Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/204

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Наранзаяа,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Ц.Гт холбогдох эрүүгийн 2018000000156 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Ц.Г /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь шүүгдэгч Ц.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ц.Г нь 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн 17-ын 1 дүгээр гудамжны 17А тоот хашааны гадна иргэн Н.Гхийг цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхины шарх, баруун нүдний доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ц.Гын өгсөн: ...Гхийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрт эхлээд 130.000 төгрөг, дараа нь 200.000 төгрөг төлсөн. Хохирол төлсөн баримт байхгүй. Хохирогч дахин төлбөр нэхэмжлээгүй... гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Н.Гхийн өгсөн: ...Тэгэхээр нь би “та нар яагаад хүн доромжлоод байгаа юм бэ? “ гэхэд Г надад хандан “чи муу гөлөг гараад ир” гэхээр нь би хашаанаасаа гараад тэд нар дээр очсон. Тэгээд Гт “чи юу гээд байгаа юм бэ?” гээд заамдаад бариад авахад шууд миний зүүн нүд рүү гараараа нэлээн хүчтэй цохисон. Тухайн үед миний хөмсөг язраад цус гараад байсан. Би эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зүйл байхгүй. Хохирлын баримт байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

Гэрч М.Аийн өгсөн: ...тэгэхээр манай нөхөр Г тэр залуугийн хөмсөг рүү гараараа цохисон...  гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

Гэрч Н.Нн өгсөн: ...удалгүй хашааны гадна хүмүүс орилоод байхаар нь гарч харахад манай дүү Гх цусаа гоожуулчихсан, хажууд нь *****эгч, хүргэн Г, охин *****, бас нэг залуу, бага насны эмэгтэй хүүхэд 5-лаа хамт тойроод зогсчихсон байсан. Тэгээд Гхийг дагуулаад хашаа руугаа орсон. Тэгэхэд Гх надад “миний хөмсөг рүү Г гараараа цохичихлоо” гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

Шүүгдэгч Ц.Гын яллагдагчаар өгсөн: ...би тэр залуугийн зүүн хөмсөг рүү гараа атгаж байгаад нэлээн хүчтэй цохисон. Тэгэхэд тэр залуугийн зүүн хөмсөгнөөс цус гарахад надтай хамт байсан хүмүүс бид хоёрыг салгах гээд зууралдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн 017-ын 01 дүгээр гудамжны 17а тоот байв... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 267 дугаартай “Н.Гхийн биед зүүн нүдний дээд зовхины шарх, баруун нүдний доод зовхины цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Н.Гхийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17/,

“Н.Гхийн зүүн хөмсөг язарсан, нүүр баруунд хавдсан” гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 18-19/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Гын 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн 17-ын 1 дүгээр гудамжны 17А тоот хашааны гадна иргэн Н.Гхийн нүүрэнд цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхины шарх, баруун нүдний доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байх тул Ц.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Гхийн эрүүл мэндэд зүүн нүдний дээд зовхины шарх, баруун нүдний доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Н.Гхийн “...Би эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зүйл байхгүй. Хохирлын баримт байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/-ээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, сонсгол муу, юмыг ойлгох чадвар муу, амьдрал ахуй тааруу зэрэг хувийн байдлыг нь харгалзан торгох ялыг хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Ц.Г нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 30-32/-аар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Г нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүний бусад орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 50.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Гыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Гт оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 50.000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР