| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0206/э |
| Дугаар | 0212 |
| Огноо | 2020-06-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 0212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж,
Улсын яллагч Л.Э
Шүүгдэгч С.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.С-т холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн эрэгтэй С.С
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч С.С нь согтуурсан үедээ, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Л.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч С.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
-Хохирогч Л.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний биед яг хэн гэмтэл учруулсаныг санахгүй байна. Тухайн үед нилээн архи уусан болохоор согтчихсон байсан. М болон түүний эхнэр, С нарын ярианаас сонсоход М-ийн гэрт С-тай хэрэлдсэн гэсэн. С ...намайг орон дээр дарж унагаасан. Тэр үед намайг цохисон байх гэж бодож байна. С намайг бол цохино. Би хэрхэн яаж гэртээ харьсанаа мэдэхгүй байна. Ямар ч байсан өглөө сэрэхэд миний баруун нүд, хацар хэсэг маань хавдчихсан байсан. Мөн нуруу, хөл хэсэгт хөхөрчихсөн байсан...” гэсэн мэдүүлэг/хх 17хуудас/
Насанд хүрээгүй гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр би Хөвсгөл аймгийн Тариалан суманд өвөөгийндөө байсан. Уг өдрийн орой миний утас руу хойд эцэг С залгаад архи уучихсан байна, ээж чинь агсан тавиад байна, ээжийнхээ эгчийг ирээд дүүгээ ав гээд хэлчих гэсэн. Утасны цаана ээж маань хашгираад байх шиг байсан. Би наад байгаа гэрийнхээ хаягыг өгчих, цагдаад дуудлага өгнө гэж хэлэхэд байгаа газрынхаа хаягыг өгөхгүй байсан. ... Хойд эцэг С, ээж хоёр маань хамт архи уухаар маргалддаг, хааяа аав, ээжийг зодчихсон байдаг болохоор маргааш нь дүү Э утас руу залгаад ээжийг цохиж зодсон зүйл байна уу гэж асуухад нүд нь хөхөрчихсөн байна гэж хэлсэн. Ээжийн хөхөрсөн гэх нүд болон нүүр, нурууны зургийг Э утсаараа дараад над руу явуулсан. Зургийг харахад нүүрэн хэсэг хавдчихсан, баруун нүд хэсэг хавдартай байсан. Би ээж Э-тэй утсаар ярих гэхэд миний хоолой өвдөөд байна гээд дугарахгүй байсан. Хэд хоногийн дараа ээжтэй утсаар ярихад аавтай чинь хамт архи уусан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 26 хуудас/
Насанд хүрээгүй гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өдрийг нь сайн санахгүй байна. Өдөр 16 цагийн үед манай хашааны гадаа М ах машинтайгаа ирээд ээж, аавыг аваад явсан. Би гэртээ ганцаараа үлдсэн. Гадаа харанхуй болчихсон байхад ээж, аав хоёр ирэхгүй байсан. 19 цагийн үед ээж маань миний утас руу залгаад арай очих болоогүй байна, боорцог идээд байж байгаарай гэж хэлсэн. Тэрнээс хойш 21 цагийн үед залгаад Б ахындаа ороод унтаж байгаарай гэж хэлсэн. Тухайн үед архи уучихсан согтуу байсан. Би Б ахын гэрт хоол идчихээд байж байхад ээж дахиад миний утас руу залгаад Б ахтай яриад тосоод аваарай, би машинд суулаа гэж хэлсэн. Тэр үед манай хашааны хаалга дуугарсан, би гараад харахад аав гэртээ ирчихсэн байсан. Аавыг ирсэнээс хойш 10 минутын дараа ээж нарийн гудамж талаас алхаад ирсэн. Би ээжийн урдаас очоод тосч авахад Б ахыг дуудчих гэж хэлсэн. Би Б ахыг дуудаад ээж дээр очиход ээж уйлаад байсан. Тэгээд Б ахын хамт ээжийг дагуулаад гэрт ороход аав, ээж хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Би хэсэг байж байхад аав ээжид хандаж чи миний аавыг доромжилсон гээд уурлаад байсан. Миний нойр хүрээд байсан болохоор унтсан, өглөө сэрэхэд ээжийн нүд хавдчихсан байсан. Би ээжээс яагаад таны нүд хавдчихсан юм бэ? гэхэд аав чинь зодоо биз гэж хэлж байсан...”гэсэн мэдүүлэг /хх 27 хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 171 дугаартай "... Л.Э-ийн биед баруун нүдний зовхи, баруун хацар, нуруунд зүүн далны харалдаа, баруун гуянд цус хуралт үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хх 34 хуудас/
Шүүгдэгч С.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эхнэртээ гар хүрсэнээ хүлээн зөвшөөрнө. Э-г буйдан дээр дарж унагахдаа нүүрэн тус газар нь цохисон гэсэн мэдүүлэг /хх 41-42 хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 32 хуудас/
С.С-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 40, 41-42 хуудас/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч С.С нь согтуурсан үедээ, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Л.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч С.С нь согтуурсан үедээ, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Л.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Л.Э-ийн “...С намайг орон дээр дарж унагаасан. Тэр үед намайг цохисон байх гэж бодож байна. С намайг бол цохино. Би хэрхэн яаж гэртээ харьсанаа мэдэхгүй байна. Ямар ч байсан өглөө сэрэхэд миний баруун нүд, хацар хэсэг маань хавдчихсан байсан. Мөн нуруу, хөл хэсэгт хөхөрчихсөн байсан....гэсэн мэдүүлэг /хх 17 хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Х, С.Э нарын мэдүүлэг, хохирогчийн биед баруун нүдний зовхи, баруун хацар, нуруунд зүүн далны харалдаа, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл үүссэнийг тогтоосон 171 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
прокуророос шүүгдэгч С.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хохирогч Л.Э нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг тус тус дурьдах нь зүйтэй.