Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 415

 

“Хурд групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2016/01076 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Хурд групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч П.Баттөр, Т.Мөнгөнтуул нарт холбогдох,

 

2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн “Эвлэрлийн гэрээ”, 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээг”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Т.Мөнгөнтуулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ,

Хариуцагч Т.Мөнгөнтуулын өмгөөлөгч М.Бадрал,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Болд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Хурд групп” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Мөнгөнтуулын нэхэмжлэлтэй, “Хурд групп” ХХК-д холбогдох иргэний хэрэг нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хянан шийдвэрлэгдэж байсан билээ. Энэхүү хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн ажиллагаанд компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр П.Баттөрийг оролцуулахаар 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр бичгээр итгэмжлэл олгосон. Гэтэл “Хурд групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөр нь өөрт нь компанийг төлөөлөн эвлэрлийн гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах, бусдын өмчлөлийн байрыг компанийн өмчлөлийн байраар солих зэрэг бүрэн эрх олгогдоогүй байхад Т.Мөнгөнтуултай 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “Эвлэрлийн гэрээ”, 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ”-г тус тус байгуулж, мөн өөрт олгогдсон бүрэн эрхийг хэтрүүлэн, дураар аашилж, компанийн барьж бий болгосон өмч болох Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол хотхоны 10 дугаар байрны 19 тоот орон сууцыг 9 дүгээр байрны 30 тоот орон сууцаар солихоор тохиролцож компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл, үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. “Хурд групп” ХХК-ийн зүгээс П.Баттөрд шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгохдоо нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхийг олгосон боловч эвлэрлийн гэрээг байгуулах, гэрээнд гарын үсэг зурах, бусдын өмчлөлийн орон сууцыг шинээр баригдаж буй орон сууцаар солих бүрэн эрхийг олгоогүй юм. Иймд “Хурд групп” ХХК-ийн төлөөлүүлэгчийн зүгээс уг итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар төлөөлөх эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр хэлцэл хийсэн буюу төлөөлөх эрхгүй этгээд хэлцэл хийсэн гэх үндэслэлээр дээрх хоёр гэрээг хүчингүй гэж үзэж байна. Эвлэрлийн гэрээ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой маргаантай асуудлаа харилцан тохиролцох зорилгоор зохигчдын хооронд байгуулагддаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх эвлэрлийг баталгаажуулж захирамж гаргаснаар эвлэрлийн гэрээ баталгаажиж хэлбэрийн шаардлага хангагддаг. Уг хэлбэрийн шаардлагыг хангаснаар гэрээний үүргийн шаардах эрх нь гэрээний талуудад үүсдэг. Гэтэл П.Баттөр, Т.Мөнгөнтуул нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг шүүх баталгаажуулаагүй. Тэгэхээр уг эвлэрлийн гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангахгүй байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан хуулиар тогтоосон эвлэрлийн гэрээний хэлбэрийг зөрчсөн гэх хэлбэрийг бүрдүүлж байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар Иргэний хуульд нийцсэн болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх ёстой. Гэтэл П.Баттөр нь “Хурд групп” ХХК-тай зөвшилцөхгүй дур мэдэн хэлцэл хийсний улмаас тухайн эвлэрлийн гэрээ болон орон сууц захиалгын гэрээг хийхээс өмнө буюу 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа Л.Анхбаатарт худалдсан орон сууцыг Т.Мөнгөнтуулд өгөх тохиролцоо хийснээрээ гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эвлэрлийн гэрээ болсон. Гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчиж хэлцэл хүчин төгөлдөр байх нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзэж байгаа. Мөн орон сууц захилгаар бариулах 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн гэрээ нь компани эд хөрөнгийг арилжих буюу өөр эд хөрөнгөөр сольсон захиран зарцуулах эрхтэй гэрээ байгаа. Уг агуулгаар авч үзэх юм бол Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-ыт зааснаар Хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээж авах бусдад шилжүүлэх захиран зарцуулах эрх олгосон этгээдэд эрх баригч болон нягтлан бодогч нарын гарын үсэг зурсан байна гэх шаардлага байгаа. Гэтэл “Хурд групп” ХХК-ийн зүгээс П.Баттөрд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад л эвлэрэх эрх олгосон болохоор орон сууц захиалан бариулах хэлцэл хийх эрх олгоогүй. Т.Мөнгөнтуулын амьдарч байсан 77 м.кв 124 744 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг шинээр баригдаж байгаа 10 дугаар байрны 8 дугаар давхарт 105 м.кв талбайтай 242 144 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцаар солих хэлцэл байгуулсан нь үндэслэлгүй байгаа тул уг хэлцлийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө гэжээ.

 

Хариуцагч Т.Мөнгөнтуул шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Мөнгөнтуул миний бие 2013 оны 7 дугаар сард “Хурд групп” ХХК-ийн “Нарны хороолол” хотхонд орон сууцны захиалга өгч, 2014 оны 01 дүгээр сард 9а байрны 1 дүгээр орц, 8 давхрын 30 тоот орон сууцанд орсон юм. Уг байранд анх захиалга өгөхөд орон сууцны танилцуулга болон батлагдсан зургаар баруун урд барилга баригдах талаар огт тусгагдаагүй, ямар ч үед нарны тусгал хаагдахааргүй, эрүүл аюулгуй орчинд амьдрах бүрэн боломжтой гэж үзэхээр байсан нь бидний уг байрыг сонгох гол үзүүлэлт болсон юм. Гэтэл барилгын ажил дуусч, 2014 оны 01 дүгээр сарын  сүүлээр байранд ороход манай байрны баруун урд талд 12 давхар барилга барихаар суурь цутгаж эхэлсэн нь 2015 оны 01 дүгээр сард ашиглалтанд орсон 10 дугаар байр бөгөөд өнөөдрийн байдлаар л гэхэд манай байрны бүх цонхыг бүрэн хааж, нарны гэрэл тусах ямар ч боломжгүйд хүргээд байна. Уг 10 дугаар байрны суурийг цутгаж эхэлсэн үеэс л холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж ирсэн бөгөөд тус барилга нь зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас батлагдсан төлөвлөлтийг зөрчин барьж буй нь тогтоогдсон. Улмаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилга техникийн хяналтын улсын ахлах байцаагч П.Мягмар, Хот байгуулалтын хяналтын улсын байцаагч Б.Хашчимэг нар 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдер “Барилгын угсралтын ажлыг зогсоох тухай" 02-07-77/56 тоот акт үйлдэж, барилга угсралтын ажлаа зогсоохыг “Хурдгрупп” ХХК-д даалгасан байдаг. Гэтэл тус компани барилга угсралтын ажлаа огтхон ч зогсоолгүйгээр бидний болон Төрийн хууль, хяналтын байгууллагын хууль ёсны шаардлагыг үл тоомсорлож байсан тул бид аргагүй эрхэнд 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хууль зөрчин баригдаж байгаа барилга угсралтын ажлыг зогсоолгож, цаашид тус газар дээр барилга барихгүй байхыг “Хурд групп” ХХК-д даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Хурд групп” ХХК нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол хотхоны 9 дүгээр байрны баруун урд талд баригдаж байгаа 2015 оны 2 дугаар улиралд ашиглалтанд орох 10 дугаар байрны 19 тоот 105.28 м.кв талбайтай, байгалийн гэрэл шууд нэвтрэх боломжтой 3 өрөө байрыг нэхэмжлэгч миний одоо амьдарч байгаа байраар солин, үнэ төлбөргүй миний өмчлөлд шилжүүлэн өгөх тухай саналыг тавьсан юм. Уг саналыг би гэр бүлийн хүнтэйгээ зөвшилцөөд бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж буй үндэслэл арилна гэж үзсэн тул хүлээн зөвшөөрсөн. Ингээд тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хууль П.Баттөртэй 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр эвлэрлийн гэрээ, 10 дугаар байрны 19 тоот орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээг тус тус байгуулсан. Гэтэл “Хурд групп” ХХК нь 2 дугаар ээлжийн орон сууцны барилгаа 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн боловч гэрээгээр тохирсон орон сууцаа бидэнд өгөх үүргээ үл биелүүлсэн тул асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 102/ШШ2015/05259 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1432 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1121 дүгээр тогтоолоор тус тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган гэрээгээр тохиролцсон орон сууцыг Т.Мөнгөнтуул миний өмчлөлд шилжүүлэн өгөхийг хариуцагч “Хурд групп” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн юм. Нэхэмжлэгч талын зүгээс нэхэмжлэлийн хүрээнд зохиомлоор гуравдагч этгээдийг оруулж ирж байна гэж үзэж байна. Т.Мөнгөнтуултай 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулснаас 7 хоногийн өмнө гуравдагч этгээд Л.Анхбаатартай орон сууц захиалгын гэрээг байгуулсан гэдэг нь үндэслэлгүй. Баянгол дүургийн улсын бүртгэлийн газраас үл хөдлөх хөрөнгийн лавлагаа авсан. Уг лавлагаан дээр “Хурд групп” ХХК-ийн 10 дугаар байрны захилагч нарын нэрсийн жагсаалтыг өгсөн байдаг. Уг жагсаалтанд Г.Мөнгөнтуулын нэр байгаа. Иймд “Хурд групп” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн “Хурд групп” ХХК-иас олгосон итгэмжлэл нь хуульд гаасан хүчин төгөлдөр итгэмжлэл гэдэг нь тогтоогдсон. Иймд нэхзмждэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч П.Баттөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Хурд групп” ХХК-иас олгосон итгэмжлэлийн дагуу иргэн Т.Мөнгөнтуултай эвлэрлийн гэрээ байгуулахаар болсон бөгөөд эвлэрлийн гэрээнд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулах эрх олгоогүй гэдгийг зөвшөөрч байна гэжээ.

 

Гуравдагч этгээд Л.Анхбаатар, түүний өмгөөлөгч Б.Болд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Анхбаатар нь “Хурд групп” ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол хотхоны 10 дугаар байрны 19 тоот 105.2 м.кв талбай бүхий орон сууцыг 241 983 000 төгрөгөөр авахаар харилцан тохиролцсон Л.Анхбаатар нь орон сууц захиалгын гэрээг анх байгуулахдаа 108 000 000 төгрөгийг анх аваачиж өгсөн. Дараа нь 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 133 983 000 төгрөг бэлнээр өгч эзэмших, ашиглах эрхтэй хууль ёсны өмчлөгч болсон. Мөн үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг захиалагч гаргаж өгнө гэж тохиролцсоны дагуу 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Л.Анхбаатар төлбөрөө төлж дуусгаснаараа хууль ёсны өмчлөгч болсон гэж үзэж байна. Өмнөх 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 05259 тоот шүүхийн шийдвэр нь гуравдагч этгээдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн шүүхийн шийдвэр гарсан. Гуравдагч этгээд Л.Анхбаатар нь Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол хотхоны 10 дугаар байрны 19 тоот 105.2 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэх шаардлага гаргасан боловч хүлээж аваагүй байсан. Иймд шүүхийн шийдвэр гаргахдаа гуравдагч этгээд Л.Анхбаатарын эрх ашгийг хөндөхгүйгээр шүүхийн шийдвэр гаргана уу гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан “Хурд групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, П.Баттөр, Т.Мөнгөнтуул нарт холбогдох иргэний хэргийн 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн “Эвлэрлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Хурд групп” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 1 368 670 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Баттөр, Т.Мөнгөнтуул нараас 1 366 670 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хурд групп” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Т.Мөнгөнтуул давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна.

1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримтын тухайд: Нэхэмжлэгчээс талуудын хооронд 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн “Эвлэрлийн гэрээ”, 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ”-г тус тус байгуулсан байдаг. Энэхүү гэрээнүүд нь нэг үйл баримт, нэг харилцааг зохицуулахаар тус тус байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, “Хурд групп” ХХК нь хотхоны хэсэгчилсэн төлөвлөлтөө зөрчиж барилга барьсанаа хүлээн зөвшөөрсөн бол нөгөө талаас Т.Мөнгөнтуул миний бие нарны гэрэл шууд цонхоор тусах боломжтой өөр орон сууцаар одоо байгаа орон сууцаа солихыг тус тус хүлээн зөвшөөрч дээрх гэрээнүүдийг байгуулсан болно.

Эвлэрлийн гэрээнд шинээр солих орон сууцны ерөнхий шинж буюу “Цонхнууд нь урагш харсан, байгалийн гэрэл шууд нэвтрэх, нар шууд тусах боломжтой, 3 өрөө орон сууцыг...” тодорхойлон заасан юм. Харин “Хурд групп” ХХК-ийн оффис дээрээ очиж, 10 дугаар байрны өрөөний зохион байгуулалтын зурагтай танилцсаны үндсэн дээр байгуулсан “Орон сууц захиалан бариулах тухай” гэрээнд дээрх шинжийг бүгдийг нь агуулсан орон сууцаа талууд тогтоод, хаалганы тоотыг нь заасан. Эвлэрлийн гэрээнд 8 дугаар давхарт гэж анх тусгасан байсан боловч борлуулалтын менежер Ж.Урансайхан нь 8 дугаар давхар дахь урагш харсан орон сууц нь захиалагдсан байна. Харин 5 дугаар давхар дахь нь захиалагдаагүй байгаа гэсний дагуу 5 дугаар давхар дахь 19 тоотыг захиалсан юм.

Тиймээс дээрх хоёр гэрээ нь тус тусдаа өөр хүсэл зориг, өөр харилцаа, өөр үр дагавар агуулсан гэрээ биш бөгөөд Эвлэрлийн харилцааг зохицуулах хүрээнд байгуулагдсан нэг цаг хугацаанд, нэг хүсэл зоригийг илэрхийлсэн, нэг харилцааг зохицуулж буй, нэг үр дагаварт хүргэх, нэг зорилготой гэрээнүүд тул тусад нь салгаж өөр өөр гэрээ гэж дүгнэн шийдвэрлэх боломжгүй. Иймээс ч уг хоёр гэрээ байгуулагдсаны дараагаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн захирамж гарсан байдаг.

2. Нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үйл баримт хийгээд шаардлагын хууль зүйн үндэслэлээ “Т.Мөнгөнтуулын нэхэмжлэлтэй “Хурд Групп” ХХК-д холбогдох хэрэгт тус компанийн зүгээс П.Баттөрд шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгохдоо нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхийг олгосон боловч эвлэрлийн гэрээг байгуулах, гэрээнд гарын үсэг зурах, бусдын өмчлөлийн орон сууцыг шинээр баригдаж буй орон сууцаар солих бүрэн эрхийг олгоогүй” гэсэн тайлбарыг хийдэг билээ.

Гэтэл “Хурд групп” ХХК нь 2 дугаар ээлжийн орон сууцны барилга болох 10 дугаар байраа 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн боловч гэрээгээр тохирсон орон сууцаа бидэнд өгөх үүргээ үл биелүүлсэн тул бид аргагүйн эрхэнд шүүхээр маргаанаа шийдвэрлүүлсэн. Тухайн маргааны үед хариуцагч “Хурд Групп” ХХК-аас одоо гаргаад буй нэхэмжлэлийн шаардлагыи үндэслэлтэй адил тайлбарыг буюу “Шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг батлаагүй, гэрээг байгуулсан П.Баттөрд эрх олгогдоогүй байсан” гэх тайлбарыг гаргаж татгалзсан юм.

Харин Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 102/ШШ2015/05259 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1432 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1121 дугаар тогтоолоор тус тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган гэрээгээр тохиролцсон орон сууцыг Т.Мөнгөнтуул миний өмчлөлд шилжүүлэн өгөхийг хариуцагч “Хурд групп” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн.

Ийнхүү гурван шатны шүүх маргаан бүхий гэрээ тус бүрт хууль зүйн үнэлэлт дүгнэлтийг өгч, талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан нөхцөл байдлыг тогтоосон. Өөрөөр хэлбэл, орон сууцны өмчлөлтэй холбогдох хэрэгт хариуцагч “Хурд групп” ХХК-ийн татгалзаж байсан тайлбар болон өнөөдрийн энэхүү “Хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь үг, үсгийн зөрөөгүйгээр тайлбарлагддаг бөгөөд нэгэнт шүүхээр тогтоогдож, дүгнэгдсэн үйл баримт, гэрээ тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэн тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу дахин ийнхүү шүүхэд хандаж буй нь үндэслэлгүй байсан.

Гэвч анхан шатны шүүх үүнийг үл анзаарч энэхүү тайлбар, үйл баримт дээр ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь илтэд үндэслэл муутай гэж үзэж байна.

Иймд “Хурд Групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн Т.Мөнгөнтуул, П.Баттөр нарт холбогдох иргэний хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2016/01076 дугаар шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Хариуцагч П.Баттөрд холбогдуулан 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн “Эвлэрлийн гэрээ”, 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч “Хурд групп” ХХК нь гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Т.Мөнгөнтуулыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хэргийн 115 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Тус компанид холбогдох барилга угсралтын ажлыг зогсоолгож, барилга барихгүй байхыг даалгах тухай Т.Мөнгөнтуулын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөрд нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхийг олгоогүй байхад тэрээр Т.Мөнгөнтуултай 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулж, “Хурд групп” ХХК нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол хотхон 9 дүгээр байрны баруун урд талд баригдаж байгаа 10 дугаар байр Т.Мөнгөнтуулын орон сууцны байгалийн гэрэл шууд нэвтрэх, нар тусах орчныг тодорхой хэмжээгээр хааж, Т.Мөнгөнтуулын эрх, ашиг сонирхлыг зөрчиж байгааг хүлээн зөвшөөрч, одоо баригдаж байгаа 10 дугаар байрны 8 дугаар давхарт цонхнууд нь ертөнцийн зүгээр баруун урагш харсан, байгалийн гэрэл шууд нэвтрэх, нар шууд тусах боломжтой 3 өрөө орон сууцыг Т.Мөнгөнтуулын гэр бүлийн хэрэгцээнд байгаа Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол хотхон, 9 дүгээр байрны 90 тоот орон сууцаар солихоор тохиролцож, уг эвлэрлийн гэрээг үндэслэн 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ” байгуулж, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Нарны хороолол орон сууцны барилгын 10 дугаар байрны 19 тоот 105.28 м.кв талбайтай 3 өрөө бүхий орон сууцыг захиалан бариулах, орон сууцны төлбөрт Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол хотхон, 9 дүгээр байрны 90 тоот орон сууцыг төлбөрт өгөхөөр тохиролцсон нь тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж тайлбарлажээ. /хэргийн 6-12 дугаар тал/

 

Хариуцагч Т.Мөнгөнтуул нь 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн “Эвлэрлийн гэрээ”, мөн оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ”-нд заасан орон сууц шилжүүлэх үүргээ биелүүлж, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол хотхоны 10 дугаар байр, 19 тоот 105.28 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч “Хурд групп” ХХК-д холбогдуулан гаргасныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2015/05259 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1432 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1121 дүгээр тогтоолуудаар хангаж Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, 10 дугаар байрны 19 тоот 105.28 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Т.Мөнгөнтуулын өмчлөлд шилжүүлэхийг “Хурд групп” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон талаар талууд маргаагүй байна.

 

Уг шийдвэрүүдэд талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэн нэхэмжлэгч “Хурд групп” ХХК-ийг гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхийг даалгасан байх бөгөөд уг хэргийг шийдвэрлэх үед гэрээг хүчин төгөлдөр бус гэж энэ хэрэгтэй адил үндэслэлээр маргасныг шүүх үндэслэлгүй болохыг дүгнэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар талууд дахин маргах эрхгүй бөгөөд талуудын хоорондын гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар өмнөх шүүхийн шийдвэрт дүгнэсэн байх тул уг үйл баримтын талаар дүгнэлт хийх шаардлагагүй юм.

 

Түүнчлэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Гуравдагч этгээд Л.Анхбаатар нь дээрх гэрээнүүд байгуулагдахаас өмнө 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчтэй Орон сууц захиалан бариулах гэрээ байуулсан гэх боловч, талуудын хооронд байгуулагдсан гэрээний маргааныг урьд нь шүүхээр хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч “Хурд групп” ХХК нь түүнтэй гэрээ байгуулсан талаар тайлбар гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй болон түүний маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох бие даасан шаардлагыг шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2016/01076 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн “Эвлэрлийн гэрээ”, 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээг”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд болохыг тогтоолгох тухай “Хурд групп” ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Т.Мөнгөнтуулаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 368 670 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                   

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                   ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

 

                                                                 С.ЭНХТӨР