Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/196

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч У.Дэндэвдорж,

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Э.Бөд холбогдох эрүүгийн 2018002290182 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Э.Б /РД: /, Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 10 дугаар байрны 35 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С.Шыг зодож эрүүл мэндэд тархи доргилт, баруун бугалга, зүүн суга орчим, баруун хөх, дал, зүүн чамархайн хуйхны цус хуралт бүхий хөнгөн хохирол, гар утасных нь дэлгэцийг хагалж 40.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Э.Бийн өгсөн: ...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Гэмшиж байна. Хохирол төлбөрийг төлсөн гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч С.Шын өгсөн: ...Б над руу “чи эрэгтэй хүний зураг фэйсбүүктээ хийсэн” гэж орилоод миний цээж рүү гараараа нэг удаа цохихоор нь би “зураг хийгээгүй шүү дээ” маргалдсан. Тэгээд Б миний 2 суганаас базаж дээш нь өргөөд түлхэж унагаагаад миний өмдний ар талын хэсгээс татаж өргөөд байсан. ...би гараад гүйсэн чинь араас гарч ирээд үстэж унагаад, чирээд, толгой руу нэг удаа цохисон. “Саран клиник” эмнэлэгт компьютер томографт харуулсан зардал 170.000 төгрөг, миний гар утасны дэлгэцийг хагалаад би дэлгэцийг нь 40.000 төгрөгөөр солиулсан. Нийт 210.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

Гэрч Р.Бийн өгсөн: ...тэр 2 маргалдсан чинь Б нь Шын нуруу руу цохиод, өмднийх нь араас татаад байхаар нь би болиулаад цагдаа дуудах гэсэн чинь Ш бид 2-ын гар утсыг авчихсан. Тэгээд бид 2-ыг “ална” гээд түлхэж унагахаар нь би гарч гүйсэн. Тэгсэн чинь Ш араас гарч ирэхэд Б араас нь цээж нүцгэн гарч ирээд Шыг үстэж чирээд толгой руу нь гараараа нэг удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

Гэрч С.Дийн өгсөн: 2020 оны 3 дугаар сарын 20-ны өглөө 07 цагийн орчимд байрны гадаа эмэгтэй хүн орилоод байхаар нь цонхоор хартал нэг эмэгтэйг туранхай 25-30 насны эрэгтэй хүн үснээс нь зулгаагаад чирч байсан. Тэгэхээр нь би “хөөш болиоч, эмэгтэй хүнийг яагаад байгаа юм бэ?” гэхэд тэр залуу нөгөө эмэгтэйг толгой руу нь гараараа нэг удаа цохиод орц руугаа орсон... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

“Зөрчил үйлдэгдсэн гэх газар нь Дархан сумын 4 дүгээр багийн 10 дугаар байрны 35 тоот байв” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5/,

Хохирогч С.Шын дэлгэц нь хагарсан гар утас, өмсөж явсан гэх өмд, шүүгдэгч Э.Б нь үснээс зулгааж чирэх үед унасан хэсэг үс, биед нь учирсан цус хуралт зэргийг тусгасан гэрэл зургууд /хх-ийн 6-7/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 273 дугаартай “С.Шын биед тархи доргилт, баруун бугалга, зүүн суга орчим, баруун хөх, дал, зүүн чамархайн хуйхны цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. С.Шын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/,

“С.Шын гарын бугалга, баруун өвдөг хөхөрч зулгарсан” гэх Дархан-уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 24-25/,

“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “С.Шын эзэмшлийн Айпоне-6 загварын хэрэглэж байсан, дэлгэц нь хагарсан гар утас 40.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31/,

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын “Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ 7 оноо буюу дунд түвшин” гэх үнэлгээ /хх-ийн 48-49/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримт-уудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Э.Б, хохирогч С.Ш нар нь хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь хэрэгт авагдсан хохирогч С.Ш, гэрч ***** болон шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Бийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 10 дугаар байрны 35 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С.Шыг зодож эрүүл мэндэд тархи доргилт, баруун бугалга, зүүн суга орчим, баруун хөх, дал, зүүн чамархайн хуйхны цус хуралт бүхий хөнгөн хохирол, гар утасных нь дэлгэцийг хагалж 40.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байх тул Э.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Шын эрүүл мэндэд тархи доргилт, баруун бугалга, зүүн бугалга, зүүн шуу, нүүр, зүүн шилбэ, баруун шилбэ дэх цус хуралтууд бүхий хөнгөн хохирол, эд хөрөнгөнд 40.000 төгрөгийн учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс 210.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нь нөхөн төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчтой ***** дугаарын утсаар ярьсан “210.000 төгрөгөө авсан. Санал гомдол байхгүй. Сэлэнгэ аймагт байгаа тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэх тэмдэглэлээр нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргажээ.

Шүүгдэгч Э.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 511 дугаартай албан бичиг /хх-ийн 51/-ээр нотлогдож байна.

Шүүгдэгч Э.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу түүнд оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

4. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бөд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР