Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 159/ШШ2018/0014

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                      баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                                                                                                               

                                                                                    Хэргийн индекс: 159/2018/0014/З

              Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Бурмаа би нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга******* нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн  Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 56 тоот “Шинээр баригдах 50 ортой цэцэрлэгийн барилга барих, байршил тогтоох тухай”, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 58 тоот “Сумын Засаг даргыг огцруулах саналыг уламжлах тухай” тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай ” нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1.Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид Засаг даргыг огцруулах 9 заалт бүхий санал гаргасан. Уг санал нь хуулийн үндэслэлгүй, худал гүтгэсэн байсан учир заалт тус бүрээр нь тайлбар гаргаж, үндэслэлгүй нотлох баримт хавсарган иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бүрд танилцуулсан. Сумын Ардчилсан намын хороо 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 06 тоот албан бичгээр Засаг даргыг огцруулах санал нь манай намын шийдвэр бишээ гэснээс үзэхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь албан тушаал, ашиг сонирхлын зөрчилтэй хэсэг бүлэг хүн хууль зөрчин худал гүтгэсэн үйлдэл гарган Засаг даргыг үндэслэлгүйгээр огцруулсан гэж үзэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 58 тоот “Сумын Засаг даргыг огцруулах саналыг уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байна.

 2.Огцруулах саналын гол үндэслэл болгон тавьж байгаа 200 хүний гарын үсэг бүхий “******* цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг Засаг дарга эрх мэдлээ ашиглан өөр газар бариулах гэж байна” гэх заалтын тухайд 2018 оны улсын төсөвт шинээр цэцэрлэгийн барилга гэж суугдсан тул “******* цэцэрлэгийн хашаанд өргөтгөл болгон бариулах” нь Төсвийн тухай хуулийн 16.5.5, 33.1, 33.2.6 дахь заалтуудыг зөрчихөөр байна. Хууль зөрчсөн тохиолдолд тендер зарлагдахгүй хөрөнгө оруулалт нь татагдах байсан. Хөрөнгө оруулалтыг алдахгүйн тулд 1-р багийн Партизаны гудамжинд бариулахаар Засаг даргын хувьд санал өгсөн.  Өргөдөл гомдлын тухай хууль зөрчин буцах хаяг, эзэнгүй өргөдөл авч хэлэлцэн гаргасан уг тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 16.5.5, 33.1, 33.2.6 дахь заалтуудыг зөрчиж байна. Тогтоолын үндэслэл болсон Улсын Их Хурлын 2016 оны 47 дугаар тогтоол, 2017 оны 69 дугаар тогтоолууд нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолтой хамааралгүй заалттай байгаа тул Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 56 тоот “Шинээр баригдах 50 ортой цэцэрлэгийн барилга барих, байршил тогтоох тухай” хурлын тогтоол, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 58 тоот “Сумын Засаг даргыг огцруулах саналыг уламжлах тухай” тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

           Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга******* шүүхэд гаргасан хүсэлтэндээ : Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга******* би 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 56 тоот мөн өдрийн 58 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

            Дээрх шаардлага бүхий нэхэмжлэлээсээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар бүхэлд нь татгалзаж байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно“ гэж зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзаж энэ тухайгаа бичгээр илэрхийлсэн байна. Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга*******  нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга******* нэхэмжлэлтэй Сэлэнгэ  аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан  “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 56 тоот “Шинээр баригдах 50 ортой цэцэрлэгийн барилга барих, байршил тогтоох тухай”, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 58 тоот “Сумын Засаг даргыг огцруулах саналыг уламжлах тухай” тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                             Ж.БУРМАА