Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 1114

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

Улсын яллагч Б.Тулга,

Шүүгдэгч М.Л нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

 Баянзүрх дүүргийн рокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Л холбогдох эрүүгийн 2006 00000 1165 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, тогооч мэргэжилтэй, тогооч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн  тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , М.Л .

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч М.Л нь 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Баяндөхөмийн аманд байрлах Шүүхийн Ерөнхий зөвлөлийн харьяа Шүүхийн сургалтын төвийн гадаа Б.Байгалмааг цамцны захаар нь хоолойг нь боож, үсдэж, толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Л мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 28-н өдөр Байгальмаа надтай эвгүй харьцсан. Тухайн өдөр бид нар бүгдээрээ тогны утсыг булах ажилтай байсан. Намайг очиход энийг бул гэж хэлсэн. Би араас нь жоотуу аваад гарсан. Тэгэхэд Байгальмаа манай ажлын газрын эгчтэй хамт явж байсан. Би “айл айлаараа хуваагаад булчихъя гэж хэлэхэд “олон юм битгий яриад бай” гээд урдаас дайраад байсан. Тэгэхээр нь урдаас нь үг хэлэхэд “чаддаг юм бол алчих” гээд над дээр хүрээд ирсэн. Гэтэл намайг алах гэж төлөвлөсөн байна хэмээн дурдсан байгаа нь үнэн. Хохирогч Б.Байгалмаа өөрөө эхлээд миний нүүр рүү нулимаад, 2 удаа толгой руу цохисон. Дахиад цохих гэхээр нь заамдаад тэр чигээрээ хоёулаа унасан. Миний баруун гарын алганы гадна талд 2 шүдээрээ цоортол хазсан. Тэгэхээр нь уурлаад нэг удаа цохисон нь үнэн. Бид хоёрыг Бадам эгч салгасан. Тэгээд түрүүлээд гэр рүүгээ гүйгээд орсон. Хэсэг хугацааны дараа Б.Байгалмаа 2 цагдаагийн албан хаагч дагуулаад ирсэн. Тухайн үед цагдаа нар харилцан зодоон байна. асуудлыг эндээ шийдвэрлээд 100.000 төгрөгөөр торгуулаад үлд гэж хэлсэн. Тэгээд тохиролцоогүй учраас Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтсийн Ялалт гэдэг байцаагч дээр очсон. Бид 2 харилцан зодож бие биедээ гэмтэл учруулсан учраас хоёуланд нь шүүх эмнэлэгт үзүүл гээд бичиг өгсөн. Гэтэл тухайн үед аавын маань бие муу сэхээнд орчихлоо гээд ах маань над руу утсаар ярьсан. 2 хоногийн дараа аав маань нас барсан. Ажил явдалтай байсан учраас шүүх эмнэлэгт үзүүлж чадаагүй. Тэгээд аавын ажил явдлыг дууссаны дараа байцаагч дээр ирж мэдүүлэг өгсөн. Хэрэв би шүүх эмнэлэгт үзүүлсэн бол асуудал өөр байх байсан. Миний биед ч мөн хохирол үүссэн байсан.” гэх мэдүүлэг,

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Байгалмаа өгсөн мэдүүлэг /хх-6-10/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 3177 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-15-16/, М.Л яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-36-37/, хохирогч Б.Байгалмаагийн хохирлын 68.000 төгрөгийн хохирлыг хүлээн авсан тухай баримт /хх-41/, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-4/, хохирогч Б.Байгалмаагийн хохирлын баримт /хх-39-40/, шүүгдэгч М.Л урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-22/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч М.Л нь 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Баяндөхөмийн аманд байрлах Шүүхийн Ерөнхий зөвлөлийн харьяа Шүүхийн сургалтын төвийн гадаа Б.Байгалмааг цамцны захаар нь хоолойг нь боож, үсдэж, толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Байгалмаа өгсөн: “... би М.Л эгчийг “хамт цахилгааны утас газарт булаад өг” гэсэн чинь М.Л эгч уурлаад “чи муу надад тушаадаг хэн бэ, шээс чинь” гээд намайг хэл амаар доромжлоод намайг гараараа шууд боож унагаад дээр гарч суугаад миний зүүн тал эгэм хэсэгт гараар гурван удаа цохисон. Тэгэхээр нь би гарыг нь хазаж гарыг нь тавиулж өөрөө босоод ирсэн чинь “би чамайг ална” гээд дайраад байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Миний биед одоо бол ямар нэгэн гэмтэл байхгүй эмчилгээний зардалд гарсан 68.000 төгрөгийг бүрэн барагдуулсан. Нэг гараараа толгой руу таван удаа маш хүчтэй цохисон.” /хх-6-10/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 3177 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  1. Б.Байгалмаагийн биед зулай хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт /дарагдлын ором/, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-15-16/ гэх дүгнэлт,

М.Л яллагдагчаар өгсөн: “2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баяндөхөмийн хажууд байдаг шүүхийн сургалтын төвийн байранд би өөрийн хамт ажилладаг тогооч Б.Байгалмаатай маргалдаж би биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь үнэн. Бид 2 хашаанд цахилгааны камбель булах гэхэд Байгалмаа чи бул гэхээр нь би айл, айлд нь хуваагаад булчих гэсэн чинь Байгалмаа “чи юу хуцаад байгаа юм, хурдан ир” гэхээр нь миний уур хүрээд Байгалмаа боож газар унагаад хоорондоо үсдэлцэж зодолдсон. Тухайн үед хажууд байсан хүмүүс бид хоёрыг салгасан.” /хх-36-37/ гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Байгалмаагийн хохирлын 68.000 төгрөгийн хохирлыг хүлээн авсан тухай баримт /хх-41/,

Гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-4/,

Хохирогч Б.Байгалмаагийн хохирлын баримт /хх-39-40/,

Шүүгдэгч М.Л урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-22/ зэргийг шинжлэн судлав.

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч М.Л нь 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Баяндөхөмийн аманд байрлах Шүүхийн Ерөнхий зөвлөлийн харьяа Шүүхийн сургалтын төвийн гадаа Б.Байгалмааг цамцны захаар нь хоолойг нь боож, үсдэж, толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

Дээрхи байдлаар шүүгдэгч М.Л гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч М.Л нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Байгалмаа нь 68.000 төгрөгийн хохирол төлөгдсөн. Хохирогч нь гомдолгүй саналгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Мөн хохирогч Б.Байгалмаа нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч М.Л хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Л нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Л 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар М.Л нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, М.Л нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

6. Хохирогч Б.Байгалмаа нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой

нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба М.Л урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Л урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ЧИНГИС