Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 414

 

X.Чанцал-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны  12 дугаар сарын 19–ний өдрийн 101/ШШ2016/07097 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч  Х.Чанцал-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Тэгш дүүрэн хүслэн” ББН Өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олгов гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Адалбек,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тэгш дүүрэн хүслэн” ББН Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ё.Сугарбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/21 тоот тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Би хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргаагүй, хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журам, гэрээг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргаагүй байхад ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд Б/21 тоот тушаал нь үндэслэлгүй тул намайг “Тэгш дүүрэн хүслэн” ББН Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Их эмчээр ажиллаж байсан Х.Чанцал-Эрдэнэ хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн болно. Үүнд:

1. Ажлын цаг ашиглалт муу, урд өдөр нь архидсан ажлын өглөө ажлаас байнга хоцорч ирэх мөртлөө бие засах өрөөнд ороод нүүр амаа будаад алга болчихдог, үзлэгээ хийхгүй бэлэн гоймон идээд суучихдаг, нөхөн сэргээх эмчилгээний өрөөнд хаалгаа түгжээд суучихдаг, ажлаас төвөгшөөсөн эмчийн чадваргүй байдлаас болж 2016 оын 03 дугаар сарын 30-ны өдөр байр хариуцсан их эмч С.Цэрэнпагмыг нярайн эргэлтэд гаргасан үед үзлэг хийсэн Олимп виллажийн 200 дүгээр байрны 247 тоотын 1 нас 10 сартай хүүхдэд онош буруу тавиж, хүүхдийн амь насанд аюултай шинж, хэзээ эргэн яаралтай эмчид үзүүлэхийг зөвлөөгүй, эргэх холбоо байгаагүйн уушигны хатгалгаа өвчний улмаас хүүхэд эмнэлэгт очоод хоног болоогүй нас барсан.

Мөн Хэнтий аймгаас түр оршин суухаар ирсэн иргэн н.Энхзаяа 35 настай оюуны хомсдолтой 32 долоо хоногтой жирэмсэн эх жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэртэй үзүүлэхээр ирэхэд тусламж үзүүлээгүй хөөж явуулсан. Мөн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өглөө 11 цагийн үед үзүүлсэн хүүхэд нь өдөр татаад дуудлага өгдөг зэрэг онош буруу тависнаас үүдэлтэй эмчилгээний хожимдол үүсгэж иргэд болон манай байгууллагад хүнд хор уршиг хүргэж байсан. Энэ талаар хамт олны хурал дээр хамт олон хэлж, миний бие өөрт нь олон удаа хэлж арга зүйн зөвлөгөө өгөхөд дургүйцэн, өрөөндөө дуудахад орж ирэхгүй, ажлын цагаар утсаар хүртэл авахаа болисон болно.

2. Ажлын байранд хэрэглэдэг ажилтай нь холбогдуулан хариуцуулсан эмнэлгийн тусламж үйлчилгээний пульсоксиметр аппаратыг гадагш авч явж алдсан бөгөөд хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг өөрөө зөвшөөрсөн хэдий ч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй болно.

3. Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил болох ажлын байранд /эмнэлгийн байгууллага/ согтууруулах ундаа хэрэглэж, өглөө ажил дээрээ согтуу ирдэг нь хөдөлмөрийн гэрээ цуцлах нэг үндэслэл болсон юм.

4. Мөн хамт архидсан залуучууд нь маргааш өнлөө ажил дээр согтуу ирж орилж хашгирч үйлчлүүлэгчдийн тав тухыг алдагдуулдаг болно.

Дээрх зүй бус үйлдлүүд манай байгууллага болон үйлчлүүлэгч нарт эрсдэлийг дагуулж байна. Иймд Ч.Чанцал-Эрдэний гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байха тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Чанцал-Эрдэнийг “Тэгш дүүрэн хүслэн” ББН Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1 356 465 төгрөгийг хариуцагч “Тэгш дүүрэн хүслэн” ББН Өрхийн эрүүл мэндийн төвөөс гаргуулж, нэхэмжлэгч Х.Чанцал-Эрдэнэд олгож,

Хөдөлмөрийн тухайн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Чанцал-Эрдэнийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Тэгш дүүрэн хүслэн” ББН Өрхийн эрүүл мэндийн төвд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжчлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч “Тэгш дүүрэн хүслэн” ББН Өрхийн эрүүл мэндийн төвөөс 36 653 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 07097 дугаар шийдвэрт дараах гомдлыг гаргаж байна.

“Тэгш дүүрэн хүслэн” өрхийн эрүүл мэндийн төвийг даргын 2016 оын 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/21 дугаар тушаалаар Х.Чанцал-Эрдэнийг ажлаас чөлөөлсөн.

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн бүх ажилчдын хурлаар тэрээр мэргэжил ур чадварын хувьд хангалтгүй байснаас хүнд хор уршиг учирсаныг нотолсон, өөрөө ч энэ талаар санал хүсэлт гараагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Мөн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар зөвхөн Х.Чанцал-Эрдэнийн гаргасан удаа дараагийн зөрчлийн талаар хэлэлцэн шийдвэрлэсэн ба өөрөө оролцоогүй тасалсан, мэдэгдэл хүлээж аваагүй, хүлээнгэн өгөх боломжгүй байсан.

2. Хөдөлмөр тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар Хөдөлмөрийн гэрээний гэрээ цуцлах үндэслэлийг дотоод журамд заагдсан эмнэлгийн ёс зүй, харилцааны хэм хэмжээг чанд сахин мөрдөх, хариуцаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ариг гамтай ашиглах, хувийн хэрэгцээнд ашиг хонжоо олох зорилгоор ашиглахгүй байх үүргээ биелүүлээгүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар ажил олгогч ӨЭМТ нь ажлын байранд сахилга хариуцлагатай болох эмнэлгийн байгууллага ажилтын ёс зүйн харилцааг дээшлүүлэхэд чиглүүлж Дотоод журмыг батлан мөрдүүлж их эмч Х.Чанцал-Эрдэнэд танилцуулсан байна.

Анхан шатны шүүх Х.Чанцал-Эрдэнийг аилын байрыг тогтоосон горим журмыг ноцтой байдлаар зөрчсөн ч дотоод журмыг хөдөлмөрийн гэрээтэй үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн гэрээний  Удирдах ажилтны эрх хэсгийн 4 дүгээр зүйл, Ажилтны эрх хэсгийн 3 дугаар зүйлд Дотоод журмыг сахин биелүүлэх хариуцлага тооцох нөхцлүүдийг тодорхойлон заажээ.

3. Х.Чанцал-Эрдэнийг ажлаас чөлөөлөхдөө дотоод журмын 7 дугаар зүйлийн 10 дахь заалтыг үндэслэсэн нь:

Үйлчилгээнд ноцтой дутагдал гаргаснаас гадна ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын үүргээ хангалтгүй биелүүлж, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн хэд хэдэн үндэслэлүүдийг заасан бөгөөд эдгээр нь нотлогдсон. Ийм л хүн эмчийн ажил хийж байсан. ӨЭМТ-ийн даргыг Хувийн ашиг сонирхлоор ажлаас халсан гэх боловч хурлын тэмдэглэл тодорхойлолтоор үгүйсгэгдэнэ.

4. Х.Чанцал-Эрдэнийг ажлын цаг ашиглалт муу, архидан согтуурдаг үндэслэлээр ажлаас халаагүй бөгөөд энэ нь эмч хүний ёс зүйг зөрчсөн ажилдаа хайнга ханддагийг илэрхийлж байгаа юм.

5. Х.Чанцал-Эрдэнэ хөдөлмөрийн маргааны асуудлаа манай байгууллагын дээд шатны байгууллага болох Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд хандан шийдвэрлүүлээгүй байхад шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу юм.

Иймд Х.Чанцал-Эрдэнийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Тэгш дүүрэн хүслэн” ББН Өрхийн эрүүл мэндийн төвд холбогдуулан нэхэмжлэгч Х.Чанцал-Эрдэнэ гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч “Тэгш дүүрэн хүслэн” ББН Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/21 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 7.10 дугаар заалтыг тус тус үндэслэн Их эмч Х.Чанцал-Эрдэнийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хэргийн 25 дугаар тал/

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж “Х.Чанцал-Эрдэнэ нь ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж тайлбарлаж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Хэрэгт авагдсан хариуцагч байгууллагын ажилчдын хурлын тэмдэглэлийн агуулгад нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгочийн санаачлагаар цуцлах ямар ноцтой зөрчлийг хэдийд гаргасныг тогтоосон талаар тодорхой тусгагдаагүй байх тул хариуцагчийн татгалзлыг нотлох хэмжээний баримт болохгүй байна.

 

Нэхэмжлэгч Х.Чанцал-Эрдэнэ нь ажил олгогч байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/20 тоот Эд хөрөнгийн хариуцлага оногдуулах тухай тушаалаар тогтоогдож байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар хариуцлага тооцох хугацаа өнгөрсөн байх тул хариуцагч нь нэхэмжлэгч Х.Чанцал-Эрдэнийг их эмчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.          

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                                            

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны  12 дугаар сарын 19–ны өдрийн 101/ШШ2016/07097 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 653 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

            

         ШҮҮГЧИД                              Т.ТУЯА

 

                                                              С.ЭНХТӨР