг зурагтыг аваад гараад ирсэн. Тэгээд найзруугаа явна гээд манай нөхрийн утсаар залгаад машинаас буугаад яриад байсан...” гэсэн мэдүүлэг,
гэрч Г.Г-“… 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б- Г- гэх хүн өөрийн бичиг баримтаар Самсунг лед хятад зурагт барьцаанд 200.000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай тавьсан байна...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №1265 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний 2020 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн №1104 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
“Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлангаар хохирогч Ц.Ц-алдагдсан “Самсунг фирмийн шаргал хүрээтэй, 42 инчийн, 2015 онд худалдаж авсан зурагт 1 ширхэг 600.000 төгрөг, том, хэрэглэж байсан гуйлан бурхан 1 ширхэг 200.000 төгрөг, жижиг, хэрэглэж байсан гуйлан бурхан 1 ширхэг 100.000 төгрөг, вакум цонхны салхивчны шил 1 ширхэг 42.000 төгрөг, нийт 942.000 төгрөгөөр тусгагдсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг дээрх үнэлгээгээр тогтоох нь зөв байна.
Шүүгдэгч С.Б- нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын өмчлөх эрхэд халдсан, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсанаар хулгайлах гэмт хэргийн бүрдэл төгссөн, энэхүү гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:
Мөрдөн байцаалтын шатанд Самсунг маркийн 42 инчийн 1 ширхэг зурагт, том гуйлан бурхан 1 ширхэг, жижиг гуйлан бурхан 1 ширхгийг тус тус хүлээн авсан хохирогч Ц.Ц-д биет байдлаар хүлээлгэн өгсөн талаар мэдүүлсэн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч С.Б-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд: шүүгдэгчид С.Б-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгч С.Б- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэж, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж болно” гэж тус тус заажээ.
Дээр дурдсанаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу хорих ялын хэмжээг хөнгөрүүлэн оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч С.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шаргал өнгийн бүтээлэг 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хар өнгийн хос пүүзийг шүүгдэгчид буцаан олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР