Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/211

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Наранзаяа,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дагиймаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Х овогт Д.Бт холбогдох эрүүгийн 2018000000153 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х овогт Д.Б /РД: /, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, баяжуулалтын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам нь шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эх нярай хүүхдээ алах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн “.....” ХХК-ийн 29 дүгээр байрны 13 тоот айлын хажуу өрөөнд түр амьдарч байх хугацаандаа өөрийн тээж байсан 3780 грамм жинтэй эм хүйсийн нярайг төрмөгц боомилж амь насыг нь хохироосон болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Бийн өгсөн: Би 5 дугаар сард жирэмсэн болсноо мэдсэн. Хүүхдийнхээ эцэгт жирэмсэн болсноо хэлэхэд юу ч хэлээгүй. Намайг тогоогүй хэл сураггүй алга болсон. Би өмнө нь эцэггүй хүүхэд төрүүлсэн. Хүүхэд маань манай аав, ээжийн хамт амьдардаг. Би өөрийгөө ээж нь гэж хэлдэггүй. Эгч нь гэж л хэлдэг. Тийм болохоор дахин эцэггүй хүүхэдтэй болохоос айгаад өөрийн мэдэлгүй ийм зүйл хийсэн. Миний хүүхэд одоо 4 настай. Тиймээс хүүхдээс маань холдуулахгүй байхыг хүсэж байна гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дагиймаагийн өгсөн: Би нярайг боомилон хогийн саванд хийсэн хэрэгт Цагдаагийн газраас албан бичиг ирсний үндсэн дээр хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдон мэдүүлэг авах ажиллагаанд оролцсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд би гомдолтой байна. Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхийг зөрчсөн. Хүүхэд өсгөн бойжуулах үүргээ биелүүлээгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Ю.Бийн өгсөн: ...Өнөрхаанаас юу болсон талаар асуухад “Хуучин хорооллын 27 дугаар байрны хогийн пункерт хог ухаж байхад амыг нь боочихсон хар өнгийн ууттай зүйл байхаар нь задалсан чинь нярай хүүхдийн цогцос байсан” гэж хэлсэн. Миний харснаар тухайн нярай хүүхдийн цогцсын хоолойд даавуу ороогоод боосон бололтой байсан гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

Гэрч К.Өны өгсөн: ...өчигдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагийн үед хог ухахад хүүхдийн цогцос байгаагүй. Харин өнөөдөр 10:00 цаг өнгөрч байхад яг тэр хогийн пункерыг ухаж байтал хар өнгийн гялгар ууттай зүйл гарч ирсэн. Тэгэхээр нь би задлаад үзтэл хүүхдийн бололтой цогцос байхаар нь айгаад тэнд нь орхичхоод гэртээ хариад хамт амьдардаг Ч эгчид хэлсэн. Тэгтэл Ч эгч цагдаа руу утастаж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 42/,

Гэрч Д.Аийн өгсөн: ...Үйлдсэн хэргийнхээ талаар Д.Б нь товч ярихдаа “би 17 настайдаа эцэггүй хүүхэд төрүүлж байсан. Ахин энэ хүүхэд маань эцэггүй төрөх байсан. Энэ байдалдаа би их шаналж айсан. Миний анхны хүүхэд дээр ээж маань ажлаасаа гарч хүүхдийг маань өсгөсөн. Ахин эцэггүй хүүхэд төрүүлж ээждээ гай саад болох вий гэж айсандаа энэ хэргийг үйлдсэн” гэж ярьсан. Намайг Д.Бтэй уулзаж ярилцахад түүнд төрсний дараах сэтгэлзүйн хямралын шинж байдал ажиглагдсан. Энэ байдлаас шалтгаалан Д.Б нь сэтгэл зүйн хувьд айдас түгшүүр ихтэй, хямралтай байсан учраас миний хувьд Д.Бт сэтгэл зүйн зөвлөгөө өгч түүнийг тайвшруулсан. Д.Бийн хувьд сэтгэл зүйн хэрэгцээний хувьд бусдаар хүндлүүлэх, бусдад ойлгогдох гүн гүнзгий хэрэгцээтэй байсан нь миний түүнээс 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр авсан Люшерийн өнгөний сорил болон Леопольд Сзондигийн сорилоор тогтоогдсон ба Д.Б нь 2 дахь эцэггүй хүүхэд тээж төрүүлсэн үйл явдлаа жигшүүртэй шившигтэй үйл явдал мэтээр хүлээж авсан нь энэ хэргийг үйлдэхэд нөлөөлсөн байх боломжтой гэж би дүгнэсэн болно гэх мэдүүлэг /хх-ийн 136-137/,

Гэрч О.Дийн өгсөн: ...Б 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэртээ ирж хамгийн сүүлд биечлэн уулзсан. Тэгэхэд Б их таргалсан байсан. Тэгэхээр нь би “яагаад таргалаад байна?” гэхэд “миний зүрх өвдөөд хөл хавагнаад байна” гээд надад хөлөө үзүүлсэн. Хөлийн шилбэ дээр нь дарахад их хавантай байхаар нь нээрээ л тийм байна гэж бодоод шинжилгээ өгөөрэй, эмчид үзүүлээрэй гэж хэлсэн. Жирэмсэн болсон гэж огт бодоогүй. Охин Бийн үйлдсэн хэргийг би өнөөдөр өглөө цагдаа дээр ирж охинтойгоо биечлэн уулзаад охиноосоо өөрөөс нь сонсож мэдлээ... гэх мэдүүлэг /хх-ийн 139-141/,

Гэрч Б.Нийн өгсөн: ...Н гэж нэртэй охин оюутны байранд амьдардаг гээд Оийнд түр амьдрах гэж байгаа юм гээд ирсэн. Анх ирэхдээ жирэмсэн бололтой том гэдэстэй ирсэн. 2020 оны 3 дугаар сарын 01-ний 11:00 цагийн орчимд ариун цэврээ өрөө ороход суултуур цустай болсон бас хогийн саванд цустай зүйл харагдахаар нь суултуураа угааж цэвэрлээд, хогийн савыг хаасан. Түүнээс хойш дахин цус болж харагдаагүй. Ариун цэврийн өрөөний хогийг хэн хаясан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан хог хаягдсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 143-144/,

Гэрч Г.Оийн өгсөн: ...Б 2020 оны 02 дугаар сарын 29-ний 22 цагийн үед гэрт ирсэн. Би унтахаар орондоо орчихсон байсан. Б “усанд орлоо” гээд ариун цэврийн өрөө орж байгаа бололтой байсан. Тэр шөнө байн байн ариун цэврийн өрөө ороод байсан. Тэгэхээр нь “яасан бэ?, бие нь өвдөөд байгаа юм уу?” гэхэд “миний гэдэс өвдөөд гүйлгээд байна” гэхээр нь би нойрондоо дийлдээд унтаад өгсөн. 2020 оны 3 дугаар сарын 01-ний өглөө ариун цэврийн өрөөнд ороход хогийн саванд эмэгтэйчүүдийн хэрэглэл нэлээн хэдийг хуйлсан байдалтай байхаар нь Бийн биеийн юм ирсэн юм байх гэж бодоод өнгөрсөн. Тэгээд өрөөндөө ороход Б аймаар жижигхэн болсон байхаар нь гайхаад юу болсон юм болдоо орой ирж байгаад асууя гэж бодоод өнгөрсөн. Орой 23 цагийн үед Б ирэхээр нь “юу болсон юм бэ? Чи яагаад ийм аймаар турсан юм бэ?” гэхэд “Чимээгүй бай” гэхээр нь би Бийг жирэмсэн байж байгаад дутуу төрсөн юм биш биз дээ гэж бодоод өнгөрсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 146-147/,

Гэрч Д.Лийн өгсөн: ...би Бээс юу болсон талаар олон дахин асуусны дараа “аниа би айгаад байсан юм. Айсандаа төрүүлсэн хүүхдээ алчихсан” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 149-152/,

Гэрч С.Дийн өгсөн: ...Бээс юу болсон талаар асуухад “би жирэмсэн болсноо мэдээд маш их айж сандарсан. Урьдын асуудал маань надад давтагдаж байгаа юм шиг санагдсан. Ингээд энэ талаар хэнд ч хэлээгүй, хүнд хэлж чадахгүй нууж явсаар байгаад нэг мэдэхэд төрөх хугацаа болсон байсан. Ингээд .....ийн байранд Отгончимэг эгчийн ариун цэврийн өрөөнд шөнө дунд хүмүүс унтсан байхад төрөөд хүүхдээ хүзүүг нь боогоод гаргаад хаячихсан” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 153-155/,

Шинжээч Д.Өлзийхишигийн өгсөн: ...Төрсний дараа тухайн хүүхдийг Д.Б нь анхнаасаа төлөвлөөгүй, хүсээгүй учраас жирэмсэн байх үеийн сэтгэл зүйн түгшүүртэй, хямралтай байдлаас богино хугацаанд салан хагацах бодол санаа төрж дээрх гэмт хэргийг үйлдсэн байх боломжтой болно... гэх мэдүүлэг /хх-ийн 160-161/,

Нярай хүүхдийн цогцос олдсон гэх газар нь Дархан сумын 13 дугаар багийн 27 дугаар байрнаас ертөнцийн зүгээр хойд талд нь байх ногоон өнгийн хогийн сав байна... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /хх-ийн 5-9/,

Нярайн цогцсын жинг хэмжиж үзэхэд 3780 грамм жинтэй байв... гэх цогцсын гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12/,

Талийгаач нярайн хүзүүнд байсан эмэгтэй загварын бүдэг ягаан өнгийн торон материалаар хийгдсэн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн богино өмд 1 ширхэг, цагаан алаг өнгийн эмэгтэй хүний дотоож 1 ширхэг, 25 дугаар байрны хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15/,

...00:55-д “.....” ХХК-ийн байрны зүүн талын жижиг хаалганаас хар бараан өнгийн уртавтар гадуур хувцастай, гадуур хувцас нь зах энгэр хэсэгтээ цагаан өнгөтэй, баруун гартаа цагаан өнгийн тортой зүйл барьсан ганц хүний бүдэг дүрс гарч байгаа байдал бичигдсэн. 02:54-д 25 дугаар байрны модон сандал дээр тус тортой зүйлийг тавьж ухаж, торны амыг мушгиж зангидаж байж болох дүрс 03:27 хүртэл бичигдсэн. 07:35-д тухайн хүн ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй явган алхаж камерын бичлэгт бичигдэхдээ гартаа барьсан цагаан цайвар ууттай зүйл байхгүй 2 гар хоосон гарч ирсэн... гэх 25 дугаар байрны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 18-20/,

...тус өрөөний баруун талд цагаан өнгийн дотуур хувцас нэг ширхэг байх ба шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг хураан авч тэмдэглэлд тусгав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд цагаан торон дотуур хувцас байх бөгөөд цус мэт хүрэн улаан зүйлээр бохирлогдсон байсныг хураан авч тэмдэглэлд тусгав... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 111-122/,

...Д.Бийн 2 хөхнөөс уураг гарна, доош шавхарга гарч байна... гэх яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хх-ийн 123/,

...хөх томорч судаснууд тодорсон, хөх тод бор өнгийн нөсөөтэй, хөхний толгой нааш төвийсөн, хөхийг шахахад сүү асгарч гарна, хэвлий давсаг орчмоор том, хүйснээс умдаг хүртэл зураас мэдэгдэхүйц бор өнгөтэй, зориулалтын том хүний өмсдөг живхтэй, живхэнд цусархаг ялгадастай... гэх хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 124-127/,

...Ярилцлагын явцад “Би 17 настайдаа хүүхэд төрүүлж байсан ба дахиад эцэггүй хүүхэд төрүүлэхээс айсан. Намайг анх төрөхөд ээж ажлаасаа гарч хүүг маань өсгөсөн, одоо ажил хийж эгчийн сургалтын төлбөрийг төлж байгаа, дахин нэг хүүхэд гаргаад саад болох вий гэж айсандаа тийм үйлдэл хийсэн. Хүнд ял авах вий, шоронд орох вий гэхээс айж байна” гэж хэлсэн гэх шүүгдэгч Д.Бтэй уулзсан сэтгэл зүйчийн тэмдэглэл /хх-ийн 134/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаартай “2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хогийн пункерээс олдсон эм хүйсний нярай нь гүйцэд, амьд төрсөн байна. Нярай нь 2020 оны 3 дугаар сарын 01-ний 00 цагаас 03 цагийн үед төрсөн байх боломжтой. Нярайд ямар нэгэн асаргаа сувилгаа хийгдээгүй бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 01-ний 00 цагаас 03 цагийн орчим нас барсан байх боломжтой байна. Талийгаач нярайн биед хүзүү хоолойд амьддаа үүссэн дарагдлын ором тогтоогдсон ба энэ нь хэргийн газрын үзлэгээр илэрсэн хүзүү хоолойд байх эмэгтэй хүний дотоожоор үүсгэгдсэн байх боломжтой. Нярай нь уяа гогцоогоор боомилсны улмаас амьсгалын хурц дутагдлаар нас баржээ. Нярай нь ямар нэгэн суурь өвчингүй эрүүл төрсөн нь нярайд хийгдсэн үзлэг шинжилгээгээр тогтоогдлоо. Нярайн цусны бүлэг OI Rh /+/ байна” гэх шинжээчийн дүгнэлт /163-165/, 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 25 дугаартай “Шинжилгээнд авсан нярайн цусны бүлэг нь OI, Rh /+/ байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 166-167/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 169-171/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1264 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн торон хийцтэй, ягаан дотоож гэмтэлгүй байна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 176-178/, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1451 дугаартай “Д.Бийн биеэс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. Д.Бийн болон нярайн гэх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Д.Б нь талийгаач нярайн биологийн эх байна. Хэргийн газарт хийсэн үзлэгийн явцад хураан авсан гэх цагаан өнгийн богино өмд, цагаан алаг дотоож, нярайн хүзүү орчимд байсан гэх дотоож дээр илэрсэн цусны ул мөр бүхий толбо нь ДНХ-ийн тогтцоороо Д.Бийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 185-187/,

Шүүгдэгч Д.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 197-204/,

...гэрээр очиж нөхцөл байдлын үнэлгээ хийхэд Д.Бийн биеийн байдал хэвийн, сэтгэл зүйн байдал тайван бус, сэтгэл гутралын хэв шинжтэй, хийсэн үйлдэлдээ гэмшсэн байдалтай байв” гэх гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 206-212/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Бийн 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн “.....” ХХК-ийн 29 дүгээр байрны 13 тоот айлын хажуу өрөөнд түр амьдарч байх хугацаандаа өөрийн тээж байсан 3780 грамм жинтэй эм хүйсийн нярайг төрмөгц өмсөж байсан дотоожоороо боомилж амь насыг нь хохироон хогийн цэгт хаясан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эх нярай хүүхдээ алах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байх тул Д.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас эм хүйсийн нярайн амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд би гомдолтой байна. Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхийг зөрчсөн. Хүүхэд өсгөн бойжуулах үүргээ биелүүлээгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 16/20 дугаартай магадалгаа /хх-ийн 157/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 215/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, сэтгэл санааны хувьд хямралтай байсан, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Д.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 2016 онд төрүүлсэн хүү Д.Иийг өөрийн эцэг, эхэд үрчлүүлсэн, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг болох нь Д.Бийн 380 дугаартай өвчний түүх /хх-ийн 22-31/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 213/, багийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 214/, 00/0000** дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 238/, 00000***** дугаартай хүүхэд үрчлүүлсний гэрчилгээ /хх-ийн 239/ зэргээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Бийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан талийгаач нярайн хүзүүнд байсан эмэгтэй загварын бүдэг ягаан өнгийн торон материалаар хийгдсэн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн богино өмд 1 ширхэг, цагаан алаг өнгийн эмэгтэй хүний дотоож 1 ширхэг зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 25 дугаар байрны хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эх нярай хүүхдээ алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан талийгаач нярайн хүзүүнд байсан эмэгтэй загварын бүдэг ягаан өнгийн торон материалаар хийгдсэн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн богино өмд 1 ширхэг, цагаан алаг өнгийн эмэгтэй хүний дотоож 1 ширхэг зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 25 дугаар байрны хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР