Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2021/0682

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

Ц.О-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 645 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Ц.О-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 645 дугаар шийдвэрийн

1 дэх заалтаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.О-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 3,411,925 /гурван сая дөрвөн зуун арван нэгэн мянга есөн зуун хорин тав/ төгрөгийг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 702000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ. Мөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тогтоох 7 дахь хэсэг а-д “... дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” гэж тус тус заасан байна. Гэтэл шүүх ажилгүй байсан  хугацааны цалин хөлсийг тооцохдоо зэргийн нэмэгдэл, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, хоол, тээврийн зардал зэргийг хасаж тооцсон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо ажилтны сүүлийн 3 сарын цалингийн дунджаар нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллыг оруулан тооцох ёстой байсан. Ц.О-ийн ажиллаж байсан сүүлийн 3 сар буюу 2017 оны 10 дугаар сард 815,995, 11 дүгээр сард 632,088, 12 дугаар сард 956,661 нийт 2,404,744 төгрөг буюу 3 сарын дундаж цалин хөлс нь 801,581 төгрөг болж байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/275 дугаар тушаал гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны 140 хоногоор тооцоход нийт 5,219,597 төгрөг, шүүхээс 3,411,925 төгрөг гэж тооцсоны зөрүү 1,807,672 төгрөгийг шүүх дутуу тооцсон.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 645 дугаар шийдвэрт ажилгүй байсан хугацааны дутуу тооцсон 1,807,672 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэгч Ц.О-ийн “Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн албан хариу, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/275 дугаар тушаалаар Ц-ын О-г тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр томилжээ.

Улмаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан цалинд 8,226,510 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” гэж өөрчилж, “... Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар ажилтан жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд чөлөөний хугацаа дууссанаас хойш ажилд нь буцаан авч үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй улмаас нэхэмжлэгч ажилдаа орж чадаагүй. Ажилдаа орж чадаагүйн улмаас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх цалин, хөлсөө авч чадаагүй ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/275 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ц.О-г ажилд нь эгүүлэн томилсныг. хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгох бөгөөд ажилд  эгүүлэн тогтоосон учраас цалин хөлсийг шаардах эрхтэй ...” гэсэн үндэслэлээр маргасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална”, 35.1.4-д “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална”, 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө”, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны Б/07, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны Б/275 дугаар тушаал, Ц.О-ийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2021 оны 01 дүгээр сарын 28-ны гаргасан өргөдөл, түүнийг хүлээн авч, шийдвэрлэсэн тухай бүртгэл хяналтын карт, ажлын байрны тодорхойлолт болон цалингийн карт болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/275 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон шийдвэр гаргасан байх хэдий ч ажилдаа эргэж орох тухай хүсэлтийг гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш ажилд томилох хүртэлх хугацааны цалин хөлсийг олгох, тус хугацаанд хамаарах эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь тогтоогдсон, хариуцагчийн энэ эс үйлдэхүй хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа хүссэн үедээ ажилдаа эргэн орох цалин хөлсөөр хангуулах эрх зөрчигдсөн байна.

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлтэй,  нэхэмжлэгчийг ажилд эргэн орох хүсэлт гаргаснаас хойш түүнийг ажилд нь эгүүлэн томилсон Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/275 дугаар тушаал гаргах хүртэл /140 хоногийн/ хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлийг үгүйсгэх үндэслэлгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилд орох хүсэлт гаргасан хугацаанаас хариуцагчийн нэхэмжлэгчийг эгүүлэн ажил, албан тушаалд нь томилсон өдөр хүртэлх хугацааны цалинг нөхөж олгуулахаар, ажлын хоногийг 140 хоногоор тооцсон нь үндэслэлтэй, ийнхүү шүүхийн шийдвэрийн ажлын хоногийг 140 хоногоор тооцсонтой болон ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг 2017 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын цалингийн дунджаар тооцсон хэсэгт хэргийн оролцогчдоос давж заалдах журмаар гомдол гаргаагүй, харин нэхэмжлэгчээс “цалин хөлсийг тооцохдоо зэргийг нэмэгдэл, төрийн алба хаасны нэмэгдэл, хоол тээврийн зардлыг хасаж тооцсон нь буруу хуульд нийцээгүй” гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ”, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2-т “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна. Үүнд: а/-д “ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал”, 4-д “Ажилтанд олгож байгаа бүр төрлийн /жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвараа алдсаны, ажилгүйдлийн, тэтгэвэрт гарах үеийн ажилтанд олгох гэх мэт/ тэтгэмжүүд, нөхөх олговор, хөнгөлөлтийн орлого, /унаа, түлш, байр, хоолны үнийн хөнгөлөлт/-ыг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй” гэж тус тус заасан.

Дээрх хууль болон журмын зохицуулалтаас үзэхэд цалин хөлсний бүрэлдэхүүнд үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал орохоор зохицуулсан бол унаа, түлш, байр, хоолны хөнгөлөлтийг оруулахгүй байхаар заасан байна.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг зөвхөн үндсэн цалингаар буюу ТЗ-4 зэрэглэлээр 516,663 төгрөгөөр тооцоолсон нь үндэслэлгүй, энэ нь дээрх хууль, журмын зохицуулалтад нийцээгүй байна.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо ... хоол, тээврийн зардал зэргийг хасаж тооцсон нь хуулийг буруу хэрэглэсэн ...” гэх давж заалдах гомдол хууль зүйн  үндэслэлгүй юм.

Хариуцагч нь эрх бүхий санхүүгийн албаар дамжуулан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 140 хоногийн цалин хөлсийг сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тооцож дээрх хууль журамд заасны дагуу төрийн алба хаасны болон зэргийн нэмэгдлийг оруулан зохих ёсоор тооцуулан олгох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийх боломжтой байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “нэхэмжлэгчийн цалин хөлсийг зохих ёсоор тооцож нэхэмжлэгчид олгох, мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан” агуулга бүхий өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 645 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.О-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх ажилгүй байсан 140 хоногийн хугацааны олговрыг зохих хууль, журамд заасны дагуу тооцоолж олгох, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                             С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                            Н.ХОНИНХҮҮ