Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/227

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Наранзаяа,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Б.Бд холбогдох эрүүгийн 2018002040184 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Б.Б /РД: /, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, илчит тэрэгний засварчин мэргэжилтэй, ам бүл 2, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Дулаан Хаан сумын “Арангатын даваа” гэх газраас “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” 1971 оны Нэгдсэн Үндэсний Байгууллагын Конвецын жагсаалтад заасан “Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай ургамал түүж бэлтгэн өөрийн түр оршин суудаг Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 3 дугаар байрны 21 тоотод хадгалж, хэрэглэдэг болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Бын өгсөн: ...сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн талаар интернетээс мэдээлэл авсан. Анх 2019 оны 7 дугаар сард сонирхож хэрэглэсэн. Сэлэнгэ аймгаас Дарханд ажилд орохоор явах замдаа, замын хажуугаар ургадаг гэдгийг мэдсэн. Ганцаараа байр түрээсэлж амьдардаг болохоор гэртээ тухайн ургамлыг хадгалж байсан. Сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ дуу хөгжим сонсох нь надад таалагддаг байсан. Цагдаад баригдсанаас хойш надад дахин хэрэглэх сэдэл төрөөгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Б.Сийн өгсөн: ...2019 оны 7 сард Б бид 2 Сэлэнгэд аав ээжийнх нь гэрт байж байх үед нэг орой Б гэртээ орж ирчхээд нэг сонин, байдгаасаа өөр болчихсон байсан. Тэгээд юу болсон талаар асуухад “би нэг өвс татсан юм” гэж хэлж байсан. Тэгээд би уурлахад надад “дахиад хэрэглэхгүй” гэж хэлж байсан. Түүнээс хойш Быг өвс хэрэглэсэн, өвс хадгалдаг эсэхийг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

Шинжээч А.Батбаярын өгсөн: ...1729 дугаартай шинжээчийн дүгнэлтэд шинжилгээ хийсэн ургамал мэт зүйлийн цэвэр жинг тусгасан. Харин гэрэл зургийн үзүүлэлтэд ургамал мэт зүйлийг гялгар уутны хамт жинг тогтоосон учраас хоорондоо зөрүүтэй байгаа. Мөн ургамал мэт зүйлсийн хэргийн газраас хураагдсан үеийн жин, дүгнэлт тусгагдсан жинг хоорондоо зөрүүтэй байгаа нь 1 дүгээрт хэргийн газрын үзлэгээр ургамал мэт зүйлийг гялгар ууттай нь жинлэсэн. Шинжээч гялгар уутны жинг хасаж тооцсон. 2 дугаарт жинлэсэн жингийн нарийвчлал, баталгаажуулалт, жинлэх орчин нөхцөлөөс шалтгаалан жингийн зөрүү гарна... гэх мэдүүлэг /хх-ийн 85-87/,

Шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн: Би 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгаас Дархан-Уул аймаг руу өөрийн эзэмшлийн 00-00 СЭА улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Сэлэнгэ аймгийн Дулаанхан сумын Арангатын даваа уруудаад явж байтал замын хажууд миний мэдэх олсны ургамал канабисгэж нэрлэдэг өвс ургасан байхаар нь зогсоод 2 уут өвс түүж авсан. Тэгээд өөрийн түрээсэлж байгаа Дархан сумын 8 дугаар багийн 3 дугаар байрны 21 тоотод өвсийг хатааж, хатсаных нь дараа гэрийнхээ хувцасны шүүгээнд бүгдийг нь хийж хадгалсан. Тэгээд тэр өвсөө бага багаар хэрэглэдэг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,

Дархан сумын 8 дугаар багийн 3 дугаар байрны 21 тоотод үзлэг хийхэд 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг хуйлж ороогоод скочоор наасан, Б.Бын зааснаар шавар буюу ойл бэлтгэхэд ашигладаг гэх зүйлс, JULIE гэсэн бичигтэй саванд, босоо хэлбэрийн өнгөгүй хуванцар жижиг саванд, хар өнгийн гялгар ууттай дугуй хэлбэрийн төмөр саванд, цэнхэр өнгийн гялгар ууттай хуванцар дугуй хэлбэр саванд, улаан өнгийн тагтай жижиг дугуй хэлбэрийн саванд тус тус ногоон өнгийн нунтаг зүйлс байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11/,

Шүүгдэгч Б.Быг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг түүнээс шээсний дээж авч, 10 төрлийн тестээр шалгахад ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг буюу илэрсэн гэх үр дүнг гарсан тухай хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13/,

JULIE гэсэн бичиглэлтэй дөрвөлжин босоо хэлбэртэй сав доторх ногоон өнгийн 400 грамм жинтэй хатаасан ургамал, босоо хэлбэртэй хуванцар жижиг савлагаатай хар өнгийн тагтай сав доторх ногоон өнгийн 20 грамм жинтэй хатаасан ургамал, гадуураа хар өнгийн гялгар ууттай FRISO гэсэн бичиглэлтэй бөөрөнхий босоо хэлбэртэй төмөр сав доторх ногоон өнгийн 160 грамм жинтэй хатаасан ургамал, бөөрөнхий дугуй хэлбэрийн DAMLA гэсэн бичигтэй сав доторх ногоон өнгийн 45 грамм жинтэй ургамал, улаан өнгийн тагтай, дугуй конус хэлбэртэй тунгалаг өнгөтэй сав доторх 30 грамм жинтэй ногоон өнгийн ургамал, мэдүүлэг шалгах ажиллагаагаар хураан авсан 11 грамм жинтэй ургамал зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15/,

Шүүгдэгч Б.Бын гэртээ хадгалж байсан ургамлыг 2019 оны 8 дугаар сард Сэлэнгэ аймгийн Арангатын давааны өвөр засмал замын хажуугаас түүсэн гэх мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1730 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Б.Б МЮ00222331 2020.03.06 гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвецын жагсаалтад хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-28/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 1729 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. JULIE’S гэсэн бичиглэлтэй металл саванд гялгар ууттай ургамал мэт зүйл 2 ширхэг, нунтаг бор өнгийн зүйлээр бохирлогдсон хар өнгийн тагтай хуванцар сав 1 ширхэг, FRISO гэсэн бичиглэлтэй металл саванд гялгар ууттай ургамал мэт зүйл 1 ширхэг, DAMLA бичиглэлтэй хуванцар саванд гялгар ууттай ургамал мэт зүйл 3 ширхэг, улаан өнгийн тагтай хуванцар савтай ургамал мэт зүйл 1 ширхэг, “Гэрч Б.Бын мэдүүлэг шалгах ажиллагаагаар хураан авсан өвсний дээж” гэж хаягласан гялгар ууттай өвс мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвецын жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн JULIE’S гэсэн бичиглэлтэй металл саванд гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 394 грамм, FRISO гэсэн бичиглэлтэй металл саванд гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 157 грамм, DAMLA гэсэн бичиглэлтэй металл саванд гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 60 грамм, улаан өнгийн тагтай хуванцар савтай ургамал мэт зүйл 14 грамм, “Гэрч Б.Бын мэдүүлэг шалгах ажиллагаагаар хураан авсан өвсний дээж” гэж хаягласан гялгар ууттай өвс мэт зүйлийн цэвэр жин 9 грамм байсан дээжээс 0.1 грамм шинжилгээнд зарцуулав” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-39/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Бын 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Дулаан Хаан сумын “Арангатын даваа” гэх газраас “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” 1971 оны Нэгдсэн Үндэсний Байгууллагын Конвецын жагсаалтад заасан “Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай ургамал түүж бэлтгэн өөрийн түр оршин суудаг Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 3 дугаар байрны 21 тоотод хадгалж, хэрэглэдэг үйлдэл нь сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байх тул Б.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн №30/20 магадалгаа /хх-ийн 83/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчийг 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх санал гаргасан ба шүүгдэгчээс “манай эхнэр саяхан төрөөд ажилгүй байгаа. Энэ байдлыг харгалзаж ял оногдуулж өгнө үү” гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Улаанбаатар Төмөр замын Дархан татах хэсэгт илчит тэрэгний засварчнаар ажилладаг зэрэг хувийн байдал нь хэрэгт авагдсан Улаанбаатар Төмөр замын Дархан татах хэсгийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 74/338 дугаартай албан бичиг /хх-ийн 53/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/-аар нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан JULIE гэсэн бичиглэлтэй дөрвөлжин босоо хэлбэртэй сав доторх ногоон өнгийн 400 грамм жинтэй хатаасан ургамал, босоо хэлбэртэй хуванцар жижиг савлагаатай хар өнгийн тагтай сав доторх ногоон өнгийн 20 грамм жинтэй хатаасан ургамал, гадуураа хар өнгийн гялгар ууттай FRISO гэсэн бичиглэлтэй бөөрөнхий босоо хэлбэртэй төмөр сав доторх ногоон өнгийн 160 грамм жинтэй хатаасан ургамал, бөөрөнхий дугуй хэлбэрийн DAMLA гэсэн бичигтэй сав доторх ногоон өнгийн 45 грамм жинтэй ургамал, улаан өнгийн тагтай, дугуй конус хэлбэртэй тунгалаг өнгөтэй сав доторх 30 грамм жинтэй ногоон өнгийн ургамал, мэдүүлэг шалгах ажиллагаагаар хураан авсан 11 грамм жинтэй ургамал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Эд мөрийн баримтаар хураагдсан JULIE гэсэн бичиглэлтэй дөрвөлжин босоо хэлбэртэй сав доторх ногоон өнгийн 400 грамм жинтэй хатаасан ургамал, босоо хэлбэртэй хуванцар жижиг савлагаатай хар өнгийн тагтай сав доторх ногоон өнгийн 20 грамм жинтэй хатаасан ургамал, гадуураа хар өнгийн гялгар ууттай FRISO гэсэн бичиглэлтэй бөөрөнхий босоо хэлбэртэй төмөр сав доторх ногоон өнгийн 160 грамм жинтэй хатаасан ургамал, бөөрөнхий дугуй хэлбэрийн DAMLA гэсэн бичигтэй сав доторх ногоон өнгийн 45 грамм жинтэй ургамал, улаан өнгийн тагтай, дугуй конус хэлбэртэй тунгалаг өнгөтэй сав доторх 30 грамм жинтэй ногоон өнгийн ургамал, мэдүүлэг шалгах ажиллагаагаар хураан авсан 11 грамм жинтэй ургамал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР