Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

 

№               № 546                                  МАГАДЛАЛ

 

Д.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ж.Бүрэнжаргал,

шүүгдэгч Д.О-н өмгөөлөгч Л.Г,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Л.Г нарын гаргасан давж заалдах гомдлоор Д.Од холбогдох 1704000780040 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

          Б овогт Д.О, 1988 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .................. оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................../,

          Д.О нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ж.М-ыг байнга буюу 2015 оны намар гэртээ ирж хоносонгүй, машин мөргүүлсэн байна гэж уурлан гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодсон,

          2017 оны 8 дугаар сарын 24-ний орой 21 цагийн үед Ж.М-ныг айлд ороод удлаа гэж уурлан гараараа мөр, хөл, ууц нуруу руу нь цохиж, өшиглөж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

          2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр буюу Даншиг наадмын урд өдөр малаа айлын малтай нийлүүллээ гэж уурлан зодож, түүнийг байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

  Багануур дүүргийн Прокурорын газраас: Д.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Д.О-ийг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Од оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.О-н цагдан хоригдсон 3 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох, Д.Од цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолох, хохирогч Д.О-н нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, Д.Од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.О гаргасан давж заалдах гомдолдоо: “... Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний эхнэр М нь гомдол саналгүй гэж мэдүүлсэн. Бид хоёр хамт амьдраад 10 гаруй жил болж байгаа бөгөөд хоёр хүүхэдтэй. Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би эхнэр, хүүхдүүддээ үнэхээр хайртай. Тухайн үед өөрийн буруугаас болж, эхнэртээ гар хүрч, гомдоосондоо гэмшиж, дахин ийм байдал гаргахгүй, сайхан амьдрахыг хүсэж байна. Мөн миний хөгшин эцэг, эх хоёр маань байдаг. Би энэ хоёр айлыг авч явдаг, малаа би өөрөө хариулдаг болохоор ар гэрийн амьдрал үнэхээр хэцүү байна. Та бүхэн энэ байдлыг харгалзан үзэж, хорих ялыг тэнсэж, миний амьдралд гүн туслалцаа үзүүлнэ үү ...” гэжээ.

Шүүгдэгч Д.О-н өмгөөлөгч Л.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хэрэгт авагдсан баримтуудаас шүүгдэгчийн гэм буруутай болохыг тогтоосон баримтуудыг үндэслэл болгон жагсаасан бөгөөд эдгээр баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, “... Аюулын зэргийн болон нөхцөл байдлын үнэлгээний үндэслэл ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлага хангажээ” гэж дүгнэсэн байна.

Гэтэл эдгээр баримтууд нь хууль ёсны шаардлага хангасан гэж үзэхэд туйлын учир дутагдалтай, нэг талыг барьсан, нотлох баримт бүрдүүлэх шаардлага хангаагүй, журам зөрчсөн баримтууд байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хэдийгээр Аюулын зэргийн үнэлгээг цагдаагийн албан хаагч хийнэ гэж заасан байдаг ч энэ нь процессын хувьд зөвхөн Зөрчлийн хэрэг маргаан шийдвэрлэхэд хэрэглэгдэх ёстой гэж үзэж байна. Эрүүгийн хэргийн хувьд бол ямар нэгэн үнэлгээ дүгнэлт нь шинжээчийн дүгнэлтийн адил нотолгооны чанартай ашигладаг учраас энэхүү дүгнэлтүүд нь хөндлөнгийн бөгөөд мэргэжлийн байгууллагаас гаргасан байх шаардлагатай гэж үзэж байгаа тул Аюулын зэргийн үнэлгээг хэргийг шалгаж байгаа мөрдөгч биш Цагдаагийн албаны, өөр мэргэжлийн субъект хийхгүй бол ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж өмгөөлөгч би ойлгож байна. Иймд хэргийг шалгаж байгаа мөрдөгч өөрөө хийсэн Аюулын зэргийн үнэлгээг шүүх яллах талын нотлох баримтаар үнэлэх ёсгүй байсан гэж үзэж байна.

Мөн энэ хэрэгт Эрсдэлийн үнэлгээ, Эрсдэлийн түвшин тогтоох, Нөхцөл байдлын үнэлгээг хийсэн хорооны нийгмийн ажилтан нь энэхүү үнэлгээг хийхдээ тухайн газар нь очиж хийгээгүй ба өөрийн ямар албан тушаал эрхэлдэг талаараа маягтанд бичээгүй, үйлчлүүлэгчид “үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй, энэхүү үнэлгээ нь хуулийн байгууллагад нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ” гэдгийг тайлбарлаагүй, бодит байдлыг тогтоохын тулд ажиглалт, тандалт, бичиг баримт судлах, судалгааг ашиглах зэрэг ямар ч үйл ажиллагаа явуулаагүй зөвхөн ярилцлага хийгээд ирүүлсэн, хэрэв ийм ажиллагаа хийсэн бол тэмдэглэл, гэрэл зураг, дуу дүрс бичлэг зэрэг нотлох баримтууд хавсаргаагүй, үнэлгээ хийж байгаа ажилтан өөрөө ямар мэргэжил боловсролтой, түүгээрээ хэдэн жил ажиллаж байгаа зэрэг нь огт байхгүй байгаа зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 31.2, 32.3 дахь заалт буюу энэхүү заалтад дурдагдсан журмын 2.4, 2.8, 2.10, 2.14 дэх заалтуудыг зөрчсөн байна.

Мөн холбогдогч Д.О-н зөрчилд холбогдож байсан бүртгэлийг мөрдөгч хэрэгт хавсаргахдаа нэг зөрчлийг 3 удаа оруулан тэмдэглэж, маш олон зөрчил гаргаж байсан мэтээр түүний эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл байдлыг үүсгэсэн байхад үүнийг шүүх мөн нотлох баримтаар үнэлэн шийтгэх тогтоолд оруулсан.

Мөрдөн байцаалтын явцад холбогдогч нь мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцлийг тайлбарлан мэдүүлсэн, хамгийн сүүлд буюу 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн үйлдэл гэхэд хохирогч болон холбогдогчийн мэдүүлгийн зөрүүг гаргаагүй, хэн нь үнэн ярьсан эсэхийг тодруулан гэрчээр байцаагдах хүмүүс байсаар байтал асууж тодруулалгүйгээр зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үнэлж, яллагдагчаар татсан байхад шүүх мөн л үүнийг үндэслэн ял халдаасан гэх зэрэг энэ хэрэгт цагдаа, прокурор, шүүх нь хэт нэг талыг баримтлан шүүгдэгчид ял оногдуулсан байна гэж өмгөөлөгчөөс дүгнэж байна.

Эдгээр баримтууд нь хууль болон журамд заасныг зөрчсөн хэт нэг талыг баримталсан баримтууд байгаа бөгөөд үүнийг шүүх үнэлэн үзсэнээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг зөрчсөн бөгөөд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад түүний хүндрүүлэх буюу яллах талын баримтууд давамгай байдлыг эзэлж, хэрэгт холбогдогчид ял оногдуулахад хөнгөрүүлэх ямар ч баримт сэлт хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанд нотлох баримтаар судлагдаагүй байдал нь түүнд хорих ял оногдуулах үндэслэл болсон гэж үзэж байна.

Д.О нь хэдийгээр мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцъё гэж амаар болон бичгээр хүсэлт гаргаж өгсөн боловч түүний эзэмшсэн боловсрол, хууль эрх зүйн мэдлэг, нийгмийн харилцаанд оролцсон байдал, ар гэр, ахуй амьдрал, өөрийнхөө үйлдсэн гэмт хэрэг болон эрх зүйн ямар байдалд орсон байгаагаа ойлгох чадвар, энэхүү байдлаас гарах эцсийн үр дагавар зэргийг ойлгох ямар ч чадвар байхгүй байдал нь өмгөөлөгч авах үеийн харилцан ярилцлага, шүүхэд өмгөөлөгч авахгүй гэсэн татгалзал, бичиг үсгийн чадвар зэргээс маш тодорхой харагдсан бөгөөд энэхүү эрх зүйн мэдлэг боловсрол дутуу, тухайн үүссэн нөхцөл байдлыг үнэлэх чадваргүйн улмаас гарах үр дагаврыг ойлгохгүйгээр өмгөөлөгч авч, өөрийгөө өмгөөлүүлж мэдэхгүй, нотлох баримтууд хууль журмын дагуу байгаа эсэхийг ойлгохгүй явсаар хорих ял шийтгүүлэхэд хүрчээ. Гэр бүл, үр хүүхдээ тэжээх гэж тэднийгээ төвд суулган өөрөө ганцаараа хөдөө мал маллан амьдардаг, амьдралын төлөө зүтгэж яваа залуу хүн бөгөөд хүүхдүүддээ халамж анхаарал тавьдаг гэдэг нь хохирогч Д.О-нын “... хүүхдүүд надаас илүү аавыгаа гэдэг...” гэсэн мэдүүлгээс харагдаж байна.

            Иймээс давж заалдах шатны шүүхэд нотлох баримтын шаардлага хангаагүй дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаас хасаж, ялтан Д.О-н өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэндээ харамсан гэмшиж байгаа байдал, хохирогчоос нэхэмжлэх зүйлгүй, түүнд хөнгөн ял оногдуулж өгөөч гэж шүүхэд гаргасан санал, холбогдогчийн хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, түүний ялыг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэв.

            Хохирогч Д.О-н давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: “... Би Д.Отэй хамт амьдрах хугацаанд бие сэтгэлийн хохирол их амссан. Надад цаашид энэ хүнтэй хамт амьдрах бодол алга. Эрх бүхий байгууллагын ажилчид хуулийн дагуу гэрт ирж, надтай болон хүүхдүүдтэй минь уулзаж, нүдээрээ үзэж хараад хийсэн дүгнэлт учраас эрсдэлийн үнэлгээг би үнэн зөв гэж бодож байна. Д.Од оногдуулсан ялын хувьд шүүхээс ямар ч шийдвэр гаргасан надад татгалзах зүйл байхгүй, шийдвэрийг хүндэтгэх болно...” гэжээ.

            Прокурор Ж.Бүрэнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Д.О-ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.О-ныг удаа дараа зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ялыг тэнсэж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан байна. Хавтаст хэрэгт авагдсан эрсдэлийн болон нөхцөл байдлын үнэлгээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүх хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна ...” гэв.

                                              ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараахь үндэслэлээр хүчингүй болгож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Багануур дүүргийн прокурорын газраас Д.О-ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ж.М-ныг байнга буюу 2015 оны намар гэртээ ирж хоносонгүй, машин мөргүүлсэн байна гэж уурлан гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодсон,

2017 оны 8 дугаар сарын 24-ний орой 21 цагийн үед Ж.М-ыг айлд ороод удлаа гэж уурлан гараараа мөр, хөл, ууц нуруу руу нь цохиж, өшиглөж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр буюу Даншиг наадмын урд өдөр малаа айлын малтай нийлүүлээ гэж уурлан зодож, түүнийг байнга зодсон гэж гурван үйлдлээр буруутган яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.       

2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1704000780040 тоот Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд зөвхөн хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг дурдаж Д.О-ийг эхнэр Ж.М-ыг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж ял сонсгож, уг тогтоолд үйлдэл тус бүрийн талаар дурдалгүй зөвхөн нэг үйлдэлд яллагдагчаар татсан байна.

Өөрөөр хэлбэл, Д.Од яллагдагчаар татаагүй үйлдэлд яллах дүгнэлт үйлдсэн байх ба уг тогтоолд яллагдагчаар татсан үйлдлийг хэзээ, хаана үйлдэгдсэн талаар дурдалгүй орхигдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт “... ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, сэжигтний эцэг эхийн нэр, өөрийн нэр, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгагдаж байгаа тухай заана...” гэснийг зөрчжээ.   

Түүнчлэн Д.Од холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй байна. Тухайлбал, Д.О-н “... эхнэр Ж.М-ныг 2015 оны намар гэртээ ирж хоносонгүй, машин мөргүүлсэн байна гэж уурлан гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодсон...” гэх үйлдлийн талаар шалгаагүй, энэ талаар байцаалт аваагүй байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан “сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах” зэрэг эрхийг нь эдлүүлээгүй байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр Д.О-нын биед тархи доргилт, баруун болон зүүн гарын бугалга, баруун, зүүн гуяанд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл тогтоогдсон байх ба үүнтэй холбоотойгоор хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэх асуудлын талаар анхаарах нь зүйтэй. 

Иймд шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Л.Г нарын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Од холбогдох хэрэгт дээрх үндэслэлүүдийн хүрээнд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Од холбогдох эрүүгийн хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Д.Од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                                          М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН