Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/195

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхзул,

Улсын яллагч Т.Дэлгэрмэнд,

Хохирогч Д.У,

Шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Ц.Мт холбогдох эрүүгийн 2018002160155 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Ц.М /РД: /, Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, Өмнөговь аймагт тэсэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “..............” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь шүүгдэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ц.М нь 2020 оны 3 дугаар сарын 11-ний орой Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн Замын хэсгийн 12 дугаар гудамжны 75 тоотод эхнэр Д.Уыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун гарын сарвуу, шуу, зүүн бугалга, шуу, баруун, зүүн гуя, баруун ташааны орчмын зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ц.Мын өгсөн: Би эхнэрээ хардаад гар хүрсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэртэйгээ 2010 онд танилцаад одоог хүртэл хамт амьдарч байгаа. Бид хоёр 3 хүүхэдтэй гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Уын өгсөн: Би одоо нөхөртэйгөө хамт амьдарч байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Д.Уын өгсөн: ...Манай нөхөр 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр найзуудтайгаа архи уугаад “намайг цамц олж ир” гэж дарамтлаад би тэр цамцыг хайгаад олоогүй.  Тэгтэл намайг зодсон. Эхлээд намайг түлхэж унагаад “гар зайл зайл” гээд үснээс чирсэн. Тэгтэл хадам ээж орж ирээд салгасан. Тэгэхээр нь би уурлаад Мын гарыг гурилын илдүүрээр цохитол М нь миний толгой руу цохиж газарт унагаад үснээс зулгааж чирээд гэдэс рүү өшиглөсөн. Тэгээд би зугтаж гараад нуугдаж байхад манай нөхөр араас гарч ирээд хувцаснаас боогоод хойш нь татаж унагаад чирсэн. Би “орохгүй, болиоч” гэхэд тавьсан. Тэгээд би дахиад зугтаад гүйсэн чинь М ирээд намайг өшиглөөд унагаасан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/,

Гэрч Ж.Эын өгсөн: 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хонгор сумын 1 дүгээр багийн Замын 12 дугаар гудамжны 75 тоотод дуудлагын дагуу очиход У нь хашааны гадна үс нь сэгсийж, дээгүүрээ нимгэн хувцастай уйлчихсан зогсож байсан. Уыг дагуулаад гэрт ороход сандал ширээ нь тарж бужигнасан байдалтай байсан. Гэрт нь Мын ээж байсан ба юу болсон талаар асуухад “манай хүү М согтуу, эхнэрээ үстэж зодоод би салгах гэхэд дийлэхгүй болохоор нь цагдаа дуудаад байж байна” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,

Гэрч П.Чийн өгсөн: ...бэр У над руу залгаад “М унтахгүй, янз бүрээр хэлээд байна. Та манайд ороод ир” гэж хэлсэн. Тэгээд би гэрт ороход У нээх их юм ярихгүй, М агсраад байхаар нь би Мыг “чи одоо унтаж амар, ууж идсэнээ шингээ” гэж хэлэхэд үгэнд орохгүй эхнэр лүүгээ дайраад байсан. Тэр хоёр хоорондоо зодолдоод байхаар нь 7037102 дугаарт дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,

Гэрч Д.Цийн өгсөн: Би гэртээ унтаж байхад эхнэр Ч дуудаад “М агсам тавиад дийлдэхгүй байна” гэхээр нь би гэрт орсон. Тэгтэл М нь эхнэртэйгээ зууралдаад эхнэрээ зодоод байх шиг болохоор нь би салгаад Уыг гэрээс гаргасан... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

Шүүгдэгч Ц.Мын яллагдагчаар өгсөн: ...би нөгөө ярьж байсан бөгс бөөрний асуудлаа дахин ярьж маргалдаад би Уын хөл, гар руу нь гараараа 3-4 удаа цохиод үснээс нь зулгаасан чинь ээж орж ирээд салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 246 дугаартай “Д.Уын биед тархи доргилт, баруун гарын сарвуу, шуу, зүүн бугалга, шуу, баруун, зүүн гуя, баруун ташааны орчмын зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Д.Уын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19/,

“Д.Уын баруун сарвуу хавдартай” гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 20-21/,

“Д.Уын баруун гарын сарвуу хавдсан, эмзэглэлтэй, хуруунууд хөдөлнө. Толгойн хэсэг хавдсан эмзэглэлтэй, хэвлий зөөлөн тэмтрэхэд эмзэг” гэх эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 22/,

Хохирогч Д.Уын гарын сарвууны рентген зураг /хх-ийн 23/,

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Баярмагнайн “Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ 10 оноо буюу дунд түвшин” гэх үнэлгээ /хх-ийн 34-35/,

Хамтарсан багийн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 36-37/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.М, хохирогч Д.У нар нь нөхөр, эхнэр болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч, гэрч П.Ч, Д.Ц нарын мэдүүлэг, Мын Санчир, Мын С, Мын М нарын төрсний гэрчилгээний хуулбар, Ц.М, Д.У нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгох ба шүүгдэгч Ц.Мын 2020 оны 3 дугаар сарын 11-ний орой Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн Замын хэсгийн 12 дугаар гудамжны 75 тоотод эхнэр Д.Уыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун гарын сарвуу, шуу, зүүн бугалга, шуу, баруун, зүүн гуя, баруун ташааны орчмын зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байх тул Ц.Мын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Уын эрүүл мэндэд тархи доргилт, баруун гарын сарвуу, шуу, зүүн бугалга, шуу, баруун, зүүн гуя, баруун ташааны орчмын зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.Уын “надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.М нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргажээ.

Шүүгдэгч Ц.М нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, “..............” ХХК-нд ажилладаг зэрэг хувийн байдал нь Мын С, Мын С нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 39-40/, Ц.М, Д.У нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Мын Мын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 42/, Ц.Мын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 44/, Ц.Мын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 47-54/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Мын цалин хөлс, ам бүлийн байдал зэргийг харгалзан үзээд түүнд оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Мыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Мт оногдуулсан 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 /долоо/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР