Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/214

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба,

Шүүгдэгч Ш.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Ш.Өд холбогдох эрүүгийн 2018000000168 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Ш.Ө /РД: /, Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, талх, нарийн боовчин мэргэжилтэй, “.............” ХХК-ийн буузны цехэд борлуулагч ажилтай, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаа гэм хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлж байсан.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам нь шүүгдэгч Ш.Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ш.Ө нь согтуурсан үедээ 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 22 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Тээвэрчдийн 7 дугаар гудамжны 03 тоот хашаанд Ш.Этай маргалдан хоорондоо зууралдаж, ноцолдож, улмаар Ш.Эгийн толгойн тус газарт нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйхны шарх, духны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ш.Өгийн өгсөн: ...Э манай найзуудыг “янхан” гэж хэлэхээр нь бид маргалдсан. Нэг мэдэхэд Э намайг үстчихсэн байхаар нь би газраас чулуу аваад Эгийн толгойн тус газарт нь цохичихсон. Хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгвөл би төлнө гэдгээ илэрхийлсэн боловч баримт гаргаж өгөөгүй. Иймд би хохирол төлбөр төлөөгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Ш.Эгийн өгсөн: ...би “машинаас чинь цүнхээ авъя” гэхэд “яасан их цүнхтэй янхан бэ?, нохой санаатай гичий, янхан бэ?” гэх мэтээр над руу дайраад байхаар нь “чи өөрөө янхан юм биш үү? Яасан их янхан мэддэг юм бэ?” гэхэд Ш.Ө нь миний хувцаснаас барьж аваад намайг газарт унагаасан. Тэгээд миний дээр мордож суугаад үснээс зулгаагаад толгойгоор минь газар мөргүүлээд байхаар нь би Өгаас “болиоч” гээд гуйсан. Тэгтэл Ө “гараараа дүүрэн алт мөнгө зүүсэн баян авгай чамайг би газар дээр чинь ална” гэж байснаа газраас чулуу аваад миний толгой руу цохичихсон. Би гомдолтой байна. Эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлоо барагдуулж авмаар байна... гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/,

Гэрч С.Нийн өгсөн: ...би буцаад гэрт орж ирэхэд Ө, Э нар хоорондоо зодолдсон байдалтай ширээ, сандал унагаачихсан хэрэлдээд байж байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо зууралдаад ноцолдох гээд байхаар нь би салгаад сандал , ширээг янзалж байхад Ө, Э нар гэрээс гарсан. Тэгээд тэр хоёр хашаан дотор барилцаад авчихсан зууралдаад ноцолдоод байхаар нь би салгасан. Тэгээд Ө нь “Э намайг үстээд газар дээгүүр чирээд зодчихлоо” гээд үс нь сэгсийчихсэн, нурууны доод хэсэгт нь зулгаралт үүсчихсэн байсан. Удалгүй Э нь цагдаа дагуулаад гарт орж ирээд “энэ Ө миний толгойг хагалчихлаа” гээд толгойнхоо цусыг харуулж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,

Гэрч М.Үын өгсөн: ...Н “Ө, Э нар маргалдаад байна” гэж утсаар ярихаар нь гэр рүүгээ очтол Ө, Э нар байхгүй, сандал, ширээг унагаачихсан Н янзалж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Н нь “Э бид нарыг янхан гэж хэлснээс болж Ө нь Этай хэрүүл маргаан үүсгээд хоёулаа гараад явчихлаа” гэж хэлсэн. Тэгээд удалгүй Ө гаднаас орж ирээд “намайг Э газарт унагаагаад чирчихлээ” гээд нуруугаа харуулахад ахар сүүл хэсэгт нь зулгаралт үүссэн байсан. Тэгтэл гаднаас Э цагдаа дагуулж орж ирээд “энэ Ө миний толгойг хагалчихсан” гэж хэлэхэд цагдаа нар Өг аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

“...Ш.Эгаар зодуулсан гэх газрыг өөрөөр нь заалгуулж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-3/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 274 дугаартай “Ш.Эгийн биед тархи доргилт, хуйхны шарх, духны цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ш.Эгийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-15/,

”Ш.Эгийн толгойн ар тал дагзанд 1-1.5 сантиметр зүсэгдсэн шархтай” гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 16-17/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 280 дугаартай “Ш.Өгийн биед бүсэлхий ууцны орчмын зулгаралт тогтоогдлоо. Дээрх зулгаралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Ш.Өгийн согтуурсан үедээ 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 22 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Тээвэрчдийн 7 дугаар гудамжны 03 тоот хашаанд Ш.Этай харилцан маргалдаж, улмаар Ш.Эгийн толгойн тус газарт нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйхны шарх, духны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байх тул Ш.Өг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Эгийн эрүүл мэндэд тархи доргилт, хуйхны шарх, духны цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 600.000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж хүсэлт /хх-ийн 60/ гаргасан боловч холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна.

Мөн хохирогч Ш.Эд шүүгдэгч Ш.Өд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирж оролцоогүй, шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй байна.

Иймд хохирогч Ш.Эгийн 600.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ш.Ө нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, одоогоор хохирол төлбөргүй, цаашид хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзэж торгох ялыг хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Ш.Ө нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д заасан гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлж байсан, “.............” ХХК-ийн буузны цехэд борлуулагч ажилтай болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/, магадлалын хуулбар /хх-ийн 33-38/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 41/-оор нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ш.Өгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.Өгийн цалин хөлс, бусад орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ш.Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Өг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Өд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогч Ш.Эгийн 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, эмчилгээтэй холбоотой зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Өд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР