| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2020/0171/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/193 |
| Огноо | 2020-05-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2020/ШЦТ/193
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхзул,
Улсын яллагч Б.Батсүх,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Цуурай,
Шүүгдэгч Б.Ж, Д.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар М овогт Б.Ж, М овогт Д.Е нарт холбогдох эрүүгийн 2018001710138 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, М овогт Б.Ж /РД: /, Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,
2. Монгол Улсын иргэн, М овогт Д.Е /РД: /, Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч Б.Ж, Д.Е нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Ж, Д.Е нар нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 02 дугаар сарын 20-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн 42 дугаар точка гэх газарт байсан иргэн Б.Бийн эзэмшлийн 00-00 ДАХ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн 795.000 төгрөгийн үнэ бүхий урд талын 2 ширхэг их гэрэл, урд гуперын 2 ширхэг нэмэлт гэрэл, баруун, зүүн талын 2 ширхэг гадна толь, баруун хойд талын дугуйг дорцов хэрэглэж аваад Төрийн банкны эзэмшлийн *****улсын дугаартай Хьюндай элентра маркийн тээврийн хэрэгсэлд ачиж Шарын гол сум руу явсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Жын өгсөн: ... 00-00 ДАХ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн 2 толь, 2 гэрэл, 1 дугуйг авсан. Дугуйг дорцов ашиглаж авсан, толийг хугалж авсан. 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагийн үед Шарын голоос Дархан явах замдаа 42 дугаар точка гэх газарт 00-00 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байгааг харсан. Дугуйг нь машиндаа хийх гээд авсан. Бусад зүйлсийг зарах гэж авсан. Би гэмт хэрээг үйлдэхдээ Төрийн банканд барьцаалсан өөрийнхөө машиныг хулгайлсан эд зүйлсээ ачих зорилгоор ашигласан. Хулгайлж авсан эд зүйлсийг хохирогчид буцаан өгсөн. Толь, гэрэл, гуперыг шинээр авч өгсөн... гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Еийн өгсөн: ...Эд зүйл хулгайлах санааг хоёулаа гаргасан. Эд зүйлсийг авахдаа дугуйн дорцов ашигласан. Б.Ж нь “тэнд нэг машин байсан. Надад дугуй хэрэгтэй байгаа” гэж хэлж байсан. Тухайн тээврийн хэрэгслийн эд зүйлийг аваад Шарын гол сум руу буцаад явсан... гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч Б.Бийн өгсөн: ...2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Шарын гол сум руу явж байгаад 52 дугаар точкагийн ойролцоо машинаа шороо дээгүүр үсэргээд армитозатор нь хугараад цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлэх боломжгүй болсон тул замын машинд суугаад Дархан явсан. Маргааш нь машины сэлбэг аваад 52 дугаар точкад машиндаа ирэхэд урд 2 их гэрэл, гуперын 2 нэмэлт гэрэл, баруун зүүн талын толийг хугалаад, баруун талын хойд дугуйг хулгайлагдсан байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандаад хулгайлж авсан хүмүүсийг барьж авсан. Би алдагдсан 2 ширхэг их гэрэл, гуперын 2 ширхэг нэмэлт гэрэл, 1 ширхэг обудтай дугуй, 2 ширхэг толийг буцаан авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,
Насанд хүрээгүй гэрч Д.Нын өгсөн: ...харин өглөө сэрээд дугуйгаа засуулах гээд Е бид хоёр Жын машин руу очиход хойд талаас нь обудтай 1 ширхэг дугуй гарч ирсэн. Тэгээд Е нь урд талын 2 суудлын доороос нэг нэг ширхэг толь гаргаж ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 20/,
Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 42 дугаар точка гэх газар байх ба приус 20 маркийн 00-00 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын 2 гэрэл сууриараа байхгүй, гадна талын баруун, зүүн талын толь, баруун хойд талын 6-ын салаа обудтай дугуй, урд гуперын нэмэгдэл 2 гэрэл зэрэг зүйлс алга болсон байв... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7/,
“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “иргэн Б.Бийн эзэмшлийн Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн урд талын баруун зүүн их гэрэл 2 ширхэг, баруун зүүн талын гадна толь 2 ширхэг, урд гуперын нэмэлт баруун зүүн гэрэл 2 ширхэг, баруун талын хойд дугуйны хайлшин обуд 1 ширхэг, өвлийн дугуй 1 ширхэг зэрэг эд зүйлс нь 795.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/,
Шүүгдэгч Б.Жаас приус-20 маркийн машины саарал өнгийн 2 ширхэг толь, 1 ширхэг обудтай дугуй зэргийг хураан авч, хохирогч Б.Бт хүлээлгэн өгсөн тухай эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-44/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ж, Д.Е нарын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 02 дугаар сарын 20-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн 42 дугаар точка гэх газарт байсан иргэн Б.Бийн эзэмшлийн 00-00 ДАХ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн 795.000 төгрөгийн үнэ бүхий урд талын 2 ширхэг их гэрэл, урд гуперын 2 ширхэг нэмэлт гэрэл, баруун, зүүн талын 2 ширхэг гадна толь, баруун хойд талын дугуйг дорцов хэрэглэж аваад Төрийн банкны эзэмшлийн *****улсын дугаартай Хьюндай элентра маркийн тээврийн хэрэгсэлд ачиж Шарын гол сум руу явсан үйлдэл нь учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж, машин механизм ашигласан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд шүүгдэгч Б.Ж, Д.Е нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бт 795.000 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч нар нь хулгайлсан эд зүйлсийг хохирогчид буцаан өгсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Жаас приус-20 маркийн машины саарал өнгийн 2 ширхэг толь, 1 ширхэг обудтай дугуй зэргийг хураан авч, хохирогч Б.Бт хүлээлгэн өгсөн тухай эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-44/, хохирогч Б.Бийн “би алдагдсан 2 ширхэг их гэрэл, гуперын 2 ширхэг нэмэлт гэрэл, 1 ширхэг обудтай дугуй, 2 ширхэг толийг буцаан авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/ зэргээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Ж, Д.Е нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч нарыг тус бүр 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх санал гаргасан ба шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасан нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүн нь хэдийгээр насанд хүрсэн боловч оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул энэ нь сэтгэцийн шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар нотлогдсон тохиолдолд хэрэглэж болох онцгой зохицуулалт бөгөөд шүүгдэгч Б.Ж, Д.Е нарыг өсвөр насны хүнтэй адилтган үзэх агуулга, үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч Б.Ж, Д.Е нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70-71/-аар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Ж, Д.Е нарын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, Д.Е нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг хураан авахаар заасан ба шүүгдэгч Б.Ж, Д.Е нар нь гэмт хэрэг үйлдэхдээ 4.500.000 төгрөгийн үнэ бүхий Хьюндай элентра маркийн *****улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашигласан болох нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч Д.Нурасалын мэдүүлэг /хх-ийн 20/, шүүгдэгч Б.Жаас приус-20 маркийн машины саарал өнгийн 2 ширхэг толь, 1 ширхэг обудтай дугуй зэргийг хураан авч, хохирогч Б.Бт хүлээлгэн өгсөн тухай эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-44/ “Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34/, шүүгдэгч Б.Ж, Д.Е нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул дээрх техник тоног төхөөрөмжийг хураан авч улсын орлого болгох нь зүйтэй юм.
Шүүгдэгч Б.Ж нь Хьюндай элентра маркийн *****улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийнх өмчлөлийнх, Төрийн банканд барьцаалсан боловч зээлээ төлж дуусгасан гэх боловч дээрх тээврийн хэрэгсэл нь Төрийн банкны өмч хэвээр болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 85/, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 87/-аар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 4.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүр 2.250.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул тэдэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Б.Ж, М овогт Д.Е нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, Д.Е нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ж, Д.Е нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, Д.Е нараас тус бүр 2.250.000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж, Д.Е нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ж, Д.Е нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР