| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0214/э |
| Дугаар | 0222 |
| Огноо | 2020-06-17 |
| Зүйл хэсэг | 18.12.1., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 0222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г
Улсын яллагч Л.Э
Шүүгдэгч Б.Ө нарыг оролцуулан хийж, Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч баримт бичиг ашиглаж, нийгмийн халамжийн үйлчилгээ авахыг завдсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ө-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 онд онд төрсөн эрэгтэй, Б.Ө
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Ө-ыг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 142 дугаартай шийдвэрээр ажилласан жилээ хууль бусаар тогтоолгуулж, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дээрх шийдвэрийг буюу хуурамч баримт бичиг ашиглан нийгмийн халамжийн тэтгэвэр авахыг завдсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө мэдүүлсэн “Н миний эгч, Э хүргэн, ажилласан байдлаа 4 жилийг худал тогтоолгосон. Өмнө нь үнэн мэдүүлэг өгсөн. Өөр ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Амьдрал хүнд бие муутай /сахартай/ бага хугацаагаар ял оногдуулна уу” гэх мэдүүлэг,
-Хохирогчоор Н.Б мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Б.Ө нь 2018 оны 12 сарын 26-ны өдөр манай байгууллагад өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор холбогдох материалаа өгсөн ба уг материалыг хянаж үзэхэд 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Нефть баазад ажиллаж байсан гэж шүүхээр ажилласан жилээ тогтоолгосон байсан боловч манай байгууллагад 2013 оны 04 сарын 26-ны өдөр ажилласан жилээ нөхөн тооцуулахаар гаргасан өргөдөлдөө хавсаргасан хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт тухайн үеийн “Монгол шинэс” модны үйлдвэрт 1993 оны 10 сарын 23-ны өдрөөс 1995 оны 01 сарын 05-ны өдрийн хооронд тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж байсан нь тогтоогдсон мөн шүүхээр ажилласан жилээ хуурамчаар тогтоолгож манай байгууллагаас хууль бусаар өндөр насны тэтгэвэр авахаар завдсан юм. Манай байгууллагад ямар нэгэн хохирол учраагүй, өндөр насны тэтгэвэр нь тогтоогдоогүй гэсэн мэдүүлэг /хх 08 хуудас/
- Гэрч Д.Н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.Ө нь Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай шийдвэрээр 1984 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Нефть хангамжийн баазад торх угаагч, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд ачаа шалгагчаар тус тус ажиллаж байсан талаар нийт 10 жил 5 сар хортой нөхцөлийн ажлыг хийж байсан гэж шүүхээр шийдвэр гаргуулан Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор манай байгууллагад материал ирүүлсэн бөгөөд ажилласан жилээ шүүхээр хууль бусаар тогтоолгуулсан байж болзошгүй гэх асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэсэн мэдүүлэг /хх 9 хуудас /
- Гэрч Ч.Э мөрдөн байцаалтад мэдүүлсэн“...Би Б.Ө гэдэг хүнийг танина. Б.Ө нь манай эхнэрийн төрсөн дүү байгаа юм. Б.Ө нь Тэлмэн дэх шатахуун түгээх станцад ...ажиллаж байсан, ...Б.Ө нефть баазын Тэлмэн дэх шатахуун түгээх станцад нийт хэдэн жил ажилласан талаар сайн мэдэхгүй байна. Нефть баазад торх цэвэрлэдэг байсан юм. Б.Ө намайг 2018 оны 12 дугаар сард гуйгаад нефть баазад ажиллаж байсан гээд намайг шүүхэд гэрчээр ороод өгөөч гэсэн юм, үүний дагуу би шүүхэд гэрчээр орж өгсөн юм. Би Ө-ыг дээрх хугацаанд ажиллаж байсан талаар сайн мэдэхгүй. Намайг 1987 онд тэнд очиж бензин авахад торх угаадаг ажил хийж байсан юм. 1990 ээд оны үед Б.Ө шилжиж ирсэн юм. Би Б.Ө-аас тухайн үед шүүхэд би гэрчилж болох юм уу? би чиний ажилласан жилийг сайн мэдэхгүй шүү дээ гэсэн чинь, Б.Ө надад болно гэж тэр үед хэлж байсан юм. Тэгээд би гэрчээр орж мэдүүлэг өгсөн юм. Би Б.Н гэдэг хүнийг танина манай эхнэрийн дүү Б.Ө-ын эгч байгаа юм. Б.Н Нефть баазад ажиллаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 10-11 хуудас/
- Гэрч Б.Н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Б.Ө гэдэг хүн бол манай төрсөн дүү байгаа юм. Манай дүү Б.Ө нь Тэлмэн дэх Нефть хангамжийн баазад 1991-1992 онд ажиллаж байсан юм. Бензиний ёмкс 2 жил орчим угааж байсан шиг санагдаж байна. Тухайн үед Нефть хангамжийн баазын даргаар Ж гэдэг хүн ажиллаж байгаад нас барсан гэсэн. Манай дүү Б.Ө бие муутай байсан. ...Тэгээд шилжиж ирээд Модны үйлдвэрт ажиллаж байсан. Хэдэн жил ажилласан талаар нь мэдэхгүй. Би Нефть хангамжийн бааз болон Тэлмэн дэх Нефть хангамжийн баазад ажиллаж байгаагаагүй. Манай дүү Б.Ө намайг 2018 оны 12 дугаар сард гуйгаад Нефть хангамжийн баазад ажиллаж байсан гээд намайг шүүхэд гэрчээр ороод өгөөч гэсэн үүний дагуу би шүүхэд гэрчээр орж өгсөн юм. Манай дүү нефть баазад ажиллаж байсан хэдээс хэдэн онд ажиллаж байсан талаар мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 12 хуудас/,
- Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэр тогтоолгооор гаргасан Б.Ө-ын өргөдөл, хавсаргасан баримтууд /хх-ийн 18-27-р хуудас/
- Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилласан хугацааг сэргээн тогтоолгохоор гаргасан Б.Ө-ын нэхэмжлэл хүсэлт, хавсаргасан баримтууд, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрийн хуулбар /хх-ийн 30-52 дугаар хуудас/
-Б.Ө-ын ажилласан байдлын талаархи архивын баримтууд / хх-ийн 54-58-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Ө нь Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажилласан жилээ сэргээн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, 2 гэрчийн тодорхойлолт хуурамчаар гаргуулан улмаар 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүх хуралдаанд оролцуулан худал мэдүүлэг гаргуулсаны үндсэн дээр шүүхийн шийдвэр гарч Б.Ө-ыг 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Нефть баазын Тэлмэн дэх шатахуун түгээх станцад ачаа шалгагчаар ажиллаж байсныг тогтоосон байна. Б.Ө нь уг шүүхийн шийдвэрийг үндэслэн хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласнаар тэтгэвэр тогтоолгохоор бичиг баримт бүрдүүлэн Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргаж, хуурамч баримт бичиг ашиглан нийгмийн халамжийн тэтгэвэр авахыг завджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүхийн архивын баримтууд, тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдөл, шүүхийн шийдвэр, Б.Ө-ын ажил эрхэлж байсан талаархи архивын баримтууд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүхийн шийдвэрээр тогтоосон 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Б.Ө нь ажилгүй байсан болох нь хөдөлмөрийн дэвтэрээр нь тогтоогдсон ба гэрч Ч.Э, Б.Н нар Нефть баазад ажил эрхэлдэггүй байсан болох нь нийгмийн даатгалын архивт байгаа баримтууд, гэрчээр өгсөн мэдүүлгүүдээр тогтоогджээ. Шүүгдэгч Б.Ө-ын хуурамч баримт бичиг ашиглан нийгмийн халамжийн үйлчилгээ авахыг завдсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эдийн засгийн эсрэг, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авахаар завдсан гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ө нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч өөрийнх нь хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй /өөрөөр хэлбэл материал судлагдах үед илэрсэн/ байх тул гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ. Шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдлийг хийхээр завдсан болох нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ө-ыг гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан....ял оногдуулна” гэж заасан байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Б.Ө нь шүүхийн шийдвэрийг хууль бусаар гаргуулж хуурамч баримт бичиг ашиглан нийгмийн халамжийн тэтгэвэр авахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тус хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргаж байна гэжээ.
Шүүгдэгч шүүх хуралдаанд, би гэм буруутай, гэмшиж байна. Бага хэмжээний ял оногдуулна уу. Би биеийн эрүүл мэнд сайнгүй, ажил эрхэлдэггүй, амьдрал хүнд гэжээ.
Хохирол төлбөрийн тухайд, хохирогч Н.Б “манай байгууллагад ямар нэг хохирол учраагүй, өндөр насны тэтгэвэр тогтоогдоогүй” гэх мэдүүлэг хэргийн 08-р хуудаст авагдсан байна. Иймд шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөргүй байдал, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэж шийдвэрлэв. Шүүгдэгч гэм буруугаа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжэг хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.