Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 08

 

               Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

                        Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ....... дүүрэг, .. дүгээр хороо, ....... хороолол .....дугаар байрны .....тоотод байрлах “М н” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,  

                        Хариуцагч: Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дорнод аймгийн Чулуунхороот сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох,

                  Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолын “М н” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах, Чулуунхороот сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

                Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “М н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Х, Чулуунхороот сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

                    Нэхэмжлэгч “М н” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “М н” ХХК нь 2015 оны 12-р сарын 11-ний өдөр Монгол Улсын Засгийн газраас солбилцлыг нь тогтоосны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор зарласан талбай болох Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутаг “Шаварт нуур” гэдэг газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч АМГТГ-т өргөдөл гаргаснаар уг өргөдөл АМГТГ-ын хайгуулын тусгай зөвшөөрлийн МЕ-027320 /ХА-020386/ дугаарт бүртгэгдсэн... АМГТГ-ын кадастрын хэлтэс нь манай компаниас “Шаварт нуур” талбайд гаргасан өргөдөлд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 466 дугаар шийдвэрээ гаргахдаа Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолыг үндэслэл болгосныг олж мэдлээ.

                Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар тогтоол нь АМГТГ-ын кадастрын хэлтсийн даргын 2017 оны 466 тоот шийдвэрийн үндэслэл болсноор “Шаварт нуур” гэдэг газарт “М н” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдохгүйд хүрч эрэл, хайгуулын тойм судалгаа хийсэн зардал, хөдөлмөрөөр хохирч, уг талбайд тусгай зөвшөөрлийн дагуу аж ахуйн үйл ажиллагаа явуулах боломжоо алдах зэргээр тус компанийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна.

               Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар тогтоол нь дараах үндэслэлээр илт хууль бус захиргааны акт болно. Үүнд: Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл уг газар нь Монгол Улсын Дээд шүүхийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 2010 оны 09 дүгээр тогтоолын 10-т “Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “...татгалзсан хариу өгч болно” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож...” гэсний алинд хамаарч байгаа болохыг заагаагүй. Өөрөөр хэлбэл ямар хуульд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан санал гаргаж байгаа болохоо заагаагүй байна.

                  Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар тогтоол нь дээрх үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй илт хууль бус захиргааны акт мөн юм.

                   Иймд Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар тогтоолын “М н” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд “М н” ХХК-иас олгосон эрхийн дагуу төлөөлөн оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байгаа.

                “М н” ХХК нь 2013, 2014 оноос хайгуулын үйл ажиллагаа явуулж эхэлсэн компани юм. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастарын албаар хөөцөлдөж эдгээр газруудад хайгуул хийх боломж байгааг судалсны үндсэн дээр зөвшөөрөл хүссэн байдаг. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар хуулийн дагуу хүсэлтийг хүлээн авч бүртгээд, Чулуунхороот сумын “Шаварт нуур” гэдэг газарт хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгох боломж байна гэж үзсэн. Үүний үндсэн дээр хууль, журмын дагуу холбогдох материалуудыг бүрдүүлээд аймгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, мөн сумын хэмжээнд мэдэгдсэн байгаа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргаас Чулуунхороот сумын Засаг даргад болон иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд асуудлыг тавьсан.

               Гэтэл Чулуунхороот сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дэмжихгүй гэсэн санал өгсөн. Энэ саналыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн зүгээс дэмжихгүй гэсэн тогтоол гаргаж ирүүлсэн. Үүнээс өмнө “М н” ХХК-иас Нийслэлийн захиргааны хэргийн шүүх дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа асуудалд гомдол гаргаж хөөцөлдсөн байдаг. Шүүхээс хариу өгөхдөө манай байгууллага орон нутгийн засаг захиргааны байгууллагын гаргасан шийдвэрийг өөрчлөн шийдвэрлэх эрх байхгүй. Манайх хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломж байгаа гэдгийг судлаад, зөвшөөрөл олгох боломжтойг танилцуулж, шийдвэрлэх эрх бүхий байгууллага нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлууд юм гэсэн байр суурьтай хариу өгсөн байдаг. Энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнээс үндэслэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын шийдвэр хууль зөрчсөн гэж үзэн гомдлоо гаргаж байгаа. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрүүд нь ямар байдлаар хууль зөрчсөн бэ гэдэг талаас нь би судалж үзлээ.

               Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хуулиудын заалтаас харахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрээ гаргаад Засаг даргад уламжилна, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрээ гаргана гэсэн дарааллын дагуу хариугаа албан ёсоор өгсөн. Процессын хувьд буруу байна гэх үндэслэл байхгүй. Гагцхүү татгалзан гаргаж байгаа шийдвэр нь хууль зөрчиж байна гэж үзэж байгаа. Орон нутгийн иргэд дэмжих, дэмжихгүй байж болно. Гэхдээ дэмжихгүй гэх, зөвшөөрөл олгохгүй байх хуулийн ойлголтууд байгаа. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөлтэй, тусгай хэрэгцээний, лицензтэй, дархан цаазат газруудтай давхцсан тохиолдолд олгохгүй гэсэн заалт байдаг. Энэ талаар Улсын Дээд шүүхийн тогтоол байдаг. Үүнд бүр тодорхой байдлаар, хуулиар хориглосноос бусад тохиолдолд дэмжихгүй, зөвшөөрөхгүй байх үндэс байхгүй гэсэн байдлаар тайлбар хийсэн байдаг. Иймээс энэ үндэслэлээр гол нь гомдол гаргасан. Чулуунхороот сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас нөөц бэлчээрийн газартай давхцаж байна, дэмжихгүй байна гэсэн саналыг гаргаж ирүүлсэн байгаа. Энэ нөөц бэлчээрийн газар давхцсан тухай асуудлыг Кадастарын хэлтэст бүртгүүлсэн байх ёстой. Гэтэл 2013 онд шийдвэр гаргачихаад, нөөц тусгай хэрэгцээнд авсан тухай асуудлаа эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй учраас давхцаагүй гэсэн дүгнэлтийг Кадастарын хэлтсээс гаргаж өгсөн. Мөн сонсох ажиллагаа, төлөөлөгчдийн зүгээс дэмжих, дэмжихгүй талаарх санал хүсэлт авсан судалгаа хавтаст хэргийн материалд ирсэн байгаа. Уг судалгаан дээр давхцалгүй байна гэсэн байдаг.

                   Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 10-т “Чулуунхороот сумын “Шаварт нуур”-ын 13161.91 га газар нь “Улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалгүй” гэсэн байна. Давхцалгүй гэсэн судалгаа гарсаар байтал аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналаар “дэмжихгүй” гэсэн хариу өгсөн. Энэ үндэслэлийг харахаар давхцаж байгаа асуудлаа нотлох гол баримт болох бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байгаа учраас давхцаж байна гэсэн үндэслэлээр татгалзсаныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

                    Газрыг тусгай хэрэгцээнд авч байгаа бол хугацаатай байх ёстой. Ямар хугацаанд авч байгаа нь захирамж дээр тодорхой бус байна. “Мөнгөн нахиа” ХХК-иас өөр аж ахуйн нэгж тэр газар дээр тусгай зөвшөөрөл авсан, ямар нэгэн тусгай хамгаалалтын газар болгосон гэсэн асуудал байхгүй байгаа. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна”, 16.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүрэг энэ хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.1.11-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно” гэж заасан. Тэгэхээр:

                     1. “М н” ХХК-ийн хүсэлт гаргасан газар бол үүнд орохгүй.

                      2. Улсын нэгдсэн санд бүртгүүлээгүй байгаа. Үүнийг анхаарч үзэх ёстой гэж бодож байна.

                “М н” ХХК нь хайгуул хийх, нөхөн сэргээлт явагдах, мөн орон нутгийн газар орчныг хэрхэн тохижуулах, олборлолтынхоо ашгаас орон нутагт ямар дэмжлэг үзүүлэх талаар хамтран хэлэлцээр хийх боломжтой байна гэж үзсэн. Үүний үндсэн дээр аймгийн Засаг даргын Тамгын газарт дахин хүсэлт гаргасан боловч аймгийн Засаг дарга өмнө гаргасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг л өгсөн. Дахиж хуралдаж гаргасан шийдвэр байхгүй байна гэж харагдсан. Энэ асуудал дээр харилцан ойлголцох, хамтран ажиллах боломжтой, орон нутгийн хөгжил, иргэдийн ажилтай орлоготой байх, амьжиргаа дээшлэх зэрэг орон нутгийн хөгжилд хайгуулын, уул уурхайн ажил нөлөөтэй юм. Аль нэгэн аж ахуйн нэгж, байгууллага хэзээ нэгэн цагт тухайн нутаг дэвсгэрт хайгуулын ажлыг гүйцэтгэж, ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулах нь гарцаагүй. Тиймээс “М н” ХХК-ийн саналыг харж үзээсэй гэсэн саналыг гаргаж байна. Нэгэнт шүүхэд хандаж шийдвэрлүүлье гэж байгаа учир хууль зөрчсөн үндэслэлээр дэмжихгүй гэсэн саналаар татгалзаж гаргасан тогтоолуудыг хүчингүй болгож өгөөч, дэмжих, дэмжихгүй тухай асуудал дээр гол нь биш, хамгийн гол нь дэмжих, дэмжихгүй асуудал нь хууль зөрчсөн байгааг анхаарч үзээсэй гэж шүүхээс хүсэж байна” гэв.

               Хариуцагч Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар асуудлыг хэлэлцэн, Чулуунхороот сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн тус компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэж шийдвэрлэн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд санал өгөх тухай” 02 тоот тогтоолыг гаргасан байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.7 дахь заалт, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны журмын 3.9 дэх заалтыг тус тус үндэслэн хуралдаанд ирвэл зохих 11 тэргүүлэгчээс 8 нь оролцож 72 хувийн ирцтэйгээр уг асуудлыг бүрэн эрхийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Иймд “М н” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна” гэв

               Хариуцагч Дорнод аймгийн Чулуунхороот сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ашигт малтмалын газрын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн албан бичиг, аймгийн Засаг даргын 2015 оны 1/5280 тоот албан бичиг ирсэн бөгөөд хүсэлтийг Чулуунхороот сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хурлаар хэлэлцэн татгалзсан шийдвэрийг хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар гаргасан болно. Тэргүүлэгчид уг асуудлыг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.15 дахь заалтыг үндэслэл болгон хэлэлцсэн. Шийдвэрийг гаргахдаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит 3 дугаар хуралдааны 08 дугаар тогтоолыг үндэслэн уг зөвшөөрөл хүссэн газрын солбилцол нь уг тогтоолд заагдсан нөөц бэлчээрийн газраар тогтоогдсон газартай давхцаж буй тул татгалзах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.  Нэхэмжлэгч тал хууль бус үндэслэлээр татгалзсан гэж хэлж байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар сумын Засаг даргын өргөн мэдүүлснээр газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд байгаа. Үүнийг Газрын тухай хуулиар ч бүрэн эрхийг нь заагаад өгчихсөн байдаг. Тиймээс манай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны тогтоол хуульд заасан үндэслэлээр газрыг тусгай хэрэгцээнд авч, дагалдах журмыг энэ тогтоолоороо баталсан байгаа. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ямар нэгэн тогтоол шийдвэр гаргахдаа хуульд заасан үндэслэлүүдээр гаргадаг бөгөөд хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж ажилласан. 2013 онд газрыг тусгай хэрэгцээнд авах тухай тогтоол гарсан. “М н” ХХК 2016 оны 01 дүгээр сард хайгуул хийх тусгай зөвшөөрөл хүссэн байдаг. Тиймээс зориуд давхцуулсан асуудал байхгүй гэдгийг хариуцлагатай хэлж байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр 1 хүний шийдвэр байдаггүй, хамтын шийдвэр гардаг. Сүүлийн үед Монгол Улсад хурцаар яригдаж байгаа бэлчээрийн талхдалт доройтол үүсч байгаагаас иргэдээс гаргасан саналын дагуу 2013 онд нөөц бэлчээр гэж тогтоосон. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэдийн төлөөллийн байгууллага учраас аливаа шийдвэрийг гаргахдаа иргэдийнхээ хүсэл сонирхлыг Монгол Улсын хуулинд заасны дагуу байнга ханган ажилладаг бөгөөд дээрх шийдвэрүүдийг мөн иргэдийн ашиг сонирхолд нийцүүлсэн болно” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

                     Нэхэмжлэгч “М н” ХХК нь “Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолын “М н” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.[1] Гэтэл нэхэмжлэгч компани нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дорнод аймгийн Чулуунхороот сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.[2]

                     Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

                 1. Дорнод аймгийн Чулуунхороот сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Санал хэлэлцсэн тухай” 05 дугаар тогтоолын тухайд:

                      Дорнод аймгийн Чулуунхороот сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаар хуралдаанаар “Нөөц бэлчээрийн зориулалтаар газрыг сумын тусгай хэрэгцээнд авах тухай”  08 дугаар тогтоолыг гаргажээ.[3]

                       Тэрээр дээрх тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Нөөц бэлчээрийн хилийн зааг”-ийг тус сумын баг бүрээр нөөц бэлчээрийн хилийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбилцлоор нарийвчлан гаргаж[4] мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар “Нөөц бэлчээр ашиглах журам”-ыг баталсан байна.[5]

                      Дорнод аймгийн Чулуунхороот сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/5280 дугаартай албан бичгийг хэлэлцээд “Тус сумын нутаг дэвсгэр “Шаварт нуур” нэртэй газарт “М н” ХХК-аас 13161.91 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэнийг дэмжих боломжгүй гэсэн тогтоолыг гаргасан.

                     Нэхэмжлэгч “М н” ХХК-ийн тус сумын нутаг дэвсгэр дэх “Шаварт нуур” гэх газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь Чулуунхороот сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар тогтоолоор баталсан нөөц бэлчээрийн газартай давхцалтай болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх тогтоол, газрын байршлын тойм зургаар батлагдаж байна.[6]

               Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дорнод аймгийн Чулуунхороот сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаар хуралдаанаар “Нөөц бэлчээрийн зориулалтаар газрыг сумын тусгай хэрэгцээнд авах тухай” 08 дугаар тогтоолыг мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлээгүй гэж маргаж байх бөгөөд Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.4-д зааснаар сумын газрын даамал тухайн шийдвэрийг мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх эрхтэй тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг шууд буруутгах үндэслэлгүй юм.

                      2. Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Ашигт малтмалын хайгуулын Тусгай зөвшөөрөлд санал өгөх тухай” 02 дугаар тогтоолын тухайд;

                       Нэхэмжлэгч “М н” ХХК нь Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолын “М н” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны актад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан.

                    Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эсэх асуудлаар санал гаргасан аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хэлэлцсэн бөгөөд тус хурлаар “М н” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн саналыг хэлэлцээд “Дэмжихгүй” гэсэн 02 дугаар тогтоолыг гаргасан байна.[7]

                     Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ... Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоол нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно...” гэсэн заалтыг зөрчсөн тул дээрх тогтоол нь илт хууль бус захиргааны акт болно гэжээ.

                 Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болох талаар нарийвлан зохицуулсан бөгөөд тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” бол захиргааны акт илт хууль бус болох талаар зохицуулжээ.

                    Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоол илт хууль бус захиргааны акт биш бөгөөд илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байдаг бөгөөд дээрх тогтоол нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь заалтыг зөрчөөгүй байна. Тухайлбал:

                      Нэхэмжлэгч “М н” ХХК нь Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутаг дэвсгэрийн M-50-77, M-50-89 кодтой планшетэд заасан, өргөдлийн бүртгэлийн NE-027320/XA-020386-001-NE/ дугаарт бүртгэгдсэн “Шаварт нуур” нэртэй 13161.91 гектар талбайд ашигт малтмал хайхыг хүсч гаргасан өргөдлийн дагуу, Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс бүртгэлийн 027320 дугаарт бүртгэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж, дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар тухайн талбай байрших Дорнод аймгийн Засаг даргаас санал авахаар хандсан байна.

                     Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т Засаг дарга нь мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай  байрших сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны төв байгууллагад хариу өгөх талаар зохицуулсан, Дорнод аймгийн Засаг дарга нь Чулуунхороот сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 08, Чулуунхороот сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоол, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоол зэргийг тус тус үндэслэн, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 127[8] дугаар “Дэмжихгүй” саналыг хүргүүлжээ.

                 Гэхдээ нэхэмжлэгч тал Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 127  дугаар “Дэмжихгүй” гэсэн саналын талаар маргаагүй байж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь заалтыг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

                Нэхэмжлэгчийн зүгээс Чулуунхороот сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоол, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоол зэргийг хүчингүй болгосноор хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийн үндэслэл үгүйсгэгдэж, улмаар хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрх үүснэ гэх боловч Ашигт малтмалын тухай хуульд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр тус хуулийн 19 дүгээр зүйл бүхэлдээ хүчингүй болсон болно.

                     Иймд шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

                       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                   1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12, 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Чулуунхороот сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох, “Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолын “М н” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах, Чулуунхороот сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

                  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М н” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн  төлөөлөгч  энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                                                            

 

                                      ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                     П.АМАРЖАРГАЛ

 

 


[1] Хавтаст хэргийн 1-2-р хуудас

[2] Хавтаст хэргийн 57-р хуудас

[3] Хавтаст хэргийн 29-р хуудас

[4] Хавтаст хэргийн 30-р хуудас

[5] Хавтаст хэргийн 31-р хуудас

[6] Хавтаст хэргийн 28-34-р хуудас

[7] Хавтаст хэргийн 24-26-р хуудас

[8] Хавтаст хэргийн 40-р хуудас