Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/218

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Э, Ц.Наранзаяа,

Улсын яллагч Б.Батсүх,

Хохирогч Н.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Б.Эд холбогдох эрүүгийн 1918008400126 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Б.Э /РД: /, Сүхбаатар аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Э нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн 52 дугаар точка гэх газар иргэн Н.Бийнд малчнаар ажиллаж байхдаа 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 5 ширхэг мөнгөн аяга, мөнгөн нуухтай шүрэн толгойтой дунд гарын халтар манан хөөрөг, 0.5 литрийн Чингис нэртэй архи 1 ширхэг, нокиа маркийн гар утас 1 ширхэг, бэлэн 95.000 төгрөгийг авч, нийт 6.030.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Эын өгсөн: 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр авдраас архи хайж байгаад 6.030.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг олоод авсан. Авсан эд зүйлсээ бүгдийг нь Улаанбаатар хотод барьцаалан зээлдүүлэх газарт 160.000 төгрөгөөр барьцаалсан. Түрийвчээс бэлэн 20.000 төгрөг л авсан. Хохирол төлбөр төлөөгүй гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Бийн өгсөн: Б.Э манайд малчнаар ажиллаж байсан. Эхнэр бид хоёр 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хот руу явсан. Тухайн өдөр Э утсаа аваад ярьж байсан ч 2019 оны 12 дугаар сарын 01-ний өглөө утас нь холбогдох боломжгүй байсан. Тэгээд би хүүгээ гэрт очоод харчихаарай гэж хэлсэн. Тэгтэл 11:00 цагийн үед хүү маань залгаад морь байхгүй, гэр онгорхой, гэр дотроос шүрэн толгойтой халтар манан хөөрөг, 5 ширхэг мөнгөн аяга, 1 шил архи, түрийвчид 500 төгрөг үлдээгээд 95.000 төгрөгийг нь авсан байсан. Бас миний дээл, бүс, малгайг өмсөөд явсан байсныг буцааж авсан. Түрийвчид 100.000 төгрөг байдаг байсан. Эхнэр 5000 төгрөгийг нь авсан байсан. Шүүгдэгч 500 төгрөг үлдээгээд 95.000 төгрөгийг нь авсан байсан гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Б.Гийн өгсөн: Би 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр аавын гэрт очиход туслах малчин Б.Э байхгүй, гэр нь цоожгүй, авдрын цоожийг мултлаад зүүгээд орхисон байсан. Авдар дотор байгаа юмыг үзэхэд 5 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан. Маргааш нь аав, ээж 2 ирээд хөөрөг, 1 шил архи алга болсон байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

Шинжээч Я.Батбаярын өгсөн: ...Одоогийн байдлаар шүрэн толгойтой халтар манан хөөрөгний зах зээлийн үнэ нь 3.500.000-8.000.000 төгрөгийн хооронд байгаа. Харин алтан нуухтай бол 6.000.000 төгрөгөөс дээш үнэлгээтэй байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “том мөнгөн аяга 3 ширхэг, жижиг мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн нуухтай шүрэн толгойтой дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлс нь 5.900.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24/, 2020 оны 02 дугаар сарын 27-ы өдрийн “Чингис архи 1 ширхэг, Нокиа загварын хуучин гар утас 1 ширхэг зэрэг нь 35.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Эын Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн 52 дугаар точка гэх газар иргэн Н.Бийнд малчнаар ажиллаж байхдаа 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 5 ширхэг мөнгөн аяга, мөнгөн нуухтай шүрэн толгойтой дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, 0.5 литрийн Чингис нэртэй архи 1 ширхэг, нокиа маркийн гар утас 1 ширхэг, бэлэн 95.000 төгрөгийг авч, нийт 6.030.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байх тул Б.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Бт 6.030.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Э нь хохирол төлбөрийг төлөх үүрэгтэй юм.

Иймд шүүгдэгч Б.Эаас 6.030.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Бт олгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 106/19 дугаартай магадалгаа /хх-ийн 29/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 67/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлөхөөр хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Б.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/-аар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн шүүх хуралдааны дараа хохирол төлөх зорилгоор завсарлага авч, хохирогч Н.Бтай хохирол төлбөрийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд 2 жил 6 сарын хугацаанд сар бүр 201.000 төгрөг төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Гэвч шүүгдэгч нь мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд энэхүү эвлэрлийн гэрээ нь биелэгдэх бодит боломжтой эсэх нь эргэлзээтэй, хохирогч Н.Б нь шүүх хуралдаан дээр эвлэрлийн гэрээнээс татгалзаж байх тул шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх боломжгүй байна.

Шүүгдэгч Б.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Эд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Эын цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг хорих ялын 11 /арван нэг/ хоногоор тооцож эдлэх ялаас хассугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Эаас 6.030.000 /зургаан сая гучин мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймаг, Хонгор сум, 2 дугаар баг, 52 дугаар точка, хөдөө оршин суух Б овогт Н.Б /РД:, утас:/-т олгосугай.

6. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР