| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2020/0170/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/191 |
| Огноо | 2020-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/191
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхзул,
Улсын яллагч Б.Батсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт О.Бөд холбогдох эрүүгийн 2018002120152 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт О.Б /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч О.Б нь 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 6 дугаар байрны 4-15 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох А.Аийг “машины толийг хагалж, салхины шилийг цусаар бохирдууллаа” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун гарын бугалга, зүүн бугалга, зүүн шуу, нүүр, зүүн шилбэ, баруун шилбэн дэх цус хуралтууд бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч О.Бийн өгсөн: Би А.Атай 2017 оноос 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 3 жил орчим хамтран амьдарсан. 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр А.А нь архи уусан байхаар нь би гэрт нь хүргэж өгсөн. Тэгтэл А.А намайг цуг оръё гэхэд нь би зугтаагаад явсан. Гэтэл миний хойноос хөөгөөд машины шил хагалаад, цусаар салхины шилийг бохирдуулсан байсан. Тэгээд А.А руу залгаад асуухад “хоёр хүүхдийг маань хараана” гэхээр нь би уур хүрээд гэрт нь орж хохирогчид гар хүрсэн. Хохирогчийн шилбэ рүү нь 2 удаа өшиглөж, хацар луу нь алгадаж, гарыг нь базаад сэгсэрсэн. Эмчилгээний зардалд 200.000 төгрөгийг А.Ат өгсөн. Миний буруу гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч А.Аийн өгсөн: ...Бтэй 2017 онд танилцаад 1 жил хамт амьдарч байгаад 2018 оноос тусдаа амьдарсан. Б намайг архи уулаа гэж уурлаад бид 2 маргалдсан. Тэгээд бид 2 Дархан сумын 4 дүгээр багийн 3 дугаар байрны гадна машинаа байрлуулчхаад гэр рүүгээ орох гэхэд Б нь миний шарыг малтаад намайг үгээр идээд байхаар нь би Бийг цохих гэхэд надад гүйцэгдэхгүй зугтаад байсан. Тэгэхээр нь би уурандаа Бийн Соната-6 маркийн автомашины баруун талын толийг нь гараараа цохионд хагалсан. Тэр үед миний баруун гарын ядам хуруу зүсэгдээд цус гарахаар нь машиных нь салхины шилийг цустай гараараа арчаад гэртээ орсон. Тэгтэл Б гэрт орж ирээд “чи миний хөрөнгөнд хүрдэг хэн бэ?” гээд учир зүггүй намайг барьж аваад цохиж нүдээд эхэлсэн. Б миний толгой руу олон удаа гараа атгаж байгаад цохисон учраас тархи доргиж толгой их өвдсөн. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/,
Гэрч А.Абийн өгсөн: 2020 оны 3 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед эгч А утсаар залгаад цаанаа хэрүүл маргаан хийгээд байх шиг байсан. Тэгтэл хэрүүл маргаан нь зодоон болоод орилж чарлаад байхаар нь гэрт очсон. Тэгтэл Б эгчийг цохиж зодоод байж байхаар нь би салгасан. Тэгээд би “яагаад эгчийг зодоод байгаа юм бэ?” гэж асуухад “миний машины толийг хагалсан болохоор нь уур хүрээд зодсон” гэж хэлсэн. Тэгээд Бийг дагуулаад машин руу нь очиход баруун талын толь нь хагарчихсан байсан. Манай эгч А нь Бтэй 2017 оны танилцаад 1 жил орчим хугацаанд хамтран нэг гэрт амьдарч байгаад одоо тусдаа амьдарч байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 10/,
Шинжээч Д.Туяагийн өгсөн: Би 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр А.Аийг өөрийн биеэр үзэж дүгнэлт гаргасан. Түүний биед учирсан гэмтэл шинэ гэмтэл болох нь биед учирсан цус хуралтын өнгөөр харагдаж байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 12/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 236 дугаартай “А.Аийн биед тархи доргилт, баруун бугалга, зүүн бугалга, зүүн шуу, нүүр, зүүн шилбэ, баруун шилбэ дэх цус хуралтууд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. А.Аийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-15/,
“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “иргэн О.Бийн эзэмшлийн Хьюндай соната-6 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гадна толь 50.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20/,
Хохирогч А.Аийн “Саран клиник” эмнэлэгт томографын шинжилгээ өгсөн талаарх шинжилгээний дүгнэлт, зураг /хх-ийн 51-55/,
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Банзрагчийн “Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ 3 оноо буюу бага түвшин” гэх үнэлгээ /хх-ийн 58-59/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч О.Б, хохирогч А.А нар нь хамтран амьдарч байсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь хэрэгт авагдсан хохирогч А.А, гэрч А.Аб болон шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгох ба шүүгдэгч О.Бийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 6 дугаар байрны 4-15 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох А.Аийг “машины толийг хагалж, салхины шилийг цусаар бохирдууллаа” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун гарын бугалга, зүүн бугалга, зүүн шуу, нүүр, зүүн шилбэ, баруун шилбэн дэх цус хуралтууд бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байх тул О.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Аийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун бугалга, зүүн бугалга, зүүн шуу, нүүр, зүүн шилбэ, баруун шилбэ дэх цус хуралтууд бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 200.000 төгрөг төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч А.Аийн хавтаст хэргийн материалтай танилцаад гаргасан “...Хэргийн материалтай уншиж танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Эмчилгээний 200.000 төгрөгийг хүлээн авлаа” гэх хүсэлт /хх-ийн 65/-ээр нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч О.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь 10-13 настай хүүхдүүдийн хамт амьдардаг, хохирогч нь шүүгдэгчийн эд хөрөнгийг гэмтээж, шүүгдэгчийн хүүхдүүдийг зүй бусаар хэлсний улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг харгалзаж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Шүүгдэгч О.Б нь урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 33-37/, Бийн Мөнхчимэг, Бийн Шинэхүү нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 45-46/ зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч О.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч О.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч О.Б нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу түүнд оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хохирлын баримт болох 1 ширхэг и-баримт, томографын 5 хуудас зураг, 1 ширхэг сиди зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг и-баримт, томографын 5 хуудас зураг, 1 ширхэг сиди зэргийг хэрэгт хавсаргасугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бөд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР